Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар  2023/ШЦТ/358

 

 

 

 

 

 

 

 

   2023        03         16                                  2023/ШЦТ/358

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Билгүүн /томилолтоор/,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Ө  нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Ө ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3108 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө ыг 2022 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянцээл” худалдааны төвийн хажууд хохирогч Э.Б г өөрийг нь цохилоо гэж шалтаглан пивоны хагархай шилээр зүүн хацрыг нь зүсэж, биед нь халдан түүний зүүн хацарт шарх, уруул, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.       

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Г.Ө  нь 2022 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч Э.Б гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

БЗДЦХ-2 Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

 

Хохирогч Э.Б гийн мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:

“2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний бие Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн гудамжинд нэрийг нь үл мэдэх караокед Ш , З , Н  нарын хамт 1 шил эден, 1 пивотой уугаад 03:25 цагийн үед гараад явж байхад үл таних 2 залуу ирээд З  Ш  нартай муудалцаад байсан. Тэгээд тэр хэдийг арай гэж салгаад явж байсан чинь араас шил хагалж хүрч ирээд ална гээд байхаар нь салгах гээд очиход миний хацрыг тэр хоёр үл таних залуу зүсээд ярчихсан. Би гомдолтй байна..”,

Тэр өдөр миний биед 2 гартаа шил барьчихсан залуу байсан. Тэр залууг огт танихгүй. Нэг л залуу миний биед халдсан ба тэр барьж байсан шилээрээ миний нүүр хэсэгт зүссэн. Одоогийн байдлаар гаргаж өгөх баримт бичиг байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 50/,

 

Гэрч Т.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Тухайн өдөр 2022 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө буюу 02-ны орой ажлаа тараад өөрийн найзууд болох Б , Ш , Н  нарын хамт 00 цагийн орчим Сансарын тэнд уулзаад нэрийг нь санахгүй нэг караокед орсон. Караокед ойролцоогоор 2-3 цаг болоод бид нар гарахаар болоод караокеноос гарсан. Н  бид нараас түрүүлээд гарчихсан. Би араас нь гартал Н  гадаа байдаггүй. Тэр хавьд хайгаад явж байсан чинь хажууханд хэдэн залуучууд хоорондоо муудалцаад зогсож байсан. Тэр дунд нь орчихсон юм байхдаа гэж бодоод яваад очтол нэг танихгүй залуу нь “үхсэнээ харсан юм гөлөг минь” гээд миний өмсөж явсан хувцаснаас зуурчихаад тавихгүй байсан. Тэр залуутай маргалдаад зогсож байтал миний араас Б  орж ирээд тэр залууг цохиод авсан. Тэгтэл тэр залуу цаашаа яваад эргэж ирэхдээ гартаа шил барьчихсан ирснээ Б г цохичихсон байсан. Хамарнаас нь цус гарчихсан байна гэж бодсон чинь Б гийн хацрыг барьж байсан шилээрээ цохичихсон байсан. Тэгтэл Ш  цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм шиг байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Сэргэлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16399 дүгээр:

“Э.Б гийн биед зүүн хацарт шарх, уруул, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/,  

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 180 дугаар:

“Г.Ө ы биед зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 7-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

Шүүгдэгч Г.Ө ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2306 00232 0373 дугаартай эрүүгийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Манилцэцэгийн гаргасан тогтоолыг уншиж танилцлаа. Иргэн Э.Б  2022 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянцээл худалдааны төвийн хажууд үл таних хүнд пивоны шилээр хацраа зүсүүлсэн гэх хэрэгт гаргасан тогтоолд гаргах ямар нэгэн санал хүсэлт болон хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл байхгүй. Хуулийн заалттай уншиж танилцлаа. Намайг яллагдагчаар татсанд санал нийлэхгүй зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

 

Шинжээч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний гаргасан дүгнэлтэд Э.Б гийн биед учирсан уруул зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Ө ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Г.Ө  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ө  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Ө ы хохирогч Э.Б гийн биед зүүн хацарт шарх, уруул, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Э.Б  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “баримтаар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэснийг үндэслэн шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч Э.Б  нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Г.Ө ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан их хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ө  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ө ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө ыг 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө д оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б гийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ