Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/57

 

2019 оны 06 сарын 21 өдөр                          

2019/ДШМ/57                                                      Зуунмод

Ч.О, Ч.Г, Н.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Н.С,

Шүүгдэгч Ч.О,

Шүүгдэгч Ч.Галхүү,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын  эсэргүүцэл, шүүгдэгч Н.С, Ч.О, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлоор эрүүгийн 1834004490429  дугаартай 1 хавтас 239 хуудас бүхий хэргийг 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөр ширээт суманд 1978 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Өндөр ширээт суманд малчин, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Шарын гол сум 3 дугаар баг Санжинт бага дархан гудамжинд оршин суух хаягтай, одоо Төв аймаг Лүн сум, Цагаан-Уул 1 дүгээр багт түр оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НР78102071 дугаарын регистртэй, Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Төв аймаг Лүн сум, Цагаан-Уул 1 дүгээр багт оршин суух, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Сум дундын 23 дугаар шүүхийн 53 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Н085031272 дугаарын регистртэй, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Алтан  цөгц суманд 1976 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  малчин, ам бүл 1,  Төв аймаг Лүн сум, 3 дугаар баг,   Лүн гудамж, 79 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н076021871 дугаарын регистртэй, Цамбагарав овгийн Чантуугийн Галхүү

Шүүгдэгч Н.С, Ч.Галхүү, Ч.О нар нь бүлэглэн, 2018 оны 05 дугаар сарын 01-ээс 05-ны хооронд Төв аймгийн Өндөр ширээт сумын 3 дугаар багийн нутаг “Номгоны энгэр” гэх газраас Я.Жамбалдоржийн өмчлөлийн хул азаргатай 5 тооны адууг хулгайлж, бусдад 13.615.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат, Цамбагарав овгийн Чантуугийн Галхүү нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цамбагарав овгийн Чантуугийн Галхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Н.С, Ч.О нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Ч.Галхүүд шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд өөрт ноогдох гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,  шүүгдэгч Н.Сийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Ч.О, Ч.Галхүү  нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Я.Жамбалдоржийн хул азарганы өргөмжлөл 2 ширхэг, медаль 3 ширхгийг тус тус хууль ёсны эзэмшигч ЙГ88100333 дугаарын регистртэй, Элбэг овгийн Ягаанбандийн Жамбалдоржид буцаан олгохыг,

прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай иргэн Ч.Бадрахын эзэмшлийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий хээр морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хээр морийг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч НО81030973 дугаарын регистртэй, Хөрчигөн овгийн Чантуугийн Бадрахад буцаан олгохыг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай шүүгдэгч Ч.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.945.500 /хоёр сая есөн зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий “Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат, Цамбагарав овгийн Чантуугийн Галхүү нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр морины үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 333.333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод, мөн шүүгдэгч Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбатаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.945.500 /хоёр сая есөн зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий “Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж улсын орлогод тус тус оруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат, Цамбагарав овгийн Чантуугийн Галхүү нараас 10.785.000 /арван сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 3.595.000 /гурван сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЙГ88100333 дугаарын регистртэй, Элбэг овгийн Ягаанбандийн Жамбалдоржид олгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цамбагарав овгийн Чантуугийн Галхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Цамбагарав овгийн Чантуугийн Галхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Х.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1834004490429 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Нарандэлгэрийн Сугардорж, Чантуугийн Очирбат, Чантуугийн Галхүү нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.С, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацааг хорих ял оногдуулж, шүүгдэгч Ч.Галхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал:

Хэрэгт эд мөрийн баримтаар "хохирогч Я.Жамбалдоржийн хул азарганы өргөмжлөл 2 ширхэг, медаль 3 ширхэгийг" зүйлийг мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт шилжүүлсэн байхад, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын 8 дахь заалтад "..... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Я.Жамбалдоржийн хул азарганы өргөмжлөл 2 ширхэг, медаль 3 ширхэгийг тус тус хууль ёсны эзэмшигч ЙГ88100333 дугаарын регистртэй, Элбэг овгийн Ягаанбандийн Жамбалдоржид буцаан олгох"-ыг гэж тусгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

 

Мөн "Шийтгэх тогтоол"-ын 11 дэх заалтад ...шүүгдэгч Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс тоолсугай гэж заасан. Гэтэл шүүгдэгч Н.С нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шатанд шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан хоригдож байсан болно.

 

Иймд Н.С, Ч.Галхүү, Ч.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх өөрчлөлтүүдийг оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: Н.С, Ч.Галхүү, Ч.О нар бүлэглэн Я.Жамбалдоржийн өмчлөлийн хул азрагатай 5 тооны адууг хулгайлж 13 615 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс шүүгдэгч Н.С, Ч.О нар 2 жилийн хорих ял оногдуулсныг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч гэм буруугаа чин санаанаасаа гэмшиж гэм хорын хохирлоо шүүхийн шатанд 1 500 000 төгрөгийг төлж, үлдэх 10 785 000 төгрөгийг гэрээ хийж нотариатаар батлуулж төлж барагдуулахаа илэрхийлсэн байхад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулах юм. Иймд Ч.О, Н.С нарт хуульд зааснаар тэнсэн хянан харгалзах ял оногдуулахаар хүсэлт гаргаж байна. Ч.О 2-10 насны 4 хүүхэдтэй эхнэр нь ажилгүй амьдрал маш хүнд байгааг харгалзан үзнэ үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтэндээ: “Прокурорын эсэргүүцлээ дэмжиж оролцоно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 болон 11 заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар саналдаа: Ч.О нь хохирлоо бүрэн төлсөн, Н.С нь хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн тул хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Н.С, Ч.Галхүү, Ч.О нар нь бүлэглэн  2018 оны 05 дугаар сарын 01-ээс 05-ны хооронд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг “Номгоны энгэр” гэх газраас Я.Жамбалдоржийн өмчлөлийн хул азаргатай 5 адууг хулгайлж, бусдад 13.615.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-11/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 06/05, 09/49 дугаартай үнэлгээний тайлан /хх-42-48,54-62/, эд зүйлийн үнэлгээ /хх-40, 123 /, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-18/, хохирогч Я.Жамбалдоржийн /хх-21-22,23-24,30/, гэрч Ж.Жимсээгийн /хх-32/, гэрч Ц.Ганболдын /хх-33/, гэрч Г.Ган-Эрдэнийн /хх-36/, гэрч Г.Сүхбатын /хх-37/, гэрч Ч.Бадрахын /хх-38/, Ч.О, Ч.Галхүү, Н.С нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл,хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

 

Шүүгдэгч Н.С, Ч.О, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-аар прокурор эсэргүүцэл бичсэн байна.

 

Хохирогч Я.Жамбалдоржийн хул азарганы өргөмжлөл 2 ширхэг, медаль 3 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож мөрдөгч тогтоол гаргасан, хэргийг эд мөрийн баримтын хамт шүүхэд шилжүүлсэн нь мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, яллах дүгнэлтийн хавсралтаар /хх-12,13,154/ тогтоогдож байна.

Мөн Н.С нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шатанд шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан цагдан хоригдож байсан байна.

 

Иймд шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй”, шийтгэх тогтоол 11 дэх заалтын “...шүүгдэгч Нарандэлгэрийн Сугардоржийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулахаар бичсэн прокурор эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд хохирогч Я.Жамбалдорж “Ч.Оаас хохиролд 3595000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй” гэсэн бичгийг ирүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Оын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ингэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Н.С гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирол төлөхөө илэрхийлсэн нь бодитой эсэх нь тодорхойгүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй  гэж үзлээ.

 

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн прокурорын эсэргүүцэл,  шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулгатай давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Галхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

  Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар тайлбар гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

 

Гэвч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэрээг хохирогч  анхан шатны шүүхийн  шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл /хх-207,214/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.О, Ч.Галхүү нар хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүх шүүх хуралдааны шатанд хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох”-ыг магадлалд тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчдод 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанШүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн  байна. Мөн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэргийн оролцогчдод хэдийд танилцуулсан нь тодорхойгүй, баримтанд огноо бичигдээгүй байна.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг гардуулах хуульд заасан хугацааг  баримталж ажиллах,  хэрэгт авагдсан шүүхийн баримтыг хуулийн дагуу бүрэн хөтлөх шаардлагатайг тэмдэглэж  байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.” гэж,

 

- 3 дахь заалтын  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Цамбагарав овгийн Чантуугийн Галхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй “ гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Цамбагарав овгийн Чантуугийн Галхүүг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбатыг 3 /гурван/  жилийн хугацаагаар  тус тус тэнссүгэй “ гэж,

 

- 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардоржид  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.” гэж,

 

- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Цамбагарав овгийн Чантуугийн Галхүүд шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд өөрт ноогдох гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэснийг   “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ч. Галхүү, Ч.О нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэж,

 

- 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Цамбагарав овгийн Чантуугийн Галхүү нь шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. Галхүү, Ч.О нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн  бол  прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэж,

 

- 8 дахь заалтаас “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг...” гэснийг хасч,  “...хэрэгт бичгийн баримтаар...” гэснийг  “эд мөрийн баримтаар”  гэж,

 

- 11 дэх заалтын “Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цамбагарав овгийн Чантуугийн Галхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Баярт овгийн Нарандэлгэрийн Сугардорж, Хөрчигөн овгийн Чантуугийн Очирбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.” гэснийг  “Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч. Галхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах, Н.Сид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Ч.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ч.О 67 хоног цагдан хоригдсоныг дурьдсугай.”  гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.О шүүхийн шийдвэрээр хохирогч Я.Жамбалдоржид төлбөл зохих 3.595.000 /гурван сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг давж заалдах шатны  шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Оыг сулласугай.

 

5. “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай хяналтын прокурор Х.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч Н.С, Ч.О, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулга бүхий давж заалдах гомдлоос шүүгдэгч Ч.Оад холбогдох хэсгийг хангаж, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан “ял хөнгөрүүлж, тэнсэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                               Т.ЭНХМАА

     Г.БОЛОРМАА