| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2024/0803/З |
| Дугаар | 221/МА2025/0151 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0151
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын
Өвөрмонголын өөртөө засах орны иргэн B-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6.6-д заасан Н4 ангиллын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Н4 ангиллын зөвшөөрөл олгохыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2024/0803/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн B-аас Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6.6-д заасан Н4 ангиллын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Н4 ангиллын зөвшөөрөл олгохыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11, 9 дүгээр зүйлийн 9.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.13, 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны иргэн B-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... B нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр К1 ангиллын 90 хоногийн хугацаатай орж ирсэн бөгөөд Монгол улсад байх визийн хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгуулсан боловч тэр хугацаанд Монгол улсаас сайн дураар гаралгүй визийн хугацаа хэрүүлсэн зөрчилд холбогдсон тул торгох шийтгэл оногдуулсан ба Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар уг иргэнийг 2 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол улсаас албадан гаргах эрх зүйн зохицуулалттай байна.
B нь Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 24050084***** дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрчээр оролцож, гэрчийн мэдүүлэг өгөх этгээдээр оролцож байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4-д зааснаар “Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн ба дээрх эрүүгийн хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд B-г хэдийд ч гэрчээр дуудан ирүүлэх магадлалтай байна.
Хариуцагчийн тайлбар болон шүүхийн шийдвэр дээр B-г зорчих эрх хязгаарлагдаагүй, Монгол улсаас гараад хэдийд ч өөрийн дураар буцан ирэх боломжтой гээд байгаа нь Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын иргэнийг Монгол улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар уг иргэнийг 2 жилийн хугацаанд орох эрхгүйгээр Монгол улсаас албадан гаргахтай үл нийцэх бөгөөд B нь өөрийн улс руу буцаад явсан тохиолдолд 24050084***** дугаартай хэрэгт гэрчээр дуудсан тохиолдолд буцан Монгол улс руу орох боломжгүй байгаа юм. Мөн Гадаадын иргэн, харьяатын газар B-г Бүгд Найрамдах Хятад Ард улс руу буцах гэхээр Монгол улсаас гаргахгүй гадаад пасспортыг нь өгөхгүй зөрчих эрхийг хязгаарласан үйлдэл хийж байгаа. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин зорчих эрхийг хязгаарлассан байгаа боловч оршин суух виз өгөхгүй байгаа нь хууль бус юм.
Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 2/4.1.6.6-д зааснаар Гэмт хэрэг зөрчилд холбогдсон болон шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг маргааны улмаас тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол улсад зайлшгүй байх шаардлагатай гадаадын иргэнд хамаарах ойлголт бөгөөд энэхүү хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл B-д Н4 ангиллын визийг зохих журмын дагуу олгох нь хуульд нийцнэ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээ сарын 08-ны өдрийн 35 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн B-гаас Гадаадын иргэн, харьяатын газарт холбогдуулан “Гадаадын иргэн Монгол улсад оршин суух болон түүнийг бүртгэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6.6-д заасан Н4 ангиллын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Н4 ангиллын зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн 24050084***** дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэрчээр оролцож, гэрчийн мэдүүлэг өгөх этгээдээр оролцож байгаа, .... дээрх эрүүгийн хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд хэдийд ч гэрчээр дуудан ирүүлэх магадлалтай...” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчийг гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны улмаас тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай иргэн гэж үзээгүй хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.3. Тодруулбал, нэхэмжлэгчийн авахаар маргаж буй Н4 ангиллын оршин суух зөвшөөрлийн хувьд гагцхүү гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, түүнчлэн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гадаадын иргэнд олгодог зөвшөөрөл бөгөөд нэхэмжлэгч B-гийн хувьд түүнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар гэрчээр оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албан бичгүүдээр тогтоогдож байна.
2.4. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 10 дугаар зүйлийн 10.4-д “Энэ журмын 4.1.6.6-д заасан оршин суух зөвшөөрлийг олгох, сунгах эсэхийг шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдээс ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч B-д уг журмын 4.1.6.6-д заасан Н4 ангиллын оршин суух зөвшөөрөл олгох асуудлаар шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдүүдээс холбогдох хүсэлтийг ирүүлээгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчид оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзнэ.
Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Харин нэхэмжлэгч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 7.4.4-т заасан Монгол улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон виз, оршин суух зөвшөөрлийн хугацаанд байх, уг хугацаандаа буюу эрх бүхий байгуулагын шаардсанаар тус улсаас гарах үүргээ биелүүлээгүйн улмаас мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан Монгол улсаас албадан гаргах нөхцөл байдал үүссэн байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгт огт хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан, түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 7.4.4, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.1.12-т заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН