Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ДШМ/54

 

2019 оны 06 сарын 20 өдөр                          

2019/ДШМ/54                                                      Зуунмод

Б.Э, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Нарийн бичгийн даргаБ.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 335 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын  эсэргүүцлээр эрүүгийн 1934000840118  дугаартай 1 хавтас 183 хуудас бүхий хэргийг 2019 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Салхит 7-10 тоотод оршин суудаг, Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ял оногдуулж 01 жил 08 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Б.Э,. РД: 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн 1-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Э,. РД: 

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг "Хүүлэй хан" уулын "Арцатын ам"-ны ойгоос зөвшөөрөлгүйгээр 8.3 метр куб нойтон нарс мод бэлтгэж, 30-99 УНН улсын дугаартай, Ниссан Контер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 3.809.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 335 дугаар шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Э,,  Боржигон овогт Б.Э, нарт холбогдох 14000840118 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол Б.Э, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж,

Хэрэгт яллагдагч Б.Энхмөнхийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 300.000 төгрөгийн үнэлгээтэй, 30-99 УНН улсын дугаартай Ниссан Кондор маркийн тээврийн хэрэгсэл, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 8.3 метр куб нарс модыг тус тус битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотортой зөөврийн хөрөө 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах .Оюунсүрэнд даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь эсэгт зааснаар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Х.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1934000840118 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь :

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ" заасан ба хавтаст хэрэгт 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх Г.Батбаяр гэх хүн нь "яллагдагч Б.Энхмөнхөд 3.000.000 төгрөгөөр зарж борлуулсан, мөнгөө бүрэн гүйцэт авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй" талаар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг тул Г.Батбаярыг" эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьсан" гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хавтаст хэрэгт Хан-Үнэлэмж ХХК нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргасан үнэлгээний тайланд хавсралтаар "тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар" гэж хавсаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг хуулбарлан авах ажиллагаа хийх үндэслэлгүй юм.

3. Хууль бусаар бэлтгэсэн нарс модны үнэлгээг гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлтэд "...295 см урттай , 48 ширхэг буюу 8.3 метр куб нойтон нарс модны экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг нь 8.3x255.000=3.809.700 төгрөг болж байна..." гэж тусгасан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр 4 дэх хэсэгт "энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно", мөн зүйлийн 4.1 дэх хэсэгт "ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан тул анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Байгаль хамгаалах тухай хуулийн заалтыг хэрэглэж нөхөн төлбөрийг гаргуулах боломжтой юм.

Анхан шатны шүүхээс "байгаль орчинд төлөх нөхөн төлбөрийг экологи эдийн үнэлгээгээр гаргах гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэг "Хууль, тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно" гэх заалтыг зөрчиж байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "шүүх .прокурор, мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн, байгууллагыг урьж, шинжилгээ хийлгэж болно" гэж заасны дагуу сум дундын ойн ангийн дарга Ж.Гомбосүрэнг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолоор томилсон. Мөн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд шинжээчээр томилогдсон Ж.Гомбосүрэн нь өөрийн тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан байгаа болно.

Иймд Б.Э, Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 335 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлдээ Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Аймгийн прокурорын газраас Б.Э, Б.Э нарыг бүлэглэн, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багийн нутаг Хүүлэй хан уулын Арцатын амны ойгоос зөвшөөрөлгүйгээр 8.3 метр куб нойтон нарс мод бэлтгэж, 30-99 УНН улсын дугаартай, Ниссан Контер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 3.809.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр Б.Э, Б.Э нарт холбогдох хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт үндэслэлтэй байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолуудыг яллагдагч Б.Энхмандахад танилцуулаагүй нь /хх-ийн 42,49/ хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, шинжээчийн №01 дүгнэлт, “ Хан үнэлэмж” ХХК-ны үнэлгээг яллагдагч нарт хэн танилцуулахдаа мөрдөгч баримтанд гарын үсэг баталгаажуулаагүй /хх-ийн 45-46, 62-63/ нь хуульд нийцээгүй байна.

Мөн хэрэгт мөрдөгчийн тогтоолоор сум дундын ойн ангийн дарга Ж.Гомбосүрэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлт гаргаж, 8.3 метр куб нойтон нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 3809700 төгрөг болохыг тогтоожээ. Харин 8.3 метр куб нойтон нарс модны өөрийн үнэлгээг тогтоогоогүйгээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол тодорхойгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,  Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцүүлэн дахин шинжээч томилж, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох шаардлагатай байна.

Иймд Б.Э, Б.Э нарт холбогдох хэргийг прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамжаас дээрх үндэслэлүүдийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж  үзлээ.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 30-99 УНН улсын дугаартай “Ниссан Кондор” маркийн автомашин тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Г.Батбаярын нэр дээр бүртгэлтэй байх боловч уг автомашиныг 2016 онд Г.Батбаяр Б.Энхмөнхөд 3000000 төгрөгөөр худалдаж, Г.Батбаяр мөнгийг бэлнээр хүлээн авсан, түүнээс хойшхи хугацаанд Б.Энхмөнхийн эзэмшиж, өөрийн хэрэгцээнд хэрэглэж ирсэн, тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан талаар гэрч Г.Батбаяр, яллагдагч Б.Энхмөнх нарын мэдүүлсэн /хх-41,30,73/ байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульчилснаас гадна Г.Батбаяр энэ хэрэгт уг машиныг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй байна. 

Мөн шүүгчийн захирамжинд дурьдсан Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийг шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-42/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчөөгүй, “Хан Үнэлэмж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байх тул  нэмж ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Б.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16-ний өдрийн 335 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн 20 дугаартай эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Э, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

ШҮҮГЧИД                                                                             Ц.ӨРНӨНДЭЛГЭР

Г.БОЛОРМАА