| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/02217/И |
| Дугаар | 02537 |
| Огноо | 2019-09-24 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 02537
| 2019 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2019/02537 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Т овогт Б.Б/РД:/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Ч овогт А.А /РД: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Г овогт Ц.Г /РД: / нарт холбогдох
Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагч Ц.Г-ийн төлөөлөгч, хариуцагч А.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Б.Б нь 71 настай өндөр насны тэтгэвэрт байдаг хүн юм. Би Монгол улсын Газрын тухай хуульд заасны дагуу 2009 онд Баянзүрх дүүргийн газрын албанд өөрийн амьдарч байсан газраа эзэмших хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 9 дүгээр сарын 30-ны өдрийн 423 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 2 дугаар хэсэг гудамжны 40 тоот 440м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар иргэний ахуйн зориулалтаар эзэмших эрхтэй болсон юм.
Миний эзэмшиж буй газрын хугацаагаа цаг хугацаанд сунгуулж газрын төлбөрөө цаг тухайд төлж ирсэн. Би өвчтэй байх хэсэг хугацаанд хүүгээрээ асруулан хүүхдийндээ хэсэг байх үед манай хашаанд айл олноороо буучхаад одоо оруулахгүй хэрүүл маргаан хийгээд байх тул уг айлыг албадан нүүлгүүлэхээр тус шүүхэд хандаж байна. Одоогийн байдлаар ямарч бичиг баримтгүй дээрх хүмүүс амьдарч байна. Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан боловч одоог хүртэл шийдвэрлэхгүй хариуг өгөхгүй байна.
Би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч удаа дараа нэхэмжлэлийг буцааж байсан. Сүүлийн удаа үл хөдлөхийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төл хэмээн буцаасан гэтэл тэр хашаан дотор үл хөдлөх байхгүй дан хашаа юм.
Миний бие одоо нас өндөр болсон. Өөрийн гэсэн газартаа буух гэхээр миний бие хашаанд байгаа газар эзэмших эрхгүй дээрхи улсууд нь хөөгөөд доромжлоод хэрүүл хийгээд үнэхээр хэцүү байна. Иймд миний асуудлыг шийдэж өгнө үү хэмээн дахин нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Банзрагч овогтой Борхүүгийн нэхэмжлэлтэй танилцлаа.Энэ хэрэгт хариуцагчаар татагдсан А.А миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа илэрхийлье.
А.А миний бие уг газар дээр 2011 оны 06 дугаар сараас хойш 8 жил амьдарч байгаа. Миний бие 2011 оны 05 дугаар сарын 23-нд иргэн Б.*******той хэлцэл хийж 2,000,000 төгрөгөөр уг газрыг худалдан авсан. Уг хэлцлийг хийхээс өмнө Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж хороо хариуцсан газрын мэргэжилтэнд газар худалдаж авах тухай хэлж шалгуулахад уг газрын мэдээлэл хэн нэгний нэр дээр гарж ирээгүй юм аа. Мөн хорооны Засаг даргаас очиж мэдээлэл авахад мөн хэн нэгний мэдээлэл гарч ирээгүй юм аа. Ингээд тухайн хэлцлээ нотариатаар баталгаажуулан мөнгөө өгч, авалцсан болно. Үүний дараа газрын албанд бичиг баримтаа өгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар өгсөн боловч өмчлөх эрх гаргуулах боломжгүй хариуг өгсөн.
Ингээд дараа нь эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар бичиг баримтаа өгсөн. Гэтэл Б.Б гэдэг хүн энэ бол миний эзэмшлийн газар гэнэт гараад ирсэн. Тухайн үед надад газрын бичиг баримт үзүүлж байгаагүй юм. Ингээд Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж учраа хэлээд анх бүрдүүлж өгсөн бичиг баримтаа архиваас нь 2-3 удаа шүүлгэхэд олдохгүй байна гэсэн хариуг өгч байсан юм. Иймд би Баянзүрх дүүргийн газрын албанд гомдолтой байна.
Б.Б нь уг газар дээр огт амьдарч байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг яаж гаргаж авсныг би сайн мэдэхгүй байна. Би энэ газрын гэрчилгээг гаргуулах гэж, хэлцэл хийгдсэн үеэс анхнаас нь хөөцөлдөж өнөөдрийг хүртэл гаргуулж авч чадахгүй байгаа юм аа. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч Ц.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2А хэсэг 40Б тоотод оршин суух Ц.Г тус хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа Ц.Г-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Ц.Г- нь уг хэрэг маргаанд огт хамааралгүй тул Ц.Г-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А.А, Ц.Г- холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хороо, Төмөр зам 0дугаар хэсэг 0тоотод байрлах нэгж талбарын 0000000 дугаар бүхий 440.м2 газрыг 5 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын зориулалтаар Б.Бд эзэмшүүлэхээр 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 0386607 тоот гэрчилгээг олгосон байна./хх-ийн 64 дүгээр тал /
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргад тухайн хаягт байрлах газрын давхцалыг хасагдсан хэмжээгээр газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухайн хүсэлт гаргасныг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/285 тоот захирамжаар дээрх хаягт байрлах нэгж талбарын 0000000 дугаар бүхий 303м2 газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын зориулалтаар эзэмшүүлэхээр 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 000737841 тоот гэрчилгээг олгож “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ /хх-ийн 54-79 дүгээр талууд /
Нэхэмжлэгч газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу өөрийн эзэмшиж буй газрыг чөлөөлөхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
Хариуцагч А.А “би 2011 онд иргэн Б.*******оос энэ газрыг 2,000,000 төгрөгөөр худалдан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2012 оноос эхлэн энэ газрын маргаан эхэлсэн. Нэхэмжлэгч надаа энэ газрыг зарсан н.*******оос нэхэхгүй байгааг ойлгохгүй байна “ гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч хэзээ, ямар харилцаагаар эзэмших, өмчлөх эрх үүссэн, гэрээ, газрын гэрчилгээ, Засаг даргын захирамжтай зэргийг нотлоогүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээд нь зөвхөн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших эрхтэй болохыг ойлгоно.
Нэхэмжлэгч Б.Бгийн хууль ёсоор эзэмшиж буй газар дээр зохих зөвшөөрөлгүй буусан болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
Хариуцагч А.А өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, Төмөр зам 0дугаар хэсэг 0тоотод байрлах нэгж талбарын 0000000 дугаар бүхий 303.м2 газрыг А.А, Ц.Г- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ