Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0309

 

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0309

Улаанбаатар хот

 

 

Э.О-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.Д;

 

Гомдол гаргагч: Э.О

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Д;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаартай;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Э.О,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө,

Хариуцагч Б.Д нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 159/2025/0049/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Э.О-аас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Д-т холбогдуулан “2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00908ХХ  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлийн 8.7.1, 8.7.8-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Э.О-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Д-ийн Э.О-т холбогдох 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 00908ХХ  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Б.Д шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Тус шүүхийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159/ШШ2025/0049 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хариуцагч нэмэлт тайлбар гаргаж өгнө гэж хэлсэн үгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачлагаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн.

3.2. Шүүх хуралдаан болохын өмнөх өдөр миний бие хэргийн материалтай анх удаа танилцахад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт, хариу тайлбар зэрэг нь хэрэгт байхгүй байсан бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгчийн зүгээс шинэ нотлох баримтыг гаргаж өгснийг тухайн үед мэдсэн. Хариуцагчийн хувьд нотлох баримттай танилцах хүсэлтийг шүүх хуралдаан дээр шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг болон хуралдааны тэмдэглэлд тусгуулан шүүгчид амаар гаргасан боловч хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн аваагүй хуулийн үндэслэлээ тайлбарлаагүй нь хариуцагчийн эрх, үүргийг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан хариуцагчийн эрх, үүрэг буюу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;” хуулийн зохицуулалтыг зөрчсөн, хариуцагчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт хариу тайлбар өгөх боломж бололцоогоор хангаагүй, эрхийг олгоогүй, хязгаарласан гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан: “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй...” гэж, мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт: “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ...” гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт: “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж тус тус хуульчилсныг зөрчиж, шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хэт нэг талын эрхийг хангаж, нөгөө талын эрхийг хэрэгжүүлэхгүйгээр хязгаарлаж шийдвэрлэсэн.

3.3. Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Чөлөөт бүсийн захирагч, түүний бүрэн эрх”-ийг, мөн хуулийн 8.2 дахь хэсэгт: “хуульд өөрөөр заагаагүй бол чөлөөт бүсийн захирагчийг чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэж хуульчилжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тус чөлөөт бүсийн захирагчийн албанд үйлчилгээний жолооч албан тушаалтай Э.О-т чөлөөт бүсийн захирагчийн хуулиар олгосон бүрэн эрх, үүргийг хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний жолооч албан тушаалтай Э.О нь захирагчийн бүрэн эрх, үүргийг хүлээх субьект биш.

Мөн шүүгч шийдвэртээ хэрэгт огт хамааралгүй хуулийн зүйл, заалтууд баримталсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт: “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна. Шийдвэрт Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “чөлөөт бүс” гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг гэснийг 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Чөлөөт бүсийн захирагч чөлөөт бүсэд төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн”гэснийг 8.3 дахь хэсэгт заасан “Чөлөөт бүсийн захирагч ажлаа чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна” гэснийг, 8.7.5 дахь заалтад заасан “Чөлөөт бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн өмчийн барилга байгууламжийн ашиглалтыг хариуцах, хяналт тавих;” гэснийг, 9 дүгээр зүйл. “Чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэмийн зохицуулалт” хэсгийг бүхэлд нь 9.1-д “Чөлөөт бүсэд гаалийн, визийн, Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, хуулийн этгээдийн бүртгэлийн, валют зохицуулалтын, хяналтын, хөдөлмөр эрхлэлтийн, татварын болон бусад тусгай дэглэм үйлчилнэ.”, 9.2-д “Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээ нь худалдаа, татварын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна.”, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан “Хилийн зурвас дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг хил хамгаалах байгууллага, бусад чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг холбогдох байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус тус гүйцэтгэнэ” гэснийг; Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт: “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй

хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна” гэснийг тус тус баримталжээ.

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 04/А/44 дугаартай Хилийн цэргийн 010Х дүгээр ангийн захирагч болон Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч нарын хамтарсан захирамж зэргийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь эрх зүйн бус хууль зүйн үндэслэлгүй байна.

3.4. Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлд гаалийн хяналтын нийтлэг үндэслэлийг; мөн Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/275 тоот тушаалаар баталсан журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.11 дэх хэсэгт тус тус гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхийг тодорхой тусгаж зохицуулсан.

Мөн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/39 дугаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын тушаалаар баталсан “Технологи ажиллагааны зааварчилгаанд чөлөөт бүсээс гарах зорчигч, тээврийн хэрэгсэлд тавих хяналт” /Монгол улс руу орох/ гэсэн гаалийн хяналт шалгалтанд хамрагдана гэж заасан байх бөгөөд Хилийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар “Зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтод тогтоосон замаар нэвтрэх бөгөөд улсын хил хамгаалах, гаалийн байгууллагын албан хаагчид шалгуулах үүрэгтэй” гэсэн хуулийн зохицуулалтыг шийдвэр гаргахдаа баримтлаагүй, өөрөөр хэлбэл хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд огт хамааралгүй дээр дурьдсан хуулийн зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

3.5. Чөлөөт бүсийн тухай хуулийн 9.1-д: “Чөлөөт бүсэд гаалийн, визийн, Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, хуулийн этгээдийн бүртгэлийн, валют зохицуулалтын, хяналтын, хөдөлмөр эрхлэлтийн, татварын болон бусад тусгай дэглэм үйлчилнэ” гэж заасан байхад “А” зөвшөөрөлтэй гэдгээр түрүү барьж, гаалийн хяналт, шалгалт хийлгэхээс зайлсхийсэн, хууль ёсны дагуу гаалийн улсын байцаагчаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй, өмнө нь 2-3 удаа энэхүү үйлдлийг давтан гаргасан.

“А” зөвшөөрөл олгогдсон аж ахуйн нэгж нь захирагчийн ажлын албанаас А зөвшөөрөл олгох Чөлөөт бүсийн журам нь хууль зүйн яаманд бүртгүүлээгүй, албан ёсоор баталгаажаагүй хүчин төгөлдөр болж хэрэгжээгүй журмыг баримталсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт: “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй.”,

Мөн хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн тус тус заалтуудыг зөрчсөн байна. “А” зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нь гаалийн хяналт, шалгалтанд хамрагдахгүй гэсэн давуу эрх олгогдоогүй.

3.6. Төрийн албаны тухай хууль 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт: “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан хаагч бөгөөд ажил үүргээ гүйцэтгэн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №479 тогтоол, Хяналт шалгалт хийх нийтлэг журам, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 6.11-д зааснаар гаалийн улсын байцаагч ажил үүргээ гүйцэтгэж төрийн хяналт шалгалтаар оролцсон байхад гаалийн улсын байцаагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28ны өдрийн 159/ШШ2025/0049 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдолд хязгаарлалгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэсэн заалтыг үндэслэн хэргийг бүхэлд хянав.
  2. Маргаан бүхий үйл баримтын талаар;
    1. Эрх бүхий албан тушаалтан болох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Б.Д нь иргэн Э.О-ыг “...Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр Бүртгэлийн ГЛ-74 дугаартай зөрчилд “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”-ийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үйлдэж, 00908ХХ  дугаар шийтгэлийн хуудсаар “холбогдогч Э.О-ыг ...гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулжээ.
    2. Зөрчлийн хэргийн холбогдогч буюу гомдол гаргагч Э.О нь 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Эрх бүхий албан тушаалтанд өгсөн мэдүүлэгтээ “Хүүхэд сургуульд хүргэж өгөх гээд яараад явж байсан учраас тээврийн хэрэгслийн урдуур дайрсан миний буруу, би зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Хуулиа сайн ойлголоо дараа дахин алдаа зөрчил гаргахгүй хяналтын бүсийн дэглэм зөрчихгүй гэдгийг сайн мэдэж авлаа. Гаргасан алдааг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгч, гаргасан зөрчил болон оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч 50.000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн байна.
    3. Гомдол гаргагч Э.О нь зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчлийн талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу Гаалийн газрын улсын байцаагч Б.Д нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг шийдвэрлэж дуусгавар болгожээ.
    4. Гомдол гаргагч Э.О-аас 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий албан тушаалтны 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №00908ХХ дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна.
    5. Анхан шатны шүүхээс “... Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчих гэдэг нь гаалийн харилцаанд оролцогчтой хамааралтай заалт бөгөөд чөлөөт бүсэд төрийн үйлчилгээний албан үүргээ гүйцэтгэж байгаа этгээдэд буюу “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн албаны жолооч Э.О-т хамааралгүй байна” гэж дүгнэн 00908ХХ  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
  3. Хууль хэрэглээний талаар;
    1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ““тээвэрлэгч” гэж гаалийн хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг;”, 3.1.9-д ““гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг;” , Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““тээврийн хэрэгсэл” гэж хилийн боомтоор улсын хил нэвтэрч байгаа бүх төрлийн агаарын хөлөг, хөвөх хэрэгсэл, галт тэрэг, автомашин, мотоцикл, өөрөө явагч хэрэгслийг;” гэж зааснаас үзэхэд, гомдол гаргагч “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн албаны жолооч Э.О-ын “А” зөвшөөрөлтэй 08-ХХ СЭН дугаартай Тоёота Альфард машин дээрх хуулийн зохицуулалтад хамаарах тээврийн хэрэгсэл мөн болох нь тогтоогдож байна.
    2. Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-т ““хилийн хяналтын байгууллага” гэж улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт явуулах, бүртгэх эрх бүхий улсын хил хамгаалах, гааль, гадаадын иргэн, харьяатын байгууллагыг;” гэж зааснаас үзэхэд, Гаалийн байгууллага нь Монгол Улсын хил дээр хяналт хэрэгжүүлдэг субьект байна.
    3. Монгол Улсын хил дээр Гаалийн байгууллагын хяналт хийх бүрэн эрхийг Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг гаалийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ.”, 232.2-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах бөгөөд зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан тусгай журам тогтоож болно.” гэж хуульчилж өгсөн байна.
    4. Хилийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтод тогтоосон замаар нэвтрэх бөгөөд улсын хил хамгаалах, гаалийн байгууллагын албан хаагчид шалгуулах үүрэгтэй.”, 17.3-т “Хилийн хяналтын байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл...нэвтрүүлэхдээ доор дурдсан дарааллыг баримталж хяналт шалгалт явуулна:” гэж,

Үүнд: 17.3.1-д” улсын хилээр гарах хөдөлгөөний чиглэлд гаалийн, улсын хил хамгаалах байгууллага;”, 17.3.2-т “улсын хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, гаалийн байгууллага.” гэж хуульчлан зохицуулснаас үзэхэд гомдол гаргагч Э.О-ын ашиглаж байгаа тээврийн хэрэгсэл хилээр гарах хөдөлгөөний чиглэлд Гаалийн хяналт шалгалтанд хамрагдахаар байна.

    1. Иймд дээрх хуулийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч”-ийн албаны жолооч Э.О-ын жолоодож байгаа “А” зөвшөөрөлтэй 08-ХХ СЭН дугаартай Тоёота Альфард маркийн автомашин Монгол Улсын хилээр гарах, орох хөдөлгөөний чиглэлд явахдаа Гаалийн хяналт шалгалтанд заавал хамрагдах хуулийн зохицуулалттай байх тул Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т “гаалийн харилцаанд оролцогч...” гэж заасны дагуу гаалийн харилцаанд оролцогч мөн байна.
  1. Хил, Гааль, Чөлөөт бүсийн харилцааг тус тусын хуулиар зохицуулж өгсөн байх ба Гаалийн хяналтын бүсийн журмыг Гаалийн тухай хуульд зааснаар Гаалийн ерөнхий газрын дарга баталдаг тул “Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч” болон Хилийн цэргийн 010Х дүгээр ангийн захирагч нарын баталсан “Алтанбулаг” чөлөөт бүсийн харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд мөрдөх журмыг гаалийн хяналт шалгалт явуулахад мөрдөх хууль зүйн үндэслэлгүй байна.
  2. Хариуцагч Гаалийн улсын байцаагч Б.Д нь Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.1-д “энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх;”, 274.1.2-т “гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор иргэн, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавьж биелэлтийг хангуулах;” гэж зааснаар гомдол гаргагч Э.О-ын тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх, шаардлага тавих биелэлтийг хангуулах хуулиар олгогдсон бүрэн эрхтэй субьект юм.
    1. Гаалийн тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “Гаалийн байгууллага нь гаалийн хяналтын бүсийг тогтооно.”, 236.6-т “Гаалийн хяналтын бүсийн журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.” гэсэн заалтыг үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/339 дүгээр тушаалаар “Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 8.1-д “Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж заажээ.
    2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагч хариуцагч Б.Д нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан зөрчлийг харьяалан шийдвэрлэх эрхтэй байна.
    3. Хавтаст хэргийн 6-11 дэх талд авагдсан Хилийн цэргийн 010Х дүгээр ангийн захирагч, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч нарын хамтарсан захирамж, “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд мөрдөх журам нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад уг журмын заалтыг баримтлан “...гомдол гаргагч Э.О нь “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн захирагчийн ажлын албаны ажилтны хувьд автомашиндаа А зөвшөөрөлтэй бөгөөд дараалал харгалзахгүй гаалийн хяналтад хамрагдах бүрэн эрхтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т заасантай нийцээгүй байна.
    4. Дээрх хуулийн зохицуулалт болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогчийн болон гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлсэн талуудын тайлбар, Алтанбулаг чөлөөт бүсээр автомашин (хүүхэд зорчиж байсан)-тай нэвтэрч байсан бичлэг (CD) зэргээр Э.О нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн...” гэх зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159/ШШ2025/0049 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Э.О-ын Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Д-т  холбогдуулан гаргасан 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №00908ХХ  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА    

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА