Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0465

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0465

Улаанбаатар хот

 

П.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд С.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 35 дугаар зүйлийн 35.1.6, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

      Гуравдагч этгээд С.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: ...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж тус тус заасан байдаг.

Тодруулбал, тухайн төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарлан мэргэшлийн шалгалт авахаас өмнө тухайн байгууллага эсхүл төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчдаас үр дүн, мэргэшлийн түвшингээр нь шалгаруулж авах ёстой байна.

Миний бие тус албан тушаалд анх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр захирамжаар, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар тогтоолоор томилогдон ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байхад анхан шатны шүүх уг албан тушаалын сонгон шалгаруулалт зарлахад нэрээ ч дэвшүүлээгүй, уг албан тушаалын нөөцөд бүртгэгдээгүй байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Тухайн албан тушаалын хувьд Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4 дэх заалтад заасан дагуу сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүйгээр миний бие зохих хуулийн шаардлагыг хангаж томилогдсон байхад, ийнхүү томилогдсоноос хойш буюу 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сул орон тооны захиалга өгч, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл сонгон шалгаруулалтыг зарласан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон. Мөн 08 тоот албан бичиг бол манай байгууллагаас надаар дамжиж гарсан “Төрийн сангийн хэлтэст” гэсэн бичиг байхад “08 тоот гээд он саргүй бланка ажлын байр зарлуулах” гээд Төрийн албаны зөвлөлд явуулсан байдаг нь дээрх үйлдэл анхнаасаа хууль бус гэдгийг харуулж байгаа юм.

Иймд, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангалгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч П.Даваасүрэн нь “Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар С.Оюун-Эрдэнийг томилсон 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргажээ.

Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батцэнгэл нь “Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байранд ажиллах сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлаж өгнө үү” гэсэн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот албан бичгийг Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлжээ.

Улмаар дээрх хүсэлтийн дагуу Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч П.Даваасүрэн оролцож, бүх оролцогчдоос хамгийн өндөр оноо буюу 81.5 оноо авсан тул түүнийг Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилуулахаар дүгнэлт гаргаж, саналаа хүргүүлсэн болох нь Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоол, түүний хавсралтаар нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх”, 39.6-д “төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэжээ.

Тиймээс Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах журмын 40 дүгээр зүйлд заасан “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гаргасан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно” гэж заасан байхад Орхон аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж нөөцөд бүртгэгдсэн С.Оюун-Эрдэнийг Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоол хууль бус болох нь тогтоогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Завхан аймгийн Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар П.Даваасүрэнг томилохгүй байгаа хариуцагчийн үйлдлийн талаарх гомдлыг нэхэмжлэгч П.Даваасүрэн Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гаргаж байсан нь тус Салбар зөвлөлөөс Тэлмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батцэнгэлд хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 79 тоот албан бичгээр нотлогдож байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “харъяалах дээд шатны албан тушаалтанд П.Даваасүрэн гомдол гаргаагүй, учир нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шатны байгууллага нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, П.Даваасүрэн нь төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөхтэй холбоотой гомдлыг Төрийн албаны төв байгууллагад гаргах бөгөөд тэрээр урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

Мөн “хариуцагчаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Н.Дуламсүрэнд олгосон итгэмжлэл нь хуульд нийцээгүй” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд С.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                                 Э.ХАЛИУНБАЯР