Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 133/2019/00356/И |
Дугаар | 001/ХТ2021/01290 |
Огноо | 2021-10-28 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/01290
Хаан банкны Говь-Алтай салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шийдвэр,
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 215/МА2020/00007 дугаар магадлалтай,
Хаан банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,
Ц.Төмөрхуяг, С.Сэржмаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 98,417,148.69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Содномжамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Цэвэгмидийн Төмөрхуяг, Санжаалайн Сэржмаа нар нь Хаан банкны Говь-Алтай салбарын Төв тооцооны төвөөс 2018.05.30-ны өдөр ЗГ201843633883 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор дараах хөрөнгүүдийг барьцаалуулан авсан. Үүнд: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур /агуулахын үлдэгдлээр/ 1 тонн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 13,441,729.02 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан нөхцөлийг зөрчин банкнаас зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч Ц.Төмөрхуяг, С.Сэржмаа нар нь 2019.03.05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүйгээс хугацаа хэтрүүлж 119 хоног гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт зээлээ төлөөгүй ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2019.05.10-ны өдөр, 2019.07.04-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2019.08.29-ний өдөр зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсээр байна. Иймд банк шүүхэд 2019.10.09-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийг гаргасан.
Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 86,558,179.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,538,179.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320,697.77 төгрөг нийт 98,417,148.69 төгрөг болно. Зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур /агуулахын үлдэгдлээр/ 1 тонн зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Зээлдэгч маань 2019.03.11-ний өдөр зээлийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн өргөдөл өгсөн байгаа. Хаан банкны зүгээс зээлийн барьцаагаар хангуулах гээд зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн лавлагаа авахад барьцаанд байгаа хөрөнгө маань 2019.01.22-ны өдрийн шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байсан. Иймд хөрөнгөнд манайх халдаж болохгүй учир зээлдэгчдээ мэдэгдсэн, түүнээс хойш зээлдэгчид 05-р сар, 07-р сар, 09-р саруудад зээл төлөх болон зээл хаах мэдэгдэл өгсөн байгаа. Зээлдэгч маань зээл болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг бол тухайн харилцагчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон бол зээлийн төлбөрийг мөнгөн төлбөрөөр төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн үүрэг хүлээсэн. Зээл төлөх мэдэгдэл, зээл буцаан дуудах мэдэгдэл өгсөн. Сүүлийн хоёр мэдэгдлийг хариуцагч хүлээн авахаас татгалзсан. Татгалзсан учраас манайх гэрийн хаягаар нь шуудан холбоогоор хүргүүлсэн 07 р сарын 22 болон 09-р сарын 06-нд хүргүүлсэн. Мөн зээлдэгчийн дансны хуулга байгаа, энд зээлдэгч маань 03 дугаар сарын 07-ноос хойш төлбөр төлөөгүй байгаа нь зээлээ төлөх хүсэл эрмэлзэл байхгүй байгаа нь харагдаж байна. Манайхаас өгсөн зээл төлөх мэдэгдэх хуудсанд бол Ц.Төмөрхуяг, С.Сэржмаа нарт гэж тодорхой хаягласан байдаг. Энэ хоёр хүн бол нэг гэрийн хүмүүс буюу эхнэр нөхөр хоёр, нэг зээлдэгч гэж явдаг учраас нэгэнд нь мэдэгдэхэд болно гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь уг зээлийн гэрээ нь 2018.05.30-ны өдөр байгуулагдаад 2021.05.21-нд дуусахаар буюу гурван жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2018.03.06-ны өдөр хариуцагч Ц.Төмөрхуяг Хаан банканд албан ёсоор гэрээнээс татгалзах тухай саналыг урьдчилан гаргасан байдаг. Хаан банктай 05 дугаар сарын 30-нд байгуулсан зээлийн гэрээний 06 дугаар зүйл буюу гэрээ дуусгавар болох цуцлах үндэслэлийн 6.1.8-д зааснаар зээлдэгч маань төлбөрийн чадваргүй болсон гэсэн үндэслэлээр, зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгөөч гэж саналаа гаргасан гэвч өнөөдрийг хүртэл Хаан банкнаас хариу өгөлгүй өнөөдрийг хүргэсэн. 2018 оны уг зээлийн гэрээг үргэлжлүүлэн явсаар байгаад 2019.10.09-ний өдөр зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Тийм учраас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад өмнөх саналд нь хариу өгөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бас ойлгомжгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар Хаан банканд зээлийн гэрээгээ цуцлах талаар урьдчилан хүргүүлсэн, мөн зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар хугацааг бол Хаан банк өөрөө тогтоох ёстой, тогтоосны дараа уг албан бичигт хариу өгөх ёстой, гэвч энэ үүргээ биелүүлээгүй байгаа учраас Хаан банк өөрөө өмнө нь өгсөн өргөдөлд хариу өгөөгүй учир урьдчилан нэхэмжлэл гаргах, урьдчилан гэрээг цуцлах ямар нэгэн шаардлага хангахгүй гэж үзээд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019.01.22-нд хариуцагч Ц.Төмөрхуягийн зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгө, мөн хөдлөх хөрөнгө, харилцах банкны данснууд бүгд хаагдсан тухайн үед ийм байдалд ороод төлбөр төлөх боломжгүй болсон байдаг, энэ талаараа хариуцагч Ц.Төмөрхуяг нь Хаан банк дээр очиж зээлийн гэрээнээсээ татгалзах хүсэлт гаргасан. Өнөөдөр бол хариуцагчийн бизнесийн үйл ажиллагаа явагдаж байгаа, түүхий эд авах ажил нь эхэлсэн учраас энэ зээлийг төлөх боломжтой гэж үзэж байна. Хаан банктай хоёр хүн гэрээ байгуулсан, үндсэн зээлдэгч Ц.Төмөрхуяг, хамтран зээлдэгч С.Сэржмаа энэ хоёр нэг гэр бүл болохоор нэгэнд нь мэдэгдэж болно гэж тайлбарлаж байна. Ийм зүйл байхгүй хоёр зээлдэгч байхад нэгэнд нь мэдэгдэл өгөхгүй байх нь зээлийн гэрээнд оролцох, иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхийг нь хязгаарлаж байна гэж үзэж байна. 2019.03.11-нд хариуцагч маань гэрээнээс татгалзах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байна. Өнөөдөр энэ хүсэлтэд яагаад хариу өгөөгүй юм, С.Сэржмаад зээл буцаан татах мэдэгдэл өгчхөөд яагаад Ц.Төмөрхуягт өгөхгүй байгаа юм. Үндсэн зээлдэгч нь амьд байхад энэ хүнд яагаад зээлийн гэрээг чинь цуцаллаа гэдгийг мэдэгдээгүй юм бэ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйл буюу гэрээнээс татгалзах үндсэн журам зөрчигдсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна, тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ201843633883 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч /РД:ДЮ72012130/, Хойд овогт Цэвэгмидийн Төмөрхуяг, /РД:ДЭ73111105/ Шар халзан овогт Санжаалайн Сэржмаа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 86,558,270.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,538,179.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320,697.77 төгрөг, нийт зээлийн төлбөрт 98,417,148.69 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банканд олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Төмөрхуяг, С.Сэржмаа нар нь үүргийг мөнгөн хэлбэрээр барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000537 дугаарт бүртгэлтэй 120 м.кв 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд Капитал баарны 2 давхарт байршилтай орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001067 дугаарт бүртгэлтэй 70.29 м.кв гал тогооны хамт 4 өрөө үл хөдлөх хөрөнгө, 060710050 нэгж талбарын дугаартай 140.1 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, ноолуур-/агуулахын үлдэгдлээр/ 1 тонн зэргийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 790,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Төмөрхуяг, С.Сэржмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 790,436 төгрөгийг гаргуулан Хаан банканд олгож шийдвэрлэжээ.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 215/МА2020/00007 дугаар магадлалаар: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 204,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаярын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаартай шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 215/МА2020/00007 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч Ц.Төмөрхуяг, С.Сэржмаа нар нь Хаан банкны Говь-Алтай салбараас 2018.05.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг авсан бөгөөд 2019.02.05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээнд заасны дагуу төлж үлдэгдэл хүүтэйгээ нийлж 86,325,858.69 төгрөг үлдсэн байсан бөгөөд Ц.Төмөрхуяг нь 2019.03.06-ны өдөр эд хөрөнгийн байдал доройтож, зээл буцаан төлөх чадваргүй болсон учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар хүсэлтийг Хаан банкинд гаргасан бөгөөд Хаан банк нь ямар нэгэн арга хэмжээ огт авалгүй байсаар 7 сарын дараа зээлийн үлдэгдэл төлбөр болох 86,325,858.69 төгрөг дээр нэмж зээлийн хүүд 11,538,179.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 320,697.77 төгрөг, нийт 11,858,877.7 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д ...Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй... гэж заасныг давж заалдах шатны шүүх нь ...гэрээний үүргээ зөрчсөн талд давуу байдал бий болгох болон гэрээг цуцлах харилцааг тодорхойлсон зохицуулалт биш... гэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг 225.1-д заасныг ...гэрээгээ зөрчсөн тал бус гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлээгүй тал гэрээнээс татгалзах эрхтэй... гэж тус тус хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, арилжааны банкны үйл ажиллагааг дэмжин тэднийг өөхшүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хариуцагч С.Сэржмаа, Ц.Төмөрхуяг нарын Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон шударга ёс, хууль дээдлэх, тэгш эрхийн зарчмыг зөрчиж байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа иргэдээс нэмж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж зээлдэгч Ц.Төмөрхуяг, С.Сэржмаа нарыг хохироож байгаа үйлдлийг шүүх харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Төмөрхуяг нь Хаан банкинд эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсноо урьдчилан мэдэгдсээр байхад нэхэмжлэгч Хаан банк нь зээлийн хүүг зогсоож нэн даруй буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн Ц.Төмөрхуягын гаргасан саналд ямар нэгэн хариу өгөөгүй, Ц.Төмөрхуягт дээрх зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг гардуулан өгөөгүй, зээл төлөх талаар нэмэлт хугацаа өгч тохиролцоогүй атлаа нэмж хугацаа авч тэднээс 7 сарын хүү болон нэмэгдүүлсэн хүүнд нийт 11,858,877.7 төгрөг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу зээлийн хүүгийн төлбөр 11,538,179.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 320,697.77 төгрөг, нийт 11,858,877.7 төгрөг нэмж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Хаан банкны Говь-Алтай салбар Ц.Төмөрхуяг, С.Сэржмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98,417,148.69 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Зохигч 2018.05.30-ны өдөр №ЗГ/201843633883 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Хаан банкны Говь-Алтай салбар 100,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор олгох, зээлдэгч нар зээлийг зориулалтын дагуу ашиглаж, эргэн төлөх хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун Капитал баарны 2 давхарт байршилтай, 70.29 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг, Төв номын сангийн баруун талд байршилтай, 120 м.кв талбайтай, 2 өрөө үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1 тн ноолуурыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.
Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь хуваарийн дагуу үндсэн зээлээс 13,441,729.02 төгрөгийг төлсөн боловч 2019.03.05-ны өдрөөс хойш төлбөрийг төлөөгүй 119 хоног хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр гэрээг цуцалж үлдэгдэл төлбөр үлдсэн зээлийн үлдэгдэл 86,558,270.98 төгрөг, зээлийн хүүд 11,538,179.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 320,697.77 төгрөг, нийт 98,417,148.69 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээл авснаас хойш 30,000,000 төгрөгийг төлсний дараа төлбөрийн чадваргүй болсноо мэдэгдэж, зээлийг зогсоож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч нь хариу тайлбар өгөлгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж маргажээ.
Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрөө шаардсан, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 225 дугаар зүйлийн 225.1. дэх зохицуулалтад нийцсэн, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1., 225 дугаар зүйлийн 225.1. дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нэхэмжлэгчид төлбөрийн чадваргүй болох нөхцөл байдал бий болсноо урьдчилан мэдэгдсээр байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй атлаа хүү, нэмэгдүүлсэн хүүд 11,858,877.7 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй... гэжээ.
Хариуцагчийн гомдолд дурдсан Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.-д зааснаар зээлдүүлэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй.
Хуулийн дээрх зохицуулалт нь бусдад хөрөнгөө шилжүүлсэн зээлдүүлэгчид гэрээний хугацаа дуусахаас өмнө хэрэгжүүлж болох давуу эрх олгосон зохицуулалт бөгөөд хэрэгжүүлэх эсэх нь зээлдүүлэгчийн эрхийн асуудал тул эрхээ хэрэгжүүлээгүй нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй, улмаар энэ заалт банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарахгүй.
Иймд төлбөрийн чадваргүй болохоо мэдэгдсээр байхад гэрээг цуцлаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 133/ШШ2019/00417 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 215/МА2020/00007 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ц.Төмөрхуягаас 2020.02.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД