Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

          Улсын яллагч Х.Гүнжидмаа

         Шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Хд холбогдох 2316000000036 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ... настай, ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, ... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, У овогтой Н.Х.

          Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Хыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13-14 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг Ямбатын тал гэх газарт Говь-Алтай аймгаас 57 дахь км хатуу хучилттай замд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд ... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Ө.Сы амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.Х нь Ө.Сы тавьсан зарын дагуу түүнтэй хамт Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд явж байхдаа жолоо шилжүүлэн авч 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13-14 цагийн үед Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг Ямбатын тал гэх газарт ... улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж  түүний хажууд сууж явсан Ө.С нас барсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний амь нас хохироосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

           1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Х гэм буруутай болох нь:

  Шүүгдэгч Н.Хын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Миний буруу гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мэдүүлэг өгсөн. Хохиролд бэлнээр 2 сая төгрөг өгсөн, 19 сая төгрөг өгсөн. Нийт 21 сая төгрөг өгсөн. ...Миний буруу гэмшиж байна. Дахиад ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Х.Ргийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Миний нөхөр Ө.С нь 2023 оны 02 дугаар арын 09-10-ны өдөр байх Улаанбаатар хот руу машин хүргэж өгсөн. Тэгээд хотоос өөрөө приус-20 загварын тээврийн хэрэгсэл аваад Баян-Өлгий аймаг руу 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гарсан. Гарахдаа хамт явах хүн хайгаад зар тавиад 1 хүн аваад хамтдаа гарсан. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 10 цаг 40 минутад залгаад Говь-Алтай аймагт орж ирээд бензин авч байна. Бие сайн байгаа гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй. Тэгээд өдөр 14 цагийн үед гэрт ах Х.Азат ирээд нөхөр чинь осолд ороод нас барсан байна гэж хэлсэн. Надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй. Гомдолгүй байна. Нөхрийн маань машиныг барьж байсан хүний ар гэрээс надад оршуулга болон бусад хохиролд 19,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/

           Гэрч Ө.Се-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 02 сарын 12-ны өдөр 20 цагийн орчим Улаанбаатар хотоос би өөрийн эзэмшлийн приус маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод манай дүү Ө.С өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод зарын дагуу манай дүү Н.Х гэдэг хүүхдийг аваад Баян-Өлгий аймгийн чиглэлд гарцгаасан. Замдаа урд хойноо ороод явсан. Талийгаач Ө.С машинаа жолоодоод явж байсан. Замдаа хамт явсан гэх Н.Хтай ээлжлээд машинаа бариад явсан. Манай талийгаач дүү хагалгаанд ороод удаагүй байсан болохоор ядраад тэр хүүхэдтэй ээлжлээд машинаа бариад явсан. Тэгж явж байгаад Говь-Алтай аймгийн төв дээр 2023 оны 02 сарын 13-ны өдөр 11 цагийн орчим ирсэн. Колонкоос бензин аваад хөдөлсөн. Говь-Алтай аймгаас Баян-Өлгий чиглэлд явахад Н.Х машин жолоодоод хөдөлсөн. Цаашаа явж байгаад би түрүүлээд Ээвийн гуанз дээр хоол захиалаад хүлээж байя гээд явсан. Араас тэр хоёр ирж байсан. Би Ээвийн гуанз дээр очоод хүлээгээд 10 орчим минут болоод ирэхгүй болохоор нь дугуй нь хагарсан юм болов уу гэж бодоод буцаад явтал Говь-Алтай аймгаас гараад 57 км орчим яваад машин осолдсон байсан. Манай дүү нас барсан байсан. Машин замын баруун талд дээшээ харж шидэгдсэн дүү нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/

              Мөрдөгчийн 2023 оны 03 сарын 04-ний өдрийн 47 дугаартай “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр ... улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Нурболын Н.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн зүйл заалтыг тус тус зөрчсөн байна...” гэх магадалгаа /хх-ийн 84-85 хуудас/

         Талийгаач Ө.Сы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: Авто осол: гавал тархины ил гэмтэл: гавлын орой ясны салаалсан хугарал, суурь ясны салсан хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны хууларсан шарх, дээд эрүү, зүүн шуу ясны далд хугарал, дээд үүдэн 6 шүдний булгаралт, баруун мөрөнд 1*0,8 см, 1*0,5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун гарын сарвууны ар хэсэгт 1,5*1 см улаан хүрэн зулгаралттай, зүүн гарын сарвууны ар хэсэгт 7,8*4,5 см улаан хүрэн өнгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.З. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас шууд нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Дээрх гэмтлүүдээс гавал тархины ил гэмтэл нь үхэлд хүргэсэн болно. 5. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ. 6. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаачийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр спиртийн зүйл илэрсэнгүй. 8. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна...” гэх цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-65 хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-17-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж тус тус заажээ. Шүүгдэгч Н.Х нь дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.Хыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас Ө.Сы амь нас хохирсон ба Н.Х нь хохирогч Х.Рд 21,000,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 Шүүхээс шүүгдэгч Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Н.Хтай тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Хд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 21,000,000 төгрөгийн хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 21,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Хын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлээ.           

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч У овогт Н.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

       2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнссүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Хд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

    4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   5. Шүүгдэгч Н.Хд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Н.Хд мэдэгдсүгэй.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

   8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 21,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Хын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

    10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

     11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА