Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 237

 

Завхан аймгийн Алдархаан сумын

МАН-ын хорооны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Алдархаан сумын МАН-ын хороог төлөөлж тус хорооны дарга Ю.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, О.М нарыг оролцуулан, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0309 дүгээр магадлалтай, Завхан аймгийн Алдархаан сумын МАН-ын хорооны нэхэмжлэлтэй, тус аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.1, Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 161 дүгээр зүйлийн 161.2, 161.4-т заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын МАН-ын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Санал хураалтын дүнг хүчингүй болгох” тухай 17 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0309 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 25 дугаар зүйлийн 25.3, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3-т заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын МАН-ын хорооны дарга Ю.Д-гийн тус аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын МАН-ын хороог төлөөлж тус хорооны дарга Ю.Д болон түүний өмгөөлөгч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.4 дэх хэсэгт заасан “сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх” гэж уг шийдвэр сонгуулийн байгууллагын цахим хуудсанд байрших, байгууллагын мэдээллийн самбарт нээлттэй гаргах бөгөөд хуульд заасан бол шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан байхыг ойлгоно.

Маргаан бүхий 17 дугаар тогтоолын үндэслэл болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасан хугацааг тоолохдоо Улсын Дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан тоолно гэжээ.

Иргэний хуулийн 8 дугаар бүлгийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, цагаар тодорхойлно”, мөн хуулийн хугацааг тоолохдоо “тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосон байна. Энэ хугацаанд ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан боловч Завхан аймгийн Алдархаан сумын 730, 731 дүгээр хэсгийн хороонд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаж, санал хураалт явагдаж, сонгуулийн дүн гарсан.

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ” гэж заажээ. Үүнээс дүгнэн хархад ээлжит сонгуулийн хүрээнд явагдсан дахин санал хураалт нь ээлжит сонгуулийн санал хураалт гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13-т дахин болон нэмэлт санал хураалт зохион байгуулах эрх хэмжээ сум дүүргийн Сонгуулийн хороонд олгогдсон байна. Тус хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т нэр дэвшигчид адил тооны санал авсны улмаас сонгуулийн дүн гаргах боломжгүй бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулахаар зохицуулсан. Энэ бүгдээс хархад Алдархаан сумын Сонгуулийн хороо хуульд заасан эрх, хэмжээнийхээ дагуу 2016 оны 10 дугаар сарын 29, 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ээлжит сонгуулийн хүрээнд дахин санал хураалт явуулах тов тогтоож шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт заасан “ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоног” гэх нөхцөлд дахин санал хураалт явуулсан 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 50 хоногийн тоолохоор тус хуулийн 50 хоног болоогүй байгаа болно. Энэ 50 хоногийн хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байна.

Маргаан бүхий 17 дугаар тогтоолоор өрсөлдөж, сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй буруу тогтоол гаргасан. Алдархаан сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшээд зохих журмын дагуу олонхийн санал аваад, түр үнэмлэхээ авсан төлөөлөгчдийн сонгогчдын өгсөн санал хураалтын дүнг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй юм. Энэ нь сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг хүчингүй болгох асуудал нь тус хуулиар зохицуулагдаагүй зөвхөн Сонгуулийн тухай хуулиар зохицуулсан зохицуулалт юм. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсгийн зохицуулалтаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Энэ бүгдээс хархад Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй актыг ойлгоно” гэж заасан бөгөөд Алдархаан сумын Сонгуулийн хорооны “Санал хураалтын дүнг хүчингүйд тооцох” тогтоол нь эрх зүйн материаллаг шаардлага буюу үндэслэл бүхий, эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх шаардлагыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Санал хураалтын дүнг хүчингүй болгох тухай” 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасныг үндэслэн “2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд сонгогдож, түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн саналын дүнг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд хүчингүй болгож, дахин сонгуулийн товыг Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан хугацаанд зарлахыг сумын Сонгуулийн хороонд даалгаж” шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын МАН-ын хороо “...хуулийн 23.13-т заасан шийдвэрийг гаргах эрх хэмжээ сумын Сонгуулийн хороонд олгогдоогүй, тогтоолын үндэслэл нь Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийг хүчингүйд тооцох үндэслэлд хамаарахгүй” гэж маргаж, дээрх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хурлыг зохион байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх анхдугаар хуралдааныг хуралдуулах, анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой бөгөөд анхдугаар хуралдааныг хуульд заасан хугацааны дотор хуралдуулж чадаагүй, үүний улмаас сонгуулийн дүнд байгуулагдсан Хурлын даргыг сонгоогүй, Засаг даргад нэр дэвшүүлээгүй нь тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулах үндэслэл болохоор хуульд зохицуулжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, 2016 оны ээлжит орон нутгийн сонгуулийн Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшүүлсэн 8, АН-аас нэр дэвшүүлсэн 10, нийт 18 нэр дэвшигч 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгогдож, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан, үлдэх 3 мандатад нэр дэвшигчид адил тооны санал авсан Өгөөмөр, Чигэстэй багийн 4, 5 дугаар тойргийн 2 хэсэгт дахин санал хураалт явуулсанаар 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хоёр нэр дэвшигч сонгогдсон, уг санал хураалтаар санал дахин тэнцсэн 4 дүгээр тойргийн 1 хэсэгт явуулсан дахин санал хураалтаар 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэг нэр дэвшигч сонгогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Алдархаан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид “анхдугаар хуралдаан”-ыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдуулахаар, уг хуралдаан “ЗЗНДНТУТ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг хангаагүй” гэдгээр дахин 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус зарласан, зарлагдсан хуралдаануудад МАН-аас нэр дэвшиж сонгогдсон “төлөөлөгчид” ирээгүй, хуралдааныг “хуульд заасан хугацааны дотор” хуралдуулах талаар сумын АН-аас “хүсэлт хүргүүлэх”, ”зөвшилцөх” тухай албан бичгүүдийг сумын МАН-ын удирдлагад хүргүүлж байсан зэрэг үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Эндээс үзвэл ээлжит сонгуулийг явуулсан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал хураалтын дүнгээр 18 төлөөлөгч сонгогдож, түр үнэмлэх авсан нь анхдугаар хуралдааныг хуралдуулах нөхцөл бүрдсэн, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж анхдугаар хуралдаанаа хийгээгүй нь “Хурал тарж, дахин сонгуулах явуулах” үр дагаварт хүргэсэн, ийм шийдвэрийг сумын Сонгуулийн хороо гаргасан нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Тодруулбал, энэ тохиолдолд “Хурал” тарсанд тооцох шийдвэрийг зохион байгуулагдаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх “анхдугаар” хуралдаанаа хийж чадаагүй “Хурал” өөрөө гаргах хууль зүйн боломжгүй учир сонгогдож, түр үнэмлэх авсан нэр дэвшигчийн “саналын дүнг” сумын хэмжээнд бүхэлд нь хүчингүй болгох замаар дахин сонгуулийн товыг зарлахаар шийдвэрлэсэн сумын Сонгуулийн хорооны шийдвэр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т “ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна” гэж, Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д “дараах тохиолдолд дахин сонгууль явагдана; 163.1.1-д сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүй болсон”, 163.2-т “дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны Сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэж заасанд тус тус нийцжээ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, Хурлын “анхдугаар” хуралдааныг 21 төлөөлөгч бүрэн оролцож хийх мэтээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Хурлын “анхдугаар” хуралдааны талаар ийм зохицуулалт байхгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасан “ээлжит сонгуулийн санал хураалт гэдгийг “ээлжит сонгуулийн хүрээнд явагдсан дахин санал хураалт нь ээлжит сонгуулийн санал хураалт” гэж “өргөжүүлэн” хуулийн агуулгыг алдагдуулсан шинжтэй буруу тайлбар хийж, улмаар дахин санал явуулсан “2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 50 хоногийн хугацаа өнгөрөөгүй” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь заалтыг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2017/0309 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ