Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0015

 

 

 

 

 

2022 01 03 0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн  шүүх  хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Хариуцагч: Бдүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Ж.А нарын хоорондын Бдүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н ХХК нь Нийслэлийн Бдүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Бдүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШШ2016/ захирамжаар Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөрөө нэхэмжлэгчид төлж барагдуулахыг харилцан тохиролцсож эвлэрснийг баталж, шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 472 дугаартай гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч Г.Д оос төлбөр гаргуулан Н ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 16271521 дугаартай тогтоол гарч, төлбөр төлөгч Г.Доос 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б дүүргийн 10 дугаар хороо, Амгалан хотхонд байрлах С.П нэр шилжин ирсэн 345 м.кв газрыг төлбөр авагч Н ХХК-д шилжүүлэн өгч төлбөрт тооцуулах хүсэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гаргаж, үүнийг нь нэхэмжлэгчээс зөвшөөрсөн албан бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/4203 дугаар албан бичгийг Б дүүргийн газрын албанд дээрх газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэж хариу ирүүлэхийг мэдэгдэж, Б дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар иргэн С.П газар эзэмших эрхийг Н ХХК-д шилжүүлсэн үйл баримт болжээ.

3. Бдүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Н ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна.

4. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 07/2537 дугаар албан бичгээр хуульд нийцсэн байна гэсэн хариу авч 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нэхэмжлэгч компани 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Бдүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 345 м.кв талбай бүхий газрыг олгосон байдаг. Энэ газар нь нэгж талбарын 0000000 дугаарт бүртгэлтэй газар юм. Газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч компанид 15 жилийн хугацаатай олгосон байдаг. Тухайн газрын нэхэмжлэгч компани шинээр эзэмшээгүй, хэн нэгэн иргэн, хуулийн этгээдээс худалдаж аваагүй, бэлэглэлийн журмаар аваагүй бөгөөд нэхэмжлэгч компани иргэн н.Дгэх хүнээс гэрээний үүрэг 174,000,000 төгрөгийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тухайн хэрэг маргааны хүрээнд эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталсан байдаг. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тухайн иргэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн өдөр үүссэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлснээс хойш 2 жил гаруй хугацаанд үргэлжилсний эцэст тухайн маргаан бүхий газар 2 удаагийн дуудлага худалдаанд орсон боловч худалдан борлогдоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7-д заасны дагуу төлбөрт тооцон шилжүүлж авахаас өөр аргагүй байдалд орсон. Ингээд төлбөр тооцоог н.Дгэх төлбөр төлөгч газраараа төлбөр барагдуулах ажиллагаа явагдсан.

2/ Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Бдүүргийн газрын албанд хандаж, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотоор нэхэмжлэгч компанийн нэр дээр тухайн газрыг шилжүүлж бүртгэн гэрчилгээ олгогдсон эсэх талаар мэдэж хариу мэдэгдэнэ үү гэх албан тоот явсны дагуу Н ХХК-ийн нэр дээр тухайн газар нь олгогдсон. Газрыг шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тоотыг үндэслэн нэхэмжлэгч компанийн нэр дээр 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн захирамжаар шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ Н ХХК-ийн нэр дээр олгогдсон. Ингээд Бдүүргийн Газрын албанаас газар эзэмших ашиглах гэрээ байгуулсан. 2019 оны 9 дүгээр сард Бдүүргийн Засаг даргын захирамж гарснаар албан ёсоор газар нь нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн.

3/ Гэтэл 2020 онд буюу бүтэн жил хагасын дараа хариуцагч захиргааны байгууллагаас Н ХХК руу хандаж албан тоот хүргүүлсэн. Уг албан тоотод Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна гэсэн мэдэгдэл хүргүүлдэг. Мэдэгдлийн хариуд манай компани Газрын тухай хуульд заасан зөрчлийг гаргаагүй, дуудлага худалдааны үнэ төлөх хууль зүйн үндэслэл, үүрэг байхгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл хариуг хүлээж авсан боловч хариу албан бичиг өгөхгүйгээр 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож, захирамжийг хүргүүлсэн.

4/ Уг захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч компани нь газрын дуудлага худалдааны үнэ төлөх үүрэг хүлээгээгүй, газрыг дуудлага худалдаа сонгон шалгаруулалтын журмаар хүлээж авсан газар биш юм. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх асуудал яригддаг. Гэтэл газрын төлбөрийг төлж байсан талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Бдүүргийн Газрын алба өөрсдөө 2020, 2021 оны газрын төлбөрийг төлсөн гэх тодорхойлолт гаргаж өгсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Н ХХК-ийн нэр дээр газар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон. Энэ хугацаанаас хойш хуанлин 2 жилийн хугацааг тооцвол 2 жил 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүсэж байна. Энэ өдрийн байдлаар тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөлд энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж болно. Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөлийг гаргаагүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар заалтуудыг зөрчиж баримттайгаар тогтоох ажиллагаа хийгээгүй байдаг. Нөхцөл байдалд нийцээгүй захирамж, захиргааны актыг гаргасан байгаа учир захиргааны актын Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Нэхэмжлэгч Н ХХК нь Бдүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 345 м.кв газрыг Бдүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А344 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар эзэмшсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг зааж өгсөн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, удаа дараа ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж тус тус заасан байдаг. Н ХХК-ийн газрыг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А178 дугаар захирамжийн хавсралтаар хүчингүй болгосон. Захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33.1.2, 40.1.1, 40.1.5 дахь заалтууд нь Н ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа.

2/ Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т газар эзэмшигчийн үүргийг заасан байдаг. Уг заалтад гарын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхийг газар эзэмшигчид үүрэг болгосон байдаг. Харин 27 дугаар зүйлийн 27.1-т газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байдаг. Дээрх хуулийн хүрээнд Н ХХК-тай газар эзэмших гэрээг байгуулсан байдаг. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлнө гэж, 4.6-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн 0.5% иар хоног тутамд алданги төлнө гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна.

3/ Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд гэр бүлийн болон хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашааны зориулалттай, үнэ төлбөргүй эзэмшүүлэх газар нь 0.07 га газраас илүүгүй байна гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар эзэмших гэж байгаа бол зайлшгүй төлбөр төлнө. Ингээд нэхэмжлэгч дуудлага худалдааны үнэ төлөх ёсгүй, шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлж авсан гэж нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлж авсан байж болно гэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т Энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших, хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллага нь тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу газрыг 29 дүгээр зүйлд заасан 0.07 га газраас бусад газар эзэмших гэж байгаа бол дуудлага худалдаа болон, төсөл сонгон шалгаруулах зарчмаар гэх хоёр аргаар эзэмшихээр хуулиар зохицуулсан байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрх шилжүүлж авч байгаа бол дуудлага худалдааны анхны үнийг чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А916 дугаар захирамж, мөн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А197 дугаар захирамжаар дуудлага худалдаагаар газар эзэмшээгүй эзэмшигчдэд боломж олгосон байдаг.

4/ Н ХХК-д дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1/652 тоот албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Мэдэгдлийг хүлээж аваад хариу тайлбар болгож өргөдөл гаргасан байдаг. Уг хүсэлтийг нь хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Ингээд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаанууд явагдсан. Энэ сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд нийцсэн байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгчээс ...Бдүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах засвар үйлчилгээний зориулалттай 345 м.кв газрыг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч иргэнээс төлбөртөө тооцон авсан тул дуудлага худалдааны үнэ төлөх үүрэг хүлээхгүй... гэж, хариуцагчаас ...Газрын тухайн хуульд иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмших газрын хэмжээ 0,07 гаас илүүгүй байна гэж заасан бөгөөд аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан... гэж маргасан.

9. Анх Бдүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Бдүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 345 м.кв газрыг засвар үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг иргэн С.Пээс шилжүүлэн нэхэмжлэгчид олгож, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 1331501621 дугаар бүхий 000013329 тоот гэрчилгээ олгож, мөн өдрөө газар эзэмших гэрээ 01110-2019/02701 дугаартай гэрээг байгуулсан байна.

10. Хариуцагчаас дээрх газрын эрх шилжүүлэх тухай 2019 оны А/344 дугаартай захирамж гаргахдаа Бдүүргийн газрын албанд ирүүлсэн нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1/4203 албан бичиг, Н ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18/137 дугаартай хүсэлт зэргийг үндэслэл болгожээ.

11. Бдүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 13/652 дугаартай ...танай компани нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй бөгөөд дуудлага худалдааны үнэ төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гарчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж, тэрхүү мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл хийж, тайлбар өгөөгүй гэсэн тэмдэглэлийг бичсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мэдэгдэл хүлээн авсан тэмдэглэл, 2021 оны 13/652 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

12. Дээрх баримтуудаар хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзэхээр байна.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... 2021 оны 13/652 дугаартай мэдэгдэлд хүргүүлсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл нэхэмжлэгчид хамаарахгүй, маргахгүй гэж тайлбарласан болно. Мөн нэхэмжлэгч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд явуулахад татгалзах зүйлгүй гэснийг нь тэмдэглэж байна.

14. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн гэдэгт гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалах журмыг зөрчсөн, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зэрэг үйлдэл, эс үйлдэхүй хамаарах бөгөөд удаа дараа, ноцтой зөрчсөн гэдгийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж  Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахаар заасан.

15. Гэтэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь анх газар эзэмших, ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрхэн хангасныг анхаараагүй байж эрх олгогдсоны дараа буюу эрх шилжүүлэн авсан этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, түүнийгээ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж буруутгаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

16. Өөрөөр хэлбэл анх газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон этгээдийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахдаа төлбөрийнхөө оронд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг төлбөр авагчид шилжүүлсний дараа дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардаж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасныг зөрчсөн байна.

17. Дээрх хуулийн заалтыг тухайн тохиолдолд холбогдуулан тайлбарлавал газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны засаг дарга шийдвэрлэхээр, гэхдээ хуулийн урьдчилсан нөхцөлөөр газрыг төсөл сонгон шалгаруулах эсхүл дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэх эрхийг л тухайн шатны Засаг даргад олгосон байхад энэхүү хуулийн заалтаар газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэн авсан аж ахуйн нэгжийг буруутгах боломжгүй байна.

18. Хариуцагчаас ...нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, 2016 оны А/697 дугаар захирамжийг үндэслэн гаргасан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврын хүрээнд газрын дуудлага худалдааны үнийг газар эзэмшигч аж ахуйн нэгжээс нөхөн гаргуулах ажлын хүрээнд хийгдсэн... гэж тайлбарлаж байгааг энэ тохиолдолд хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

19. Иймд нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 27 зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасныг дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан байх тул энэ үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна.

20. Газрын төлбөрийн тухайд: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж зааснаар нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулснаас хойш түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд уг газрын төлбөрт нэг жилд 419,520 төгрөг төлөхөөс нийт 529,920 төгрөг төлсөн болох нь Бдүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13/1903 дугаартай албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

21. Бдүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолоор газрын үнэлгээний 3 дугаар бүсэд хамаарах 1м.кв үйлчилгээний зориулалттай газар эзэмших гэрээнд 1216 төгрөг, 2020 оны 13 дугаар тогтоолоор газрын үнэлгээний 3 дугаар бүсэд үйлдвэрийн зориулалттай газар 1м.кв газрын үнийг 704 төгрөгөөр тооцож, газрын төлбөр төлөх үүрэгтэй байна.

22. Хавтаст хэрэгт авагдсан Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч 2020 оны шинэчилсэн үнэлгээгээр 419,520 төгрөг төлж, 2021 оны 1, 2 дугаар улиралд 81,847 төгрөг төлөхөөс 110,400 төгрөг төлсөн байх тул газрын төлбөрийн үлдэгдлийг 212,727 төгрөг төлнө гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

23. Иймд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгахааргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 40.1.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Бдүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Натурал текстайл групп ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

  ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ