Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Оюун |
Хэргийн индекс | 116/2021/0013/З |
Дугаар | 116/ШШ2021/0020 |
Огноо | 2021-11-22 |
Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 116/ШШ2021/0020
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..... оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: …. аймгийн Засаг дарга болон ГХБХБГ-т холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамж хүчин төгөлдөр байсныг тогтоох, ...захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 2000 оны 225 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 275 м2 газрын эзэмших эрхийг сунгаж эзэмшүүлэхийг аймгийн Засаг дарга М.Б-ддаалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, гэрч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын Засаг даргын 2000.10.24-ний өдрийн 225 дугаар захирамжаар “Ивээл” хороолол буюу Хэрлэн сумын 6-р баг, одоогийн “*******” бөөний төвийн зүүн талд залгаа 600м2 газар олгохоор шийдвэрлэсэн. Гэвч газрыг нарийвчлан хэмжиж байршлыг тогтооход 275м2 баруун зүүн тийш нь хойш урагшаа 25 м2 талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон. Тухайн үед тэнд байгаа газрын байршлыг Хэрлэн сумын 6-р багийн Засаг дарга /Зоригтбаатар гэдэг шиг санаж байна/-д газар дээр нь үзүүлж, заалгаж аваад ямар нэг хүн эзэмшиж ашигладаггүй гэдгийг нь судлуулж, эзэмшиж болох тодорхойлолт олгосон. Тэр үед газрын байршлын схем зураг гараар зурж өгдөг байсан ч би Барилга зургийн товчоонд ажиллаж байсан гэдэг хүнээр зуруулсан. Ингээд өргөдөл, шаардлагатай баримтыг бүрдүүлж, Хэрлэн сумын газрын даамал *******, архитектор Г нарын өрөөнд албан ёсоор өгсөн. Түүний үндсэнд захирамж гарч 2001 онд газар эзэмших эрхийн дагуу гэрээ байгуулж, газрын төлбөрөө жил бүр төлж байсан.
2015 онд миний газар эзэмших хугацаа дуусаж хугацаа сунгуулах хүсэлтийг газрын албанд гаргасан. Гэтэл 1995 оны 03 тоот захирамжаар 300м2 талбай бүхий уг газрыг эзэмшдэг, газрын нэгж талбарын хувийн хэрэг үүсгэгдсэн тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш маргаан үүссэн, маргааны явцад 2000 онд газрын албанд бүрдүүлж өгсөн өргөдөл хүсэлт холбогдох бичиг баримтууд алга болсон гээд гаргаж өгөөгүй. Уг бичиг баримтанд газрын байршлыг заасан схем зураг авсан гэрчилгээн дээр заасан газар яг таарч байгаа. Гэтэл өөрөө хөөцөлдөж уулздаггүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж газрыг надаас чөлөөлүүлэхийг шаардсан маргаан 2 жил шахам иргэний шүүхээр явж шинжээчийн дүгнэлт давхардуулан олгосон гэж тогтоосон ч шүүхээс 2019.12.23-нд шийдвэрлэхдээ Дорнод аймгийн Засаг даргын 2009.06.26-ны 205 дугаартай захирамж, Хэрлэн сумын Засаг даргын 2000.10.24-ний өдрийн 225 дугаартай захирамжуудын аль нь хуулийн хүчин төгөлдөр болохыг урьдчилан шийдвэрлүүлж, шаардлагатай гэж үзэн уг хэргийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд миний бие Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хэрлэн сумын газрын алба хариуцсан хүмүүст удаа дараа санал хүсэлт гомдол гаргасан ч үндэслэлтэй хариу өгч материалаа газар дээр нь шалгахгүй, миний материалыг гаргаж өгөхгүй одоог хүрсэн. Хамгийн сүүлд 2021 оны 4 сард өгсөн өргөдлийн хариуг 2021.05.07-нд өгсөн, миний өргөдлийн агуулга утга санаанд нийцэхгүй хариу өгсөн. Уг хариунаас үзэхэд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албаны ажилтнууд ямар хайхрамжгүй, асуудлаа ойлгож шийдвэрлэдэггүйг харуулж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” бөөний төвийн зүүн талд 275м2 газрыг эзэмших байгаа нь үнэн болохыг тогтоож, 275 м2 газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөхийг Засаг даргад даалгаж өгнө үү. Иргэн *******нь 2000-2020 оныг хүртэл Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар уг газрыг эзэмшиж, ашиглаж байсан. 2015 онд эзэмшиж буй газрын хугацааг сунгуулах хүсэлтийг Газрын харилцааны газарт гаргасан. Гэтэл “Энэ газарт Энхжаргал гэж хүн байна” гэж мэдэгдсэн. Ингээд Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах эрхтэй гэж” хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгож чадсан. 2008 онд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хууль шинэчлэгдсэнтэй холбоотой газар эзэмших эрхийн гэрчилгээний шинэчлэлтийн ажил өрнөж, зурагтаар зарлуулсан байдаг. *******нь холбогдох материалуудыг бүрдүүлж Газрын албанд аваачиж өгөхөд “Гэрчилгээг шинэчлэх шаардлагагүй, шинэ гэрчилгээ байна материал чинь болсон” гэж мэдэгдсэн байдаг. Гэтэл одоо газрын албанаас нэгж талбарын хувийн хэрэг нээлгээгүй байна гэж тайлбарлаад байх юм. Газрын албанаас “гэрчилгээ болж байна” гэж хэлсэн байхад өөр ямар баримт бүрдүүлэх ёстой байсан юм бэ? Энэ чинь төрийн үйлчилгээний газар шүү дээ. Хувийн хэрэг нээлгээгүй нь Гомбодоржийн буруу биш, нээлгээгүй гээд бүхэл бүтэн газар эзэмших эрхгүй гэж хэлж болохгүй. Нэхэмжлэгчийн хувьд өөрөөс шалтгаалах баримтыг бүгдийг нь гаргаж өгсөн.
2008 оноос 2015 оныг хүртэл ямар ч газраас ямар ч шаардлага тавиагүй. Газар дээр ямар ч маргаан үүсгэсэн зүйл байдаггүй. Тэр байтугай татварын албанаас хүртэл жил бүр татвараа төлөх мэдээллийг ирүүлдэг байсан ба үүний дагуу татвараа бүрэн төлдөг байсан. 2015 онд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул гэрээг сунгуулах хүсэлтээ гаргасан байдаг.
Анх тухайн газрыг авч байх үед давхцсан айл байгаагүй, схем зургийг хүртэл гаргаж харж байж эзэмшиж авсан байдаг. Гэтэл 1995 онд -дХэрлэн сумын 12 дугаар багт газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон ч уг захирамж дээр 32 дугаар байр гэж заасан зүйл байхгүй зөвхөн 12 дугаар баг гэж заасан байдаг. 2009 оноос хойш ч тухайн газрыг ашигласан зүйл байдаггүй. Энэ бол бүхэлдээ тухайн үед газар олгож байсан эрх бүхий ажилтан, төрийн байгууллагын ажилтны буруу гэж үзэж байна. Хэний газар дээр хэний газрыг давхардуулж олгосон болох нь тодорхой бус байна. Газрын албанд Гомбодоржийн хувьд анх өгч байсан баримтаа гаргуулах хүсэлт гаргахад “байхгүй байна” гэж мэдэгддэг. Тухайн баримт дээр бүх зүйл илэрхий байдаг, тухайн газрыг авахыг санал болгож байсан *******ын хүсэлтийг ч харах боломжтой. 2009 оны аймгийн Засаг даргын захирамж дээр 32 дугаар байрны баруун талд Энхжаргалд газар олгохоор заасан байна. Одоо 32 дугаар байрны баруун талд хоосон газар байдаг. “ИГ” ХХК-ийн газар, Гомбодоржийн газар залгуулсан байдаг. Одоо ч газар эзэмших эрх олгосон 2000 оны 225 дугаар захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа, үүнийг хүчингүй болгосон зүйл байхгүй.
Иймээс сунгагдах ч эрхтэй гэж үзэж байна. Тиймээс энэ газрыг эзэмших эрхийг сунгахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002.06.07-ны өдөр батлагдаж, 2003.01.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байдаг. Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т зааснаар аймгийн Засаг дарга нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй болсон. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байхыг шаарддаг. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн нь газар ашиглах тухай хүсэлтээ аймгийн Засаг даргад гаргахаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч аймгийн Засаг даргад хандаж “...инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмших” талаар ямар нэгэн хүсэлт, өргөдөл гаргаагүй байна.
2. Газрын тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар аймгийн Засаг даргын зүгээс хууль бус үйл ажиллагаа явуулаагүй.
Иймд нэхэмжлэгч *******нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг олж авах тухай хүсэлтээ хуулийн дагуу эрх бүхий этгээдэд хандаж гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -ын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохдоо хаягийг СМУ-ийн 32 дугаар байрны баруун талд гэж олгосон нь СМУ-ийн 32 дугаар байрны баруун талд байгаа “ИГ” ХХК-ийн газрын зүүн талд гэж ойлгогдохоор байна. Учир нь “ИГ” ХХК нь 2007 онд уг газрыг иргэн *******аас шилжүүлэн авч газар дээрээ үйл ажиллагаа явуулсан хэвээрээ байсан байна. Үүнээс үзэхэд иргэн -ын эзэмшиж авсан газрын байршил нь одоогийн *******-ийнамьдарч байгаа газар байсан бол “ИГ” ХХК-ийн баруун талд, эсхүл тойм зурагт тусгагдсан хаяг болох Чулуунхандын гражийн зүүн талд гэсэн хаягтай байхаар харагдаж байна. Гэтэл 32 дугаар байрны баруун талд гэсэн байгаа нь “ИГ” ХХК-ийн зүүн талд байхаар байгаа бөгөөд иргэн *******-ийн газартай давхцаагүй байх магадлалтай.
******* манай байгууллагад 2021.04 сард өргөдөл гаргахдаа “...миний бүрдүүлж өгсөн материалыг алга болгосон буруутай хүнээ тогтоож уг асуудлыг шалгаж хариу өгнө үү” гэсэн бөгөөд уг газартай нь холбоотой дээд шатны шүүхийн шийдвэр, мөн газар эзэмших эрхээ сунгуулахтай холбоотой асуудлыг огт дурдаагүй байсан. 2003 оноос өмнө Хэрлэн сумын Засаг дарга газартай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг байсан. 2003 оноос хойш аймгийн Засаг дарга газартай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг болсон. Ингээд манай алба байгуулагдаад Хэрлэн сумын Засаг даргаас тухайн үеийн холбогдох бүх баримтыг авсан. Энэ дунд зарим иргэдийн асуудал үлдсэн байх боломжтой гэж үзэж зурагтаар зар явуулж иргэдээс баримтыг авсан. Гэтэл нэхэмжлэгч 2008 онд Гантулга гэж хүнд өргөдлөө өгсөн гэж хэлж байна. Гэтэл Гантулга гэж хүн нь 2009 оны 08 дугаар сард газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт ажилд томилогдсон байгаа. Холбогдох материалыг буюу бичгээр ирсэн хүсэлтэд бичгээр хариу өгсөн байх ёстой. Одоо *******гэх хүнд ямар ч эзэмшлийн газар байхгүй гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1995.01.04-ний өдрийн захирамжийн дагуу Хэрлэн сумын 10 дугаар баг, “Ивээл” хороолол, Хивсний үйлдвэрийн ажилчдын байрны баруун тал, “*******” дэлгүүрийн зүүн талд байрлах 300 м2 газрыг -ын эзэмшилд шилжүүлсэн. Гэтэл уг газар дээр ******* дураараа өөрийн эд зүйлийг авчирч тавиад газрыг чөлөөлж өгөхгүй өдийг хүрсэн. Дээрхи 1995 оны захирамжийн дагуу нь 1999.08.30-ны өдрөөс 60 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг хувийн орон сууц, ногоо тарих зориулалтаар авсан. Ингээд Газрын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу аймгийн Засаг даргаас 2009 оны 205 дугаар захирамжаар гэрчилгээг шинэчлэн тогтоож, уг хугацааг 15 жилийн хугацаатай газрыг олгосон. Хууль ёсны дагуу газрыг эзэмшиж, ашиглаж, жил бүр газрын татвараа төлдөг байсан. Одоо уг газартаа айл буулгаж, хашааны хаалгаа сольсон боловч ******* нь үлдэгдэл зүйлсээ авахгүй, газрыг чөлөөлж өгөхгүй байна. ******* нь хууль бусаар гэрчилгээ гаргуулж авсан нь тодорхой бөгөөд 2000.10.24-ний өдөр 600м2 газар гражийн зориулалтаар авсан. Гэтэл маргааш нь газрын хэмжээ өөрчлөгдөж 275м2 болгож гэрчилгээг гаргуулсан байсан. Уг гэрчилгээний хугацаа нь 2015 онд дуусгавар болсон. Энэ гэрчилгээ сунгагдаагүй юм билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 3 үндсэн шаардлага гаргасан байдаг. Ингээд 2 нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа юм шиг байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах шаардлага гаргаж байгаа юм байна. Шинжээчийн дүгнэлтийн дагуу тухайн газрыг хоёр иргэн давхардуулан эзэмшиж байгаа болох нь тодорхой харагддаг. Гэхдээ өнөөдрийн байдлаар *******-дэзэмшүүлсэн газрын гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байна. Захиргааны акт нь хугацаа дууссанаар дуусгавар болох ёстой байдаг. Мөн анхдагч эзэмшигчийг ч мөн адил тогтоох ёстой. Ингээд харахад нь анхдагч эзэмшигч мөн болох нь тодорхой харагддаг. Анх нэхэмжлэл гаргахдаа Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулж гаргасан. Мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргасан байдаг. Энэ нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдуулж нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэсэн гэж үзэж байна.
Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу холбогдох гэрээ, гэрчилгээг шинэчлэх ажлыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хийдэг. Төрийн зохих байгууллагад хүсэлт гаргаж байсан хэдий ч шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд холбогдуулж гомдол гаргах ёстой байсан. Хэдийгээр Засаг даргад хүсэлт гаргасан ч урьд нь өөр этгээдийн эзэмшиж байсан газар тул анхдагч эзэмшигчид үлдээх нь зүйтэй. Газрыг давхардуулан олгосон нь газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын буруу үйлдэл мөн. 1995 онд тухайн газрыг эзэмшиж авсан байсан. Одоо ч тухайн газрыг эзэмших эрхтэй байгаа. Хуулийн хугацаа дуусгавар болсон зүйл байхгүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхийн зүгээс шинжээчийг томилж байгаа нь хуулийн дагуу юм. Газар давхцалтай байгаа гэдгийг хариуцагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн зүгээс хэлж байна. Төрийн эрх бүхий байгууллага газар олгосон, тодорхой хугацаанд татвар авсан байна. Үүнд иргэн буруугүй, төр захиргааны байгууллагын буруутай үйлдэл гэж хэлж байгаатай санал нэг байна. Гэхдээ иргэн *******-д олгосон газрын гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байна. Тиймээс захиргааны акт хүчин төгөлдөр бус болсон байна. Захиргааны актад заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд акт бүхэлдээ хүчингүй болж байгаа.
Газрын тухай хуулинд ч энэ талаар тодорхой заасан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, түүнийг сунгуулах хүсэлт гаргаагүй, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд “Газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Засаг даргад хүсэлт гаргана” гэж заасан байгаа. Бүрдүүлэх баримтыг хавсаргаад хүсэлтээ өгчихөөд байхад хугацааг нь сунгаж өгөөгүй Засаг даргын эс үйлдэхүй байх боломжтой.
Нэхэмжлэгч талаас “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах” хүсэлт гаргаагүй нь үнэн. Өөр байдлаар хүсэлт гаргаснаа төсөөтэй тайлбарлаад байх шиг байна. Мөн “заавал Засаг даргад хүсэлт гаргах шаардлагагүй, Газрын албанд энэ хүсэлтийг гаргах боломжтой” гэж хэлж байх шиг байна. Гэтэл энэ талаар хуулийн зохицуулалтыг нарийвчлан зааж өгсөн.
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах” эрх байхгүй, зөвхөн тухайн аймаг нийслэлийн Засаг даргад байдаг. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт эзэмшиж байгаа газар нь бусдын эзэмшилтэй давхцахгүй байх талаар дурдсан байдаг. Засаг дарга, газрын алба нь тус тусдаа үүрэгтэй болох нь тодорхой харагдаж байна. Засаг даргад хандсан зүйл байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг эргэж нэг харах хэрэгтэй болж байна. Нэгэнт өөрөө хандаагүй бол эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй. Маргаан бүхий байршилд Гомбодоржид газар олгох юм бол харин ч -ын эрхэд халдсан үйлдэл болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамж хүчин төгөлдөр байсныг тогтоох, ...захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож”[1] 2000 оны 225 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 275 м2 газрын эзэмших эрхийг сунгаж эзэмшүүлэхийг аймгийн Засаг дарга М.Б-д даалгуулах шаардлага гаргасан[2].
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаар захирамжаар иргэн *******омбодоржид, Хэрлэн сум 6-р баг “Гантиг” ХХК-ийн зүүн талд 600 м2 талбай бүхий газрыг ...граж зориулалтаар эзэмшүүлж[3], “Газар эзэмших эрхийн 07/14/002966 дугаар гэрчилгээг 2000.10.25-ны өдөр олгож[4], “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах, эзэмших 06 дугаар гэрээг 2001.01.16-ны өдөр[5], гуравдагч этгээд нь Хэрлэн сумын Засаг даргын 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар захирамжаар[6] Хэрлэн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт ...0.03 га газар эзэмшүүлж, газрын кадастрын зургийг баталгаажуулсаны дагуу, Хэрлэн сумын 6-р баг, СМУ-гийн 32 дугаар байрны баруун талд ахуйн зориулалтаар Дорнод аймгийн Засаг даргын 2009.06.26-ны өдрийн 205 дугаар захирамжаар 280 м2 шинэчлэн, “Газар эзэмших эрхийн 0159726 дугаар бүхий гэрчилгээг 2009.06.29-ний өдөр олгож[7], 2009.06.30-ны өдөр “Газар эзэмшүүлэх гэрээ”-г[8] тус тус байгуулсан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.”ж” “газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ”. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 “Аймаг, нийслэлийн газрын алба нь дараах эрх хэмжээтэй байна” хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3. “газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх”, 23.3.4 “газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг даргад тайлагнах”, 23.3.5 “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” талаар хуульчилсан.
2003 оноос өмнө газартай холбоотой асуудлыг Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэж байсныг, 2003.01.01-ний өдрөөс аймгийн Засаг дарга шийдвэрлэх эрхийн дагуу, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар /газрын даамал/-аас тус бүсэд хамаарах “Нэгж талбарын хувийн хэрэг”-ийг ирүүлсэн боловч иргэн *******-ийн “Нэгж талбарын хувийн хэрэг” байхгүй байсан гэх хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч *******-ийн2008.05.05-ны өдөр гэрээ, гэрчилгээ, газрын зураглал, иргэний үнэмлэх зэргийг хавсаргаж материалаа өгсөн, хэд хоногийн дараа ... таны гэрчилгээг солих шаардлагагүй гэсэн, 2015.03.23-ны өдөр ...газрын эзэмших эрхээ сунгуулахаар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад, ...шийдвэрлэх боломжгүй хэмээн 2015 оны 177 дугаар албан бичгээр[9] хариу өгсөн талаар тус тус тайлбарлаж байгаа болно.[10]
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлага тавигддаг. 2021.11.10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Газрын кадастрын мэдээллийн санд баталгаажсан зургийг газар дээр нь хийсэн хэмжилттэй давхцуулан үзэхэд 50м2 илүү хэмжээтэй хоорондоо давхацсан байдалтай, газар эзэмшигч -ын газар нь баруун урд хэсгээрээ урд талд байрлах “Цөм сүргийн үржлийн төв”-ийн эзэмшлийн газартай 38м2 давхцалтай гэжээ[11].
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Нэгж талбарын хувийн хэргийг татан үзэхэд: гуравдагч этгээд -д Хэрлэн сумын Засаг даргын 1995.01.04-ний өдрийн 03 дугаар захирамжаар Хэрлэн сумын 12-р багийн нутаг дэвсгэрт ...0.03 га газар эзэмшүүлэх эрх олгож, улмаар аймгийн Засаг даргын 2009.06.26-ны өдрийн 205 дугаар захирамжаар[12] 6-р баг СМУ-ийн 32-р байрны баруун талд 280м2 газар эзэмших эрхийн 0159726 дугаар бүхий гэрчилгээг[13] шинэчлэн олгосон, нэхэмжлэгч *******-д Хэрлэн сумын Засаг даргын 2000.10.24-ний өдрийн 225 захирамжаар, Хэрлэн сум 6-р баг “Гантиг” ХХК-ийн зүүн талд 600 м2 /275м2/ талбай бүхий газар эзэмших эрх, гэрчээр оролцож буй иргэн *******-т Хэрлэн сумын Засаг даргын 2000.05.20-ны өдрийн захирамжаар 6-р баг 32-р байрны баруун талд 362 м2 эзэмших эрхийг 2007.09.25-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр “ИГ” ХХК-д шилжүүлсэн байгаа бөгөөд эзэмшил газрын дээрхи захирамжууд хүчин төгөлдөр байгаа хэдий ч ... эзэмшүүлэх эрх олгогдсон газрын байршил хэмжээнүүд зөрөөтэй байгааг анхаарах нь зүйтэй. Тэрээр нэхэмжлэгч *******-д эзэмшил газар олгосон 2000.10.24-ний өдрийн 225 дугаар захирамжийн холбогдох заалтыг өөрчилсөн, хүчингүй болгосон шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй” юм. Харин эрх бүхий захиргааны байгууллага цааш үргэлжлүүлэн шалгах эрх нь нээлттэй. Хариуцагч Газрын алба нь ... иргэний эзэмшил газар болон ашиглалтад хяналт тавих, нэгж талбарын хувийн хэрэг нээх, газрын байршил давхцал байгаа эсэх талаар хянан шалгах үүрэг нь эрх бүхий байгууллагын эрхийн асуудал байхад хяналт шалгалтыг явуулаагүй, ...албан тушаалтны идэвхигүй үйл ажиллагаанаас үүдэж иргэн хэн аль нь хохирох учиргүй юм. Тодруулбал: тухайн үед иргэн *******-ийн хүсэлтийн дагуу ...маргаан бүхий 32-р байрны баруун, зүүн тал болон орчны газрын байршилд дахин хэмжилт хийж, нарийвчлан шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 “Монгол Улсын иргэн аж ахуйн нэгж байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно”. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5. “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” талаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч ******* нь Газар эзэмших эрхийн 07/14/00266 гэрчилгээ бүхий газар эзэмших гэрээг 2001.01.16-ны өдөр ...15 жилийн хугацаагаар байгуулсан, ...хоёр тал гарын үсэг зурсан үеэс эхлэн хүчин төгөлдөр байх гэрээний эрх үүргийн дагуу ...талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тэмдэглэл үйлдэх, газрын /хэмжилт/ ашиглалтын байдалд хяналт тавиагүй явж ирсэнээс гадна Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2015.03.23, 2021.04.11-ний өдрүүдэд хандсаны дагуу[14] ...гэрээг сунгах эсэх асуудлыг эрх бүхий байгууллага албан тушаалтан шийдвэрлээгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй.
Нэхэмжлэгчийн ...даалгуулах шаардлагын тухайд: даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус, эс үйлдэхүй болон татгалзлал аль алинд нь холбогдуулан гаргаж болно, нэхэмжлэгчийн тодорхой шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа, захиргааны байгууллагын зүгээс хууль бус татгалзал болох эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэл эсхүл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийг гаргах боломжтой. Мөн даалгах нэхэмжлэл нь үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах бөгөөд захиргааны албан тушаалтны хууль бус идэвхигүй байдлын эсрэг чиглэгддэг юм. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь нэхэмжлэгч *******-ийн нэр дээр /600м2 газраас 275 м2/ ...эзэмшил газрын эрх зүйн үйлчлэл нь хөндөгдөөгүй хүчин төгөлдөр байхад өөрийнх нь эзэмшил газрын асуудлыг шийдвэрлэхгүйгээр ... бусдын асуудалтай холбогдуулан татгалзсан хариу өгч байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3. газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим алдагдсан гэж үзэхээр байна.
Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000.10.24-ний өдрийн 225 дугаар захирамж хүчин төгөлдөр, ...газар эзэмших эрхийг хянан шалгаж шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй байгаа нь тогтоогдож байх тул 2000 оны 225 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан /600м2275 м2/ газрын байршилд дахин хэмжилт хийж, нягтлан шалгахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгож, ...сунгаж эзэмшүүлэх эсэхэд хуулийн дагуу шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. “ж”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.12, 23.4.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч *******-ийн, Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан, Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 225 дугаар захирамжаар /600м2/ 275 м2 газрыг эзэмших эрхтэй байсан болохыг тогтоож, эзэмшил газрын байршилд ...дахин хэмжилт хийж нягтлан шалгахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт үүрэг болгож, ...хуулийн дагуу шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Засаг дарга М.Б-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун төгрөгийг/ төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тус тус 35100 төгрөг, нийт 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН
[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас
[2] Хавтаст хэргийн 68-70-р хуудас
[3] Хавтаст хэргийн 7-9-р хуудас
[4] Хавтаст хэргийн 7-р хуудас
[5] Хавтаст хэргийн 10-11-р хуудас
[6] Хавтаст хэргийн 142-р хуудас
[7] Хавтаст хэргийн 127-р хуудас
[8] Хавтаст хэргийн 128-р хуудас
[9] Хавтаст хэргийн 97-р хуудас
[10] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[11] Хавтаст хэргийн 111-113-р хуудас
[12] Хавтаст хэргийн 95-р хуудас
[13] Хавтаст хэргийн 95-р хуудас
[14] Хавтаст хэргийн 151-153-р хуудас