Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/059

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

  Улсын яллагч: Н.Энхтөр

   Шүүгдэгч: Б.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

   Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314000000029 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Хошуут овогтой Банзрагчийн Мөнхбаатар, регистрийн дугаар /РД:ВЖ83041417/

Үйлдсэн хэргийн талаар

      Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь согтуурсан үедээ  2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг монгол” караокед иргэн Б.Болд-Эрдэнийн биеийн зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн

  ... Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг монгол” караокед найз Амраатай хамт ороод Г.Очирбаасан гэх хүний ширээнд шахаж суугаад байж байсан чинь манай танил Амбажи гэх залуу нь Б.Болд-Эрдэнэтэй юм яриад Б.Болд-Эрдэнэ гэх залуугийн ширээ рүү явсан. Тэгээд Амраа бид хоёр караокеноос гарах гэж байсан чинь Амбажи гэх залуу нь Б.Болд-Эрдэнийн ширээн дээр сууж байгаад босоод ирсэн чинь Б.Болд-Эрдэнэ гэх хүн нь Амбажиг гараас нь татаж суулгасан юм байна лээ би тэрийг нь харахдаа Амбажиг цохиод авлаа гэж хараад Б.Болд-Эрдэнэ гэх залууг очоод 2 удаа цохисон. Тэгээд зодооныг хамт явсан хүмүүс дундуур орж ирж салгасан... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 107-109/     

Хохирогч Б.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн... орой 22 цаг 40 минутын үед “Хишиг монгол” караокед найзууд болох Б.Ганболд, Баяртогтох нартай уулзсан  0,75 грамм “Эвок” нэртэй архи хувааж уугаад сууж байтал 23 цагийн үед хажуу талын ширээнд зүс таних Эрдэнэцогт сумын залуу таарсан ба тэр залуу манай ширээн дээр ирээд надтай юм яриад сууж байтал гэнэт миний зүүн талын нүд рүү надтай юм яриад сууж байсан Эрдэнэцогт сумын зүс таних залуутай хамт явж байсан 5 залуугийн нэг нь гэнэт миний хажуу талаар орж ирээд хатуу эд зүйлээр цохисон чинь би газар унасан. Миний зүүн талын нүдийг гэмтээсэн, өөр гэмтэл учраагүй. Миний нүүрэн хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг/ 9-11, 14-16/,

Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Хишиг монгол” караокед ороод “Эвок” нэртэй архи аваад бид 3 хувааж уугаад сууж байгаад Баяртогтох бид 2 гадаа тамхилаад байж байтал Б.Болд-Эрдэнэ араас нэг залуутай хамт гарч ирээд биенийгээ таньдаг бололтой юм яриад зогсож байсан. Баяртогтох бид 2 түрүүлж ороод сууж байтал Болд-Эрдэнэ тус залууг дагуулж орж ирээд сууж байсан ширээндээ суулгаад хоорондоо юм яриад сууж байгаад тус залуу нь босох гэсэн чинь Б.Болд-Эрдэнэ чи жаахан сууж байгаад яв гээд куртикнээс нь татаад буцааж суулгасан. Тэгээд байж байтал Болд-Эрдэнэтэй хамт сууж байсан залуутай хамт явж байсан гэх цоохор дээлтэй залуу бид нарын сууж байсан ширээн дээр ирээд та нар яагаад байгаа юм гэж хэлсэн чинь Б.Болд-Эрдэнэ чи хэн юм чи цаашаа яв гэсэн чинь яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Б.Болд-Эрдэнэ хамт сууж байсан залуутайгаа маргалдаад биенийгээ заамдаад байхаар нь би тэр хоёрын дундуур ороод салгасан,.... Б.Болд-Эрдэнийг нэг л хүн нүүрэн хэсэгт нь цохиж байсан. Нөгөө залуучууд нь салгах гэж дундуур нь орж байсан. Б.Болд-Эрдэнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй...  гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 37-38/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №759 дугаартай

1.Б.Болд-Эрдэнийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно..” гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №05 дугаартай

1.Б.Мөнхбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 55-56/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 95-98/, камерын бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02-04/,  эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 61/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, депозит дансны хуулгууд /хх-ийн 64-67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хишиг монгол” караокед иргэн Б.Болд-Эрдэнийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий гэмтэл учруулан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 107-108/, хохирогч Б.Болд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 9-11, 14-16/, гэрч Б.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 23-25, 37-38/, гэрч Г.Очирбаасангийн мэдүүлэг /хх-ийн 33-34/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №759 дугаартай....Б.Болд-Эрдэнийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /43-44/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь хохирогч Б.Болд-Эрдэнийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 43-44/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон хохирогч Б.Болд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Мөнхбаатар нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч  Б.Мөнхбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Б.Болд-Эрдэнэ нь Б.Мөнхбаатарын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу / Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах дахин төлөвлөлтийн барилга дээр өрлөгчин хийдэг, сарын 3000000 төгрөгийн цалинтай/, хувьд ноогдох хөрөнгөтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаатарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хошуут овогт Банзрагчийн Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаатарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т  зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаатар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Мөнхбаатарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхбаатарт хэрэглэсэн  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА