Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/933

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Отгонбаатар,

Хохирогч ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205014522213 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага олон улсын худалдааны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, **** дугаар хороолол, *** өргөн чөлөө гудамж *** байр, *** тоотод оршин суух хаягтай одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод түр оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо *** дүгээр байрны орчимд ***ын биед халдаж дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын салстад няцарсан шарх, баруун мөр, шуу, зүүн бугалга, шуу, зүүн гуя шилбэнд цус хуралт бүхий гэмтлийн учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35в байранд 6 жилийн хугацаанд амьдарч байгаа бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 06 цаг 57 минутад миний эзэмшлийн *** дугаарын утсанд *** гэсэн дугаараас дуудлага ирээд эрэгтэй хүн “машин гарья” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай хар өнгийн Субару Аутбайк нэртэй машинаа 41 дүгээр байрны орцны урд талын автомашины зогсоолын хэсэгт байрлуулсан байсан бөгөөд 07 цаг 03 минутад машин дээрээ гарч ирээд суугаад 45 секунд орчим хугацаанд хөдлөөгүй. Улмаар дахин уг дугаараас над руу залгаад “гармаар байна” гэж хэлээд уурлахаар нь би "би хоёр минут машинаа халаачаад” гэж хэлэхэд утсаа салгасан. Тэр үед миний хойноос тухайн дугаарын эзэмшигч *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 30 загварын машины жолооч дуут дохиогоо ажиллуулаад цонхоо онгойлгоод машинаа зайлуулаач гэх мэтчилэн орилсон. Би гайхаад машинаасаа бууж очоод “би машинаа 2 минут халаая” гэж хэлэхэд хаалгаа онгойлгохдоо намайг түлхсэн. Тухайн эрэгтэй нь 30 орчим насны 178 орчим сантиметр өндөртэй, бор барзгардуу нүүртэй, хууз сахалтай, том нүдтэй, туранхай эрэгтэй байсан. Тэгээд “чиний машин халахгүй бол явахгүй байна уу” гэж уурлаад миний бие рүү түлхччихээд машины жолоочийн суудал руу шууд суугаад намайг “хүний машинд яагаад суугаад байгаа юм” гэж хэлээд рульнээс барихад машины арааг солиод шууд хааз өгсөн. Тэгээд машин хөдлөөд эхлэх үед тухайн эрэгтэйн цамцнаас нь бариад зүүн талын хөл болон биеийн хэсгээрээ чирэгдсэн. Тухайн үед миний машины кардан татагдсан байсныг буулгалгүй хаазлаад явсан бөгөөд удалгүй хийн кардан нь буудаад маш чанга чимээ гарсан. Чимээ гарч дуусахад машинаас бууж ирээд намайг түлхэж унагаахаар нь би “чамайг цагдаад өгнө” гэдгийг хэлэхэд намайг дахин түлхсэн. Тухайн эрэгтэй өөрийнхөө машин руу суух гэхэд нь би машиных нь хойд талын хаалгыг онгойлгоод зүүн гараа оруулаад байж байхад машинаасаа бууж ирээд миний гарыг барьж байгаад хаалгаа 10-15 удаа хавчсан. Гараа татаж авчхаад тухайн эрэгтэйг явуулахгүй гэж хэлээд зуураад байж байхад намайг дахин түлхэж унагаасан бөгөөд тэр үедээ би дагзаараа цементэн заман дээр унасан. Энэ үед миний уруулын хэсэгт дээрээс гараараа нэг удаа цохиод үсдээд чирч хараагаад байсан. Цаанаас нь эрэгтэй хүн болиоч гэж орилоход тухайн эрэгтэй нь шууд машиндаа суухаар нь би цагдаа дуудах гээд газар унасан гар утсаа очиж авсан. Цагдаагийн байгууллагад 07 цаг 09 минутад дуудлага өгсөн. Улмаар миний биед гэмтэл учирч хохирсон. Миний биед учирсан гэмтлүүдийг *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 30 загварын машины жолооч 30 орчим насны эрэгтэй хүн учруулсан. Тухайн машины дугаарыг шүүж цагдаагийн байгууллагын ажилтан харуулсан бөгөөд Цогтсайханы Учрал гэх эрэгтэй байсан. Намайг тухайн эрэгтэй хүний машиныг тагласнаас болж зодсон гэж бодож байна. Тухайн эрэгтэй нь хүүхдээ хүргэж өгөх гээд байна яарч байна гэж уурласан. Миний бие тухайн хүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...4 дүгээр сарын 26-ны өглөө 16 цаг 57 минутад *** гэсэн дугаараас эхний дуудлага ирсэн. 07 цаг 03 минутад 2 дахь дуудлага ирсэн. Тухайн үед машин дээрээ очсон учраас дуудлагыг аваагүй. 07 цаг 04 минутад машинаа асаасан байх үед над руу залгахад би утсаа авч “би машинаа хоёр минут халаачхаад хөдөлж болох уу, хүйтэн байна, машинаа халааж хөдөлдөг гэж хэлэхэд хараал хэлээд утсаа тасалсан. Би хоёр минут халаах талаараа хэлсэн гэж бодоод сууж байхад араас сигналаа олон удаа дараад байхаар нь машинаа бууж энэ хүний машин дээр очиж машинаа хоёр минут халаагаад хөдөлгөж болох уу гэж хэлэхэд машины хаалгаараа намайг түлхэж бууж ирээд миний машины хаалгыг өөрөө онгойлгож суугаад кардан татсан байгаа машиныг арааг сольж хааз өгснөөс болж миний машины кардан буудсан. Машины тос гоожсон байдалтай зургийг цагдаад өгсөн. Тухайн үед чанга дуу гарахад юу хийж байгаа талаараа мэдсэн үү, нүд нь улаан ассан байдалтай дайрч байсан. Машинаас бууж ирэх хооронд нь машиныхаа үрүүл хэсэгт очиж “чи хүний эд хөрөнгөд шууд халдаж болохгүй, буугаач” гэж хэлэхэд машины арааг сольж хөдөлж намайг чирэгдсэн. Тэр талаар камерын бичлэгт бичигдсэн талаар Эрдэнэсувд байцаагч надад хэлсэн. Өөрийнхөө машинд суух гэхээр нь би машинд нь суулгахгүй гээд машиныхан нь арын хаалгыг татахад миний гарыг арынхаа хаалгатай хавсарч 10-15 удаа хавчсан. Миний зүүн гар хөдөлж чадахгүй 7 хоног орчим байсан. Үүний дараа орцны жижүүр эгч гарч ирээд болиоч гэж хэлэхэд энэ залуу машиныхаа урд талын хаалгаар суух үедээ намайг түлхэж би хойшоогоо цемент дээр унасан. Тухайн орцны эгч босгосон. Тухайн орцны жижүүр эгч юу болсон талаар асуухад энэ залуу машинаа холдуулаад өгөхгүй, миний хүүхэд хичээлээсээ хоцрох гээд байхад гэж хэлсэн. Тухайн цаг хугацаанд 8 цаг хичээл нь ордог. Бид хоёрын маргаан 5 минут үргэлжилсэн. Холоос нэг залуу ирээд чи болиоч эмэгтэй хүнийг түрүүнээс хойш түлхэж унагааж, цохиж байна болиоч гэж хэлэхэд машиндаа суугаад машинаасаа гарч ирээгүй. Тухайн үед энэ хүний машиныг санаатайгаар хааж тавьсан, хаах гэж өөрийнхөө машиныг зогсоолгүй газар тавиагүй. Тухайн газар нь хоёр давхарлаж машин тавьдаг зогсоолтой. 5 минут хүлээгээд дахин залгасан гэж байна, миний гар утсанд залгасан цаг нь байгаа. Энийг баримтжуулж байцаагчдаа өгсөн” гэх мэдүүлэг,

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 07 цагийн орчим байрныхаа гадна талыг цэвэрлээд буюу 4-р орцны ойролцоо явж байтал эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдаад эрэгтэй хүн нь хүүхдээ хүргэж өгөх гээд ажлаасаа хоцорчихлоо машинаа хурдан холдуулаач гэхэд эмэгтэй нь машинаа халааж байгаад хөдөлнө гэхэд эрэгтэй нь өдийд машин хөрдөг /хөлддөг/ юм бэ гэж хэлээд тухайн эрэгтэй машинаасаа буугаад эмэгтэйн машин руу очоод машинаас нь татаж буулгаад машинд орж суугаад хаалгыг /жолооч талын/ хаалгүй урагшаа жоохон хөдлөөд зогссон. Тэгэхэд эмэгтэй нь цагдаа дуудна гэж байсан. Тухайн үед тэр эмэгтэй болон эгч нь бололтой эмэгтэйн хамт эрэгтэй рүү дайраад, орилж хашхираад байсан. Би удалгүй тухайн газраас явсан. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй. Тухайн эмэгтэйг машинаас нь татаж буулгахад газар өвдөглөөд суучихсан харагдаж байсан. Эрэгтэй хүн нь эмэгтэйг машинаас татаж чирч буулгасан. Тэр эмэгтэйн машин үл таних залуу суугаад урагшаа жоохон хөдөлсөн. Тэр үед машинаас ямар нэгэн дуу чимээ гараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6331 дугаартай “...***ын биед дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын салстад няцарсан шарх, баруун мөр, шуу, зүүн бугалга, шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 2022.04.26-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

4. Шинжээч эмч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Доод уруулын салстын няцарсан шарх, бусад хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

5. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр 4 дүгээр сарын 26-ны өдөр ой хүрээгүй хүүхдээ гэртээ үлдээж 7 настай хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан. Эхэлж гар утас руу нь залгахад за гэсэн. Дахин 5 минутын дараа залгасан. 2-3 удаа залгасан. Гарч ирэхдээ ууртай гарч ирсэн. Машиндаа суухаар нь хөдлөх юм болов уу гэж бодоод сууж байхад машинаа хөдлөхгүй байсан. 2-3 сигнал дарахад машинаасаа бууж ирээд уурласан. Машинаа халааж байна байж бай гэж хэлэхээр нь би хүүхдээ хүргэж өгөх гээд яараад байна машинаа холдуулаач гэж хэлэхэд өөдөөс зүй бусаар харьцсан. Үүнээс болж маргалдсан. Сүүлд би машинаасаа бууж машиныг нь хөдөлгөсөн. Машиныг нь хөдөлгөхдөө чирээгүй. Хоёр мөрдөгч 8 сар хүртэл камерын бичлэг шүүсэн гэсэн. Надад тухайн баримтыг танилцуулаагүй. Машинд нь суусан нь миний буруу. Хохирогчийн мэдүүлэг бодит байдлаасаа зөрж байна...

...Албаар гарыг нь хүчээр хавчаагүй. Хойд талын суудал дээр манай хүүхэд байсан учраас хаалгыг онгойлгохгүй гэдэг үүднээс ийм үйлдэл гаргасан. Тухайн үед хохирогч нөхцөл байдлыг мэдээгүй, тайлбарлах боломж олдоогүй. Ууртай гарч ирээд намайг гуйлгачин, орон гэргүй гэж доромжилсон. Гэртээ камертай учраас ой хүрээгүй хүүхдээ унтаж байх хооронд нь 30 минут явж хүргэж өгдөг байсан. 5 минутын зайтай Модны хоёроос Хан-Уул руу явахад түгжрэл нэлээн нэмэгддэг. Тухайн үедээ нэмэх градустай байсан” гэх мэдүүлэг болон хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 5 ширхэг 3 хуудас баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод нэгдүгээр төрөхөд айлын бага хүү болон мэндэлсэн бөгөөд дээрээ хоёр эгчтэй. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж ясли, цэцэрлэгээр хүмүүжин 18 дугаар сургуулийг 2012 оны төгсөөд Хүрээ дээд сургуульд суралцаж байгаад 2 дугаар курсээсээ Сити их сургуульд харилцааны менежмент сургуулийг төгсөөд ... ажиллаж байгаад цэргийн алба хааж ирээд Хаан банканд ажиллаж байгаад 2021 оны 8 дугаар сард гарсан. Одоогоор том хүүхдээ сургуульд нь зөөж бага хүүхдээ гэртээ харж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 70-71 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 74-76 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 26-28 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 41 дүгээр байрны орчимд ***тай “машинаа хурдан холдуулсангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар хохирогч ***ын биед хууль бусаар халдаж түлхэх, машины хаалгаар гарыг нь хавчих, чирэх зэргээр хохирогчийн эрүүл мэндэд дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын салстад няцарсан шарх, баруун мөр, шуу, зүүн бугалга, шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ын “...2022 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 06 цаг 57 минутад миний эзэмшлийн *** дугаарын утсанд *** гэсэн дугаараас дуудлага ирээд эрэгтэй хүн “машин гарья” гэж хэлээд утсаа салгасан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай хар өнгийн Субару Аутбайк нэртэй машинаа 41 дүгээр байрны орцны урд талын автомашины зогсоолын хэсэгт байрлуулсан байсан бөгөөд 07 цаг 03 минутад машин дээрээ гарч ирээд суугаад 45 секунд орчим хугацаанд хөдлөөгүй. Улмаар дахин уг дугаараас над руу залгаад “гармаар байна” гэж хэлээд уурлахаар нь би "би хоёр минут машинаа халаачхаад” гэж хэлэхэд утсаа салгасан. Тэр үед миний хойноос тухайн дугаарын эзэмшигч *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 30 загварын машины жолооч дуут дохиогоо ажиллуулаад цонхоо онгойлгоод машинаа зайлуулаач гэх мэтчилэн орилсон. Би гайхаад машинаасаа бууж очоод “би машинаа 2 минут халаая” гэж хэлэхэд хаалгаа онгойлгохдоо намайг түлхсэн. Тухайн эрэгтэй нь 30 орчим насны 178 орчим сантиметр өндөртэй, бор барзгардуу нүүртэй, хууз сахалтай, том нүдтэй, туранхай эрэгтэй байсан. Тэгээд “чиний машин халахгүй бол явахгүй байна уу” гэж уурлаад миний бие рүү түлхччихээд машины жолоочийн суудал руу шууд суугаад намайг “хүний машинд яагаад суугаад байгаа юм” гэж хэлээд рульнээс барихад машины арааг солиод шууд хааз өгсөн. Тэгээд машин хөдлөөд эхлэх үед тухайн эрэгтэйн цамцнаас нь бариад зүүн талын хөл болон биеийн хэсгээрээ чирэгдсэн. Тухайн үед миний машины кардан татагдсан байсныг буулгалгүй хаазлаад явсан бөгөөд удалгүй хийн кардан нь буудаад маш чанга чимээ гарсан. Чимээ гарч дуусахад машинаас бууж ирээд намайг түлхэж унагаахаар нь би “чамайг цагдаад өгнө” гэдгийг хэлэхэд намайг дахин түлхсэн. Тухайн эрэгтэй өөрийнхөө машин руу суух гэхэд нь би машиных нь хойд талын хаалгыг онгойлгоод зүүн гараа оруулаад байж байхад машинаасаа бууж ирээд миний гарыг барьж байгаад хаалгаа 10-15 удаа хавчсан. Гараа татаж авчхаад тухайн эрэгтэйг явуулахгүй гэж хэлээд зуураад байж байхад намайг дахин түлхэж унагаасан бөгөөд тэр үедээ би дагзаараа цементэн заман дээр унасан. Энэ үед миний уруулын хэсэгт дээрээс гараараа нэг удаа цохиод үсдээд чирч хараагаад байсан. Цаанаас нь эрэгтэй хүн болиоч гэж орилоход тухайн эрэгтэй нь шууд машиндаа суухаар нь би цагдаа дуудах гээд газар унасан гар утсаа очиж авсан. Цагдаагийн байгууллагад 07 цаг 09 минутад дуудлага өгсөн. Улмаар миний биед гэмтэл учирч хохирсон. Миний биед учирсан гэмтлүүдийг *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус 30 загварын машины жолооч 30 орчим насны эрэгтэй хүн учруулсан. Тухайн машины дугаарыг шүүж цагдаагийн байгууллагын ажилтан харуулсан бөгөөд Цогтсайханы Учрал гэх эрэгтэй байсан. Намайг тухайн эрэгтэй хүний машиныг тагласнаас болж зодсон гэж бодож байна. Тухайн эрэгтэй нь хүүхдээ хүргэж өгөх гээд байна яарч байна гэж уурласан. Миний бие тухайн хүнд гомдолтой байна...” гэх, гэрч ***ын: “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 07 цагийн орчим байрныхаа гадна талыг цэвэрлээд буюу 4-р орцны ойролцоо явж байтал эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдаад эрэгтэй хүн нь хүүхдээ хүргэж өгөх гээд ажлаасаа хоцорчихлоо машинаа хурдан холдуулаач гэхэд эмэгтэй нь машинаа халааж байгаад хөдөлнө гэхэд эрэгтэй нь өдийд машин хөрдөг /хөлддөг/ юм бэ гэж хэлээд тухайн эрэгтэй машинаасаа буугаад эмэгтэйн машин руу очоод машинаас нь татаж буулгаад машинд орж суугаад хаалгыг /жолооч талын/ хаалгүй урагшаа жоохон хөдлөөд зогссон. Тэгэхэд эмэгтэй нь цагдаа дуудна гэж байсан. Тухайн үед тэр эмэгтэй болон эгч нь бололтой эмэгтэйн хамт эрэгтэй рүү дайраад, орилж хашхираад байсан. Би удалгүй тухайн газраас явсан. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй. Тухайн эмэгтэйг машинаас нь татаж буулгахад газар өвдөглөөд суучихсан харагдаж байсан. Эрэгтэй хүн нь эмэгтэйг машинаас татаж чирч буулгасан. Тэр эмэгтэйн машин үл таних залуу суугаад урагшаа жоохон хөдөлсөн. Тэр үед машинаас ямар нэгэн дуу чимээ гараагүй...” гэх, шинжээч эмч ***гийн: “...Доод уруулын салстын няцарсан шарх, бусад хэсгийн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6331 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ын биед учирсан дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл, доод уруулын салстад няцарсан шарх, баруун мөр, шуу, зүүн бугалга, шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 6331 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ын хохирогчийг түлхэж унагаах, хаалгаар хавчих зэрэг гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийг арилаагүй болон улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзаж, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6331 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт MED TRAUMA эмнэлгийн мөрний үе /2 талын мөрний үе/ дүрс оношилгоо-130.000 төгрөг, Толгой /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ дүрс оношилгоо-130.000 төгрөг нийт 260.000 төгрөгийн баримт, эм худалдан авсан 35,000 төгрөгийн баримт, Сайн интернэшнл ХХК-иас А53 загварын гар утас 1.699.900 төгрөгөөр худалдан авсан талаар баримтуудыг тус тус гаргаж өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “тээврийн хэрэгслийн карданыг 680.000 төгрөгөөр засуулсан” гэж 680.000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарах үед хохирогчийн эзэмшлийн *** улсын дугаартай Субару Аутбайк тээврийн хэрэгслийн карданыг татсан байхад шүүгдэгч нь машиныг хөдөлгөж уг карданыг буудуулсан, мөн тухайн үед гар утас халааснаас нь унаж дэлгэц нь хагарсан гэж мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудад дүгнэлт хийж, бодитоор 295.000 төгрөгийг эмчилгээ, оношлогоо эм тарианы зардалд зарцуулсан байна гэж үзэж, уг төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин энэ гэмт хэргийн улмаас гар утас, автомашин засуулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотолж холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***аас нийт 295,000 /хоёр зуун ерэн таван мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 320 /гурван зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 295.000 /хоёр зуун ерэн таван мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч *** /РД:***/-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан гэх эд хөрөнгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА