Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 07

 

      Г.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С. Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй, Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 24 дүгээр байр, 18 тоотод оршин суух, Ц овогт Г-ын Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, З овогт С-ийн П-д холбогдох иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч С.П, С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22,8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух С.П-аас 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 дугаар багт байрлах 30 айлын орон сууцны 10 тоот, 1 өрөө, 22,8 м.кв байрыг анх 16.740.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаа болгож 10.000.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг сар бүр 165.000 төгрөг төлөхөөр санал болгосны дагуу 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн. Дахин иргэн С.П нь орон сууцны бичиг баримт, ордер гаргаж өгнө гэж 1.000.000 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр авсан. Байрны үнээс үлдсэн 7.740.000 төгрөгийг иргэн С.П-ын Хаан банкны 5819085015 тоот дансанд сар бүр 165.000 төгрөг буюу /2012 оны 1 дүгээр сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл буюу 2 жил 7 сар буюу 31 сарын туршид/ нийт 5.163.000 төгрөгийг төлж байтал үлдэгдэл мөнгөө өг, нэг сарын дараа байрны ордерыг чинь өгье гэж үлдэгдэл болох 4.500.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр авсан. 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөгийг банкнаас зээл авч өгөхдөө 2014 оны 10 дугаар  сарын 01-ний өдрийн дотор байрны ордер авах талаар тохиролцож хэлцэл байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл С.П-аас удаа дараа уг 1 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шаардсан боловч одоо хүртэл миний байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгөлгүй, намайг олон жил хохироож байна. С.П-т 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 10.000.000+1.000.000+5.163.000+4.500.000=20.663.000 төгрөг төлсөн байна. Гэвч иргэн С.П нь байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад шилжүүлж өгөлгүйгээр миний байрыг барьцаалж 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкнаас орон сууцны зээл авч, уг зээлээл төлөөгүй тул шүүхийн шийдвэр гарч, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас намайг дуудаж танилцуулсан. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж намайг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт орших, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Миний бие  Г.Н-т 1 байрыг өгч, тал мөнгө 11.000.000 төгрөг авсан нь үнэн. Мөн үлдэгдэл мөнгийг Г.Нийн хэлснээр авсан нь үнэн. Уул нь би тэр байранд 2 байр орон сууц санхүүжилтийн корпорациас цэцэрлэгийн квотоор авсан. 1 квотоор 40-өөс дээш м.кв байр өгөх ёстой гээд 17.6 м.кв, 34.2 м.кв талбай бүхий 2 байр өгсөн. Г.Н 1 байрыг нь 11.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 5 жилийн хугацаатай сард 165.000 төгрөгөөр төлнө гэж тохирч өгсөн. Би сүүлд хувийн цэцэрлэг барих гэж яваад үлдэгдэл 4.500.000 төгрөг ярьж тохироод авсан. Уул ярьсанаасаа бол 2017 онд ордер гаргаж өгөх ёстой. Сүүлд хуурч мэхэлж ордерийг банкинд тавьсан гэж худал бичсэн байна. Яагаад гэвэл анхнаасаа 2 байрны ордерийг барьцаанд авч над дээр 2012 онд зээл гарсан. Г.Н 2017 онд л ордероо авах ёстой, гэтэл мэдсээр байж намайг залилагч болгох гээд байгаад гомдолтой байна. Одоо тус ордер 8.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа. 8.000.000 төгрөгөө төлж барагдуулаад ордерийг нь гаргаж өгнө. Ордер нь барьцаанд байгаа боловч Г.Н уул байрыг цоо шинээр нь хүлээж аваад 5 жил өөртөө ашиглаж байгаа болно” гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч С.П 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Орон сууц санхүүжилтийн корпораци” төрийн өмчит компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан урьдчилгаа 10 хувийн төлбөрийг 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн. 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 404062 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан, 34,4 м.кв талбай бүхий 2 өрөө, 22,8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус зээлээр худалдан авсан. С.П нь зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүйн улмаас манай банк 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 389 тоот шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан. Дээрх шийдвэрийн дагуу Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран ажиллаж, 34,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 30.000.000 төгрөгийн зээлийг төлүүлсэн. Одоо тус зээлээс 8.542.428 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр үлдсэн бөгөөд барьцаанд Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах 22,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байна. Манай банкны барьцаанд байгаа орон сууцны гэрчилгээг гомдол гаргагч Г.Н-ийн нэр дээр шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэж бидний зүгээс үзэж байна. Иймд иргэн Г.Н-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22,8 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520003343 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.П, С.Б нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох”-оор шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрт гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлээр дамжин хийгддэг, улсын бүртгэлээр дамжуулан өмчлөгч нь хэн болохыг үнэн зөв тодорхойлдог талаар Иргэний хууль, Улсын бүртгэлийн тухай хуульд тодорхой заасан. Энэхүү зохицуулалт нь ямар хуульд хэрхэн заасныг иргэн хүн мэдэхгүй боловч үл хөдлөх эд хөрөнгө авч байгаа бол улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэдгийг хүн бүр мэддэг. Нөгөө талаар тухаин орон сууцны санхүүжилтийн корпорациас санхжүүлэн иргэдэд өмчлүүлж байгаа барилга нь зээлийн болон барьцааны гэрээ хийгдсэнээр зээлдэгч нарын өмчлөлд шилжиж байгаа гэдэг нийтэд илэрхий ойлгомжтой байсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ч үүнийг мэдэж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед С.П, С.Б нарт орон сууцны өмчлөх эрх үүсээгүй байсан гэдгийг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар шударга өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй юм.

 Нэхэмжлэгч нараас өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа шүүх авч иргэний хэрэг үүсгэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.6-т үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр тооцно гэж заасан. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө гэж заасан. Өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн шинжтэй, үнэлж болох шаардлага тул нэхэмжлэгч Г.Н нь 70,200 төгрөг бус ИХШХШтХ-ийн 63.1.6-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнээс тооцсон тэмдэгтийн хураамж төлөх юм. Мөн  өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад хөрөнгийн үнийн дүнгээс тухайлбал хөрөнгийг худалдан авсан үнийн дүнгээс тэмдэгтийн хураамж төлөхийг шаардаж байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргииг шиидвэрлэсэн нь хэргииг шударгаар шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т "талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор үүрэг дуусгавар болно". 236.2-т иэнэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаан дуусгавар болно" гэж тус тус зааснаар С.П-ын байрны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгө төлөх үүргээр солигдсон, Г.Н-ийн байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардах эрх нь мөнгөө буцаан шаардах эрхээр солигдсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 236.2-т заасан үндэслэлээр хариуцагч С.Пын байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүрэг дуусгавар болсон байхад шүүх талуудын байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн "Мөнгө хүлээлцсэн гэрээ"-ний үүрэг хүчинтэй хэвээр байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай юм. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.Н нь худалдан авсан гэх байрныхаа үнийг 10,000,000+1,000,000+сар бүр 165,000+4,500,000 гэх зэргээр хэсэгчлэн төлсөн байх бөгөөд хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа "нэхэмжлэгч Г.Нт 2017 онд байрны гэрчилгээг шилжүүлж өгөхөөр тохирсон, нэхэмжлэгч Г.Н нь 5 жилийн өмнө байраа хүлээн авсан" гэж тодорхой дурдсан байна. Үүнээс үзвэл талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 лугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ бус Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдан авагч нь үнийг төлж. хөрөнгөө хүлээн авах эрх үүргийг хүлээдэг бол 261 дүгээр зүйлд зааснаар худалдан авагч нь үнийг төлөхөөс өмнө хөрөнгийг хүлээн авч, үнээ хэсэгчлэн төлөх үүргийг хүлээдэг.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авах талаар тусгайлсан зохицуулсан байх тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйл нь зөвхөн хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авахад хэрэглэгдэх зохицуулалт гэж үзэхээр байна гэтэл шүүх орон сууцны өмчлөх эрх буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийг хэрэглэжээ.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд "эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн болон тайлбар гараагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан баримтыг үнэн зөв гэж үзэх, шууд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэнээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 –т заасан шаардлагад нийцээгүй байна.

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 30 айлын 10 тоот байрны хамтран өмчлөгчөөр С.П,С.Б нар нь Ү-1520003342 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгджээ./хх 99 дүгээр тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-1520003342 дугаартай гэрчилгээгээр 30 айлын 10 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр С.П,С.Б нар тогтоогдсон байхад анхан шатны шүүх тэдгээрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ,ашиглаж, захиран зарцуулж, халдлагаас хамгаалагдах эрхийг нь зөрчиж нэхэмжлэгч Г.Н-ийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь буруу болжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсанаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан ба улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан өмчлөгчийн эрхэнд халдаж өөр этгээдийг шүүхээс өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч өөрт нь учирсан хохирлоо хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй ба С.П, С.Б нараас орон сууцны ордер гэрчилгээг гаргуулан Г.Н-ийг орон сууцны өмчлөгчөөр шүүхээс тогтоох боломжгүй гэж үзлээ, 

Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг ханган, орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас дүгнэлээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй Төрийн банкны давж заалдах гомдлыг хангасан тул тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн хариуцагч С.П, С.Б нарт холбогдуулан гаргасан “Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 30 айлын 10 тоот, 22,8 м.кв талбайтай орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, Төрийн банкны Увс салбарт буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй..

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН