| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгч Т.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ийн Е-д холбогдох эрүүгийн 2313000840091 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 43 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт түр оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгор ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Т-ийн Е-, регистрийн дугаар БЭ....................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед хохирогч Ө.Е-ы нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч Т.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313000840091 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
3. Иргэн Ө.Е-аас гаргасан гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
4. Хохирогч Ө.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал/,
5. Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
6. Гэрч П.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
7. Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
8. Шүүгдэгч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
9. Шүүгдэгч Т.Е-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
10.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
11. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Е-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
12. Шүүгдэгч Т.Е- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутагт 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед хохирогч Ө.Е-ы нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
13. Иргэн Ө.Е-аас гаргасан гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дэх тал/,
14. Хохирогч Ө.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын дундуур “Рысжан” шатахуун түгээх станцаас бензин авч байхад аймгийн Онцгой байдлын хүмүүс ирээд миний нэр, регистрийн дугаарыг бичиж авч явсан. Түүнээс хойш шатахуун түгээх станцын хүнтэй уулзаагүй. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн үед би нүүрс зардаг газарт зогсож байхад “Рысжан” шатахуун түгээх станцын түгээгч хүн миний хажууд ирээд би өмнө нь чамд савтай бензин өгснөөс болж торгуулсан, чи намайг торгож явсан хүмүүстэй тохиролцож ирээд намайг торгуулсан, тийм болохоор чи одоо надад 2 тонн нүүрс өгөх ёстой гэж хэлсэн. Би тэр хүнд хандаж та юу яриад байгаа юм бэ, би тэр хүмүүсийг танихгүй, надад өгөх нүүрс байхгүй, би танд нүүрс өгч чадахгүй гэснээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед би тэр хүний хоёр мөрнөөс нь хоёр гараараа барьж байгаад хөлөөрөө хавирч нэг удаа газарт унагаасан. Тэр үед тэнд нүүрс зарж байсан Т.Е- гэх хүн гүйж ирээд намайг барьж авсан үед Т.Е- бид хоёр нэг нэгийг барьж авч маргалдаж байхад анх надтай хэрүүл маргаан гаргаж, нүүрс нэхэж байсан хүн босоод зугтаж алга болсон. Харин тэнд харж байсан Х.Х-, П.Е- хоёр бид нарын хажууд ирээд Т.Е- бид хоёрыг салгаж байхад Т.Е- тэд нарт хандаж та нар байжээ, бид нар асуудлаа өөрсдөө шийдэх болно гэж гэж хэлээд дараа нь надад дүү наашаа хүрээд ирээч гэхээр нь би юу ч бодохгүйгээр хажууд нь дөхөж ирэхэд миний нүүрэн тус газраас нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэр үед миний хамраас цус гарч доошоо тонгойж суусан үед Х.Х-, П.Е- нар Т.Е-ыг барьж авсан. ...Миний тархи хөдөлсөн тул бариач хүнээр толгойгоо бариулсан. Мөн хамар өвдөж байсан тул эмчилгээ хийлгэсэн. ...Одоохондоо надад хохирлын талаар гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. ...Улаанбаатар хотын эмнэлгүүдээр үзүүлж, нарийн шинжилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэх болно. Тэгээд хотоос ирсний дараа хохирлын бүх баримтуудыг авч ирж тусад нь иргэний журмаар гомдлоо гаргах болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал/,
15. Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Е- гүйж очоод Ө.Е-тай маргалдаад эхлэхээр нь надтай хамт портер машинаар нүүрсэнд явж байсан П.Е- бид хоёр гүйж салгах гэхэд Т.Е-, П.Е- бид хоёр хандаж та нар байжээ, бид хоёр өөрсдөө учраа олох болно гэж хэлэхээр нь П.Е- бид хоёр Ө.Е-, Т.Е- нараас холдоод зогсож байхад Т.Е- нь Ө.Е-ы нүүрэн тус газраас толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэр үед Ө.Е-ы хамраас цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
16. Гэрч П.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Е- Ө.Е-ы нүүрэн тус газраас нэг удаа толгойгоороо мөргөсөн үед Ө.Е-ы хамраас цус гарсан. ...Тэр өдөр хэн ч Т.Е-ы эрх чөлөөнд халдаагүй, түүний биед учирсан гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
17. Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Иргэн Ө.Е-ы биед тархины доргилттой, хамрын нурууны хавдартай, мурийлттай, хавдартай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Гэмтлүүд нь 1-10 хоногт үүссэн гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Ө.Е-ы биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх 136 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
18. Шүүгдэгч Т.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
19. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
20. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
21. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
22. Шүүгдэгч Т.Е- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу мөргөж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
23. Шүүгдэгч Т.Е-ы үйлдлийн улмаас хохирогч Ө.Е-ы биед тархины доргилттой, хамрын нурууны хавдартай, мурийлттай, хавдартай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
24. Шүүгдэгч Т.Е-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
25. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын бие биедээ хүндэтгэлгүй хандсан байдал, хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
26. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
27. Шүүгдэгч Т.Е-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Е-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь “Хохирлын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, хохирлоо тусдаа иргэний журмаар нэхэмжлэх болно. Иймд хохирлыг нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ө.Е- нь нэхэмжлэх хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
28. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Т.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах” дүгнэлтийг,
29. Шүүгдэгч Т.Е-аас “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
30. Шүүгдэгч Т.Е- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
32. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
33. Шүүгдэгч Т.Е- урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 79-85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
34. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
35. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
37. Шүүгдэгч Т.Е-д оногдуулсан 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
38. Тодруулбал, шүүгдэгч Т.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
39. Хэрэв шүүгдэгч Т.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
40. Шүүгдэгч Т.Е-д оногдуулсан 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
41. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Т.Е- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
42. Шүүгдэгч Т.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-ийн Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-ыг 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Е-д оногдуулсан 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Т.Е-д оногдуулсан 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ө.Е- нь эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарсан хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүгдэгч Т.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК