Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Д.Б********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д**********ын Б**********өд холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Д.Б********** нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Шар даваа гэх газраас хохирогч Б.Ба******ийн эзэмшлийн 1 тооны хээр зүсмийн шүдлэн насны адууг хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б********** нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Шар даваа гэх газраас хохирогч Б.Ба******ийн эзэмшлийн 1 тооны хээр зүсмийн шүдлэн насны адууг хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн **********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2022 оны 12 дугаар сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Манай сумын иргэн Батбаярын адуу Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн нутаг Гэгжгээ гэх газарт бэлчиж байсан. Тухайн адуунд манай сумын иргэн Ба******ийн хээр зүсмийн байдсыг наймаалцахаар ярьж тохирсон байсан. Гэхдээ Ба****** ах албан ёсоор хариу өгье гээд таг болчихсон. Би Батбаярын адуунд байсан Ба****** ахын хээр зүсмийн байдсыг барьж аваад гэрээсээ урд зүгт 4-5 км орчим зайд “Зүрхийн ар” гэх нэртэй газрын ууланд аваачиж модноос уяж орхисон. Маргааш нь Хатгал тосгоны төв оруулж Б********** гэх хүнд өрөндөө өгсөн. ...би Б********** ахад 800,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Ба******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 12 дугаар сарын 20-ны үед Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 2 дугаар багийн нутаг Шар даваа, Чоён гэх газар адуундаа яваад гэртээ ирэхэд Алаг-Эрдэнэ сумын иргэн Ганаа гэх залуу манай гэрт ирсэн сууж байсан. Ганаа надад хэлэхдээ хээр зүсмийн саран тамгатай байдсан гүү алдсан. Миний хайж яваа адууны тамга танай тамгатай адилхан байна гэхэд нь би харин тийм ээ, манай адуу саран тамгатай, би сая адуундаа яваад ирлээ хамт явж адууг очиж үзье гэж хэлээд адуун дээр очоод би Ганаад хандаж энэ адуун дотор чиний алдсан адуу байна уу гэж асуухад тэр байна гээд миний хээр зүсмийн шүдлэн байдсан гүүг шууд заасан. Би Ганаа гэх залуугаас чи хэнээс авсан юм гэж асуухад би Болдоо буюу Б********** ахаас авсан гэж байсан. Би чамд өөрийн адуугаа өгөхгүй чи Б**********тайгаа учраа ол гэж хэлээд энэ хээр байдсан гүүний зургийг сайн дарж ав гэж хэлээд явуулсан. Тэгээд би нэг хэсэг ажлаар хөдөө явж байгаад 2023 оны 01 дүгээр сарын үед Хатгал тосгоны төвд Б**********тай таараад чи тэр Ганаад өгдөг хээр байдсыг хэнээс авсан юм гэж асуухад би Хожгор буюу Б**********тэй наймаа хийгээд өөрийн азаргын үнэнд Хожгор буюу Б**********өөс авсан гэж байсан. Ганаа надад хэлэхдээ адуундаа аваачиж тавиад өглөө адуундаа очиход алга болсон байсан гэж байсан. Би анх хулгай авсан талаар мэдээгүй. Миний хээр байдсан гүү адуундаа өөрөө гүйж ирсэн байсан. Хээр байдсан гүүний хойноос Ганаа хайж манайд ирээд болсон асуудлыг ярих үед хулгайд алдсан талаараа мэдсэн. Миний хулгайд алдаад буцаж адуундаа гүйж ирсэн байдсан гүү хээр зүсмийн, шүдлэн насны зөв талын хаа, гуян дээрээ саран тамгатай адуу байгаа юм. Гүйж ирснийх нь дараа харахад буруу талын амны завж хэсгийн үс халцарсан байсан... Надад гомдол, санал хүсэлт байхгүй. Миний адуу өөрөө адуундаа гүйж ирсэн, надад хохирсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч И.Б**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг хулгайд алдсан гэх адуу нь 2022 оны 10 дугаар сарын эхээр Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн Хожгор гэх хочтой залууд өөрийн хул зүсмийн азарган үрээгээ худалдсан. Хожгор буюу Б********** гэх залуу надад оронд нь байдсан гүү өгөхөөр болж тохирсон боловч Хожгор буюу Б********** хугацаандаа өгөхгүй байж байгаад 2022 оны 12 дугаар сарын 10-ны үед чамаас худалдаж авсан азаргын чинь үнэ гэж хээр зүсмийн шүдлэн байдас гүү авчирч өгсөн. Тэр үедээ хамт хээр зүсмийн азарга зарах гэж байгаа гээд авч явахад нь аав Ичинхорол худалдаж авсан... Би уг худалдсан азаргын үнэ болох хээр шүдлэн байдсыг адуундаа тавьсан боловч тухайн шөнөдөө адуунаас салаад алга болсон байсан. Манай адуу тухайн үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг Харгана гэх газар байсан. Ойр хавиар нь 3 хоног хайсан боловч олдохгүй байхаар нь надад авчирч өгсөн. Хожгор буюу Б********** гэх залуутай холбогдож, “чиний надад хул азаргын үнэнд өгсөн байдас алга болсон, хаана очих боломжтой” талаар асуухад надад “би өөрөө хайж олж өгнө” гэж хэлсэн. Хэд хоног сураг тавьж байхад Бэрхэмшийн сайр Шалтаалгын даваа гэх газар 1 тооны хээр байдас явж байсан гэх сураг сонсоод араас нь Ганаа дүүгээ явуулсан. Ганаа сурч явсаар Ба****** гэх айлын адуунд байхад нь авах гэсэн боловч Ба****** гэх хүн уг хээр байдсыг “миний адуу байгаа юм, чи хаанаас хэнээс авсан юм” гэж асуухад нь би Хожгор буюу Б********** гэх хүнээс авсан гэж хариулаад зургийг нь дарж ирж надад үзүүлсэн. Миний хул азаргын үнэнд өгсөн хээр зүсмийн шүдлэн байдсыг Хожгор буюу Б********** гэх залуу Ба****** гэх айлын адуунаас хулгайлж аваад надад авчирч өгсөн. Хулгайн адуу гэдгийг би сүүлд мэдсэн... Миний хул азаргын үнэ гэж надад хээр зүсмийн шүдлэн байдсан гүү авчирч өгөх үедээ ганцаараа цагаан өнгийн Сэрс маркийн тээврийн хэрэгслээр ачиж ирсэн. Хожгор хочтой Б**********ийн авчирч өгсөн адуу хээр зүсмийн шүдлэн насны зөв талын хаа, гуян дээр нь саран тамгатай адуу байсан... хохирол болох 800,000 төгрөгийг надад Б********** нь бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 33-р хуудас/,

Гэрч Ш.И**********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Хожгор буюу Б********** нь надад хээр зүсмийн үүр сүүлтэй хөгшин азарга авчирч 700,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн үед манай төрсөн хүү болох Б**********ын хашаанд хээр азаргыг уясан. Мөн хээр зүсмийн байдсыг хол уясан байсан. Би хээр азаргыг нь авсан. Манай хүү Б**********т Хожгор хээр зүсмийн байдсаа мөнгөний оронд өгөөд явсан. Ийм л зүйл болсон. Манай хүү Б**********ын хашаанд хээр азаргыг аваад ирлээ гэж утсаар хэлэхээр нь би очиж хараад авсан юм. Яг ямар тээврийн хэрэгслээр ачиж ирсэн талаар мэдэхгүй байна. Б**********т өгсөн байдас туранхай, хээр, жижиг биетэй байдас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-12-р хуудас/,

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-20-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21-22-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 88-89-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 78-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-923/5980 дугаартай шинжээчийн:”...шүдлэн насны охин адуу 800,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 49-52-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68-р хуудас/, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолтын хуулбар /хх-ийн 69-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн **********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч Д.Б********** нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Шар даваа гэх газраас хохирогч Б.Ба******ийн эзэмшлийн 1 тооны хээр зүсмийн шүдлэн насны адууг хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Б**********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Ба******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч И.Б**********ын /хх-ийн 29-30, 33-р хуудас/, гэрч Ш.И**********ийн /хх-ийн 45-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-12-р хуудас/,

Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-20-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21-22-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 88-89-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23-р хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 78-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-923/5980 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-52-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Д.Б********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Б********** нь хохирогч Б.Ба******ийн 1 тооны адууг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б********** нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-77-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Д.Б**********ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоож, 6 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

Эрүүгийн **********дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Б**********ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн **********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 метр урттай суран бугуйл 1 ширхэг, морины суран төмөр амгаатай хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн **********дугаар хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Шарнууд овогт Д**********ын Б**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д**********ын Б**********ийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б**********ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоож, 6 (зургаа) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас гадагш явахыг хориглосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн **********дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Б**********ийн хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      6. Эрүүгийн **********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 метр урттай суран бугуйл 1 ширхэг, морины суран төмөр амгаатай хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн **********дугаар хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б**********өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР