| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2018/04837/И |
| Дугаар | 02536 |
| Огноо | 2019-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 02536
2019 оны 09 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2019/02536 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух хаягтай Боржигон овогт Ц.Б /РД: 0000/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: өргөтгөлд байрлах “М Д” ХХК /рд:0000/-д холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 535,316,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө, өмгөөлөгч н.Хашчулуун, хариуцагчийн төлөөлөгч Ж.А-, өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 10 сарын 13-ны өдөр “М Д” ХХК-тай Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг үндэслэн №2016/А Зээлийн гэрээ гэсэн нэршилтэй Зээлээр худалдах худалдан авах гэрээ /цаашид ЗХХАГ гэх/ байгуулсан. Уг ЗХХАГ-ний дагуу миний бие 322,480,000 төгрөгийн үнэ бүхий 232 тонн барилгын арматурыг “М Д” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн бол “М Д” ХХК нь барилгын арматурын үнэд сарын 8 хувийн хүү төлж, ЗХХАГ-ний үнийг 2 сарын дараа нийт хүүгийн хамт төлж дуусгах үүрэг хүлээсэн.
Ийнхүү гэрээ байгуулагдсаны дараа Ц.Б- миний бие барилгын арматур нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч “М Д” ХХК нь гэрээний зүйлийн үнийг хүүгийн хамт төлж барагдуулах үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй.Миний бие энэхүү асуудлаар 2018 оны 04 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагч талын хаяг тодорхойгүй шалтгааны улмаас өнөөг хүртэл цаг хугацаа алдаж, хохирлоо нөхөн төлүүлж чадалгүй явсан билээ. ЗХХАГ-ний үүргийн гүйцэтгэлд өнөөдрийн байдлаар: үндсэн үнэ 322,480,000 төгрөг, 2 сарын хүүгийн төлбөр 51,596,800 төгрөг, алданги 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 747,405,446 төгрөг, нийт: 1,121,482,246 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Гэвч Иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу хэдий өнөөдрийг хүртэл миний бие их хэмжээний хохирол амсаад байгаа ч хуульд нийцүүлэн алдангийн үнийн дүнг багасгаж байна.
Иймд Зээлийн гэрээ гэсэн нэршилтэй гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын дагуу барилгын арматурын үндсэн үнэ 322,480,000 төгрөг, хүү 51,596,800 төгрөг, алдангид 161,240,000 төгрөг, нийт 535,316,800 төгрөгийг “М Д” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Гэрээнд заасан арматурыг худалдагч талаас н.Ш, худалдан авагч талаас н.А нар хүлээлцсэн. н.А бол худалдан авагч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд бидэнд ойлгуулж, бас ажил хэргийн харилцаанд компанийн захирал гэж явдаг А.У-ын нөхөр юм. Мөн энэ гэрээний үнийн дүн бол их хэмжээний хэлцэлд хамаарахаар байгаа бөгөөд энэ тохиолдолд компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгч/-ийн шийдвэрээр хийгддэг. Тэгэхээр уг хэлцэл байгуулахад А.У оролцож байна гэдэг бол хэлцэл хууль ёсны болж байгаа хэлбэр мөн. Нэхэмжлэгч Ц.Б- болон “М Д” ХХК-ийн хувьцааг дангаар эзэмшигч А.У нарын хооронд зээл, хөрөнгө оруулалтын асуудал яригдаж, мөнгө төгрөг шилжүүлсэн цөөнгүй асуудал байдаг бөгөөд А.У зарим үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байсан нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байдаг. Иймд, гэрээний үндсэн үнэ буюу нийлүүлсэн арматурын үнэ 322,480,000 төгрөг, гэрээнд заасан 2 сарын хүү 51,596,800 төгрөг, алданги 161,240,000 төгрөг бүгд 535,316,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “М Д” ХХК-ийн төлөөлөгч Ж.А- шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаад ямар нэгэн үүрэг, тухайлбал, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй болно. Уг гэрээний 1.1-д Энэхүү гэрээгээр Гүйцэтгэгч талын Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нарантуул худалдааны төвийн баруун талд баригдаж буй Мэргэн худалдаа үйлчилгээний төвийн гэрээнд заагдсан худалдаа үйлчилгээний талбайг гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, Захиалагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг гүйцэтгэгчид төлөхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж, Түүнчлэн гэрээний 3.2-д Үйлчилгээний талбайн төлбөр 100% хийгдсэн нөхцөлд”захиалагч тал гүйцэтгэгч талтай үл хөдлөх хөрөнгө үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгөх гэрээ хийх үүрэгтэй гэжээ. Гэтэл уг дуусаагүй барилгын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө нь Уянгын өмч биш компанийн өмч юм.
Өөрөөр хэлбэл, компанийн өмчийг компани өөрөө захиран зарцуулах, бусдад худалдах, бэлэглэх зэргээр хувь заяаг нь шийдэх эрхтэй. Уянга нь тухайн үед компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй, улмаар бусадтай компанийг төлөөлж гэрээ, хэлцэл байгуулах эрхгүй байсан байж ийм гэрээ байгуулсан гэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Нэхэмжлэгч нь ийм гэрээнүүдийг “М Д” ХХК-тай байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээг байгуулсан, түүнчлэн гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэж арматурыг шилжүүлсэн гэх боловч манай компанид уг арматурыг хүлээлгэн өгөөгүй, бид тийм арматурыг хүлээж аваагүй бөгөөд барилгад ашиглаагүй.
Компанийг төлөөлж арматур хүлээн авсан гээд байгаа н.Алтангэрэл бол компанийн хувьцаа эзэмшигч А.У гэр бүл байсан ба би түүнээс энэ гэрээний талаар асуухад надад мөнгө хэрэг болоод байсан тул очоод авчихсан гэж хэлж байсан. Тэр тийм байлаа гээд бие даасан байдлаар эрх, үүрэг хэрэгжүүлж, хариуцлага хүлээдэг хуулийн этгээдийн асуудал болохгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч “М Д” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 535,316,800 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагчийн төлөөлөгч төлөөлөх эрхгүй этгээд хэлцэлд гарын үсэг зурсан, эд хөрөнгийг манай компани хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Зээлийн гэрээ нэршилтэй №2016/А тоот гэрээг байгуулж, 232 тонн арматурыг /1 тонн барилгын арматурыг нь 1,390,000 төгрөгт/ 322,480,000 төгрөгт тооцон, 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, худалдан авагч буюу хариуцагч “М Б” ХХК 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор 374,076,800 төгрөгийг, 2 сарын хүү 51,596,800 төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөхөөр, худалдагч тад эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-7 дугаар талууд/
Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийх гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ, байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээн нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн огноотой “М Б” ХХК-ийг гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 гишүүнтэй, нийт хувьцааг 100 хувь А.Уянга эзэмшихээр үүсгэн байгуулж, дүрмээ батлан улсын бүртгэлд бүртгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирлаар Ж.А-ийг томилжээ. /хх-ийн 9-13, 23 дугаар тал/
Хариуцагчийн төлөөлөгч “гэрээгээр тохиролцсон эд хөрөнгийг манай компани ашиглаагүй, хүлээж аваагүй” гэж маргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх Э.Шинэбаяраас “....Ц.Б- захирал бид нар энэ компанитай гэрээ байгуулаад арматур нийлүүлэхээр боллоо гэсэн. Уянга гэдэг хүн н.А гэдэг хүн арматур очиж авна гээд надад өөрийнхөө утас болон е-майл хаягийг болон н.А гэдэг хүний утасны дугаар емайл хаягийг тэмдэглүүлсэн. Тэгэхдээ “М Б” ХХК-ийн зүгээс арматур хүлээж авна гэж хэлсэн.Тэгээд өрөөнөөс гарсан. Хэд хоногийн дараа н.А гэдэг хүн холбогдоод Амгалангийн төмөр худалдааны төвөөс очиж армутараа хүлээж авсан“ авсан мэдүүлэг, эд зүйлсийг хүлээн авсан зарлагын баримтаар гэрээний зүйлийг худалдан авагч тал хүлээж авсан болох нь тогтоогдож байна./хх-ийн 14-15 дугаар талууд/
Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “миний бие гүйцэтгэх захирлаар 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр томилогдсон. Энэ гэрээ хийгдсэн гэдгийг би мэдээгүй, шүүхэд ирсэн хойно мэдсэн. Компанийн тамгыг А.Уянга хүссэн үедээ авч явдаг гэж тайлбарласан.
“М Б” ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Компанийн гүйцэтгэх захирал компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна”, энэ дүрмийн 8 дугаар зүйлийн 8.6-д “ компанийн санхүүгийн жил 1дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж зааснаас үзэхэд хариуцагчийн төлөөлөгч Ж.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “Энэ гэрээ хийгдсэн гэдгийг би мэдээгүй, шүүхэд ирсэн хойно мэдсэн.” гэх тайлбар няцаагдаж байна гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу зохигчид гэрээний 2.2-д “....зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бол зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг болох 322,480,000 төгрөг төгрөгийн 50 хувь 161,240,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч “М Б” ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт барилгын арматурын үндсэн үнэ болох 322,480,000 төгрөг, хүү 51,596,800 төгрөг, алданги 161,240,000 төгрөг нийт 535,316,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч “М Б” ХХК нь өөрт хохирол учирсан гэж буруутай этгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч “М Д” ХХК/рд:0000/-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 535,316,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт Ц.Б/РД:000000/-т олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,834,534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ М Б” ХХК-иас 2,834,534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ