Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0149

 

 

 

         

                                             “Ч к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Ц.Ц, Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА-35240000057 дугаартай Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 2-т заасан “хий бичилттэй төлбөрийн баримт, падаанаар худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, өмгөөлөгч Э.Ж

Хариуцагч Ц.Ц, Б.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0825/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ч к” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА-35240000057 дугаартай Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 2-т заасан “хий бичилттэй төлбөрийн баримт, падаанаар худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйл, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ч к” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА-35240000057 дугаартай Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 2 дахь заалтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нар 60***** тоот регистрийн дугаартай “Ч к” ХХК-ийн 2020.01.01-2020.12.31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй төлөгчдийн мэдээллийн дагуу 3524301210 тоот томилолтоор /Хялбаршуулсан-Хэсэгчилсэн/ шалгалтыг хийж, нийт 1 018 678 763.62 төгрөгийн зөрчилд 101 867 876.36 төгрөгийн нөхөн төлбөр, 40 747 150.54 төгрөгийн торгууль, 52 258 220.56 төгрөгийн алданги, нийт 194 873 247.46 төгрөгийг нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хэсэгчлэн зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Маргаан таслах зөвлөлийн 32 тоот тогтоолоор НА-35240000057 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар бүхий шийдвэрээр “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.3 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйл, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ч к” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 2 дахь заалтыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй НА-35240000057 дугаартай нөхөн ногдуулалтын актын “Тэмдэглэх нь” хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгохыг тогтоосон нь учир дутагдалтай байна.

            3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй” гэж заасан заалт нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод хуулийн дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг л чөлөөлөх зохицуулалттай байна.

            3.2. Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасан заалт нь төлбөл зохих татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол Татварын ерөнхий хуулийн 73.1-д зааснаар татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт ... алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно” гэж заасан байдаг.

            3.3. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчдийн мэдээллийн дагуу 2020 оны 05 дугаар сард “А ф” ХХК-иас 183 798 472.72 төгрөгийн, (4082736091 тоот падаанаар 91 899 236.36 төгрөгийн, 4082735888 тоот падаанаар 91 899 236.36 төгрөгийн), 2020 оны 12 дугаар сард “Б г з” ХХК-иас 325 54 909.09 төгрөгийн (4101483901 тоот 5 962 500.00 төгрөгийн, 4101483903 тоот 98 000 000.00 төгрөгийн, 4101483904 тоот 64 581 818.18 төгрөгийн, 4101483905 тоот 15 159 090.91 төгрөгийн, 4101483898 тоот 16 237 500.00 төгрөгийн, 4101483899 тоот 125 600 000.00 төгрөгийн) нийт 509 339 381.81 төгрөгийн үнийн дүн бүхий хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил нь дээрх 2 аж ахуйн нэгжээс бараа материал худалдан авахад төлбөр төлсөн баримт, санхүүгийн анхан шатны баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажаагүй нь татварын хяналт шалгалтаар нотлогдсон байдаг.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож, татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн нийт 1 018 678 763.62 төгрөгийн зөрчилд ногдуулсан 101 867 876.36 төгрөгийн нөхөн татвар, 40 747 150.54 төгрөгийн торгууль, 52 258 220.56 төгрөгийн алданги, нийт 194 873 247.46 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн НА-35240000057 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангав.

2.1. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Ч к” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2020 оны 05 дугаар сард “А ф” ХХК-иас 183 798 472.72 төгрөгийн, (4082736091 тоот падаанаар 91 899 236.36 төгрөгийн, 4082735888 тоот падаанаар 91 899 236.36 төгрөгийн), 2020 оны 12 дугаар сард “Б г з” ХХК-иас 325 540 909.09 төгрөгийн (4101483901 тоот 5 962 500.00 төгрөгийн, 4101483903 тоот 98 000 000.00 төгрөгийн, 4101483904 тоот 64 581 818.18 төгрөгийн, 4101483899 тоот 125 600 000.0 төгрөгийн) нийт 509 339 38.81 төгрөгийн үнийн дүн бүхий хий бичилттэй төлбөрийн баримт, падаанаар худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож, албан татвар ногдуулах орлогыг тус тус бууруулсан нийт 1 018 678 763.62 төгрөгийн зөрчил илрүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА-35240000057 дугаар нөхөн ногдуулалтын актаар 101 867 876.36 төгрөгийн нөхөн татвар, 40 747 150.54 төгрөгийн торгууль, 52 258 220.56 төгрөгийн алданги, нийт 194 873 247.46 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актын “нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан буюу хий бичилттэй падаан байсан болохыг татварын хяналт шалгалтын цахим системээс мэдсэн, энэхүү зөрчлийн дүн буюу 509 339 381.81 төгрөгийн орлогыг бууруулсан үүн дээр нөхөн татвар 50 933 938.38 төгрөгийн алданги, 20 373 575.27 төгрөгийн торгууль, 26 129 110.28 төгрөгийн алданги нийт 97 436 623.73 төгрөгийг” хүлээн зөвшөөрч, харин актын Тэмдэглэх нь хэсгийн 2-т заасан “хий бичилттэй төлбөрийн баримт, падаанаар худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.3. Ингэхдээ нэхэмжлэгчээс “... татварын хяналт шалгалт нь татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилаад хэсэгчилсэн хяналт шалгалт оруулсан, гэтэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шалгалтыг давхардуулан хийсэн, хэсэгчилсэн хяналт шалгалтын үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой асуудлаар Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмын 2.7-д зааснаар хяналт шалгалтад хамруулах эсвэл бүрэн шалгалт хийх санал гаргаагүй, хяналт шалгалтын хүрээ хязгаараас шалгалтыг хэтрүүлсэн, ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар холбогдох зардал хасагдсаны дараах дүнгээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг боддог, бид 509 339 381.81 төгрөгийн орлого олоогүй, тооцооллын алдаатай, ... мөн бид нарт аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайлагнах боломжийг олгоогүй, бодит орлого ийм байдлаар ороогүй, Татварын хүү, торгууль, алдангиас чөлөөлөх тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулиуд 2020 онд батлагдсан, эдгээр хуулиудын хүрээ хязгаарт хамаарч байгаа...” гэж тайлбарласан бөгөөд анхан шатны шүүхээс “... аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардал нь бодитой гарсан байхыг шаардах бөгөөд энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон холбогдох бүртгэл, татвар төлөгчийн борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс гаргаж өгсөн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар нотлогдсон байх нөхцөлтэй, хэрэв энэ нөхцөлийг хангаагүй бол хасагдах зардал нь бодитой гарсан гэж үзэхгүй ба татвар ногдох орлогоос хасахгүй, ... Г.Ц-ын банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга нь дангаар дээрх хуульд заасан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасаж тооцох зардалд тавигдах шаардлагыг хангахгүй тул уг баримтыг үндэслэн зардал бодитой гарсан гэж үзэж, зардлыг албан татвар ногдох орлогоос хасах үндэслэлгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

2.4. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан ...” тохиолдолд албан татвар ногдох орлогоос хасч тооцохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч компани нь хий бичилттэй падаанаар буюу үйл ажиллагаа явуулдаггүй компаниас худалдан авалт хийсэн гэж тайлагнасан энэ тохиолдолд уг худалдан авалт хийсэн гэх 509 339 381.81 төгрөгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд тооцох үндэслэлгүй.

2.5. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн худалдан авалт хийсэн гэх зардал нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдоогүй, түүнчлэн падаан нь хий бичилттэй, үүнийгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байхад “...нэхэмжлэгчийн албан татварын хасагдах зардалд тооцсон 509 339 381.81 төгрөгийн дүн нь түүний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд олсон орлогод хамаарч буй эсэхийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй, энэхүү нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж дүгнэн маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 2 дахь заалтыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлд хамаарахгүй.

2.6. Учир нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхүйц байх ёстой. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд цаашид тодруулах шаардлагатай зүйл байхгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл тогтоогдохгүй байх төдийгүй маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргаснаар нэгэнт үйл ажиллагаа явуулддаггүй хуулийн этгээдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авсан мэтээр хий бичилттэй падаан бичүүлж, түүнд үндэслэн татвар ногдох орлогоос хассан үйл баримт өөрчлөгдөхгүй, үр дүнгүй гэж үзэхээр байна.

            2.7. Нөгөөтээгүүр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй” гэж заасан бөгөөд уг албан татварыг чөлөөлөх хуулийн зохицуулалт нь гагцхүү татвар төлөгчөөс хуульд заасан хугацааны дотор татвараа үнэн зөв ногдуулж, тайлагнасан, ийнхүү тайлагнасан татвараа төлж чадаагүй хуулийн этгээдэд л хамаарах юм.

           

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.3, 41.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.4, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч к” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.О нарын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн НА-35240000057 дугаартай Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 2-т заасан “хий бичилттэй төлбөрийн баримт, падаанаар худалдан авалт хийж зарцуулалт хийсэн мэтээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд тооцож, албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтын дугаарыг “2” болгож тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН