Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 06

 

 

 

 

           

 

           

С.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй, Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, Галданбогшигтын 22 дугаар байр 11 тоотод оршин суух, З овогт С-ийн П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 10-49 тоотод оршин суух, М овогт Ц-гийн Б-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.П, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Паарны үнэ 2.760.000 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Увс аймгийн Улаангом сумын иргэн Ц.Б нь 2015 оны 10 дугаар сард Улаангом сумын 3 дугаар багт баригдаж байсан иргэн С.П, С.М нарын хамтран барьсан барилгад сангийн материал нийлүүлсэн. Тухайн нийлүүлсэн материалаас 2 давхрын С.П миний эзэмшлийн хэсэгт нийт 15 ширхэг турк паар нийлүүлсэн.

Тухайн паарыг нийлүүлснийхээ дараа шүүхэд хандаж үнэлгээ хийлгэсэн уг үнэлгээгээр 6 ширхэг турк паар 100*50 см паар нэг нь 200.000 төгрөг, бүгд 1.200.000 төгрөг, 7 ширхэг турк паар 100*50 см нэг бүрийн үнэ 180 000 төгрөг, бүгд 1.260.000 төгрөг, 1 ширхэг турк паар 90*50 см нэг бүрийн үнэ 90000 төгрөг, бүгд 90.000 төгрөг, 1 ширхэг турк паар 90*50 см нэг бүрийн үнэ 70000 төгрөг, бүгд 70000 төгрөг, бүгд нийлээд 15 ширхэг паарыг 2.760.000 төгрөгөөр үнэлүүлсэн байгаа.

Ц.Б-гийн тухайн барилгад нийлүүлсэн паар нь нэг жил болохгүй хагарч цоорсон бөгөөд  2 жил болоогүй байхад бүх паар нь цоорсон учраас бүгдийг нь солиод өөр паар тавьсан байгаа. Энэ талаар цаг тухай бүрт өөрт нь хэлж байсан. Энэ байранд манай 2 давхраас гадна 1, 3 давхрын бүх айлууд паараа сольсон байгаа. Ц.Б ч өөрөө 2016 оны 11 дүгээр сард 3 давхрын өөрийн эзэмшлийн байрныхаа пааруудыг сольсон. Иймд Иргэний хуулийн 349 дүгээр йлийн 349.1-д зааснаар Ц.Бгаас паарны үнэ нэхэмжилж байна. өн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар тухайн барилгад нийлүүлсэн материал. тоног төхөөрөмж нь 3 жил хэвийн ажилласан нөхцөлд цаашид захиалагч этгээд нь хариуцна, 3 жил хүрэхгүй эвдрэлд орсон бол нийлүүлэгч хариуцна гэж заасан байдаг бөгөөд иргэн Ц.Бгийн нийлүүлсэн 2 давхрын бүх паарууд 2 жил болохгүй хагарч цоорч их хэмжээний ус алдаж барилгын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, мөн иргэн надад эдийн засгийн их хэмжээний хохирол учруулсан учраас нийт 15 ширхэг турк паарны үнэ 2.760.000 төгрөгийг Ц.Бгаас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Ц.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Миний бие нөхөр Нямсамбуугийн хамт иргэн С.П, С.М нартай хамтран барьж ашиглалтад оруулсан Улаангом сумын 3-р багт байрлах 16 айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийсэн.

Бид анх 2015 оны 8 дугаар сард иргэн С.М-ын санал болгож, гуйснаар тус байранд хөрөнгө оруулалт хийсэн юм. Тухайн үед С.М нь манай нөхөр Н бид хоёртой ирж уулзан, санал тавихдаа "Барьж байгаа байрныхаа 1 давхар, 3 давхрыг ашиглалтад оруулмаар байна, хөрөнгө оруулалт хийж өгч туслаач" гэж гуйсан.

Бид хоёр “Чи хамт барилга барьж байгаа эмэгтэйтэйгээ тохиролцоод ир, тэр хүн чинь өөрийн авсан 2 давхраа хамт ашиглалтад оруулж чадахгүй бол 1,3 давхарт хөрөнгө оруулсны хэрэг байхгүй" гэж хэлсэн.

Гэтэл С.П нь өөрөө над руу утасдаад "Б чи эгчдээ хөрөнгө оруулсаар нь оруулаад өгөөч, надад энэ барилгыг ашиглалтад оруулах гэхээр 1000 төгрөг ч алга, танай нөхөр Н, М хоёр барилгын материал авах гээд хотод явж байгаа гэсэн, тэр хоёрт хэлээд миний дутуу материалыг авчруулаад өгөөч" гэж гуйсан.

Ингэж гуйж байх үед байр авахаар урьдчилгаа өгөөд хохирсон гэх 5-6 хүн байсан бөгөөд тэр хүмүүстэйгээ С.П хурал хийж, өөрөө протокол хөтөлж, материалыг нь Ц.Бгаар авахуулаад тооцоог нь хийж эхэлж зарагдаж Хорлоо гэдэг хүний байрны мөнгөнөөс өгье, Хорлоогийн байрыг барьцаалъя, Хорлоо мөнгөө өгөнгүүт би чамд материалын мөнгө, зурагны хагас мөнгө өгнө, чи материалын мөнгийг бүрэн гүйцэд өгчих" гэж хэлсэн. Ингээд С.П нь өөрөө С.М руу яриад 2 давхрын барилгын материалуудаа захисан. Харин манай нөхөр бид хоёр материалын үнийг С.Мад өгсөн. Өөрөөр хэлбэл С.М нь барилгын материалын дэлгүүрээс материал аваад тооцооных нь хуудсыг манай нөхөр Нямсамбууд өгч, түдэн төгрөг боллоо гэх тухай бүрт нь мөнгийг нь шилжүүлж байсан болохоос барилгын материал тэр дундаа нэхэмжлэлд дурдсан шиг турк паарыг бид сонгож авч нийлүүлээгүй юм.

Тухайн үед би С.М-ыг ямар паар авч байгааг ч мэдээгүй, яг энэ үед би өөрөө Увсад байсан. С.П бид хоёрын хооронд барилгын материал нийлүүлэх ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй, сангийн материалыг бид нийлүүлээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн түүнчлэн би М-тай тохирсон ёсоор тухайн байрнаас 3 байр авсан бөгөөд уг байрны паарнууд нь хэдийгээр сайн чанарын паар боловч манай нөхцөлд /ус нь хатуулаг ихтэй, давстай, их хэмжээний даралттай байсан/ тохирохгүй байснаас 1 жил ашиглагдаад хагарч ус алдаж байсан.

Өөрөөр хэлбэл би мөн паарны хувьд хохирогч болсон тул паарыг нийлүүлсэн Мад "Паар авсан хүндээ нөхцөл байдлыг танилцуулж, энэ паарыг буцаалгах талаар ярьж үзээч, бүгдээрээ энэ паарыг солъё" гэж хэлсэн.

Үүнийгээ С.П-т ч мөн хэлсэн. Гэвч П, М хоёрын хэн нь ч хөдлөөгүй тул би өөрийн байрны паарыг сольж бас хохирсон. Намайг тухайн үед байрны пааруудыг буцаахыг шаардаж С.П-ын хүргэнийд ороход С.П нь намайг хөөж, нүүр нүдгүй зодсон. Тэрний сорви одоо ч миний биед байгаа. Харин С.М тухайн үед "Б эгчээ энэ паарыг ашиглаад 1 жилөнгөрсөн учраас надаас буцааж авахгүй байх” нжу хэлсэн. Тэрнээс хойш уг паарыг ашиглан 2 өвлийг үзсэн.

Нэхэмжлэгч С.П нь нэхэмжлэлдээ "Барилгын тухай хуулиар тухайн барилгад нийлүүлсэн материал тоног төхөөрөмж нь 3 жил хэвийн ажилласан нөхцөлд цаашид захиалагч этгээд нь хариуцна, 3 жил хүрэхгүй эвдрэлд орсон бол нийлүүлэгч хариуцна" гэж заасан байдаг учраас иргэн Бгаас паарны үнэ нэхэмжилж байна гэсэн байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

 Учир нь би тухайн 16 айлын орон сууцыг захиалан бариулсан захиалагч этгээд биш бөгөөд барилгыг барих явц дунд С.М-ын гуйснаар хөрөнгө оруулсан, С.П бид хоёрын хооронд сангийн материал нийлүүлэх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, С.П-ын гуйлт, байр захиалагчдын хүсэлтээр дутуу материалд нь хөрөнгө оруулалт хийснээр сангийн материалиа С.П өөрөө С.Мтай ярьж захиалж аваад, материалыг үнийг надтай тооцож төлнө гэж л тухайн өдрийн хурлын протоколдоо тусгасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Пын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бд холбогдох паарны үнэ 2.760.000 /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөг гаргууллах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Пын улсын тэмдэгтийн хураамж 59.110 /тавин есөн мянга нэг зуун арав/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдснийг дурдаж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.П давж заалдах гомдолдоо :”...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан бодит зүйлийг мушгин гуйвуулсан шийдвэр гэж үзэж байна.

Иргэн  Б нь  паарны үнэ 2.760.000 төгрөг надаас  гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг. Тэр үед Б Пын 2 давхарт тавьсан 15 паарыг би нийлүүлсэн учраас Паас паарны үнэ нэхэмжилж байна гэж шүүхэд өргөдөл гаргаж  Паас 15 ширхэг паарны үнэ гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулсан нь одоо шүүхийн шийдвэр дээр байна.

Тэр үед шүүгчийн захирамжаар 2 давхарт нийлүүлсэн 12 паарандаа Увс Финанс ХХК-аар үнэлгээ хийлгэсэн. Гэтэд Б энэ удаагийн шүүх хуралд би нийлүүлээгүй.М пххр нийлүүлсэн гэж худлаа хэлж байхад шүүх Бгийн хэлсэн үгийг үнэнд тооцож миний хэлсэн тайлбарыг ч захирамжинд тусгаагүй байгаад гомдолтой байна.М, Б нарын хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй байхад нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд паар худалдах, худалдан авах ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзсэн нь шүүх зохигчдын аль нэг талын эрх ашгийг илүү үзэж болохгүй гэсэн хуулийг зөрчиж байна.Тухайн хэрэгт зохигчдын аль аль нь нэхэмжлэлийн, хариуцагчийн шаардлагаа нотлоогүй байхад зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзсэнд гомдолтой байгаа учраас хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

С.П бидний хооронд паар нийлүүлэх талаар ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан гэрээний үүргийг би С.Пын өмнө огт хүлээгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.Мөн би С.Пд 15 ширхэг паар худалдаагүй тул бидний хооронд худалдах худалан авах гэрээний харилцаа ч үүсээгүй учраас би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн яриад байгаа шүүхийн шийдвэр нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд би С.Пын барилгад оруулсан хөрөнгөө буцаан нэхэмжилж нэхэмжлэл гаргасныг шүүх шийдвэрлэсэн байгаа. Үнэхээр С.Паас 15 ширхэг паарны үнэ 2.760.000 төгрөг гаргуулж С.Бд олгосугай гэсэн шүүхийн шийдвэр гарсан бол үүнийгээ С.П хэрэгт нотлох баримтаар хавсаргах боломжтой байсан.

Тэрчлэн намайг энэ хэрэгт хариуцагчаар татсан учраас би давж заалдах гомдолд дурдсан шиг хариуцагчийн шаардлагыг нотлох тухай ойлголт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд харин нэхэмжлэгч С.П нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

Гэтэл С.П нь нэхэмжлэлээ нотолж чадаагүй, бидний хооронд 15 ширхэг паар нийлүүлэх талаар ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, үүргийн харилцаа үүсээгүй учраас анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Пын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тухайлбал нэхэмжлэлд: шүүхэд хандаж 15 ширхэг парны үнэлгээг 2.760.000 төгрөгөөр үнэлүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь зохигчдын нэхэмжлэлийн шаардлага,үндэслэлийг нотлох ба үгүйсгэх нотлох баримт шүүхэд гаргаж , мэтгэлцэх талуудын үндсэн эрхийг зөрчжээ.

Нөгөө талаар 15 ширхэг парны үнэлгээг шүүхээр тогтоолгосон гэх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс хэний буруутай үйлдлээс уг хохирол үүссэн, тухайн парыг анх хэн, хаанаас худалдан авсан нь тодорхойгүй энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй болжээ.

Уг харилцаа барилгын ажил гүйцэтгэх болон даалгавар юм уу эсвэл эд хөрөнгийн доголдлын алин болохыг тодорхойлоогүйгээс хууль буруу тайлбарлан хэрэглэж маргааныг  шийдвэрлэсэн нь эргэлзээтэй тул эдгээр эрх зүйн харилцааг шалгах шаардлагатай гэж үзлээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1,168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Пыг давж заалдах гомдол гаргахад хуулинд заагдаагүй үндэслэлээр тэмдэгтийн хураамж 59.110 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

 

                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН