Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/222

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2305000000245 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *** караокед зөөгч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ паб дотор хохирогч ***ийг “гар утсаа өгч байгаа ч, утсаар чинь найзтайгаа яриад буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Рэдми нөүт 10 загварын гар утас, мөн түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас 300.000 төгрөг зэргийг авч, хохирогч ***т нийт 700.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 1 дүгээр сарын 20-ны орой найз болох *** миний эзэмшлийн *** гэсэн дугаар луу хүний утсаар залгаад “хорооллын эцсийн Цэ пабад байна хүрээд ирээч” гэж дуудахаар нь 20 цаг 30 минутын үед Цэ пабад очтол *** ганцаараа пиво уугаад сууж байсан би савтай ундаа аваад хамт суусан. Тэгж байтал *** намайг “утсаа өгч байгаач манай хоёр найз ирж байгаа хоёр найзтайгаа ярьчхаад өгье” гэж хэлээд миний гар утсыг аваад гарсан. Буцаж орж ирээгүй. Би ганцаараа ***г цаг гаруй хугацаанд хүлээж суусан боловч ирээгүй. Тэгээд найз болох ***г дуудаад ***гийн утсаар өөр лүүгээ залгаж үзтэл миний утас унтарсан байсан. Би ***гийн утсаар Хаан банкны лавлах утас руу залгаад дансаа хаалгах гэтэл миний данснаас 300.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн. Би Цэ пабаас гарах үедээ ***н ууж байсан пивоны тооцоо болох 52.000 төгрөгийн тооцоо хийсэн. Миний утасны ар талын кейс дотор миний Хаан банкны виза карт байсан. *** миний виза картын нууц дугаар мэддэг. 2020 онд Турк улсад байх үедээ 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан Редми нөте 10 загварын хөх өнгийн гар утас байсан, гадна талдаа ямар нэгэн сэв зураасгүй цэвэрхэн барьж байсан гар утас байгаа. Одоо алдсан гэх гар утсаа 1.200.000 төгрөгөөр үнэлж байна. Турк улсад байх үедээ авч байсан болохоор хайрцаг сав нь одоо байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэртээ амарч байтал *** хорооллын Tse-д хүрээд ир гэсэн. Тэгээд очоод 1-2 цагийн дараа “манай хоёр найз ирж байгаа, утсаа өгч байгаач яриадахъя” гэж хэлээд утсыг маань аваад гарсан. Хүлээгээд 1 цаг өнгөрсний дараа орж ирэхгүй болохоор нь өөрийнхөө утас руу залгаад үзтэл холбогдох боломжгүй болсон байсан. Тэндээс гараад хажуу талд нь GS 25 сүлжээ дэлгүүр лүү ороод камер шүүлгэтэл Tse-ээс гараад явсан байсан. ...Над руу холбогдох байх гээд хүлээсэн боловч холбоо бариагүй тул маргааш нь цагдаад мэдэгдсэн. Өмнө миний виза картын нууц дугаарыг мэддэг байсан. ***гаас нэхэмжилж байгаа зүйл байхгүй, гомдолгүй. Хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг,

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

3. *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 11-12, 13 дахь тал),

4. Барьцаат зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 14 дэх тал), 

5. “Дамно” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №БГ2-23-220 дугаартай шинжээчийн: “Redmi note 10 маркийн гар утас-400.000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

6. Хохирогч ***ийн “...гар утас болон данснаасаа алдсан мөнгө дээр гомдол санал байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 60 дахь тал),

7. Хохирогч *** нь хохирол хүлээн авсан талаарх бичгээр гаргасан тайлбар (хавтаст хэргийн 59 дэх тал),

8. Шүүгдэгч ***н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 62 дахь тал),

9. Шүүгдэгч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Тухайн үед надад мөнгөний хэрэг маш их гарсан байсан. Миний цалингийн зээл болон утасны лизинг төлөх өдөр өнгөрсөн байсан. Тэгээд би ийм зүйл хийсэн. Би ***ийн гар утсыг худлаа хэлээд авч гараад барьцаанд тавиад хэд хоногоос аваад өгчихье гэж бодсон. Тэгээд утсыг нь аваад гараад явж байтал ард талд нь түүний Хаан банкны виза карт нь хамт байсан. АТМ ороод дансных нь үлдэгдлийг шалгатал үлдэгдэл 300.000 төгрөг байхаар нь түүнийг нь мөн аваад хувьдаа хэрэглэсэн. Би ***ийн картын пин кодыг мэддэг байсан. Хааяа мөнгө шилжүүлж ашигладаг байсан. Эрдэнэчимэг бид 2 үерхдэг байсан болохоор би картынх нь пин кодыг мэддэг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 47 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 49 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 51-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Шүүгдэгч ***н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх шинжийг хангасан, тэрээр үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандсан байна.

Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ паб дотор хохирогч ***ийг “гар утсаа өгч байгаа ч, утсаар чинь найзтайгаа яриад буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Рэдми нөүт 10 загварын гар утсыг авсан, мөн тухайн утасны ард талд байсан Хаан банкны виза картаас буюу хохирогчийн эзэмшлийн Хаан банкны *** тоот данснаас 300.000 төгрөгийг хууль бусаар авсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч ***ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, барьцаат зээлийн гэрээний хуулбар, “Дамно” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №БГ2-23-220 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***н хохирогчийн эзэмшлийн гар утсыг утсаар чинь ярьчхаад өгье гэж хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Мөн хохирогчийн эзэмшлийн гар утасны ард талын кейс дотор байсан Хаан банкны виза картыг ашиглан түүний Хаан банкны *** тоот данснаас 300.000 төгрөгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. Учир нь Хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний хувьд материаллаг буюу бага хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хууль тогтоогч хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***г “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 62 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 63-64 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг *** хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***т учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч ***ийн “...Хохирлыг ***гаас хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, бичгийн баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА