Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/223

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цэнгэлбаяр,

Хохирогч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3156/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2205038560247 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***-р хороолол *** хутагт ** байрны *** тоотод оршин суух, /РД:***/, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, уг ялыг биелүүлсэн, ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** төвийн буудалд 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө цонхны тавцан дээр тавьсан махыг идэж байгаад эргэж харахдаа мах идэж байсан хутгаараа өөрийн найз ***гийн биед болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15 цагийн үед 10 жилийн нөгөө сургуулийн найз ***ыг юм зөөгөөд өг гэж дуудахад ***а, мөн 10 жилийн найз ***гийн хамтаар ирж уулзсан. Бид гурав удаан уулзаагүй гээд юм хумаа зөөхөө болиод гурвуулаа хамт суухаар болсон. Тэр үед ***а адууны мах чанаж ирсэн байсан бөгөөд уух юм аа аваад буудал орохоор болсон. Хорооллын *** төвийн зочид буудлын 2 давхарт /тоотыг нь санахгүй байна/ хоёр ортой өрөө авч орсон. Тэндээ авсан “Экспорт” нэртэй архи 2 шил, Сэнгүр нэртэй 2 литрийн 1 савтай пивоо ууцгааж байгаад шөнийн 00 цаг хүргэсэн. Ингээд 1 шил архи нь талаас бага зэрэг доогуур үлдээд бид гурав замын хойд талд “***” нэртэй баар луу /цагийг нь санахгүй байна/ орцгоосон. Тэндээс 1 цаг орчимд 1 шил 0.75 литрийн “Эдэн” нэртэй архи хувааж ууцгаагаад сууж байсан. Энэ үед бид гурав гурвуулаа нэлээд согтсон байсан бөгөөд *** санамсартай, санамсаргүй нь мэдэхгүй стакан хагалчихсан. Би тухайн үед ***д хандаж “битгий баарны эд хэрэгсэл хагал” гэж хэлж байсан санагдаж байна. Тэр хавиар хагарсан шотны шилнүүд дээр би нэг бүдрэхдээ дараад баруун гарын үеэрээ дараад боссон. Тухайн үед миний баруун гараас бага зэрэг цус гарч байсан. Ингээд бид гурав гарахаар болоод шотны тооцоо болон ууж идсэн зүйлийнхээ тооцоог би хийгээд гарсан. Үүний дараа *** бид хоёр буудал руугаа буцаад орсон бөгөөд ***а гэр лүүгээ харилаа гээд такси бариад явсан. Тэгээд удаа ч үгүй 30-40 минутын дараа *** бид хоёр үлдсэн архиа уугаад сууж байхад ***а нь “эхнэр уурлаад хөөгөөд байхаар нь гараад ирлээ” гэж хэлээд ороод ирсэн. Ингээд бид гурав үргэлжлүүлээд уугаад сууж байсан бөгөөд ***а цонхны тавцан дээр тавьчихсан махыг цонх руугаа хараад идээд зогсож байсан. Наад талд нь *** бид хоёр тамхи талаад, архиа уугаад юм яриад байж байсан. Тэгээд ***а сонсохгүй байхаар нь “хөөе андаа” гээд мөрнөөс нь огцом хүчтэй татсан. Тухайн үед уучихсан байсан бөгөөд согтолт өндөртэй байсан бөгөөд ***а гартаа барьсан хутгаа энэ юун цус болчихов гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болов гээд цамцаа сөхөөд харахад миний хүйсний доод хэсэгт зүсэгдсэн, бага зэрэг цус гарчихсан байсан. Тэгээд би ***ад хандаж “зүгээр ээ, яав л гэж” гэж хэлээд үргэлжлүүлээд архиа ууцгаагаад суусан бөгөөд нэг харахад буудлын эгч орж ирээд ***атай юм яриад байсан. Тэр эгч “юун цус болчихсон юм” гэх мэтчилэн юм яриад манай найзын гараас цус гарсан талаар хэлээд гаргасан. Үүний дараа бид гурав ер нь гэмтэл явахгүй бол болохгүй нь гэж хэлээд уг буудлаас хамт гараад гэмтэл явсан. Гэмтэлд үзүүлээд байж байхад нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн юм асуугаад байсан бөгөөд би ямар ч тэнхээгүй байдалтай байсан. Манай найз зүсчихсэн гэдгийг хэлээд явуулсан.

...Найз ***а нь намайг ийм байдалтай болсноос хойш эмнэлэг, эмчилгээний бүх төлбөрийг барагдуулж, байнга эргэж тойрч, санаа тавьж байсан. Эмнэлэгт хэвтэх, биеийн гам барих болон энэ хугацаанд ажиллах цалин гээд бүх төлбөрийг нөхөн олгосон. Надад эмчилгээнд 7.000.000 төгрөг, барилгын инженерийн ажлын 3 сарын төлбөр 9.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийг өгсөн. Тиймээс надад найз ***атай холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-22 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...11 дүгээр сарын 18-ны өдөр ажлын юм зөөх шаардлага гараад машинтай хүн хэрэгтэй болоод найз ***ыг дуудсан. ***а ***тай хамт ирсэн. Бид гурав 10-н жилийн багын найзууд юм. Тэгээд юм зөөхөө болиод бид гурав уулзсаных жоохон ууж сууя гэж ярилцсан. ***а адууны мах чанаад аваад ирсэн байсан учир буудалд орж сууя гээд буудалд орж сууж байгаад 12 цаг өнгөрөөд бааранд ороод тэндээ 1 цаг гаран болоод нэг шил архи хувааж уучхаад гарсан. Би бааранд шот хагарсныг хараагүй, шингэн зүйл дээр халтирч унахдаа гараа зүссэн байсан. Бид гурав баарнаас гараад ***а харилаа гээд явсан, бид хоёр буцаад буудалд ороод үргэлжлүүлж уугаад юм яриад сууж байсан. Удалгүй ***а эхнэр уурлаад байна гээд буцаад ирсэн. Бид гурав үргэлжлүүлээд сууж байхад ***а цонхны тавцан дээр авч ирсэн махаа идээд зогсож байсан. Би юм ярьж байхад ***а тоохгүй болохоор нь яриандаа оруулах гээд өөр лүүгээ татсан. Тэгтэл намайг санамсаргүй зүссэн. ***а, *** хоёр цус гараад байна гэмтлийн эмнэлэг явъя гэсэн. Тэр үед надад ямар ч зовуурь мэдэгдэхгүй байсан. Жоохон цус гарсан байсан. Тэр үед буудлын ресейпшн орж ирээд цус болсон байна түргэн дуудна, эмч дуудна гэхэд нь бид гурав яах юм бэ гээд цус гарсан байхаар нь оёулсан дээр юм байна гээд гэмтлийн эмнэлэг явсан. ...Санаатай маргалдсан юм байхгүй, санамсаргүй болсон зүйл. Одоо эрүүл мэндийн байдал буцаад хэвийн болсон. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ***а надад бүгдийг нь төлсөн...” гэх мэдүүлэг,

2. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хувиараа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” төвийн 2 давхарт байрлах зочид буудалд ресейпшнээр ажиллаж байгаа. Миний бие нь тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед ажил дээрээ ирээд ажлын ээлж солилцсон. 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө цагийг нь сайн санахгүй байна, намайг конторт байхад дээд талын 305 тоотод нэг юм унах шиг чимээ гарахаар нь би яваад ороход ...арай өндөр том биетэй залуугийн /аль гарыг нь санахгүй байна/ нэг гараас цус гарчихсан байдалтай сууж байхаар нь би “юу болов яав, чимээ гарахаар чинь орж ирлээ” гэж хэлэхэд тэр залуучууд “юу ч болоогүй, та гар гар” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “түргэн дуудах уу, эмч дуудна” гэж хэлэхэд тэр гараас нь цус гараад байсан залуу “би зүгээр ээ, явахгүй” гээд гүрийгээд нөгөө бондгор залуу болон туранхай залуу хоёр “эмнэлэг явъя” гээд гуйцгаагаад байсан. Би ч мөн хажуугаас нь дахин шаардахад тэр гурав ярилцаж байгаад гэмтлийн эмнэлэг явсан бөгөөд явахдаа үлдсэн байсан талаас доогуур архинаас 1 уучхаад юу ч болоогүй юм шиг юмнуудаа аваад гараад явцгаасан. Гарах үед бондгор залуу нь 00-ын өрөөнд байсан жижиг шар иштэй хутгыг мөн аваад гарсан бөгөөд ямар учиртай хутга юм гэхэд “танд хамаагүй ээ” гэж хэлсэн. Мөн надад хандаж “манай өрөөг цэвэрлэчхээрэй, бид гурав ирнэ шүү, хүн битгий оруулаарай, хөнжил, цагаан хэрэглэл бохирдуулсан төлбөрөө төлнө” гэж хэлээд буудлын төлбөр 150.000 төгрөгийг өгчхөөд явсан. Тэр шөнөдөө нөгөө 3 залуу огт ирээгүй бөгөөд өрөөг нь цэвэрлэчхээд байж байхад цагдаа нар ирж надтай уулзахад нь би болсон асуудлыг л хэлсэн. Би тухайн залуучуудад хандаж “би эмнэлэг дуудна, цагдаа дуудна” гэж хэлэхэд гарнаас нь цус гарсан залуу “би зүгээр ээ, юу ч болоогүй, хэрэггүй” гэж зөвлөөд л явуулцгаасан. Тэнд ямар нэгэн зодоон цохион, хэрүүл маргаан болоогүй болохоор би ч мөн яарч цагдаад хандахыг бодоогүй. Хэрвээ ямар нэгэн хэрүүл маргаан болоод, зодолдоод байсан бол би өөрөө өндөр настай хүн учраас яаралтай цагдаагийн байгууллагад хандах байсан. Тэр гурван залуу ч гурвуулаа маш эв найртай л яваад байсан, хоорондоо энгийн юм яриад сууж байцгаасан. Тухайн 305 тоот өрөөг тэр залуучууд явсны дараа цэвэрлэх үед өрөөний эд зүйлс бүгд хэвийн, эвдэрч гэмтсэн зүйлсгүй, орон дээр суугаад гарнаас нь цус гарсан залуугийн тэр хавьд хөнжил, бүтээлэг рүү нэвтэрч цус болсон, шалаар бага зэрэг ундаа асгасан байсан. Тэр үед би цагдаа нарт хүртэл цустай байсан хэсгийн нь зааж өгч үзүүлсэн. Өөр газар ямар нэгэн байдлаар цус болсон зүйл байгаагүй. ...Учиргүй ноцтой чимээ гараагүй бөгөөд аяга таваг унах шиг л болоход нь би шалгахаар орсон. Тэр үед тухайн гурван залуу гурвуулаа тайван сууцгааж байсан. Тэр залуучууд ямар нэгэн байдлаар хоорондоо хэрүүл маргаан, зодоон цохион огт хийгээгүй бөгөөд тийм ямар нэгэн дуу чимээ ч гараагүй. Мөн тэр гарнаас нь цус гараад байсан залуу ямар шалтгаанаар гараа гэмтээснийг нь мэдэхгүй. Өөрөө юу ч болоогүй юм шиг л байсан. Тэр залуу өөрөө “юу ч болоогүй ээ зүгээр, эмнэлэг явахгүй” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

3. Гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Багануураас би өглөөдөө ирж сургалтад сууж байсан бөгөөд үдээс хойш багийн найз ***а руу залгаад “танай гэртээ ойрхон сургалтад суучхаад байж байна” гэхэд ***а “манай гэрт хүрээд ир, найз нь идэш ирчихсэн мах чанаад байж байя” гэж хэлсэн. Ингээд би сургалтаа тараад ***ынх руу явж байхад ***а машинтайгаа замд хүрч ирж намайг авсан бөгөөд мөн манай багийн найз *** ***а руу залгаад “юм зөөлцөөд өгөөч” гэж байна гэдгийг хэлсэн байсан. Тэгээд бид хоёр найз ***гийнх рүү очихоор болсон бөгөөд бид хоёрыг хэсэг хүлээлгэж байгаад юм аа зөөхөө болъё, ойрд уулзаагүй юм чинь нэг газар ууя гэсэн. Тэр үед ***а чанасан адууны махаа гэрээсээ аваад ирсэн байсан бөгөөд нэг мөр тайван буудалд ороод энийгээ идэнгээ ганц юм ууя гэж ярилцсан. Бид гурав гэгээ тасраад цагийг нь сайн санахгүй байна, хорооллын *** төвийн 2 давхарт байрлах зочид буудлын өрөө авч нэрийг нь санахгүй байна 0.75 литрийн 2 шил архи, 1 том пиво ууцгаагаад, махаа идэцгээж хуучны дурсамжуудаа ярилцаад сууцгаасан. Ингээд 1 шил архиа дуусгаад, нөгөө шил нь талаас дээгүүр орчим үлдсэн байж байхад гурвуулаа баар орохоор болоод нэрийг нь мэдэхгүй нэг баар луу орцгоосон. Тэндээс 1 шил архи 0.75 литрийн архи хувааж, ууж, бүжиглэж байсан бөгөөд бүжиглэж байгаад буцаж суугаад, шот уугаад тавихдаа хүчтэй тавиад санамсаргүй хагалчихсан. Энэ үед хажуунаас *** “яагаад хагалчихваа” гэсэн зүйл ярихад ***а хажуунаас орж ирээд “энийг хагалахад яахав дээ” гэж хэлээд дахиад 1 шот хагалчихсан. Тэгээд удаагүй байж байхад хамгаалагч нар ирээд бид гурвыг гар гэж хэлээд би гурав холбогдох төлбөр тооцоогоо бүрэн төлчхөөд гарсан. Баарнаас гараад ***а гэртээ харихаар такси барьж яваад, *** бид хоёр буцаад буудал руугаа орсон. Үлдсэн архиа хувааж уугаад байж байхад ***а удалгүй буцаад хүрээд ирсэн бөгөөд “энд хонохоор болчихлоо, эхнэртэйгээ муудчихлаа” гэж хэлээд ирсэн. Ингээд бид гурав үргэлжлүүлээд архи уугаад сууцгааж байхад ***а цонхны тавцан дээр цаашаа хараад махаа идээд байж байсан. Тэр үед *** ***ад нэг юм яриад л байсан бөгөөд ***а тоохгүй юмаа идээд байсан. Тэгэхэд *** “хөөе хүн юм яриад байхад тоохгүй юм” гэж хэлээд нэлээд хүчтэй татах шиг болсон бөгөөд *** тэр хоёр “хүүе, юу болов” гээд явчихсан. Тэгээд ***гийн цамцыг нь сөхөөд харахад хэвлий хэсэгт нь хутгаар зүсчихсэн юм шиг, цаад талд нь өөх нь харагдаад байсан. /хутгатай гарыг нь л хүчтэй татчихсан юм шиг байна лээ/. *** “за зүгээр ээ, зүгээр, яав л гэж” гэж хэлээд тоохгүй байсан, архины халуунд л тэгж хэлж байсан байх. ***а болохоор тэрүүгээр сандраад л эмнэлэг оръё гээд гуйгаад байсан. Тэгээд бид гурав хэсэг тайвшраад буцаад сууж архиа уугаад сууж байхад ресейпшн гэж хөгшин настай эгч орж ирчихсэн бөгөөд ***гийн гарнаас нь гарч байгаа цус, шархыг нь харчхаад олон зүйл яриад байсан. Сүүлдээ бид гурав ярилцаж байгаад эмнэлэг явахаар болсон. Тэгэхгүй бол *** өөрөө болохоор зүгээрээ, би эмнэлэг орохгүй гээд зөрүүдлээд байсан. Ингээд бид гурав буудлаас эд зүйлсээ аваад гарцгаасан бөгөөд буудлын эгчид тооцоог нь хийсэн. Тухайн үед цагаан хэрэгсэл цус болгосон гээд нэмэлт мөнгө нэхээд авч байсан санагдаж байна. Бид гурав гараад такси бариад гэмтлийн эмнэлэг орсон бөгөөд ***г үзүүлэхэд “цэргийн төв эмнэлэгт орж үзүүлнэ” гэж хэлсэн. ***а бид хоёр *** хүлээгээд хэсэг байж байхад цагдаа нар ирээд ***ыг аваад явчихсан. Үүнээс хойш *** бид хоёр түргэний машинаар цэргийн төв эмнэлэг орж хагалгаанд орохоор болсон. Ийм л зүйл болсон. Одоогоор найз *** нь эмчилгээгээ дуусгаад биеийн байдал хэвийн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15916 дугаартай:

“1. ***гийн биед хэвлий хөндий рүү нэвтэрч хэвлийн урд ханын булчин, гялтан хальсыг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа, баруун сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Хэвлий хөндий рүү нэвтэрч хэвлийн урд ханын булчин, гялтан хальсыг гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун сарвуунд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал),

5. Хохирогч ***д хохирол барагдуулсан тухай Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд (хавтаст хэргийн 72-74 дэх тал),

6. Хохирогч ***гийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 79 дэх тал),

7. Шүүгдэгч ***ын Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 89 дэх тал),

8. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би таксинаас буугаад гэр лүүгээ ороход эхнэр намайг архи уусныг мэдээд худлаа ярьж ууж идлээ гээд уурлаад байхаар нь би буцаж гараад хоёр найзынхаа байсан *** буудал дээр очиход манай хоёр найз үлдсэн архиа уугаад юм яриад сууцгааж байсан, би нэлээн өлссөн байсан болохоор цонхны тавцан дээр байсан махыг идээд зогсож байтал хөөе андаа юм яриад байна шүү дээ гээд *** намайг баруун мөрнөөс хүчтэй татахад би баруун гартаа хутгатай тэр чигтээ эргэж харсан. Тэгсэн чинь миний барьсан хутганы үзүүр цус болсон байсан ба би ***г андаа би чамайг сая санамсаргүй хатгачих уу гэхэд *** зүгээр ээ, зүгээр гээд *** цамцаа дээш сөхөөд харахад хүйснийх нь доохон талд өөх шиг цагаан зүйл цухуйгаад гараад ирсэн байсан. Тэр үед буудлын эгч хаалга нүдээд онгойлготол яагаад чанга дуугаралдаад байгаа юм унтацгаа гэхээр нь за гэж хэлээд зогсож байтал буудлын ресейпшн эгч энэ юун цус болсон юм гэхээр манай найзын гараас цус гараадаа гэхэд эмнэлэг явах уу эсвэл би эмнэлэг дуудаж өгөх үү гэхэд *** зүгээр гээд удалгүй буудлаас гараад *** *** бид гурав такси бариад гэмтэл ороод байж байхад гэмтэл дээр цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Өөрийн гаргасан санамсаргүй үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Найз ***гийн эмчилгээний зардал нийт 15.000.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-57 дахь тал),  

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 63 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 64 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 65 дахь тал), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 34-36 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг  “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Гэмт этгээд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэлдээ хандсаныг  болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй гэх ойлголтод хамааруулах бөгөөд үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэргийн үйл баримтаар багын найзууд болох шүүгдэгч ***, хохирогч *** нар нь хэрэг учрал болсон 2022 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** төвийн буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар цонхны тавцан дээр тавиатай чанасан махыг хутгаар идэж байсан шүүгдэгч ***ын мөрнөөс хохирогч *** юм ярих гэж татах үед шүүгдэгч нь барьж байсан хутгатайгаа эргэснээс хохирогчийн хэвлийн тус газар хутгалж, хохирогчийн биед хэвлий хөндий рүү нэвтэрч хэвлийн урд ханын булчин, гялтан хальсыг гэмтээсэн хатгагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Энэ нь хэрэгт хохирогч ***, гэрч ***, Б.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн агуулгын зөрүүгүй мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15916 дугаартай дүгнэлт, шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх үйлдлийг хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч шүүгдэгч мэдэлгүй үйлдсэн, үүний улмаас хохирогчид хохирол хор уршиг учруулсан буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд, шүүгдэгч ***ын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 89 дэх тал)  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 90 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрөв мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч ***ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчийн эрүүл мэнд хохирсны улмаас гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ***д нь оногдуулсан “Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд тайлбарлах нь зүйтэй.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 15916 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэргийн 22 дахь талд “...Эмнэлэгт хэвтэх, биеийн гам барих болон энэ хугацаанд ажиллах цалин гээд бүх төлбөрийг нөхөн олгосон. Надад нийт 15.000.000 төгрөг өгсөн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийн 79 дэх талд “...Найз ***атай холбоотой ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Иймд шүүгдэгч ***ас гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 7, 8, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 10 (арав)-н сарын хугацаагаар Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг ***д сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***ын нийтийн албанд ажиллах эрхийг эрх хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 15.000.000 төгрөгийг хохирол, хор уршигт тооцон нөхөн төлсөн, хохирогч *** нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА