Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/045

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,

 Улсын яллагч: Н.Энхтөр

Шүүгдэгч: У.Алтаншагай, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.Алтаншагайд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314000000018 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Уламбаярын Алтаншагай регистрийн дугаар:ВИ95101417,

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч У.Алтаншагай нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 25-03 тоотод Ж.Дагвасамбууг баруун гараараа, нүүрэн тус газарт нь цохиж, зүүн дээд арын 6 дугаар шүдний булгарал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт гэмтлүүд учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч У.Алтаншагайгийн мөрдөн байцаалтад өгсөн

...Би нэг удаа шанаа хэсэг рүү нь алгадсан тэгсэн чинь Дагвасамбуу гэх хүн нь шүд уначихлаа гээд байсан. Тэгээд Отгоо гэх айлаас Дагвасамбуу нь шөнө гараад явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 63-64/,

Хохирогч Ж.Дагвасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багт байх Отгонбаатарын гэрт очсон. Тэгэхэд Отгонбаатар, Алтаншагай нар архи уугаад байж байсан. Тэгээд би нэг шил архи гаргаж ирээд уугаад Алтаншагай гэгчтэй маргалдаад байж байтал Отгонбаатар намайг манай дүүтэй маргалдаад тэгж болохгүй гээд намайг 3 удаа гараараа зүүн талын шанаа руу цохисон. Тэгтэл Алтаншагай бас намайг 3 удаа гараараа цохитол миний шүд зүүн талын араа унасан. Би тухайн үед архи уусан согтуу байсан болохоор Отгонбаатар, Алтаншагай нарыг цохиогүй. Миний шүдийг Алтаншагай цохисны улмаас унасан. Урьд нь миний унасан араа бага зэрэг хөдөлгөөн орсон байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17/,      

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...  20 цагийн үед манай гэрт Ж.Дагвасамбуу архитай орж ирсэн. Тэгэхэд би У.Алтаншагайгийн хамт архи уугаад сууж байсан. Удалгүй Ж.Дагвасамбуу, У.Алтаншагай хоёр хоорондоо маргалдаад барилцаж авахаар нь би дундуур нь орж салгасан. Тэгээд У.Алтаншагай, Ж.Дагвасамбууг цохиж байгаа харагдсан. Тухайн үед Ж.Дагвасамбуугийн шүд унасан эсэхийг мэдээгүй би зуухан дээрээ гал түлээд байж байсан. Би Ж.Дагвасамбуу, У.Алтаншагай нарыг маргалдаад барьцалдаад байхаар нь гэрт битгий хэрүүл маргаан, зодоон хийх гээд бай гээд Ж.Дагвасамбууг алгадсан. Тэрнээс биш сүртэй цохиж зодоогүй. Намайг хүн цохиогүй надад ямар нэгэн гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25-26/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний  албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 721 дугаартай

1.Ж.Дагвасамбуугийн биед зүүн дээд арын 6 дугаар шүдний булгарал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31/ зэрэг нотлох баримтууд болно.

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 54-56/, депозит дансны хуулганууд /хх-ийн 40-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 75/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч У.Алтаншагай нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 25-03 тоотод Ж.Дагвасамбууг баруун гараараа, нүүрэн тус газарт нь цохиж, зүүн дээд арын 6 дугаар шүдний булгарал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт гэмтлүүд учруулан зодож, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Алтаншагайн үйлдсэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64/,  хохирогч  Ж.Дагвасамбуугийн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Д.Отгонбаатарын  мэдүүлэг /хх-ийн 25-26/, Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 721 дүгээр шинжээчийн ...  А.Дагвасамбуугийн биед зүүн дээд арын 6 дугаар шүдний булгарал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /30-31/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Алтаншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч У.Алтаншагайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Алтаншагай нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв

Шүүгдэгч У.Алтаншагай нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч У.Алтаншагай нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч У.Алтаншагай нь хохирогч Ж.Дагвасамбуугийн, нүүрэн тус газарт цохин зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч У.Алтаншагай нь хохирогч Ж.Дагвасамбуугийн нүүрэн тус газарт цохин зодож түүний эрүүл мэндэд нь зүүн дээд арын 6 дугаар шүдний булгарал, зүүн хацар, шанаанд зулгаралт, зүүн нүдний доор цус хуралт бүхий хөнгөн гэмтэл ... гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ж.Дагвасамбуу нь У.Алтаншагайгийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 120,000 төгрөг нэхэмжилсэн ба уг хохирлыг шүүгдэгч У.Алтаншагай нь төлж барагдуулсан байх тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч У.Алтаншагай нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

            Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Алтаншагайг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч У.Алтаншагай нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.Алтаншагайг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.Алтаншагайн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын 3-31-13 тоот хашаанаас/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар /барилгын ажил эрхэлдэг/  гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч У.Алтаншагай нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч У.Алтаншагайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

 Шүүгдэгч У.Алтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Уламбаярын Алтаншагайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.Алтаншагайг нэг /01/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  У.Алтаншагайн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын 3-31-13 тоот хашаа/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, ажил хөдөлмөр эрхэлдэг газар/барилга дээр ажилладаг/  гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч У.Алтаншагай нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч У.Алтаншагайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч У.Алтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА