Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Ж.Батхуяг,

Шүүгдэгч Т.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долгор овогт Түмэнжаргалын Ариунболдод холбогдох эрүүгийн 201626031150 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:УК80071916/, Долгор овогт Түмэнжаргалын Ариунболд нь:

-хамтран амьдарч байсан А.Урансарнайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч А.Урансарнайгийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4-164Б тоотод байх өвлийн байшингийн саарал өнгийн бүргэд хаалга, байшингийн зүүн талын мансардны цонхыг хагалж, санаатай эвдэж гэмтээсэн,

мөн 2016 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ Өргөө хорооллын 602 дугаар байрны авто зогсоол дээр байсан хохирогч А.Урансарнайгийн эзэмшлийн 07-96 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашины 2 ширхэг толь, урд гуперний пивор хийцтэй хаалт, улсын дугаарыг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/,

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/

Эд зүйлийн үнэлгээ /хх-54-55/,

Хохирогч А.Урансарнай мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Маргааш өдөр ээж нь над руу өөрөө залгаад шөнө Ариунболд чиний машины 2 толь, улсын дугаар, хар өнгийн сетик зэрэг эд зүйлсийг авчраад өглөө, ирээд аваарай гэж хэлэхээр нь би очиж хартал улсын дугаарыг нь юу ч үгүй үрчийлгээд хаясан, урд гуперний хар өнгийн пивор сетик нь 3 хэсэг байдгийн 2 ширхэг нь байсан. Мөн 2 ширхэг толь байсан. Тэндээс аваад ээжийг нь дагуулж яваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хадны орчимд засварын газарт очиж машинаа янзлуулсан. Мөн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ариунболд надтай муудалцаад манай ээжийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4-164Б тоотод ганцаараа амьдардаг байшингийн зүүн талын мансардны цонхыг чулуугаар хагалаад, байшингийн саарал өнгийн бүргэд хаалгыг мөн чулуугаар цохиж 2 газар дотогш нь хонхойлгосон, дуранг нь эвдэлсэн байсан. Тухайн үед ээж гэртээ байсан. Би гадуур ажилтай байсан юм…” гэжээ./хх-18-19/,

Гэрч М.Цэвгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. Хүү Ариунболд над руу яриад Урансарнайгийн машины толь, гуперний сетик, улсын дугаар нь хашаанд нохойн байрны хажууд байгаа гэхээр нь очиж хартал байсан. Би Урансарнай руу яриад “чиний эд зүйл чинь энд байна. ирээд ав” гэж хэлтэл удалгүй хүрээд ирсэн. Би Урансарнайтай хамт яваад засварын газарт очиж толийг нь суулгуулж өгсөн. 50.000 төгрөгийн цавуугаар нааж өгсөн. Мөн улсын дугаараа 15.000 төгрөгөөр хийлгүүлсэн, урд гуперний сетикний тогтоогч нь хугарсан. Харин их бие нь бүтэн байсан боловч шинээр 70.000 төгрөгөөр сетик авч тавьсан…” гэжээ. /хх-21/,

Гэрч Н.Алтантуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед манай охин Урансарнай надруу залгаад ээж миний машины хоёр толь, улсын дугаар, гуперний урд талын сетик алга болсон байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...мөн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны Арцатын 4-164Б тоотод байшингийн саарал өнгөтэй бүргэд гэх хийцтэй хаалгыг юмаар цохиод гадна талын хонхойлгоод дуранг нь аваад шидээд эвдэлчихсэн. Мөн байшингийн зүүн талын дээврийн цонхыг чулуу шидээд хагалсан. Би утас руу нь залгаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд “хуцаад бай” гээд байсан…” гэжээ. /хх-24/,

Гэрч Т.Шинэтуяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Би одоо он сарыг нь санахгүй байна манай хөрш Алтантуяа гэх эмэгтэйгийн амьдардаг байшингийн цонх тас гээд дуугарахаар нь гэрээсээ гараад хартал Алтантуяа эгчийн охин Урансарнайгийн найз залуу нь болох Ариунболд гудамжинд гүйгээд явж байсан тэгээд маргааш өдөр нь Алтантуяагийн гэрт ороод өчигдөр орой танай байшингийн мансардны зүүн талын цонхыг Ариунболд хагалаад гүйгээд явж байхыг харсан гэхэд Алтантуяа эгч би бас харсан гэж хэлж байсан…” гэжээ. /хх-26/,

Гэрч Ж.Очирцэнд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…машины 2 ширхэг толь бүтэн сууриараа хугарсан урд гуперний сетик нь хагарсан байсан. Тэдгээрийг шүрүпээр бэхлээд цавуугаар нааж өгөөд явуулсан…” гэжээ. /хх-28/,

Шүүгдэгч Т.Ариунболдын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ариунболд мэдүүлэхдээ: “...Би А.Урансарнайтай хамтран амьдарч байсан юм. 2016 оны 08 дугаар сарын 12-нд А.Урансарнайтай утсаар ярихад найзуудтай нийлээд идэж, уугаад явж байсан.  Үүнд нь миний уур хүрээд шөнө 02 цаг өнгөрч байхад гэрт нь очоод машиных нь номер, толь хоёрыг нь торонд хийгээд аваад явсан юм. Хашааных нь хаалгыг ноднин жил нохойны идүүрээр цохьсон юм.  Ер нь А.Урансарнай байнга л найз нартайгаа нийлж идэж уугаад яваад байснаас болж маргаан гардаг байсан.  Дахин ийм хэрэг хийхгүй.  Одоо А.Урансарнай бид хоёр тус тусдаа амьдарч байгаа. А.Урансарнайд учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.  

Шүүгдэгч Т.Ариунболд нь хамтран амьдарч байсан А.Урансарнайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч А.Урансарнайгийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4-164Б тоотод байх өвлийн байшингийн саарал өнгийн бүргэд хаалга, байшингийн зүүн талын мансардны цонхыг хагалж, санаатай эвдэж гэмтээсэн. Мөн 2016 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ Өргөө хорооллын 602 дугаар байрны авто зогсоол дээр байсан хохирогч А.Урансарнайгийн эзэмшлийн 07-96 УБЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашины 2 ширхэг толь, урд гуперийн пивор хийцтэй хаалт, улсын дугаарыг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/,

-Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-54-55/,

-“…улсын дугаарыг нь юу ч үгүй үрчийлгээд хаясан, урд гуперний хар өнгийн пивор сетик нь 3 хэсэг байдгийн 2 ширхэг нь байсан, мөн 2 ширхэг толь байсан. Тэндээс аваад ээжийг нь дагуулж яваад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хадны орчимд засварын газарт очиж машинаа янзлуулсан...байшингийн зүүн талын мансардны цонхыг чулуугаар хагалаад байшингийн саарал өнгийн бүргэд хаалгыг мөн чулуугаар цохиж 2 газар дотогш нь хонхойлгосон, дуранг нь эвдэлсэн байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч А.Урансарнайгийн мэдүүлэг /хх-18-19/,

-“…Ариунболд над руу яриад Урансарнайгийн машины толь, гуперний сетик, улсын дугаар нь хашаанд нохойны байрны хажууд байгаа гэхээр нь очиж хартал байсан...Би Урансарнайтай хамт яваад засварын газарт очиж толийг нь суулгуулж өгсөн. 50.000 төгрөгийн цавуугаар нааж өгсөн. Мөн улсын дугаараа 15.000 төгрөгөөр хийлгүүлсэн, урд гуперний сетикний тогтоогч нь хугарсан. Харин их бие нь бүтэн байсан боловч шинээр 70.000 төгрөгөөр сетик авч тавьсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Цэвгээгийн мэдүүлэг /хх-21/,

-“…охин Урансарнай надруу залгаад ээж миний машины хоёр толь, улсын дугаар, гуперний урд талын сетик алга болсон байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн байшингийн саарал өнгөтэй бүргэд гэх хийцтэй хаалгыг юмаар цохиод гадна талын хонхойлгоод дуранг нь аваад шидээд эвдэлчихсэн, мөн байшингийн зүүн талын дээврийн цонхыг чулуу шидээд хагалсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Н.Алтантуяагийн мэдүүлэг /хх-24/,

-“…байшингийн цонх тас гээд дуугарахаар нь гэрээсээ гараад хартал Алтантуяа эгчийн охин Урансарнайгийн найз залуу нь болох Ариунболд гудамжинд гүйгээд явж байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Т.Шинэтуяагийн мэдүүлэг /хх-26/,

-“…машины 2 ширхэг толь бүтэн сууриараа хугарсан урд гуперний сетик нь хагарсан байсан. Тэдгээрийг шүрүпээр бэхлээд цавуугаар нааж өгөөд явуулсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ж.Очирцэндийн мэдүүлэг /хх-28/ зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Ариунболдыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Т.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:

1. Долгор овогт Түмэнжаргалын Ариунболдыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунболдыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ариунболдод оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Ариунболдод оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Ариунболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД