Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Ж.Батхуяг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /ҮД:1-280/,

Шүүгдэгч А.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанчимэгийн Эрдэнэбулганд холбогдох эрүүгийн 201626031095 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик оператор мэргэжилтэй, “Монгол Ви Ай Си” ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 8, эмэг эх, эх, эгч дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр хэсэг, Дүнжингарав 1 дүгээр гудамжны 43 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:УЗ88053139/, Боржигон овогт Алтанчимэгийн Эрдэнэбулган нь:

-шунахайн сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СКЭ байрны 3-17 тоотод оршин суух иргэн Л.Энх-Амгалангийн гэрт нэвтрэн орж, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий суурин компьютерийн процессор хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-69/,

Хохирогч Л.Энх-Амгалан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн эгч Байгалмаа хулгай орсон байна гэж над руу мэдээллэсэн байгаа. Ингээд би тухайн өдрөө гэртээ 22 цагийн орчим ирээд эд зүйлсээ үзэхэд манай гэрээс Эсер /Acer/ маркийн суурин компьютерийн процессор алга болсон байсан...Тухайн үед манай гэрт ээж Цэвээн ганцаараа байсан...Манай ээж хэвтрийн хараагүй, сонсгол муутай, ганцаараа жижиг өрөөндөө унтаж байхад том өрөөнөөс процессор хулгайлаад явсан байсан…” гэжээ./хх-16-18/,

Гэрч М.Оргил-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 08 дугаар сарын эхээр байх...өглөө гэгээ ороод байхад 05 цаг 30 минутын орчим...манай хажуу талын байранд амьдардаг Эрдэнэбулган нь гартаа юм тэвэрчихээд гараашийн тийшээ тойроод алга болсон. Энэ үед манай байрны Ганболд жорлон руу алхаж байхаар нь араас нь би гараад жорлон ороод гарч ирээд зогсож байхад Эрдэнэбулган өөрөө ирээд “чимээгүй байгаарай, та хоёр архи уусан юм уу, архи уух юм уу” гэж асуугаад “би явчихаад ирье” гэж хэлээд тэр чигтээ яваад өгсөн…” гэжээ. /хх-18-19/,

Гэрч А.Ганболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…намайг байрны гадна талд байх бие засах газар байж байхад манай байранд амьдардаг нөгөө орцны залуу Оргил-Эрдэнэ гарч ирээд бид хоёр хамт бие зассан. Ингээд байж байхад манай тэндэхийн залуу болох Эрдэнэбулган ирж уулзаад “битгий хэлээрэй хоёроо” гэж хэлсэн. Тухайн үед би юу битгий хэлээрэй гээд байгаа юм гэхэд “би хулгай хийж байхыг харсан юм” гэж хэлсэн. Мөн тухайн үед Эрдэнэбулган “хүнд битгий хэлээрэй тусгал өгье” гэж хэлж байсан юм...Тэгээд би байрны өмнө сууж байхад Эрдэнэбулган гартаа саарал дөрвөлжин юм аваад доошоо яваад өгсөн…” гэжээ. /хх-20-21/,

Яллагдагч А.Эрдэнэбулган мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…манай дүү Тэмүүжин нь гэртээ орж ирэхгүй болохоор нь гэрээсээ гарч орилсон чинь дуугарахгүй байсан юм. Тэгээд СКЭ-ийн байрны 17 тоотод байдаг Энх-Амгалан ахын хүүхэдтэй тоглоод байж магадгүй гэж бодоод гэрийн хаалгыг татаж үзэхэд онгорхой байсан. Тэгээд гэр лүү нь яваад ороход гэрт нь хүн байхгүй байхаар нь том өрөөнд нь байсан компьютерийн процессорыг нь салгаж аваад гараашийн хойд талд байдаг халгайн дунд оруулаад тавьсан...Ингээд би 07 цагийн орчим гэрт хоол идчихээд гараад ирсэн Алтанхуяг ах машинтайгаа доошоо явах гэж байхаар нь машинд нь суугаад яваад өгсөн. Орой нь ажил тарж ирээд 20 цагийн орчим нөгөө процессороо аваад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7 буудалд очоод ломбарданд тавих гэхэд 50.000 төгрөгөөр авна гэсэн. Ингээд хямдхан тавихгүй гээд байж байхад нэг ах 100.000 төгрөгөөр авъя гээд гуйгаад байхаар нь тэр ахад зарчихсан…” гэжээ. /хх-38-40/,

Шүүгдэгч А.Эрдэнэбулганы урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэбулган мэдүүлэхдээ: “...Манай дүү хохирогчийн гэрт тоглодог. Тухайн өдөр гэртээ орж ирэхгүй болохоор нь гэрт нь дүүгээ дуудахаар ороход ямар ч хүн байхгүй, эзгүй байсан. Би маргааш нь хөдөө явах гээд мөнгө хайж байсан учраас гэрээс нь процессорыг авч явсан. Тухайн үед би хэлье гээд хэлж чадаагүй хөдөө явсан. Тэгээд байрныхаа подвольд тавьсан. Би маргааш өглөө нь танихгүй хүнд 100.000 төгрөгөөр зараад маргааш нь зардал хийгээд хөдөө явсан. Хохирол төлбөрөө төлж барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан…” гэв.  

Шүүгдэгч А.Эрдэнэбулган нь шунахайн сэдэлтээр 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СКЭ байрны 3-17 тоотод оршин суух иргэн Л.Энх-Амгалангийн гэрт нэвтрэн орж, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий суурин компьютерийн процессор хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

-Хэрэг учралын газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-69/,

-“…эд зүйлсээ үзэхэд манай гэрээс Эсер /Acer/ маркийн суурин компьютерийн процессор алга болсон байсан...Манай ээж хэвтрийн хараагүй, сонсгол муутай, ганцаараа жижиг өрөөндөө унтаж байхад том өрөөнөөс процессор хулгайлаад явсан байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Л.Энх-Амгалангийн мэдүүлэг /хх-16-18/,

-“…манай хажуу талын байранд амьдардаг Эрдэнэбулган нь гартаа юм тэвэрчихээд гарашийн тийшээ тойроод алга болсон...Эрдэнэбулган өөрөө ирээд чимээгүй байгаарай та хоёр архи уусан юм уу, архи уух юм уу гэж асуугаад би явчихаад ирье гэж хэлээд тэр чигтээ яваад өгсөн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Оргил-Эрдэнийн мэдүүлэг /хх-18-19/,

-“…Эрдэнэбулган ирж уулзаад битгий хэлээрэй хоёроо гэж хэлсэн. Тухайн үед би юу битгий хэлээрэй гээд байгаа юм гэхэд би хулгай хийж байхыг харсан юм гэж хэлсэн. Мөн тухайн үед Эрдэнэбулган хүнд битгий хэлээрэй тусгал өгье гэж хэлж байсан юм...Тэгээд би байрны өмнө сууж байхад Эрдэнэбулган гартаа саарал дөрвөлжин юм аваад доошоо яваад өгсөн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч А.Ганболдын мэдүүлэг /хх-20-21/ зэрэг болно.

Шүүгдэгч А.Эрдэнэбулган нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа дууссан байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. Мөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхээс шүүгдэгч А.Эрдэнэбулганыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан баривчлах ялыг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Эрдэнэбулган нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Алтанчимэгийн Эрдэнэбулганыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбулганыг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, А.Эрдэнэбулган нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. А.Эрдэнэбулганд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Эрдэнэбулганд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД