Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 11

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Т.Цолмонбаяр, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

шүүгдэгч Н.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Норзонгийн Сүхбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дарханыхан овогт Төмөрийн Цолмонбаяр нарт холбогдох 201526030540 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           1.Монгол улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 2 дугаар баг 8 дугаар хэсэг 3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дарханыхан овогт Төмөрийн Цолмонбаяр /РД:МХ81060712/

2.Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ах, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 15-114 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын  08-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овогт Норзонгийн Сүхбаатар, /РД:ЧЗ70091215/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Цолмонбаяр нь Н.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Эко констракш” ХХК-ны барилга дээрээс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15 метр обой, 1 хайрцаг буюу 0,944 метр кв плита, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4 боодол буюу 60 метр обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8.98 метр кв плита, 1 боодол буюу 15 метр обой, 18 литр буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 765.950 төгрөгийн  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Сүхбаатар нь ялтай байхдаа давтан үйлдлээр Т.Цолмонбаяртай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Эко констракш” ХХК-ны барилга дээрээс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15 метр обой, 1 хайрцаг буюу 0,944 метр кв плита, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4 боодол буюу 60 метр обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8.98 метр кв плита, 1 боодол буюу 15 метр обой, 18 литр буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 765.950 төгрөгийн хохирол учруулсан, дээрх гэмт хэрэгтээ яллагдагчаар татагдсан байх үедээ буюу 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Цолмонбаяр: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сүхбаатар: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Г.Нансалмаагийн:“...2015 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутанд ажилдаа ирэхэд гэрээт ажилтан Цолмонбаяр, тухайн үед харуулаар ажиллаж байсан Сүхбаатар нар нийлж шөнө барилга дээрээс хулгай хийсэн гэж Цогттөгөлдөрөөс мэдсэн. Тэгээд барилга руу орж өрөөнүүдийг шалгаж үзэхэд 12 давхрын 1 тоотод обой байсан обой, 6 давхрын 3 тоотод байсан хайрцагтай плитанууд байхгүй байсан. Бусад зүйл нь байх шиг байсан. Урьд нь барилгын өрөөнүүдийг бүгдийг нь цоожлоод түлхүүрийг нь харуул дээр үлдээдэг байсан. Тэр өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 23-нд харуул Сүхбаатар дээр үлдээсэн байсан. Бүх өрөөнүүд цоожтой байсан ба 6 давхрын 3 тоот өрөө, 12 давхрын 1 тоот өрөөнүүдийг онгойлгож дээрх эд зүйлсийг авсан байсан. Нийт 448.000 төгрөгний эд зүйлс авч гарсан байсан. Цолмонбаяр, Сүхбаатар нар камерт машиндаа эд зүйл авч ачиж байгаад баригдсан. Тухайн камерыг эргүүлэн шүүхэд Цолмонбаяр, Сүхбаатар нарын дахин 2 удаагийн үйлдэл илэрсэн. Цолмонбаяр нь манай барилгын дотор заслын ажлын үүрэг гүйцэтгэгчээр гэрээ байгуулж хийж байсан. Харуул Сүхбаатар нь манай компанитай гэрээт харуул хамгаалалтын “Их уул залаат” ХХК-ы хамгаалалтын ажилтан байсан. Цолмонбаяр, Сүхбаатар нар нь хулгайлсан эд зүйлсийг буцааж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг. \ хх-ийн 29-30 дугаар хуудас\

Мөн хохирогч Г.Нансалмаагийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэхдээ: “...Нягтлангаас баримтуудыг авч, дутсан байсан барилгын материалуудын жагсаалтыг гаргасан. Жанбота бид хоёр цуг байж байгаад нягтлангаас баримтуудыг авсан. Тэгээд би нэгтгэж тооцоог гаргасан. Цолмонбаярын шаардах хуудсаар илүү авсан барилгын материалуудын тооцоо болон өөр бусад дутсан барилгын материалуудыг шүүж гаргасан. Илүү авсан материалуудыг гаргасан байсныг Цолмонбаяр нь сүүлд буцааж хүлээлгэж өгсөн... Орох ёстой илүү гарсан материалыг Цолмонбаяр Сүхбаатар нар хулгайлж авч гарсан байсныг эргүүлээд хүлээж авсан...” гэх мэдүүлэг \ хх-ийн 93 дугаар хуудас\

Хохирогч Д.Баяржаргалын: “...Урьд энэ хэрэгт хохирогчоор төлөөлж оролцож байсан. Г.Нансалмаа нь 2015 оны 12 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. ...Би тухайн хэрэг болох үед тус компанид ажиллаж байсан байсан бөгөөд юу болсон талаар мэднэ. 2015 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө манай дээр үүрэг гүйцэтгэгч компаний  Т.Цолмонбаяр гэх хүн, харуул хамгаалалтын ажилтан Сүхбаатартай хэлэлцэн тохирч обой, эмульс, плита зэрэг барилгын материал гаргасан байсныг харуул хамгаалалтаас камераар шүүж илрүүлсэн юм. Би тэр үед сүлжээний инженер учраас хяналтын камерыг өөрийн биеэр шүүж байсан. ...Манай байгууллагаас хулгайлсан эд хөрөнгийн талаар гомдол санал байхгүй. Цолмонбаяр, Сүхбаатар нарын зүгээс нийт 3 удаагийн үйлдлээр авсан барилгын материалуудыг тухайн үед бүгдийг нь хүлээн авсан. Цолмонбаярын эхнэр Баянбатыг энэ хэрэгт холбоотой байж магадгүй гэж үзээд байгаа. Цолмонбаярын эхнэр Баянбат нь “Эко констракшн” ХХК-д туслах ажилтан байж байгаад энэ хэргээс болж ажлаас халсан...” гэх мэдүүлэг \ хх-ийн 128 дугаар хуудас\

Гэрч Б.Ганцацралын: “...Би 2015 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө манай камерууд бүгд унтарч техникийн саатал гарсан. Тэгэнгүүт манай компани өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад инженер, техникийн албаныхан болон харуулуудыг нэмэлтээр ажиллуулсан. Тэр үеэр би бас дуудагдаж ирээд, 4 дүгээр пост буюу “Кингийн-1” гэж нэрлэгддэг постны харуулаас гадна талаас гэрлээ унтраасан машин орж ирээд байна гэсэн мэдээлэл ирсэн. Тэгээд би тухайн постон дээр очиж камерийг шүүж үзээд “Кинг таур”-ын нэмэлтээр баригдаж байсан барилга руу харуул явуулахад хашааны хаалгаа нээж өгөхгүй байсан бөгөөд дотроос нь харуул нь “ эдгээр хүмүүс нь багаж авч байгаа гэрээт ажилчид” гэж хэлсэн. Манай харуул буцаад явангуут барилга доторх харуул нь тухайн машиныг гаргаж явуулсан. Би тэр үед үйл явцыг камераар харж байсан. Би өөрийн биеэр очиж харуултай нь уулзаж рапортон дээр бичсэн зүйлийг үзэхэд гар дрилл, төмөр хайрцаг гэх мэт ойр зуурын гар багажнууд авч гарсан гэж бичсэн байсан. Тэр талаар Цогттөгөлдөрт хэлэхэд “бичлэгээ байлгаж байгаарай маргааш үзнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд өглөө 08 цагт Цогттөгөлдөр ирээд камерыг шүүж үзээд юм хулгайлсан байсныг мэдсэн. Тэгээд тэр хүмүүсийг “Эко констракшн”-ныхан цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг \хх-ийн 33 дугаар хуудас\

Гэрч Д.Цогттөгөлдөрийн: “...Манай “Эко констракшн” ХХК-ны захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал”хотхонд баригдаж буй “Кинг Таур” барилга дээрээс 2015 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн үед хулгай хийж байна гэсэн мэдээллийг 01 цагийн үед “Маршал” хотхоны “Юниверсаль нетворк” харуул хамгаалалтын Ганцацрал гэдэг хүн мэдэгдэхэд нь “би өглөө очиж байгаад камерыг чинь шүүж шалгая” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 24-ны өглөө 10 цагийн үед Камер шүүлгэж үзэхэд цагаан өнгийн “Соната-6” маркийн автомашин нь “КИНГ ТАУР” барилгын харуултай хаалгаар “Эко констракшн”-ы гүйцэтгэгч байгууллага “Идэр жавхлант мөрөн” барилгын компаний захирал Цолмонбаяр гэх орж ирэн барилгын материал ачиж байгаа бичлэг, харуул Сүхбаатар нь өөрөө ачиж өгөөд гаргаж байгаа байдлаар камерийн бичлэгт бичигдсэн байсан. Тэгээд тэр өглөө Цолмонбаяр өөрөө байсан бөгөөд түүнтэй уулзахад барилгын материал авсан гэдгээ хүлээж, өнгөрсөн шөнө авсан материалуудаа буцааж өгсөн. Тэр өдрөө цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргах болсон. 40х40 хэмжээтэй харьцаатай 4 хайрцаг плита, 1 ширхэг боодол обой, 10 литрийн эмульс зэрэг зүйлсүүд авч гарсан байсан. Тухайн хэрэг гарсан “Кинг Таур-1” барилга нь “Кинг Таур” цогцолборын хойд хэсэг юм. Тэр хойд хэсгээр хог ачих ачааны машин л орж гардаг. Жижиг машин орж гарах ёсгүй газар юм. Тэр хэсэгээрээ нэг харуултай нэг камер байдаг нь “Юниверсаль нетворк” харуул хамгаалалтын компаний камер юм. Тэр үед жижиг тэрэг орж гарсан байсан нь сэжигтэй байсан тул камерыг шүүж ирүүлсэн...” гэх мэдүүлэг \хх-ийн 34 дүгээр хуудас\

            Гэрч Ц.Ганхуягийн: “...Норзон овогтой Сүхбаатар нь 2011 оноос хойш манайд хамт амьдарсан юм. 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Маршал Таун хотхоны хашаан дотор барилга дээрээс хулгай хийж байгаад гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Тэгээд тухайн эрүүгийн хэрэгт нь би өөрийн эхнэр Мияжавын Түвшинжаргалын хамт Сүхбаатарыг 2015 оны 8 дугаар сарын 3-нд батлан даалтанд авсан юм. Намайг батлан даалтанд аваад өг гэж гуйсан. Сүхбаатар манайхтай удаан хамт амьдарч байсан юм. Тийм болохоор нь итгээд батлан даалтанд авсан юм. Батлан даалтанд авахдаа баталгаа бичиж өгсөн. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр нэг өдөр манайхаас гарч явахдаа Сүхбаатар шүүх хурлаар орох гэж байгаа хэрэг шийдэгдсний дараа Дарханы чулуу шохойн газар ажиллана гэж ярьж байсан. Шүүх хуралд орно гэж гарч яваад тэр чигтээ дахиж ирээгүй алга болсон. Түүнээс хойш өдий хүртэл сураггүй байгаа. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/,

            Гэрч М.Түвшинжаргалын “...Батлан даалтанд авчихаад дараагаар нь Сүхбаатар одоо бид хоёр олон хүүхэдтэй өөрсдөө орлого байхгүй, толгой мэдээд авчихсан итгэл битгий алдаарай, тухай бүрт очиж байцаагчдаа бүртгүүлж байгаарай гээд нөхөр Ганхуяг бид хоёр хэлтэл Сүхбаатар “тэгэлгүй яахав, санаа зоволтгүй, бүх хэргээ өөрөө даана” гэх зэрэг юм зүйл хэлж яриад явж байгаад 2015 оны 10 дугаар сарын үед манай гэрээс хэрэг таслагдах гэж байна гэж хэлээд гараад явснаас хойш холбоо бариагүй. Утсаа салгаад сураг чимээгүй алга болсон. Үүнээс хойш Сүхбаатарыг шалгаж байсан байцаагч нь манай гэрээр 2-3 удаа ирсэн. Нөхөр Ганхуягийг маш олон удаа батлан даалтанд авсан хүн чинь хаана байна гээд дуудаад би нөхрийнхөө хамтаар Сүхбаатарыг сураглаад зөндөө хайсан боловч олдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 166 дугаар хуудас/,

 

            Шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад нотлох баримтууд

2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл \ хх-ийн 24 дүгээр хуудас\

2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Н.Сүхбаатарыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, батлан даалтанд авсан баримт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 63 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 66 дугаар хуудас/,

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Эрэн сурвалжлах зарлах тухай баримт /хх-ийн 138-144 дүгээр хуудас/,\

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаартай Эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 147 дугаар хуудас/,

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 160 дугаар хуудас/,

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 161 дүгээр хуудас/,

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 550 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай прокурорын тогтоол /хх-ийн 163 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Цолмонбаяр сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2015 оны 03 дугаар сараас Эко констракшнтай гэрээ байгуулж дотор заслын ажил хийхээр гэрээ байгуулж ажиллаж байсан. 2015 оны 05 дугаар сард Сүхбаатар гэдэг харуултай танилцсан. Харуул Сүхбаатар “Юм авч гарч болно шүү” гэж санал тавьсан. 2015 оны 05 дугаар сарын 30-нд орой 21 цагийн үед 1 ширхэг Обой, 1 хайрцаг плитаг авч гарсан. 2015 оны 06 дугаар сарын 08-нд өглөө 05 цагийн үед 4 хайрцаг плитаг авч гарсан. Хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед 1 ширхэг обой, 30*30 см хэмжээтэй 3 хайрцаг плита, 30*60 см хэмжээтэй 2 хайрцаг плита, 18 литрийн савтай эмульс авч гарсан. Эдгээрийг авч гарахдаа харуул Сүхбаатартай ярьж байгаад авч гарч байсан. 52-79 УБИ улсын дугаартай Соната 6 маркийн автомашинаар тухайн эд зүйлсийг тээвэрлэж авч явсан. Хамгийн эхэнд юм авч гарахад туслах Түвшинбаттай авч гарсан. Түвшинбат хулгай авч гарч байгааг мэдээгүй. Аваад гар гэснийг л авч гарсан. Нийт 6 ширхэг обой авсан. 1 ширхэг обой нь 1 метрийн өргөнтэй, 15 метрийн урттай. 18*60  см хэмжээтэй плита 1 хайрцаг, 30*30  см хэмжээтэй плита 3 хайрцаг, 30*60 см хэмжээтэй 2 хайрцаг плита, 1 тал эмульс авсан. Эхнийх нь 12 давхарын 1 тоотоос, хоёр дахь эд зүйлсийг 8 давхрын 4 тоот, гурав дахийг нь обойг нь 12 давхрын 1 тоотоос, плитануудыг 6 давхраас тус тус авсан. Сүхбаатарт эхний удаа 6000 төгрөг өгсөн. Дараагийн удаа 10000 төгрөг өгсөн, 3 дахь удаад нь юм өгөөгүй...Сүхбаатарын ээлжин дээр л юм авч гарч байсан. 72-59 УБИ Соната 6 маркын автомашинд ачиж авч явсан. Би Бүрэн гэдэг хүнээс зээлээр авсан машин юм. Одоогоор Бүрэн гэх хүний нэр дээр гэрчилгээ нь байдаг...” гэх мэдүүлэг \хх-ийн 40 дүгээр хуудас\

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Цолмонбаяр яллагдагчаар мэдүүлэхдээ:“...Өөрийн барьж байсан байшиндаа ашиглах зорилгоор авсан байсан. Гэхдээ бүгдийг нь ашиглаагүй байсан. Одоо бүгдийг нь буцааж хүлээлгэж өгсөн байсан. Би авсан эд зүйлсээ бүгдийг нь гэртээ хадгалж байсан...” гэх мэдүүлэг. \хх-ийн 47 дугаар хуудас\

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.Сүхбаатар сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2014 оны 7 дугаар сарын 17-нд “Их-Уул, залаат” ХХК-д харуул хамгаалалтын ажилд орсон. Тухайн “Эко констракшн”-ны барилга дээр 2015 оны 5 дугаар сарын 02-ноос гарч эхэлсэн. Тэнд гарах хугацаандаа гэрээт ажилчин Цолмонбаяр гэдэг хүнтэй танилцсан. Цолмонбаяр надад хэлэхдээ “ би байшин янзалж байгаа тэгээд энд жаахан юм бэлдсэн байгаа. Би үүнийг аваад гарах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 30–нд оройны 21 цагийн үед машинтайгаа ирээд, нэг боодол обой, 1 хайрцаг плита авсан. Дараагийнх 2015 оны 06 дугаар сарын 08-нд өдөр 12 цаг 30 минутаас 14 цагийн хооронд цайны цагийн үед над дээр ирээд  “3 обой байгаа, энэ гурвыг авах гэсэн юм” гэж хэлсэн. Орой 21 цагийн үед ажилчид буусан үед авч явсан. 2015 оны 06 дугаар сарын 23-нд орой 19 цагийн үед орж ирчээд, 00 цаг 30 минутын үед 3 хайрцаг плита, 1 ширхэг обой, 20 орчим литрийн савтай эмульс авсан. Эхнийх нь яг хаанаас гарсныг мэдэхгүй байна. 2 дахийг Цолмонбаяр 7 давхараас гаргасан. 3 дахийг нь 12 давхрын 1 тоотоос гаргасан...хамгийн эхэнд Цолмонбаяр хашаан дотроос юм авсны дараа надад тамхи аваарай гэж 6 мянган төгрөг өгсөн. 2 дахь удаагаа юм гаргасны маргааш буюу 2015 оны 06 дугаар сарын 09-ны өглөө манаачийн путкинд орж ирээд 10000 төгрөг өгсөн. Сүүлд нь мөнгө аваагүй. 2015 оны 06 сарын 23-ны шөнө 01 цагийн үед юм авч гарсны дараа камерт гарч явж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг. \хх-ийн 45 дугаар хуудас\

Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин мэдүүлэхдээ: “...Би 2015 онд дээрх хэргийг үйлдэж, шалгагдаж байхдаа 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр оргон зайлсан нь үнэн. Би урьд нь ял шийтгэгдэж байсан болохоор айгаад дахин ял эдлэхээс айгаад оргон зайлсан. Тэр үед буюу 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр урьдны танил Мөнхөө гэх хүн надад хөдөө явж мал маллаж, ногоо тарих санал тавьсан юм. Би тэр саналыг нь хүлээн зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Баруун хараад байдаг Мөнхөөгийн найз болох Батчулуун гэх айлынх руу явсан. Явахдаа Батчулууны эхнэр Гандий гэх эмэгтэйтэй автобусаар явсан. Тэгээд тэр айлд очиж өвөлжөөд, 2016 оны 08 дугаар сарын 01-нд тэндээс гараад Улаанбаатар хотод Мөнхөөгийнд очсон. Мөнхөөгийнх Дэнжийн мянга руу явах 32-ын буудалд байдаг. Яг тодорхой хаягийг нь мэдэхгүй байна. Мөнхөөгийнд байж байгаад 2016 оны 8 дугаар сарын 16-29 хүртэл Шарга морьт руу самранд явсан. Тэгээд саяхан ажилд орох гээд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооноос тодорхойлолт авах гэж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 177 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Т.Цолмонбаярын иргэний үнэмлэхний лавлагаа \ хх-ийн 51, 110 дугаар хуудас\

- Т.Цолмонбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \ хх-ийн 52 дугаар хуудас\

- Т.Цолмонбаяр, Өлзийбат овогтой Бүрэн нарын “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар \ хх-ийн 53-56 дугаар хуудас\

- Т.Цолмонбаярын ам бүлийн тодорхойлолт \ хх-ийн 57 дугаар хуудас\

- Төмөр овогтой Цолмонбаяр, “Эко констракшн” ХХК  үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхтуяа нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар \ хх-ийн 58-60 дугаар хуудас\,

- Н.Сүхбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа \ хх-ийн 67, 109 дүгээр хуудас\

- Н. Сүхбаатарын ял шийтгэгдсан эсэхийг шалгах хуудас \ хх-ийн 68 дугаар хуудас\

- Н.Сүхбаатарын зан байдал засрал хүмүүжлийн тодорхойлолтын хуулбар, суллагдсан тухай лавлагааны хуулбар \ хх-ийн 72 дугаар хуудас\,

- “Их Уул Залаат ХХК-ийн захиралын тушаал” 2015 оны 06 дугаар 27-ны өдөр  ажилд авах ,ажлаас халах тушаал \ хх-ийн 73, 79 дүгээр хуудас\

- Н.Сүхбаатарын ам бүлийн тодорхойлолт \ хх-ийн 77 дугаар хуудас\

- Н.Сүхбаатарын цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт \ хх-ийн 78 дугаар хуудас\

- Н.Сүхбаатарын 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт \ хх-ийн 80-84 дүгээр хуудас\

- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар \хх-ийн 107-108 дугаар хуудас\,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар \ хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

            Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Цолмонбаяр нь Н.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “ Эко констракш” ХХК-ны барилга дээрээс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15 метр обой, 1 хайрцаг буюу 0,944 метр кв плита, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4 боодол буюу 60 метр обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8.98 метр кв плита, 1 боодол буюу 15 метр обой, 18 литр буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 765.950 төгрөгийн  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Сүхбаатар нь Т.Цолмонбаяртай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Эко констракш” ХХК-ны барилга дээрээс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15 метр обой, 1 хайрцаг буюу 0,944 метр кв плита, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4 боодол буюу 60 метр обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8.98 метр кв плита, 1 боодол буюу 15 метр обой, 18 литр буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 765.950 төгрөгийн хохирол учруулсан,

 дээрх гэмт хэрэгтээ яллагдагчаар татагдсан байх үедээ буюу 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Нансалмаагийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас, 128 дугаар хуудас/, гэрч Б.Ганцацралын мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Д.Цогттөгөлдөрийн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Д.Түвшинбатын мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/, гэрч Ц.Ганхуягийн мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/, гэрч М.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 166 дугаар хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 24 дүгээр хуудас/,2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Н.Сүхбаатарыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, батлан даалтанд авсан баримт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 63 дугаар хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Сүхбаатар, Т.Цолмонбаяр нар нь үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар батлагдсан, эдгээр нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Т.Цолмонбаярыг урьдчилан үгсэн тохирч, бүлэглэн, давтан үйлдлээр,  машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Сүхбаатарыг урьдчилан үгсэн тохирч, бүлэглэн,  давтан үйлдлээр,  машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Сүхбаатар нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, 2011 оны 09 дүгээр сарын 03-өдөр ялын хугацаа дуусч суллагджээ.

Прокуророос шүүгдэгч Н.Сүхбаатарыг ялтай байхдаа буюу ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т “эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч Н.Сүхбаатарыг  ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохыг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй байна  гэж шүүх үзэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Сүхбаатарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцааж өгсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл болгон  харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.Цолмонбаярт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан шүүгдэгч Т.Цолмонбаярын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн цаг хугацаанд хамаарч байх тул  тухайн Өршөөл үзүүлэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо /эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/ буцааж өгсөн байна.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд  гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, түүний үнийг заавал хураахаар заасан тул энэ хэрэгт битүүмжлэгдсэн 72-59 УБИ улсын дугаартай “Хюндай соната-6” маркийн авто машины үнэ 7,800,000 төгрөгийг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ шүүгдэгч Н.Сүхбаатар, Т.Цолмонбаяр нараас хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хэрэг үйлдэх үед унаж явсан 72-59 УБИ улсын дугаартай “Хюндай соната-6”маркийн тээврийн хэрэгсэл нь Ө.Бүрэнгийн эзэмшлийнх бөгөөд шүүгдэгч Т.Цолмонбаяр нь 7,800,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийсэн боловч төлбөрөө бүрэн төлөөгүй болох нь тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ,/хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,иргэний нэхэмжлэгч Ө.Бүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,  тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдож байх тул /хавтаст хэргийн 112, 115 дугаар хуудас/ Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн   2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

        Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Сүхбаатарын цагдан хоригдсон 81/наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.Цолмонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж байна