| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2020/0897/З |
| Дугаар | 221/МА2025/0311 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0311
| 2025 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2025/0311 | Улаанбаатар хот |
“З-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: “З-И” ХХК-ийн захирал Б.Б;
Нэхэмжлэгч: “З-И” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд “Б” СӨХ
Гуравдагч этгээд “С” СӨХ;
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х дүгээр захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, Г.Ч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2020/0897/З
ТОДОРХОЙЛОХ нь:
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Талуудын маргааны зүйл нь нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан гэх барилгын түр хашааг албадан буулгаж газрыг чөлөөлсөн маргаан бүхий акт нь хуульд нийцсэн эсэх талаар байна.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “...тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа хууль болон гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд маш их хэмжээний зардал гаргаж, улсад газрын татвар төлсөн байдаг. ...уг газар олгосон захирамж хүчинтэй байх хугацаанд буюу хууль, журамд заасан нөхцөлийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад Сүхбаатар дүүргийн Засаг дарга хууль зөрчиж захирамж гаргасан бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчид ихээхэн хохирол учирсан...” гэж маргажээ.
4. Анх Сүхбаатар дүүргийн Х дүгээр хороон дахь маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар “З-И” ХХК-д орон сууцны зориулалтаар 480 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар мөн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/114Х дүгээр захирамжаар инженерийн шугам, сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4.1. Ийнхүү нэхэмжлэгч “З-И” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/114Х дүгээр захирамжийн “орон сууцны 6Х, 6х дугаар байрны хооронд байрших 240 м.кв газарт хамаарах” хэсгийг хүчингүй болгож, үлдэх “орон сууцны 4Х, 4х дугаар байрнэы хооронд байрших нэгж талбарын 18642310544791 дугаартай 240 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.2. Талууд нь нэхэмжлэгч (газар эзэмшигч)-ийг тухайн газраа газар эзэмших гэрээ, хуульд заасан зориулалтын дагуу эзэмшиж байсан болон газрын төлбөр төлж байсан эсэх талаар маргаагүй.
5. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “З-И” ХХК-д Сүхбаатар дүүргийн Х дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4Х, 4х дугаар байрны голд 61.6 метр урттай, 3 метрийн өндөртэй, 2 метр хамгаалалтын торыг барилга барих түр хашааны зориулалтаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Х/СБД2020-047 дугаартай түр хашааны ажлын даалгаврыг баталж, улмаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/2755 дугаартай зөвшөөрлөөр “Ц-ийн гудамжнаас орон сууцны хорооллын 4Х, 4х, 6Х, 6х дугаар байр руу орох туслах замыг түр хаах зөвшөөрлийг 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд” олгосны дагуу нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 480 м.кв газартаа барилга барих түр хашааг босгосноор 4Х, 4х, 6Х, 6х дугаар байрны иргэд, оршин суугчдын зорчих орц, гарцыг хаасан гэх үндэслэлээр уг байрны оршин суугч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг маргаан бүхий акт гарах үндэслэл болжээ.
5.1. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус дүүргийн Х дүгээр хороо, 4Х, 4х, 6Х, 6х дугаар байрны нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгын түр хашааг албадан буулгаж газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;” гэж тус тус заажээ.
5.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд тухайн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй этгээдийг оролцуулж, тайлбар, санал гаргах боломжийг хангасан байхыг шаарддаг.
5.4. Харин хуульд заасан тодорхой тохиолдолд хариуцагч нь сонсох ажиллагаа явуулахгүй байх эрхтэй бөгөөд гагцхүү уг ажиллагааг явуулаагүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй.
5.5. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гаргах болсон үндэслэлээ “...Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасны дагуу мэдэгдэх хуудсыг тухай бүр хүргэж өгсөн, ...Сүхбаатар дүүргийн оршин суугч иргэдийн нэн тэргүүний эрх ашгийн үүднээс тухайн 2 газар барилга барих түр хашааг босгосон нь 2 актаар орох орц гарцыг зөвхөн 1 эгнээ ганц машин орох гарах нарийхан болгочихсон. ...Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийлгүй, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “З-И” ХХК-ийн барьсан хашааг албадан буулгахаар шийдвэрлэсэн” гэж тайлбарлах боловч захиргааны шийдвэр гаргах ажиллагааг нэхэмжлэгч “З-И” ХХК-д мэдэгдэж, энэ талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэнтэй холбоотой үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
5.6. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийг гаргасан тухайн цаг хугацаанд Сүхбаатар дүүргийн Х дүгээр хороонд 480 м.кв газрыг эзэмших эрхтэй байсан боловч дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны 4Х, 4х дугаар байрны хооронд байрших нэгж талбарын 186423105447ХХ дугаартай 240 м.кв газарт хамаарах хэсгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй байгаа энэ тохиолдолд хариуцагчийн нийтийн эзэмшлийн талбайд барьсан барилгын түр хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн захирамжийн холбогдох хэсэг хууль бус бөгөөд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасантай нийцээгүй гэж үзэхээр байна.
5.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “З-И” ХХК-ийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, мөн холбогдох байгууллагаас зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр барилга барих түр хашааг 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр босгосон боловч оршин суугчдын эсэргүүцэл, мөн өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх тухай захирамжийн дагуу түр хашааг буулгажээ.
5.8. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгчийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд барьсан барилгын түр хашааг (2 хоногийн дараа) албадан буулгаж, газрыг чөлөөлөлсөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/24Х дүгээр захирамж нь хууль бус байсан боловч хэдийн хэрэгжээд дууссан бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
5.9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “З-И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА