Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

       Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Гд холбогдох 2216001850031 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, 35 настай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, ... ажилтай, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овогтой Б-н Г.

          Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант баг Баптист сүмийн урд талын засмал зам дээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, замын хажуу талын явган хүний зам дээр зорчиж явсан Б.Аийг мөргөж улмаар явган зорчигч Б.А нь хүзүүний 4-р нугалмын их биеийн хугарал, нугас дарагдал зэрэг гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр явах замдаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант баг Баптист сүмийн урд талын засмал зам дээр зам тээврийн осол гаргаж, замын хажуу талын явган хүний зам дээр зорчиж явсан Б.Аийг мөргөж хохирогч Б.Аийн биед хүзүүний 4-р нугалмын их биеийн хугарал, нугас дарагдал зэрэг гэмтэл учирч, уг гэмтлийн хүндрэлийн улмаас Б.А нь 2022 оны 12 сарын 03-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдлоо. Уг үйл баримт нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь нас хохироосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

         1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г гэм буруутай болох нь:

      Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж “Мэдүүлэг өгөхгүй нэмж хэлэх зүйл байхгүй. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

        Шүүгдэгч Б.Гийн улсын яллагч болон шүүгчийн асуултад хариулсан: “Урд өдөр нь ачаалалтай ажилласан. Эмнэлэг  хөдөлмөрийн магадлах комиссын хурал болоод 9 цагийн үед хурал тараад гэртээ очсон. Маргааш нь олон хагалгаатай байсан. Тасгийн эмч нар ажиллах боломжгүй би ганцаараа ажиллаж байсан учир эрт боссон. Урд орой буюу 09 дүгээр сарын 15-ны орой цас ороод нэлээд хүйтэн хоноод цонх цантсан байсан. 8 цаг өнгөрч байсан учир хүүхдээ  хүргэж өгөх гээд яарч сандарсан явж байсан. Цонхны цаныг арилгаж чадаагүй. Тэр үед ажил орох яаралтай шаардлагатай байсан учир шууд машинаа унаж яваад ийм асуудал болсон байгаа. Үзэгдэх орчин нэлээд хязгаарлагдмал байсан. Эргэн тойрон нилэнхүүдээ цантсан үзэгдэх орчин хязгаарлагдмал, уулаараа будантай байсан байсан. Би бас зуны дугуйтай явж байсан. Замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Эмчилгээний тухайд би байнга хажууд нь байсан. 76 хоног эмчлэгдэхэд би хамт байсан. Ар гэрээс нь эмчилгээний мөнгө гаргуулахыг хүсээгүй. Өөрөө бүх зүйлийг дааж харж байсан сахиурт хүртэл хоол ундыг шийдэх, буяны ажилд мөнгө төгрөг өгөх, хувийн асуудлууд дээр бололцоогоор тусалж дэмжиж эмчилгээний хугацаанд 17 сая төгрөгийг зарцуулсан баримт байгаа. Энэ нь машин өгснөөс тусдаа. Хүүд нь 2.500.000 төгрөг, ээжид нь 1.000.000 төгрөг өгсөн. 15 сая төгрөг өгсөн машинаа бас өгсөн. ...Хохирогчийн ар гэр 30 сая төгрөгийг хохирлыг барагдуулах журмаар өгье гэсэн. Бид нар тодорхой хэмжээний мөнгө орсон учир баримтуудаа цуглуулж өгнө. Шүүхийн шийдвэрээс юу гэж гарна. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгийг төлж барагдуулаарай гэсэн. Хүлээн зөвшөөрч төлье гэсэн байгаа. ...Миний зүгээс тогтвор суурьшилтай ажлаа хийгээд хүн ардын эрүүл энхийн төлөө ажлаа хийгээд явж байсан. Янз бүрийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ийм асуудалд орно гэж бодож яваагүй. Архи согтууруулах ундаа хэрэглээд хэрэгт холбогдож байгаагүй. Ийм хэрэгт холбогдоно гэж бодож байгаагүй санамсар болгоомжгүйгээр ийм юм болсонд гүнээ харамсаж байгаа. Насан туршдаа харамсаж явна. Хамгийн гол нь талийгаачийг 76 хоног эмчлэгдэхэд би хажуугаас нь минут холдсонгүй. Эмнэлгийн хүмүүс харж байсан. Аль болох босгоод ирье гэж  бодсон. Хохирогч өөрөө ч гэсэн мэдүүлэг өгмөөр байна мэдүүлэг өгөх юмсан гэж удаа дараа хандаж байсан ч гэсэн тухайн үед яагаад мэдүүлэг аваагүй талаар мэдэхгүй. Хүнээ босгоод ирье гэсэн туйлын их хүсэл байсан боловч болоогүй. Талийгаачийн цаашдын буян ном хурах ажиллагаанд үргэлж бодож буян хийж явна гэдгээ хариуцлагатайгаар хэлж байна. Хийсэн хэрэгтээ гүнээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагт ажлынхаа ярианд суучхаад гарч ирэхэд манай ээж утсаар яриад эмнэлэг дээр байна. Эгч чинь аваарт орсон байна гэж хэлсэн. Би тэгээд ажлаасаа шууд эмнэлэг дээр очиход яаралтай тусламжийн өрөөнд манай эгч байсан. Тухайн үед манай эгч ухаантай ёо ёо гээд байсан бөгөөд хамаагүй хөдөлгөж болохгүй гээд эмч хэлж байсан. Тухайн үед би дайрсан хүн нь хэн юм бэ гэхэд Чойжилсүрэн нь мөргөсөн хүн нь Б.Г гэж хүн байгаа юм. Б.Г эмч нь цагаан халаадтай орж ирээд надаас цус аваадах гэж байсан. Би Чойжинсүрэн рүү залгаад Б.Гийг драгер үлээлгэсэн юм уу гэхэд одоо драгер үлээлгэнэ гэж хэлсэн. Тухайн үед Б.Гийг драгер үлээлгэхэд хөдлөнгийн гэрчээр байлцуулан драгер үлээлгэсэн юм. Тухайн үед драгер үлээлгэхэд бүхэлтэй гарч байсан. Яг нарийвчлан санахгүй байна. Гантөмөр эмч нугасандаа гэмтэл авсан байж магадгүй, манай энд хагалгаанд орох боломжгүй гэж хэлж байсан. Тэгээд 13 цагийн үед Гантөмөр эмч уулзаад Улаанбаатар хот руу тээвэрлэх боломжгүй байна. Хотоос эмчилгээний баг гарч байгаа гэж хэлсэн. Тэгээд хагалгааны баг нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны үүрээр 04 цагт ирээд шууд хагалгаа орсон. Тэгээд хагалгааг хийж дууссаны дараагаар хагалгаанд орсон эмч нь хагалгаа амжилттай болсон. Хүзүүний 4 дэх титэм хугарч нугасаа дарсан учраас доошоо мэдээгүй болсон. 14 хоногоос цааш хэвлийд мэдээ орвол амьд гарах магадлалтай байна. Харин 14 хоногоос цааш мэдээ орохгүй байвал найдваргүй гэж хэлсэн. Мөн нугасны гүрвэлзэх хөдөлгөөн маш муу байна. Цаашид ингэнэ тэгнэ гэж хэлэхэд эргэлзээтэй байна гэж хэлсэн. Манай эгч Б.А нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм... Ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан... Говь-Алтай аймгийн 3-р цэцэрлэгийн ард байрлах Баптист сүмийн баруун талын явган хүний зам дээр явж байхад нь төв замаасаа гарч явган хүний замаар явж байхад нь араас нь мөргөсөн байсан. Уг осол болсон гэх газар нь явган хүний замын хажуу хэсэгт байх шороон дээр болсон байсан. Б.Г нь оршуулгын зардалд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Харин эмчилгээний зардалд 30,000,000 төгрөгийг өгсөн. Эмчилгээтэй холбоотой болон оршуулгын зардалд гарсан зардлыг нарийвчлан гаргаагүй байгаа. Хохирлын баримт болон бусад зардлыг нэг бүрчлэн тооцож баримтуудыг гаргаж өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Талийгаачийг явган хүний зам дээр явж байхад нь төв замаас гарч очиж гэмтэл учруулж, тухайн гэмтлийнхээ улмаас манай эгч нас барсан. Иймд маш их харамсаж байна. Хэрвээ ямар нэгэн осол болоогүй байсан бол өнөөдөр манай эгч амьд байх байсан. Би энэ хэрэгт маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1ХХ105-106/,

           Гэрч Г.Хн мөрдөн байцаалтад өгсөн:  “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд гэрээсээ ажил руугаа гараад Алтай баптист сүмийн дээд талаас засмал замаар уруудаж байхад саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний урдаас чигтэй урсгал сөрөөд буцаад урсгал руу ороод ойролцоогоор 100 м хавьцаа яваад байсан. Би хурдаа сааруулаад хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн. Миний урд чигтэй ирээд миний явж байсан урсгал руу орж ирээд буцаад өөрийнхөө урсгал руу дараад надтай зөрсөн. Гэнэт юм мөргөх чимээ гарсан, эргээд хажуугийн толиндоо хартал нөгөө машин замын хажуу талын явган хүний зам руу гарсан байдалтай жолооч нь бууж ирээд хүнд анхны тусламж үзүүлж байгаа харагдсан. Би машинаа зогсоогоод буугаад гүйгээд очсон. Тэгтэл өөдөөс нөгөө хүн мөргөсөн хүн нэгдсэн эмнэлэгт ажилладаг Б.Г байсан. Намайг хараад Х ахаа түргэн дуудаарай гэсэн, би шууд эмнэлэг рүү залгасан. Эмнэлэг рүү залгасны дараа цагдаа руу залгаад бас дуудлага өгсөн. Эмнэлгийнхэн ирээд мөргүүлсэн хүнээ аваад Б.Г машинаа унаад дагаад эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /1ХХ 111/,

           Гэрч Б.Бн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг Говь-Алтай аймагт ирэхэд манай ээжийн биеийн байдал маш хүнд байсан, тухайн өдрийнхөө шөнө нь хагалгаа хийгээд гарч ирсэн. Хагалгаанаас гарч ирэхдээ ухаангүй гарч ирээд 3-4 цагийн дараа ухаан орсон. Ухаан орчихсон байхдаа ээжийнх нь бие маш их өвдөж байна гэхээр нь болсон явдлын талаар асуухад юм санахгүй байна гээд байсан. Тэгээд би 14 хоног эмнэлгээр харж байгаад ажлаас дуудаад байхаар нь хот руу явсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Б.Г нь эмнэлэг дээр намайг ээжийг асарч байх хугацаанд ах нь ял аваад явчихгүй бол та нарыг эргэж харна гээд яриад яваад байсан. Ээжийн оршуулгын үеэр 2,000,000 төгрөг өгсөн, намайг ээжийг харж байгаад Улаанбаатар хот руу буцах үед 500,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, миний машиныг гаргаад өгчихвөл зарж байгаад мөнгө төгрөг өгнө гэсэн асуудал ярьж байсан. Эхэндээ ганц нэг удаа эм тариа авч өгч байгаад сүүлдээ мөнгөгүй болсон гээд байхаар нь аав бид 2 өөрсдөө мөнгө гаргаад, хүнээс мөнгө зээлээд эм тариа авч байсан...” гэх мэдүүлэг /1ХХ 123-124/,

 

            Гэрч Б.Бн мөрдөн байцаалтад “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 50 минутын үед ажил дээрээ оччихоод Б.Гтэй ажил ярихаар утас руу залгасан. Б.Г шууд утсаа аваад та хурдан Баптист сүмийн энд хүрээд ирээрэй гэж хэлчхээд утсаа салгачихсан. Тэгээд би тасгийнхаа сувилагчтай цуг хувийнх нь машинтай Баптист сүм рүү хөдөлсөн. Нэг цонхны үйлчилгээний урд явж байтал яаралтай тусламж 103-ын машин надтай зөрсөн. Би байгаль орчны урд талын зогсоол дээр эргээд 103-ын машины араас дагаад эмнэлэг дээр очсон. Яаралтай тусламжийн тасаг дээр Б.Гтэй таарсан чинь би хүн дайрчихлаа гээд их сандарсан байдалтай байж байсан. Тэгээд онош тодруулах зорилгоор компьютер томографик хийгээд хүнд гэмтэлтэй байна гээд Б.Гд хэлсэн. Б.Г их түгшсэн байдалтай хувцсаа солих гээд тасаг руугаа явсан. Би тэр хугацаанд нь өвчтөнийг эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлж авсан. Надтай таарахад Б.Г нь их сандарсан байдалтай архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэр үед цагдаа нар ирчихсэн цуснаас нь дээж аваад байх шиг байсан. Тасгуудад ариутгалын зорилгоор 96%-ийн спирт байдаг. Хувцсаа сольчхоод ирэхдээ их сонин болчихсон архи үнэртээд байсан чи яав гээд асуусан чинь өрөөндөө юм уучхаад ирлээ, амиа хорлочихдог ч юм билүү гээд юм яриад байсан. Би бодохдоо өрөөндөө байсан архи юм уу, 96% спирт юм уу ямар ч байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж бодсон. Би Б.Гд ийм асуудал байж болохгүй гэдгийг нь ойлгуулж хэлсэн. Бид хоёрыг байж байтал цагдаа нар аваад явсан. Би өвчтөн Б.Аийн өвчтөний түүхийг нээж, эмчилгээг бичээд 3-р шатлал гэмтэл судлалын үндэсний төвийн зөвлөх эмч О эмч рүү дуудлага өгөөд буцаад цагдаа руу ирж Б.Гийг батлан дааж аваад эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд амиа хорлох талаар яриад байхаар нь санаа зовоод тайвшруулж эхнэрт нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1ХХ128/,

            2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “...Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн байна”, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлсийг хориглоно: А/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /1ХХ 139/,

           Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүү, Т.Алтайбаатар, эмгэг судлалын эмч Г.Түвшинжаргал нарын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаартай “...1.Талийгаач Б.Аийн биед Авто осол: Хүзүүний 4-р нугалмын их биеийн далд, хөдөлгөөнтэй хугарал, нугас дарагдал, хүзүүний хугарал бэхлэх мэс заслын дараах 76 дахь хоног, Уушги зогсонгишилын хатгалгаа, уушгины хаван, амьсгалын дистресс хам шинж, судсанд өөхөн эмболь, цээжний хөндий дэх шингэн хуралдалт /700мл шингэн/, өвчүү, 2 талын 2,4-р хавирганы бороололт, баруун шилбэ, баруун өвдгөнд зулгаралттай, хүзүүнд механик амьсгалуулах гуурс тавьсан шарх, баруун дал, зүүн дал, ахар сүүлэнд удаан хугацааны хэвтрийн улмаас үүссэн холголтын шарх, хүзүүнд мэс засал хийлгэсэн сорви, толгойд холголтын улмаас үс халцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүдээс хүзүүний 4-р нугалмын хугарал, өвчүү, 2 талын 2,4-р хавирганы бороололт, баруун шилбэ, баруун өвдгөнд зулгаралттай, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Баруун дал, зүүн дал, ахар сүүлэнд шарх, толгойн үс халцралт гэмтэл нь удаан хугацаанд хэвтсэний холголтоос үүснэ. Уушги зогсонгишилын хатгалгаа, уушгины хаван, амьсгалын дистресс хам шинж, судсанд өөхөн эмболь, цээжний хөндий дэх шингэн хуралдалт /700мл шингэн/ нь тухайн гэмтлийн хүндрэлийн улмаас үүснэ. Талийгаач Б.А нь хүзүүний 4-р нугалмын их биеийн хугарал, нугас дарагдал гэмтлийн хүндрэлийн улмаас уушги зогсонгишилын хатгаа, уушгины тараагуур судасны өөхөн бөглөрөл үүссэний улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач Б.Аийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 4-р нугалмын их биеийн хугарал, нугас дарагдал зэрэг гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан байх ба 2 талын 2,3,4-р хавирганы хугарал, өвчүүний хугарал гэмтэл нь нас барахад нөлөөлөөгүй болно. Талийгаач Б.Аийн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийгдсэн эмчилгээ болон оношилгоог стандартын дагуу зөв хийсэн байна...” гэх дүгнэлт /1ХХ179-185/,

          Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 262 дугаартай “...Б.Аийн биед хүзүүний 4-р нугалмын их биеийн бяцарсан далд хугарал, нугасны дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал, 2 талын 2,3,4-р хавирганы зөрөө багатай хугарал, өвчүүний цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүдээс хүзүүний 4-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, нугас дарагдал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1ХХ158-159/,

           2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ХХ10-15/,

           2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... улсын дугаартай приус- 20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ХХ16-17/,

        2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Аийн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1ХХ31-40/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заажээ. Шүүгдэгч Б.Г нь дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

       Иймд шүүгдэгч Б.Гийг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

          Хэргийн материалаас үзэхэд эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /1ХХ67/-ээр шүүгдэгч Б.Г нь 1,31 хувийн согтолттой гарсан хэдий ч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаартай  дүгнэлтээр “...Б.Гийн гэх цусанд шүүх химийн шинжилгээгээр спиртийн зүйл илэрсэнгүй...” /1ХХ143-144/ гэсэн дүгнэлт гарч, шинжээч эмч Д.Даваахүү нь мөрдөн байцаалтад “...ер нь шинжлэх ухааны хувьд этилийн спирт нь ходоодны хананд шимэгдэж цусанд ортол 30 минутаас дээш хугацаа зарцуулдаг. Тийм учраас Б.Гийн цусанд этилийн спирт илрэхгүй байж болно. Драгер нь өөрөө амьсгалын замаар этилийн спиртийг хэмждэг учир согтолттой гарах боломжтой...” гэсэн мэдүүлэг /1ХХ136/ өгчээ.

Улмаар 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах” тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэж яллагдагч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас Б.Аийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч Б.Г нь амь хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардал оршуулганд 16,224,390 төгрөг, 15,000,000 төгрөг бэлнээр, приус 20 маркын автомашиныг 15,000,000 төгрөгт бодож нийт 46,224,390 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогч Б.Б.М нь 23,950,398 төгрөг нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэг хавсаргасан бөгөөд шүүгдэгч нь нийт 46,224,390 төгрөгийг дээрх байдлаар төлсөн байх тул хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

  Шүүхээс шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Гтэй тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Гд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчоор тогтоогдсон Б.Б.М болон амь хохирогчийн ар гэрт  46,224,390 төгрөгийн хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 46,224,390 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б овогт Б-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

       2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Гд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

        4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Гд мэдэгдсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

     6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 46,224,390 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА