Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/415

 

          

 

 

  2023        03          27                                     2023/ШЦТ/415             

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Б.Өлзийжаргал,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт О Мт холбогдох эрүүгийн 2006028613239 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 01-ний өдөр ......... аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......... аймгийн ...................... сум 3-12 тоотод оршин суух хаягтай, Урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 04 жил, 01 сар, 12 хоногийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 10 жил, 11 сар, 07 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 726 дугаартай магадлалаар 07 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 04 жил, 06 сар, 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил, 11 сар, 17 хоногийн хорих ялын 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж нийт зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 03 жил, 11 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн Ө овогт О М /РД:000000000000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.М лангуунаас бэлэн хувцас авч залилсан,

Мөн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 82 дугаар лангуунаас ноолууран хувцас худалдан авахаар мөнгөө дансаар шилжүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Б худалдан борлуулж буй ноолууран хувцаснуудыг авч хохирогч Х.Бд 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.

Нэг. Гэм буруугийн талаар.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Т.М лангуунаас бэлэн хувцас авч залилсан,

          Мөн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 82 дугаар лангуунаас ноолууран хувцас худалдан авахаар мөнгөө дансаар шилжүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Х.Б худалдан борлуулж буй ноолууран хувцаснуудыг авч хохирогч Х.Бд 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.М өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчим Техникийн зах дээр явж байтал 00000000000 дугаараас миний 0000000000000 дугаар руу нэг эмэгтэй хүн залгаж танайх онгойх болж байгаа юм уу би хослол үзэх гэсэн юм аа гэж хэлсэн. Би манай онгойх арай болоогүй байна, 20 орчим минут болох байхаа гэсэн чинь хүлээж байя гэж хэлсэн. Би Дүнжингарав худалдааны төвийн 000, 000 дүгээр лангуунд эмэгтэй хүний оффисын хувцас зардаг юм. Ингээд 13 цагийн үед лангуун дээрээ иртэл 30 орчим насны эмэгтэй хүн намайг хүлээж байгаад манайхаас нийт 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцаснуудыг аваад төлбөрийг нь дансаар шилжүүлчихлээ гээд надад дансаа үзүүлсэн. Гэтэл миний дансанд мөнгө нь орж ирэхгүй байхаар нь интернэт банк руугаа орж харах хооронд нөгөө хүүхэн явчихсан байсан. Тэгэхээр нь би орж ирэх байх гээд 10 орчим минут хүлээгээд байхгүй болохоор нь 0000000000000 дугаарын утас руу нь залгахад утсаа авахгүй байсан бөгөөд удалгүй 00000000000 дугаарын утаснаас над руу нөгөө эмэгтэй хүн залгаад мөнгө чинь ороогүй байвал дансаа дахиад явуулчих би хүүхэд дээрээ ирчихсэн байна гэж хэлээд тасалсан. Удалгүй 30 минутын дараа дахин 0000000000 дугаараас залгаад “Мөнгө чинь буцаад ороод иржээ, би хүүхдээ хөхүүлчхээд буцаж ороод карт зуруулна” гэж хэлэхээр нь дугаар нь ч байгаа юм чинь гээд итгээд хүлээсэн боловч 1 цаг гаран хугацааны дараа утас нь ч холбогдохоо больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/-р тал,

Эд зүйл баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 30/-р тал,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-32/-р тал,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 33/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Б өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 00 дугаар лангуун дээрээ сууж байтал 25 орчим насны эмэгтэй хүн ирээд манай лангуунаас нийт 615.000 төгрөгийн үнэлгээ бүхий хувцсыг худалдаж аваад тооцоогоо хийхдээ Хас банкны карт гаргаж ирсэн. Тэгэхээр нь би манайх пос машин байхгүй байна, та шилжүүлж болно гэхэд тэр эмэгтэй за гэж хэлээд миний дансны дугаарыг авч гүйлгээ хийчихлээ гэж хэлсэн боловч надад мэдээлэл ирэхгүй байсан. Тэгэхээр нь миний дансанд орлого ороогүй байна гэж хэлтэл Хас банк руу яриадахъя гээд утсаар яриад өөрийнхөө мэдээллийг хэлээд байсан. Ингээд ярьж дуусаад надад хандан миний данснаас гүйлгээ гарчихсан байна гэж хэлэхээр нь би та дугаараа өгчих гээд 00000000 дугаарыг нь тэмдэглэж аваад мөнгө нь ороод ирэх байх гэж найдаад итгээд явуулсан. Ингээд хэсэг хүлээсэн боловч мөнгө нь орж ирэхгүй байхаар нь тэр хүүхний 00000000 дугаарын утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 127-128/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвөөс 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан...” гэх мэдүүлэг /хх-ийн122/-р тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нараас эд зүйл буюу хувцас худалдан авч буй дүр эсгэж, улмаар мөнгийг нь интернэт банк ашиглан шилжүүлсэн гэж итгэл үнэмшлийг төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ******* нь анхнаасаа хохирогч нарыг залилан мэхлэх гэсэн идэвхтэй үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдан авалт хийж буй дүр эсгэн бодит байдлыг нуух замаар залилсан өөрөөр хэлбэл хохирогчтой нартай хэрхэн харилцах, тэдгээрийг хэрхэн төөрөгдүүлэх санаа зорилгоо амжилттай гүйцэлдүүлэх вэ зэргээ нарийн тооцож тодорхойлсон болох нь хохирогч нарт үзүүлсэн банкны зарлага гаргасан гүйлгээний баримт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч *******ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мд учирсан 300.000 төгрөгийн, хохирогч Х.Бд учирсан 580.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс нийт 880.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт олгож шийдвэрлэлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч *******ийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг гаргажээ.  

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй байдал, өмнө нь өмчлөх эрхийг эсрэг гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлсэн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэлээ. ,

Шүүгдэгч *******т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил, 11 сар, 07 хоногийн хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 726 дугаартай магадлалаар 07 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 04 жил, 06 сар, 24 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил, 11 сар, 17 хоногийн хорих ялын 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж нийт зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 03 жил, 11 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ялын тооцоогоор ******* нь шүүхээс оногдуулсан 07 жилийн хорих ялаас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар буюу шилжүүлэн цагдан хоригдох хүртлээ биеэр 01 жил, 02 сар, шагналын 29 хоног буюу нийт 01 жил, 02 сар, 29 хоногийн ялыг эдэлж, үлдэгдэл 05 жил, 09 сар, 01 хоногийн үлдэгдэлтэй байна.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 726 дугаартай магадлалаар оногдуулсан 07 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 жил, 09 сар, 01 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 06 жил, 04 сар, 01 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч *******т Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 726 дугаартай магадлалаар оногдуулсан 03 жил, 11 сар, 17 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэв уг ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч *******ийг зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж түүнд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 69 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт О Мийг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 07 /Долоо/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 726 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 жил, 09 сар, 01 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 06 /зургаа/-н жил, 04 /дөрөв/-н сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 06 жил, 04 сар, 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 69 /Жаран ес/-н хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 726 дугаартай магадлалаар оногдуулсан 03 жил, 11 сар, 17 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс нийт 880.000 /Найман зуун наян мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 000 дугаар хороо, 00 тоотод оршин суух хаягтай З овогт Т-ийн М /РД:00000000/-д /300.000 гурван зуун мянга/-н төгрөгийг, хохирогч Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байр, 000 тоотод оршин суух хаягтай Ц овогт Х-ны Б /РД:00000000/-д /580.000 Таван зуун наян мянга/-н төгрөгийг тус тус олгосугай.

10. Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.САНЖИДМАА