Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2022/0017

 

 

 

 

 

2022 01 04 0017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Т ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000000дугаартай шийтгэл оногдуулсан хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч Л.А түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000000дугаартай шийтгэл оногдуулсан хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдол гаргасан байна.

2. Хариуцагч Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-ийн дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-5-аас жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобинзен, дизелийн түлшнээс дээж авч 210719, 210751 кодоор кодлож, лацдан, 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Т ХХК-ийн хилээр орж ирсэн вагоны АИ-92 автобинзен, дизель түлшнээс дээж авхуулж 518356, 518388 кодоор кодлож, лацдан, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Тэс петроиум ХХК-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн орчим байрлах шатахууны агуулахаас АИ-92 автобинзен, дизелийн түлшнээс зориулалтын саванд дээж авч, 210719, 210751 кодоор кодлож, лацдан тэмдэглэл үйлдэж, шинжилгээнд явуулж, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр Т ХХК-ийн агуулахын АИ-92 автобензин, дизелийн түлш ШТС буюу жижиглэнгээр борлуулж буй дизелийн түлш, вагоны дизелийн түлш нь шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул тус дүгнэлтийг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийг 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Улсын байцаагч 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх бөгөөд гомдол гаргагч түүний эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлсний дараа 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагч Улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000000дугаартай шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:

1/ Манай компани нийт зах зээлд нийлүүлж байгаа шатахууны 95-98 хувийг импортоор оруулж ирж, зах зээлд нийлүүлдэг. Нэхэмжлэгч тал зөвхөн Оросын холбооны улсын Роснефт ХХК-тай гэрээ байгуулж, стандартад нийцсэн шатахууныг нийлүүлж дотоодын хэрэгцээ хангах, борлуулах үйл ажиллагааг 30 гаруй жил эрхэлж байна. Энэхүү бүтээгдэхүүнд үйлдвэрлэгчийн чанарын баталгааны хуудас дагалдаж ирдэг. Үүнийг хил дээр гаалийн байгууллага хяналтад авч, дээж авч, гаалийн төв лабораториор шинжилгээ хийж, шинжилгээний сорил дүгнэлтэд үндэслэн Монгол Улсад нэвтрүүлэн борлуулах эрхтэй болдог.

2/ Улсын байцаагчийн гол үндэслэл нь тус компанийн А-92 авто бензинд механик бодис илэрсэн. Дизель түлшний цитоны тоо хувийн жин бага, агуулахын Дизель түлшний цитоны тоо хувийн жин бага механик хольц илэрсэн. Хилээр орж ирсэн дизель түлшинд хувийн жин бага тодорхойлогдсон. Хөдөлгүүрийн түлш техникийн шаардлага MNS0217:2017 стандарт, Дизель түлш евро техникийн шаардлага MNS0216:2017, Дизель түлш евро техникийн шаардлага MNS6861:2020 стандартын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр улсын хяналтын байцаагч А.Б дүгнэлтийг үндэслэж шийдвэр ногдуулсан.

3/ Сорилын дүнг үндэслэн тус компанид зөрчил шалган шийдвэрлэх хэрэг нээсэн байдаг. Бидэнд зөрчлийн хэрэг нээсэн болон зөрчил ногдуулж байгаа талаар ямар нэгэн байдлаар танилцуулаагүй. Мөн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг танилцуулаагүй. Манай компанид Л.А байцаагч утсаар мэдэгдсэн. Ингэхдээ 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн огноотой 1493 тоот дуудан ирүүлэх албан бичгийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шууданд хийж, 7 дугаар сарын 20-ны өдөр манай компанид ирсэн. Тухайн цаг хугацаанд 09-ний өдрөөс 19-ний хооронд бүх нийтийн амралтын өдөр байсан.

4/ Дуудан ирүүлэх мэдэгдлийг авсан даруй хөдөө явж байсан хуульч миний бие Булган аймгаас тэр орой нь ирсэн. Ингээд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Л.А байцаагчтай утсаар зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар ярьсан. Гэтэл одоо ирэх шаардлага байхгүй, хялбаршуулсан журмаар шийдсэн гэж хэлсэн. Би дүгнэлттэй танилцаж, тайлбар мэдүүлэг өгөх эрхтэй гэж дахин утасдаж, албаны утсаар залгасан. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шууданд хийсэн шийтгэх хуудас 7 дугаар сарын 24-ний өдөр манай компанид ирсэн. Үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дээд удирдлагад нь гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн.

5/ Зөрчлийн хэрэг үүсгэсэн процесс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Дээж авахдаа ямар журмаар яаж авсан нь тодорхой бус, авсан дээжийг Ашигт малтмал газрын тосны газрын лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори гэх хоёр лабораторид шинжлүүлсэн байдаг. Эдгээрийн сорилын дүнгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Стандартын нэг төрлийн дээжийг өөр өөр аргаар шинжилж дүгнэлт гаргасан байдаг. Ийм эргэлзээтэй, бүрэн нотлогдоогүй үйлдлээ бүрэн тогтоогдсон гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ шалгалт нь хуулийн дагуу, холбогдогчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлж, ил тод, шударга явуулах зарчим алдагдсан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагч Л.А тайлбартаа:

1/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 0116 дугаар удирдамжийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны газартай хамтарсан шалгалт хийсэн. Уг шалгалтаар Т ХХК-ийн шатахуун түгээх станц буюу жижиглэнгээр борлуулж байгаа газрууд болон агуулах, вагон дахь дизель түлшнээс тус тус дээж авсан. Т ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр очиж үйл ажиллагаа хариуцсан захирал н.Алтанцэцэгт хяналт шалгалтын удирдамжийг танилцуулж, дээжийг ажилчид нь авч бид байлцсан. А92 авто бензиний дээжийг авч ирэнгүүт нь кодолж, лацдаад тэмдэглэж авсан. Мөн Т ХХК-ийн С дүүргийн 20 дугаар хороонд байрлах агуулах дээр очиж дээж авсан.

2/ Агуулахын инженер н.Билгүүнд удирдамжийг танилцуулж, савнаас дээж авч, дээжийг кодлож, лацдаж тэмдэглэл үйлдэж авсан. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хилээр орж ирсэн Т ХХК-ийн А92 түлшнээс инженер н.Билгүүнээр дээж авхуулж кодлож, лацдаж, Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн оношилгоо шинжилгээнд хүлээлгэж өгсөн. Хоёр лабораторийн сорилын дүнд дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналт ерөнхий газар руу хүргүүлсэн. Энэ бичгийг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч А.Бямбадорж дүгнэлт гаргаж ирүүлсэн байдаг. Энэ дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч компанийн агуулахын А92 бензинд механик хольц илэрсэн байдаг.

3/ Мөн дизель түлш нь цитонын тоо бага, 20 градус цельст байх хувийн жин бага гарсан. Мөн агуулахын дизель түлшний цитоны тоо хувийн жин бага, нийт бохирдлын хэмжээ 24-өөс бага байх ёстой байтал 26 нэмэх хасаг 2 гэсэн нарийвчлалтай гарсан. Мөн вагоны дизель түлшнээс дээж авахад цитоны тоо 800-845 байх ёстой байтал 854.4 гэж гарсан зөрчил илэрсэн. Энэ зөрчил илэрснээр хөдөлгүүрийн түлшинд мөрдөгддөг стандарт MNS02172017 дизель түлш, евро техникийн шаардлага MNS68612020 стандартын шаардлага хангахгүй буюу Хэрэглэгчдийн эрхийг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчдийн үүрэг, 12.1-т үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа ажил үйлчилгээ нь хэрэглэгчдийн амь нас эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор нөлөө учруулахгүй байх заавал мөрдөх стандартын зохицуулалтын шаардлага хангасан байна гэх зөрчлийг үндэслэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

4/ Нэхэмжлэгчийн хэлсэн мэдээгүй, зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, дуудан ирүүлэх бичгийг 20-ны өдөр авсан, энэ талаар ямар ч мэдэл байхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарын тухайд. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дуудан ирүүлэх тухай албан бичгийг манай байгууллагаас бэлдэж бусад аж ахуй нэгж эрхлэгчдэд хандаж шууданд хүргүүлсэн.

5/ 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Т ХХК-ийн 7011-3000 дугаарын утсанд хандаж албан бичгийг авсан эсэхийг асуухад аваагүй гэсэн. Тэгэхээр нь дуудан ирүүлэх албан бичиг гарсныг мэдэгдэж хууль ёсны төлөөлөгч томилох талаар хэлэхэд холбогдох албан тушаалтанд дамжуулж хэлээд эргээд мэдэгдэнэ гэдэг хариуг хэлсэн. 7 дугаар сарын 19-ний өдөр тус дугаар руу дахин залгахад н.Алтанцэцэг гэх 99997546 дугаарт холбогдохыг зөвлөсөн. н.А холбогдоход борлуулалтын үйл ажиллагаа хариуцсан н.Чинбат 99116414 гэх утас өгсөн. н.Чхолбогдож дуудан ирүүлэх албан бичиг ирсэн эсэхийг асуухад ирээгүй гэсэн хариуг өгсөн. Тус бичгийн талаар мэдээлэл өгч хууль ёсны төлөөлөгчөө томилж ирүүлнэ үү гэхэд захирал н.Майдарын 99138744 утсанд холбогдохыг зөвлөсөн. 19, 20-ны өдрүүдэд удаа дараа залгахад утас нь холбогдохгүй байсан. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 8 цаг 30 минутад цахим хаягаар бичгийг давхар илгээсэн гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр тайлбартаа:

1/ Зөрчлийн хэргийн талаар танилцуулаагүй гэсэн тайлбар нэхэмжлэгч хэлсэн. Огт танилцуулаагүй бөгөөд танилцуулахгүй гээгүй. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийн материалд байгаа 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тэмдэглэлд зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн гэх тэмдэглэл үйлдэж, прокурорт заавал бүртгүүлэх ёстой болдог. Үүний дараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл гээд 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсвэл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг нь гаргах ёстой гэсэн байдаг. Нэг гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх гэх замуудаар шийдвэрлэж болдог.

2/ Хуулийн дагуу бид энэ 4 шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Ингээд Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч А.Бямбадоржийн дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтээр хэд хэдэн компаниудын сорилын дүнгүүд нь холбогдох стандартуудыг зөрчсөн байна гэх дүгнэлт гарсан байсан.

3/ Үүнд манай байгууллага холбогдогчоос тайлбар мэдүүлэг авахыг хүссэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлийг заасан. Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчилд учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж болно гэж заасан байдаг. Үүнийг үндэслэж шийтгэл ногдуулсан.

4/ Т ХХК-ийн сорилын хэд хэдэн дүн нь стандартын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гарсан бөгөөд дахин нотлох нэмэлт ажиллагаа явуулах шаардлага байхгүй гэж үзсэн учир шийтгэл ногдуулсан. Т ХХК-иас өөр бусад компанийг наадмын үеэр ирж тайлбар өгөх гэх мэт бүх боломжоор нь хангасан. Холбогдох журам, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу хэргийн материалтай танилцах, тайлбар хүсэлт гаргах бүх эрх нь байсан учир эрхээ эдлэх бүрэн боломжтой байсан.

5/ Дээж авахдаа газрын тосны бүтээгдэхүүний дээж авах арга стандартыг баримталж, дээж авсан байгаа. Бид дээж авахдаа шатахууны том савны дээрээс, дундаас, доороос гэж гурван удаа авч нэг шатахууны дээжийн саванд хийсэн. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дээж авсан тэмдэглэл үйлдсэн өдрөө лабораторидоо лацтай нь хүргэж өгсөн. Дээж авах асуудал дээр процессын алдаа гаргаагүй. Дээжийг авахад гомдол гаргасан компанийн холбогдох бүхий л хүмүүс байсан гарын үсэг нь байгаа учир маргах зүйлгүй гэж бодож байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

7. Дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000000 дугаартай шийтгэл оногдуулсан хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

8. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, чанарын шаардлага хангахгүй автобинзен, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэсэн иргэд хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, олон нийтийн мэдээллийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар Хяналт шалгалтын удирдамжийн дагуу Шатахуун түгээх станцуудад борлуулагдаж байгаа автобензин, дизелийн түлшний гарал үүслийн бичиг, автобинзен, дизелийн түлшний шахалт, дүүргэлтийг стандартын шаардлага хангасан багажаар шалгах, шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчдийн дотоод борлуулж буй автобензин, дизелийн түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, импортоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшнээс гаалийн баталгаат талбай дээрээс гаалийн бүрдүүлэлт хийх үед дээж авч лабораторийн шинжилгээ хийлгэх, мэргэжлийн дүгнэлт гаргуулах зорилгоор тус газрын улсын байцаагч Л.Агаар ахлуулсан баруун зүгт шалгалт хийх хоёрдугаар ажлын хэсгийн шалгалтаар 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-5-аас жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобинзен, дизелийн түлшнээс дээж авч 210718, 210744 гэсэн кодоор подлож, лацдан, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Тэс петроиум ХХК-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн орчим байрлах шатахууны агуулахаас АИ-92 автобинзен, дизелийн түлшнээс зориулалтын саванд дээж авч, 210719, 210751 кодоор кодлож, лацдан тэмдэглэл үйлдэж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Т ХХК-ийн хилээр орж ирсэн вагоны АИ-92 автобинзен, дизель түлшнээс дээж авхуулж 518356, 518388 кодоор кодлож, лацдан дээж авсан тэмдэглэл үйлдэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораториудад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн.

9. Тус лабораториудаас ирүүлсэн дээжийг шинжилсэн үр дүнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаартай албан бичгээр уг сорилт шинжилгээний хариуд дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний (газрын тос, хий) хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дугаар  Шинжилгээний дүнгийн тухай  албан бичгээр  лабораторийн сорилт шинжилгээний үр дүнгээр АИ-92 автобензиний октаний тоо дунджаар 91.5 тодорхойлогдсон, автобензинд механик хольц илэрсэн нь Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS0217:2017 стандартын шаардлага хангахгүй гэх, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаар лабораторийн сорилт шинжилгээний үр дүнгээр Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага, MNS0216:2017, Дизелийн түлш. Техникийн шаардлага, MNS6861:2020, стандартын шаардлага хангахгүй  байна гэсэн дүгнэлтийг хүргүүлжээ.

  10. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000000дугаартай шийтгэлийн хуудсаар  Т ХХК нь чанар стандартын шаардлага хангахгүй шатахуун борлуулсан болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн сорил дүнгээр тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан 9,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийн үндэслэл хууль ёсны болох нь дараах байдлаар тогтоогдохгүй байна.

11. Дээрх хоёр лаборатори АИ-92 шатахууныг хоёр өөр арга, стандартаар хэмжиж механик хольц-ийг Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн MNS 322:2010 шинжилгээний стандартаар хэмжсэн GTO52 дугаартай сорилтын дүнгээр 0,0 буюу MNS021652017 стандартын норм хангагдсан байна гэж, харин Иргэний нисэхийн ерөнхий газрын төв лаборатори нь MNS021752017 стандартаар нүдээр ажиглах аргаар үл ялиг механик хольцтой гэж хэмжсэн нь MNS322:2010 аргаар 0,006%-иас хэтрэхгүй бол механик хольцтой гэж үзэхээр заасантай харьцуулан үзэх боломжгүй байгаа нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  нэг ижил төрлийн дээжийг шинжилсэн 2 лабораторийн сорилтын үр дүнгүүд хоорондоо зөрүүтэй, стандартын өөр өөр аргаар шинжилсэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлт нь шинжилгээнд хамрагдсан нийт аж ахуйн нэгжүүдийн үзүүлэлтүүдийг дундажлан стандартын үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт гаргасан зэрэг эргэлзээтэй, бодитой тогтоогдоогүй,  сорилын дүн үндэслэлгүй бөгөөд хэмжлийн нэгжийг алдаагүй, үнэн зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй гэх зэрэг гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.

12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Т ХХК-ийг  Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан зөрчилд холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг зөрчилд холбогдогчоос 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолдоо ...стандартын шаардлага хангахгүй гэсэн шинжилгээ дүгнэлтэд эргэлзэж, санал нийлэхгүй байгаа тул зөрчлийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, түүнчлэн, хууль ёсны төлөөлөгчөө оролцуулж оролцогчийн эрх, үүргийг тайлбарлуулж, эрхээ хамгаалан оролцох зэрэг эрхийг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, хоёр өөр лабораторийн дүгнэлтийг үндэслэн бодитой хандаагүй, лабораторийн дүгнэлт, хэмжсэн арга, багаж хэрэгсэл хууль ёсны эсэх талаар тайлбар гаргах оролцох эрхийг хангаж, дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах ёстой байсан гэх тайлбар, мэдүүлэг өгчээ.

13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д оролцогч зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах тухай хүсэлтийг зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтанд гаргаж болно, 1.3 дугаар зүйлийн 3-д эрх бүхий албан тушаалтан  хүсэлтийг хангах үндэслэл тодорхой бол даруй, шалгах шаардлагатай бол түүнийг хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор хүсэлтийг хангах эсхүл татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана, 5-д  шийдвэрт гомдол гаргаж болно, 4.11 дүгээр зүйлийн 5-д оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно, 4.11 дүгээр зүйлийн 6-д оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно гэж тусгайлан заасан, тухайн тохиолдолд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зөрчилд холбогдогчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлэх, хүсэлт гаргах, хууль ёсны төлөөлөгчөө томилуулах, гомдол гаргах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан гаргаж шийдвэрлүүлэх зэрэг эрх эдлүүлээгүй нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн түүнчлэн Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартын 9 дүгээр зүйлийн 9.1-д ...тухайн бүтээгдэхүүний чанарын талаар санал зөрсөн тохиолдолд бензиний дээжийг дахин авч шинжилнэ гэсэнтэй тус тус нийцээгүй, энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэн сорилт, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах эрхийг хязгаарласан нь хууль тогтоомж, стандартын дагуу хэрэгжүүлж, хуульд заасан журмыг баримтлан зөрчил маргааныг мэргэжлийн дагуу үнэн бодитой, үндэслэлтэй, эргэлзээгүй шалгаж тогтоох хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэх гомдол үндэслэлтэй гэж үзэхээр байна.

14. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д  зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зарчим-ыг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх зарчим-ыг тус тус хуульчилсан, энэ тохиолдолд, Т ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй, зөрчилд шийтгэл оногдуулах маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдоогүй гэж үзэхээр байна.

15. Өөрөөр хэлбэл, Т ХХК-ийг стандартын шаардлага хангаагүй автобензин худалдан борлуулсан гэх үндэслэлээр зөрчил тогтоон, шийтгэл оногдуулах үндэслэл нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын сорил шинжилгээний үр дүнгийн хуудас болсон, уг сорилын дүнгээр Т ХХК-ийн  худалдан борлуулж байсан автобензин чанарын шаардлага хангаагүй гэж тодорхойлогдсон нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа  стандартын тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх нь дээрх байдлаар эргэлзээтэй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчилд холбогдогч Т ХХК-ийн хуульд заасан эрхийг эдлүүлэхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь эрх бүхий этгээд хоёр өөр сорилын дүнг баталгаажуулаагүй гэж үзэхээр байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасан ... худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй зөрчил гаргасан гэж шүүх дүгнэх боломжгүй тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000000дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 10.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 4.11 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Л.А 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0000000 дугаартай  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Т ХХК-ийн гомдлын шаардлагыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргаг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

   

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ