| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0037/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-04-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Ц.Батзаяа,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр,
хохирогч Н.М,
шүүгдэгч Ё.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ё.Ц-д холбогдох 2316000390034 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, 1*** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумд төрсөн, 66 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д******** регистрийн дугаартай, С овогт Ё-н Ц.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ё.Ц нь Говь-Алтай аймгийн ******* сумын төв С***** гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр **** ГАА улсын дугаартай Тоёота Пробокс загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг, 18.3-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас Н.А-нг мөргөж, улмаар Н.А нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амь нас хохирсон үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ё.Ц нь Говь-Алтай аймгийн ****** сумын төв С**** гэх газарт 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр **** ГАА улсын дугаартай Тоёота Пробокс загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Н.А-нг мөргөж, улмаар Н.А нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас амь нас хохирсон нь:
1. Хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед аймгийн төв дээр байж байтал манай зээ О залгаад А машинд дайруулсан байна. Аймгийн төв авч явах гэсэн боловч нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд өглөө нь эхнэр, охиныхоо хамт ****** сум руу явсан. *******-д очоод буяны ажлыг нь хийж байтал манай дүү Л-тай Ц-н нөхрийн дүү Ж нь уулзаад цагдаад битгий мэдэгдээрэй гээд 3,000,000 төгрөгийг буяны ажилдаа хэрэглээрэй гээд өгсөн байсан. Тухайн үед буяны зан үйл гээд явж байх хооронд бид нар хохирлыг бүрэн барагдуулна гомдол саналгүй гээд бичиг хийгээд өгөөч гэсээр байгаад надаар гомдолгүй гэсэн бичиг хийлгүүлсэн. 3,000,000 төгрөг өгөөд дахиж холбогдоогүй... манай дүү Н.А нь эцэг эхээс долуулаа бөгөөд 5 дахь хүүхэд нь байсан. Ганц бие байсан болохоор манай дүү Л-нд амьдарч байсан...Ах дүү бид нарын хувьд гомдолтой байна. Бид нарт Ц-н зүгээс 3,000,000 төгрөг өгчихөөд алга болчихсон. Зан үйлийн зардалд тухайн 3,000,000 төгрөг нь хаанаа ч хүрээгүй. Ц гэх хүнээс 10,000,000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 51 дүгээр тал/
2. Гэрч Ж.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...******** сумын төвд *** тоот хашаанд гэртээ байж байтал гэрийн гадаа хүмүүс орилолдоод байсан тэгээд юу болсон талаар харахаар гэрээс гартал манай хашааны урд талд цагаан өнгийн Пробокс маркын машин зогсож байсан. Тэгээд очтол машин барьж байсан Ц эгч, манай хүргэн Б нар байж байсан. Тэгээд харсан чинь машины урд талын дугуйны мотор хавьцаа хүн хэвтэж байсан. Би Ц эгч, З бид нар өргөх гэсэн боловч даагдахгүй байсан. Тэгээд би манай гэрээс саяхан гараад явсан О гэх хүнийг дуудаад О, Б, Ц эгч нарыг өргөж байхад нь би тухайн хүнийг 2 мөрөн дээрээс нь татаад гаргачихсан. Машины доороос татаж гаргачихаад би сумын Эрүүл мэндийн төвийн эмчийг дуудаад тухайн хүнийг эмнэлэгт хүргэхээр Фургон машин ирээд аваад явсан... Би машин барьж явсан Ц эгчийг мэднэ, машин доогуур байсан хүн нь манай сумын хүн гэдгийг нь мэднэ... Ц эгч бас нэг жаахан хүүхэд зорчигчийн талын суудал дээр сууж байсан...19 цагийн орчим байх, нар жаргаж байсан... Толгой хэсэг нь манай хашааны чиглэлд бие нь хажуу талаараа баруун тийш чиглэчихсэн байсан. Ёолоод байсан болохоос биш бид нарт ямар нэгэн зүйл хэлээгүй, эмнэлгийн машинаар авч явах гэсэн боловч багтахгүй байсан тул Ц эгчийн машинаар зөөж эмнэлэгт авч очсон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 55 дугаар тал/
3. Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг 30 минутын үед хүн машинд дайруулчихлаа гээд манай нөхөр болох Н ярьсан. Би тухайн үед эмнэлгээс ажлаа тарж гарч ирж байсан болохоор шууд өөрөө очиж үзээд жолоочоо дуудсан. Намайг яваад очиход цагаан өнгийн Пробокс машины хажууд эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би очоод байж байтал манай жолооч ирээд тухайн хүнийг тээвэрлэх гэсэн боловч Фургон машинд носилканд багтахгүй байсан болохоор тухайн цагаан өнгийн Пробокс машины хойд талын суудлыг буулгаж байгаад эмнэлэг хүртэл тээвэрлэсэн. Эмнэлэгт авч очоод өвчтөний биеийн байдал маш муу байсан тул улаан эрэмбээр эрэмбэлж эмчилгээгээ хийж эхэлсэн. Тухайн өвчтөн нь үзлэг хийхэд гар хөлөө савчсан, хөөрлийн байдалтай, байнга ёолж орилсон зовуурьтай байсан. Тэгээд бид нар зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, судасны хана бэхжүүлэх, цус тогтоох тариа хийгээд тайвшруулах тариа хийж, хүчилтөрөгч өгөөд цаг тухай бүрд нь үнэлгээг хийж эрүүл мэндийн төвийн даргаа дуудаж эмчилгээ хийсэн боловч биеийн байдал нь улам муудсаар байгаад амьсгал тасалдаж эхэлсэн тул сэхээн амьдруулах үйл ажиллагааг хийсэн. 30 орчим минут сэхээн амьдруулах үйл ажиллагаа хийсэн боловч тухайн өвчтөний амьсгал, зүрх 22 цаг 05 минутад зогссон. Тэгээд ар гэрийнхэнд нь нас барсан талаар нь танилцуулсан... Согтуу байх шиг байсан, архи үнэртээд байсан. Гар хөлөө савчаад, ёолоод байсан. Өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн59-60 дугаар тал/
4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 3-6 дугаар тал/
5. **** ГАА улсын дугаартай “Toyota Proboх” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 7-11 дүгээр тал/
6. Хөхморьт сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудасны хуулбар. /хавтаст хэргийн 13 дугаарт тал/
7. Хохирогч Н.А-н нас барсны ******************* бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар. /хавтаст хэргийн 16 дугаар тал/
8. Амь хохирогч Н.А-н цогцост үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 73-79 дүгээр тал/
9. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай “ ... 1. Талийгаач Н.А-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр: Авто осол: Цээж, хэвлийн хөндийн битүү гэмтэл: 2 талын олон хавирганы хугарал, үнхэлцэг хальсны урагдал, зүүн уушгинд шарх, шалчийлт, зүүн бөөрний язрал, зүүн шанаа, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. 3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болно.
4. Дээрх гэмтлүүдээс цээж, хэвлийн битүү гэмтэл нь үхэлд хүргэсэн байна.
5. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ.
6. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ямар нэг архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
7. Талийгаач нь 2-р бүлгийн цустай байна
8. ...цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр 2,8 промилли спиртийн зүйл илэрлээ. Дээрх спиртийн зүйл нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 82-84 дүгээр тал/
10. Гэрч Н.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Сумын төвөөс зээ дүү О над руу хөдөө байж байтал залгаад Н.А машинд дайруулчихсан юм шиг байна, эмнэлэг дээр байна, та яаралтай ирээрэй гээд унаа явуулсан байсан тэгээд би мэдсэн ... Би дүүгээ нас барсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй надад утсаар ярих сөхөө байгаагүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/
11. Автотээврийн мэргэшсэн инженер, шинжээч Л.Амгаланбаатарын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай “... 2022 оны 06 дугаар сарын 22-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцэж байсан... **** ГАА улсын дугаартай цагаан өнгийн тоёота Пробокс маркын тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн ажиллагаатай ... урд буюу хойд тоормос ажиллагаа стандартын шаардлага хангаж байна...” гэх агуулга бүхий дүгнэлт. /хавтаст хэргийн 92-95 дугаар тал/
12. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Ержаны 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 33/06-611 дугаартай “Ё-н Ц /Д***********/-ийг лавлагааны сангаас шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 104 дүгээр тал/
13. Шүүгдэгч Ё.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөв ярьсан...” гэх мэдүүлэг, гэрчээр өгсөн “...нар тусаад нүд гялбаад юу ч харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг/ хавтаст хэргийн 53, 121 дүгээр талууд/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар, энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болон эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх шинж хангагдахаар, түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол онц хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)... тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг, 18.3-д “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ё.Ц-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийн хангасан тохиолдолд аль хүнд ялтай хэсгээр нь зүйлчлэн гэм буруутайд тооцдог нь хууль хэрэглээнд жишиг болсон ойлголт юм. Шүүгдэгч Ё.Ц-н хувьд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, 3 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон зэрэг шинжүүд хангагдсан тул түүнийг дээрх хэсгүүдийн хамгийн хүнд ялтай хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Ё.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ...” санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгчийн тухайд өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, мөрдөн шалган ажиллагааны үед хохирлын баримтаар нэхэмжилсэн хэсгийг төлсөн, мөн хохирогчоор тогтоогдсон Н.М болон амь хохирогчийн ах дүүс санал гомдолгүй гэх хүсэлтийг гаргасан, гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5 жил байх тул Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх, ял, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг хүлээн авах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасахаар...” зохицуулсан байна.
Шүүгдэгч Ё.Ц-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ё.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох журамтай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хохирогч Н.М-н нэхэмжилсэн 3,772,500 ( гурван сая долоон зуун далан хоёр мянга таван зуу) төгрөгийн нэхэмжилснээс зан үйлийн зардалд зарцуулсан 2,772,500 (хоёр сая долоон зуун далан хоёр мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэлийг ханган, шүүгдэгч Ё.Ц-с гаргуулж, хохирогчид олгож, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 ( нэг сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зан үйлтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дах хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тогтооно гэж зохицуулжээ. Иймээс хохирогч Н.М нь насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээд болохын хувьд хууль зүйн туслалцаа авах өөрийн эрхийн хүрээнд хийгдсэн гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хөлс 1,000,000 ( нэг сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Ё-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ё.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ё.Ц-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ё.Ц-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч Н.М-н нэхэмжилсэн 3,772,500 ( гурван сая долоон зуун далан хоёр мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэлээс 2,772,500 (хоёр сая долоон зуун далан хоёр мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэлийг ханган, шүүгдэгч Ё.Ц-с гаргуулж, хохирогчид олгож, 1,000,000 ( нэг сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА