| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0090/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/101 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.5.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Ч.Т********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч******ын Т**********т холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Ч.Т********** нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Л**********ыг хардалтын улмаас зодож улмаар түүний баруун, зүүн шуу ясанд хугарал, баруун нүдний зовхи, зоо нуруу, зүүн хөхлөг, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, зүүн гуя, чамархай, дагз болон зүүн хөхлөг, сэртэнд үсний уналт, зулайн хуйх, ууц, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Т********** нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Л**********ыг хардалтын улмаас зодож улмаар түүний баруун, зүүн шуу ясанд хугарал, баруун нүдний зовхи, зоо нуруу, зүүн хөхлөг, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, зүүн гуя, чамархай, дагз болон зүүн хөхлөг, сэртэнд үсний уналт, зулайн хуйх, ууц, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Т**********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би самарт яваад 1 хоноод эхнэрийнхээ утас руу залгахад 1 хоногийн хугацаанд холбогдохгүй байж байгаад маргааш өдрийн 13 цагийн үед утас нь холбогдсон. Би уулнаас бууж орж ирээд эхнэрийг ирж ав гэж дуудахад согтуу байдалтай, үс нь сэгсийсэн юм ирэхээр нь уур хүрсэн. ...тэрний дараагаар унтахаар хүүхдийн хамтаар орондоо орсны дараагаар бас муудалцаад өмдний тэлээгээр зөндөө ороолгосон. Тэгээд гэрлээ асаасан чинь эхнэрийн нүүр, ам, гуя нь хөхөрчихсөн байхаар нь гарч гүйгээд Ганпүрэв ахындаа очиход төрсөн ах Азбилэг унтаж байхаар нь Азбилэг ахыг дагуулж ирэхэд эхнэр бие өвдөөд байна, эмч дуудаж авч ир гэж хэлэхээр нь Азбилэг ахыг хүүхэд харж байгаарай гэж хэлээд эмнэлэгт мэдэгдэхээр явсан. ...их эмчийг авчирсан. Тэгээд эмчийн хамтаар эхнэртэйгээ хамт эмнэлэгт хүргэж өгч анхны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10-р хуудас/,
Хохирогч Э.Л**********ын мөрдөн шалгах ажиллагааны ажиллагаанд өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр Т********** самарт яваад 1 хоноод бууж ирэх замдаа над руу утсаар залгаад ирж ав гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа очиж аваад буцаж ирж явахдаа намайг хардаад зодож эхлээд гэртээ харих хүртлээ зодсон. Тэгээд намайг байхгүй хооронд хаашаа явсан гэж хардаж сэрдсэн. Гэртээ ирээд авдарт байсан 2 шил архийг гаргаж ирээд уугаад, намайг уу гэж дээш харуулж дарж хэвтүүлээд амруу цутгасан. Би шүдээ зуугаад гүрийгээд үхэх шахсан ч уугаагүй. Тэгээд л зодож эхэлсэн. Чамайг шөнөжин тамлана гээд 18-02 цаг хүртэл хаалгаа түгжээд цонхны хөшгөө хаагаад зодож байх хооронд ах Азбилэг, хажуу айлын авгай Заяа орж ирээд тусалж чадаагүй гараад явсан. Сандал, халуун сав, шилэн аяга өшиглөж үсдэж, чирч, савж, хазаж тамласан. Тэлээгээрээ зөндөө ороолгосон. Тэгээд ухаан орон гаран болж, юу ч мэдээгүй эмнэлэгт ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын ажилтай юм. Эрүүгийн ************* дугаартай хэргийн хохирогч Эрдэнэцогт овогтой Л********** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ гэх тусламж авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 704,500 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Т.Анхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 02 цаг 34 минутад манай бага эмч над руу утсаар залгаад Төмбөө эхнэрээ зодчихсон байна. Та хурдан ирэх шаардлагатай байна. Танай гэр лүү машин явуулчихсан гэхээр нь би Т**********ын гэрт очсон. Тэгээд Т**********, Мөнхзаяа бид гурав Л**********ыг аваад эмнэлэг дээр очсон. Гэр орноо аймар болгосон байсан ч цэвэрлэсэн маягтай байсан. Цус нөж гарсан ч нүүр амыг нь янзалсан байсан байх. Зүүн талын гар болон шагай хэсгээр хатуу зүйлээр зодсон байх шиг байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд би аав, ээжийг нь авч ир гээд Т**********ыг явуулчхаад цагдаа дуудсан. Намайг очиход Л**********ын бүх хувцсыг нь тайлчихсан, толгой нь маш их хавдсан, бие нь маш их хөхрөлттэй байсан. Амин үзүүлэлтийг нь үзэхэд гайгүй байсан ч ухаангүй, өвдөлтийн шоконд орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Н.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т********** нь Дахинт багт амьдардаг манай багийн унаган хүн. Л**********, Түмбээ хоёр нь энгийн гэр бүлийн харилцаатай юм шиг санагддаг. Түмбээ ер нь ширүүн ааш авиртай, зүрхний асуудалтай. Түргэн ууртай, уурлахаараа өөрийгөө хянах чадваргүй юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч С.Далайжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л********** нь миний төрсөн эгчийн том охин юм. Энэ хоёр хамтран амьдрахаасаа өмнө гайгүй л харилцаатай харагдаж байсан. Сүүлд Л**********аас асуухад орсон хүн болгонтой харддаг. Мөнгө төгрөг санхүү захиран зарцуулах эрх байхгүй, утсыг нь байнга шалгадаг. Сүүлийн үед манайхаар ирэхээ байсан. Хааяа чатаар мэнд мэддэг, гэрээсээ гарахгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Гэрч Ч.Азбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед сайн санахгүй байна 02 цагийн үед л байх. Би айлд унтаж байхад Т********** орж ирээд Л**********ын бие муудаад байна. Би эмч дуудахаар явлаа, хүүхэд хараад өгөөч гэхлээр нь би очсон. Гэрт очиход Л********** нь нүүр ам нь цус болсон, гэр нь ундуй сундуй болсон байсан. Л********** нь намайг ус хийгээд өгөөч гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай:
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 75-78-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-81-р хуудас/, Т**********ын Пүрэв, Т**********ын Түмэн-Өлзий, Т**********ын Нандин-Эрдэнэ нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 84, 90-р хуудас/, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/, Хохирогч Э.Л********** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Т********** нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Л**********ыг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Т**********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Э.Л**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Т.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Н.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Гэрч С.Далайжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Гэрч Ч.Азбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 75-78-р хуудас/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Т**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороодын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ч.Т********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ч.Т********** нь хохирогч Э.Л**********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 704,500 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Э.Л**********т 704,500 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 16-р хуудас)-гаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Т**********аас 704,500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Т**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Т********** нь урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-81-р хуудас/-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуульд зааснаар ялгүй болсон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Т********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Т********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн тэлээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шошигон овогт Ч******ын Т**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч******ын Т**********ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.Т**********т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.Т**********т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т********** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ч.Т**********аас 704,500 (долоон зуун дөрвөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн тэлээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн ************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т**********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР