Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 116/ШШ2021/0021

 

           Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: .... хот, .... дүүрэг, ...-р хороо, ...-р байрны ... тоотод байрлах, “Х С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

            Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/1417 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгахшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Н.С, түүний өмгөөлөгч Т.Э, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Н.Г, гэрч Н.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь аймгийн Засаг даргаас тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх мэдэгдэл ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, уг мэдэгдлийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

            Дорнод аймгийн Засаг дарга М.Б 2016.04.11-ний өдөр “Х С” ХХК-нд ДО-007 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Мөн хуульд заасны дагуу тус зөвшөөрлийн хугацааг 2019 онд сунгасан.

            “Х С” ХХК нь тус ДО-007 дугаартай тусгай зөвшөөрөлд заасан Дорнод аймгийн Матад сумын Чулуут нэртэй газарт орших 181.6 га талбайд өөрийн хөрөнгөөр хайгуулын ажлыг хийсэн. Хайгуулын ажлын үр дүнгийн нэгдсэн тайланг боловсруулж, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. “Матацын чулуу” нэртэй барилгын чулууны ордод геологийн нөөцийг тогтоож, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.

         Ингээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан онцгой эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч 2019.10.23-нд өргөдөл гаргасан. Аймгийн Засаг дарга тус хуулийн 19.1, 19.2-т зааснаар өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан шийдвэр гаргаж, мэдэгдэх ёстой боловч одоог хүртэл хуулийн дагуу шийдвэрлэхгүй 2 жил хүртэлх хугацаагаар манай компанийн үйл ажиллагаанд саад учруулан хохироож байна.

          “Х С” ХХК-аас ашиглалтын зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүсэж, аймгийн Засаг даргад албан бичгүүдээр хандсан боловч ямар ч хариу ирүүлээгүй.

            Гэтэл 1 жил 8 сарын дараа хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийг бид хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд уг талбайд ...тусгай зөвшөөрөл шинээр олгож болно гэсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалтыг ашиглан бусад хэн нэгэнд тусгай зөвшөөрөл олгох хувийн ашиг сонирхолтой байна гэж харж байна. Түүнчлэн иргэдийн хууль бус хүсэлтээр халхавчлан манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар мэргэжлийн байгууллагуудаас санал авч, тусгай зөвшөөрлийг цуцлах хуулийн үндэслэл байхгүй гэсэн мэргэжлийн байгууллагууд болон холбогдох албан тушаалтны дүгнэлт, албан бичгүүд байсаар байхад манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь илт хууль бус, хувийн ашиг сонирхолтой мэт харагдаж байна.

          Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х С” ХХК хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах Монгол Улсын түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд Дорнод аймгийн Засаг дарга саад учруулан ашиглалтын тусгай зөвшөөрөл хугацаа дууссан гэх мэдэгдэл ирүүлсэн тул уг зүй бус мэдэгдлийг хүчингүй болгох, ашиглалтыг тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэв.

           Нэхэмжлэгч “Х С” ХХК-ийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг авч ажиллагаагаа хийж ирсэн. “Х С” ХХК-ийн хувьд 2019.10.23-ны өдөр 71 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ С, Н, М нар бүрдүүлж дээрх асуудлыг хариуцсан Гэрэлцэцэгт материалыг өгсөн боловч одоог хүртэл ямар ч хариу өгөөгүй байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтээ өгсөн. Энэ бол ном журмын дагуу хийгдэж буй ажиллагаа мөн. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2021.04.16-ны өдөр дуусах байсан. Аймгийн Засаг дарга өргөдлийг хуульд заасны дагуу хүлээн авч, хавсаргасан материал нэг бүрийг шалгаад бүртгэн, өргөдөл хүсэгч талд тодорхойлолт гаргаж өгөх ёстой байдаг. Мөн үүн дээр хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг лавлаж шүүлт хийн, Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч буй хэсэг нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хилийн дотор багтаж байгаа эсэхийг нэн тэргүүнд шалгаж үздэг.

          Гэтэл анх өргөдөл гаргасан өдрөөс 1 жил 9 сарын дараа хайгуулын тусгай зөвшөөрөл дууссан талаар мэдэгдэл ирүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Төрийн байгууллага нь иргэд, аж ахуй нэгжийн өргөдөл хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж өгөх үүрэгтэй, шаардлагатай тохиолдолд 30 хоногоор хугацааг сунгаж болдог. Гэтэл энэ хэргийн хувьд ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэхээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тусгайлан зааж өгсөн байгаа. Мөн аймгийн Засаг даргын 2021.07.07-ны өдрийн 1/1441 тоот мэдэгдэл нь захиргааны акт мөн эсэхт эргэлзэж байна. Гэхдээ захирамжилсан акт мэт бичигдсэн байгаа харагддаг. Захирамжилсан үйл ажиллагаа гэдэгт хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, татгалзсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгохоор хуульд заасан. Энэ шинжийг агуулсан байна. Захиргааны актыг үүрэг хүлээлгэсэн дарамталсан, эсвэл эрх олгосон зөвлөсөн гэж ангилдаг байгаа. Аймгийн Засаг даргын мэдэгдлийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байх захиргааны байгууллагын захирамжилсан шинжтэй мэдэгдэл байна гэж үзсэн. Мөн засагласан заавал биелүүлэх үүрэг хүлээлгэсэн гэж хардаг. Хэдийгээр хугацаа хэтэрч гарсан хэдий ч Захиргааны байгууллагын эрх бүхий акт гэж үзэж байна. Мэдэгдлийн агуулга нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахыг хүлээж байгаа мэт ажиглагддаг. Гадагш чиглэсэн, хориглосон, үүрэг хүлээлгэсэн үйл ажиллагааг зохицуулахыг хичээсэн байгаа нь харагдсан. Тэгэхээр Засаг дарга нь хуульд заасан хугацаанд хариуг мэдэгдээгүй нь эс үйлдэхүй гэж тоооцох үндэслэлтэй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай өргөдөл гаргасан этгээдийн дээрх хуулийг баримтлан ажиллагаа явуулах ёстой байдаг. Хэрэв хуульд хугацаа зааж өгөөгүй байвал ерөнхий хуулийг баримталж шийдвэрлэх боломжтой гэв.

           Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газарт байрших 181.6 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ДО-007 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг “Х С” ХХК-д 3 жилийн хугацаагаар аймгийн Засаг даргын 2016.04.08-ны өдрийн А/152 дугаар захирамжаар олгосон. Анх “Х С” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоход нутгийн иргэдийн маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. 2019.03.07-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахаар хандсан бөгөөд ...2019.04.04-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар “Х С” ХХК-ийн ...тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар буюу 2021.04.11-ний өдрийг хүртэл сунгасан.

           Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021.04.11-ний өдөр дуусгавар болсон тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлүүдэд заасан үүргээс чөлөөлөгдөхгүй талаарх мэдэгдлийг аймгийн Засаг даргын 2021.07.07-ны өдрийн 1/1417 дугаар албан бичгээр тус компанид хүргүүлсэн. Энэ бол захиргааны акт биш мэдэгдэл юм. Тус мэдэгдлийн үндэслэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар дуусгавар болсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах, тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргад буцааж өгөх үүргийг хүлээх талаар заасан бөгөөд хууль зөрчиж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд уг мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулахгүй.

           Түүнчлэн “Х С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхий нутаг дэвсгэр буюу Дорнод аймгийн Матад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон иргэдээс аймгийн Засаг даргад хандаж тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлсэн.

           Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, “г”, 30 дугаар зүйлийн 30.1.5-д тус тус заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий нутаг дэвсгэрт оршиж буй иргэдээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 226.1-д зааснаар Захиргааны байгууллагаас сонсох ажиллагаа явуулахад тогтоогдсон ба аймгийн Засаг дарга нь иргэдийн саналыг хүлээн авч шийдвэрлэх, иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг хангах үүргийг хуулиар хүлээсэн учир нэхэмжлэгч компанид ...ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймд нэхэмжлэгч “Х С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсоннд аймгийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон байхад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасан үүргээ биелүүлэхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 “...хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл хүсэлтийг харгалзан, өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж заасан, үүний дагуу аймгийн Засаг дарга нутгийн захиргааны байгууллага болон иргэдийн өргөдөл хүсэлтийг зайлшгүй харгалзах ёстой байдаг. Тухайн талбай байрших Матад сумын 6 дугаар багийн /Эрдэнэбадрах баг/ иргэдийн нийтийн хурал, багийн Засаг дарга, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг даргын гаргасан өргөдөл хүсэлтийг харгалзаж үзэх ёстой. Энэ бол хууль ёсны шаардлага юм. Ингээд хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх тохиолдолд тухайн эрх ашиг нь хөндөгдөх боломжтой иргэдийн саналыг авах үүрэг хүлээсэн. Тухайн багийн иргэд иргэдийн төлөөлөгчдөөр дамжуулан удаа дараа эсэргүүцлээ илэрхийлж байсан. Энэ байдал нь маш олон нотлох баримтаар тогтоогдож байна.

            Уг компанийн хувьд тухайн багийн болон сумын иргэд болон Засаг даргатай уулзаж, хийх гэж буй ажлын талаар танилцуулга хүргүүлж, эерэг, сөрөг талыг танилцуулсан зүйл огт байдаггүй.

          Дараагийн үндсэн шалтгаан нь “Х С” ХХК нь 71 тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан гэж ярьдаг. “Х С” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах журмын дагуу ажиллагаа явуулах ёстой байдаг. Хүсэлтийг хэнд ч хамаагүй өгч болохгүй. Яг хэнд өгөх ёстойг хуульд тодорхой заасан байна. Тэрнээс биш мэргэжилтэнд өгч болохгүй. Мөн 6 үндсэн хавсралтыг бүрдүүлж өгөх ёстой байдаг. Энэ хавсралт бүхий өргөдөл нь аймгийн Засаг даргад ирээгүй юм. Бичиг хэргийн ажилтанд бүртгэгдээгүй байна. Мэргэжилтэн Гэрэлцэцэгт хүлээлгэж өгсөн гэж хэлж байгаа боловч яг тухайлсан баримт, нотлох баримт байхгүй байна. Хүлээн авсан баримт байлаа ч энэ хүний хувьд тухайн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг эрх бүхий албан тушаалтан биш. Ирсэн, явсан бичгийн бүртгэлийг хуулбарлаж шүүхэд хүргүүлсэн. Энэ бүхнээс харахад журмын дагуу өргөдлөө өгөөгүй болох нь харагдаж байна. Мөн тухайн албан бичгийн огноо их эргэлзээтэй санагдаж байна. Эхэнд ирдэг албан бичиг нь 89 дугаартай ба 6 сарын дараа ирсэн албан бичиг нь 8 дугаартай ирсэн байна. Энийг харахад эргэлзээ төрөхүйц байна. Эсвэл хуурамч албан бичиг ч байх боломжтой байна. Ганц албан бичгийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломж байхгүй. Аймгийн Засаг даргад ийм хэмжээний эрх мэдэл байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. 2021 оны 07 дугаар сарыг хүртэл аймгийн Засаг даргад хаяглагдсан албан бичиг “Х С” ХХК-ийн зүгээс нэг ч удаа ирж байгаагүй. Аймгийн Засаг дарга ч эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Миний хэлсэн тайлбар бүхэлдээ нотлох баримтаар тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэгч талд шаардах эрх үүсэхгүй. Эрх зүйн үр дагавар үүсэх боломжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 онд Уул уурхайн асуудлыг хариуцаж байсан мэргэжилтэн бөгөөд аль болох тухайн аж ахуй нэгжийг дэмжиж ажиллаж байсан. Анх 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, түүнийгээ 2 жилийн хугацаатай сунгаж байсан. Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирж, “Х С” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй байна, тиймээс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно шүү гэж мэдэгдэж байсан. Тэгэхэд нь би албан бусаар утсаар компанийн удирдлагатай холбогдож төлбөр төлсөн баримтыг шаардан авч байсан. Тусгай зөвшөөрөл олгох ажиллагаатай холбоотой тухайн багийн иргэдээс эсэргүүцэл ирж байсан нь үнэн. Энэ үед бид аль болох асуудлыг болгох талаас нь шийдвэрлэсэн. 1 жил гаруйн хугацааанд ямар ч мэдэгдэл өгөөгүй гэж өмгөөлөгч нь хэлж байна. Гэтэл би Саранмөнх, Мөнгөнсүх нь нар нь надтай удаа дараа ирж уулзахад нь “иргэдийн эсэргүүцэл их байна, сумаас зөвшөөрөл олгохгүй байна. Уулзах хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан. Би С захиралтай Улаанбаатар хотод таараад “сумтайгаа холбогдсон уу? Асуудлаа шийдвэрлэх юм бол ашиглалтын тусгай зөвшөөрөл гарах боломжтой” гэж хэлж, нийтдээ 10 орчим удаа зааварчилгаа өгч байсан. Миний хэлж байгаа зүйлийг эсэргүүцэхгүй байх гэж бодож байна. “Х С” ХХК-ийн хувьд нутгийн иргэдтэй уулзаж ярилцах ёстой байсан. Энэ хугацаанд энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х С” ХХК нь  “Дорнод аймгийн Засаг даргын 2021.07.07-ны өдрийн 1/1417 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”[1]  шаардлага гаргасан.  

            Дорнод аймгийн Засаг даргын 2021.07.07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1417 дугаар албан бичгээр[2], 2019.04.04-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар “Х С” ХХК-д олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ДО-007 тусгай зөвшөөрлийн хугацаа 2021.04.11-ний өдрөөр дуусгавар болсон тул зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгохыг мэдэгдээд, ...тусгай зөвшөөрөл дуусгавар  болсонтой  холбогдуулан  тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргад буцааж өгөх бөгөөд, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь  буцаан өгснөөс  хойш  хоёр жилийн хугацаанд тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй гэжээ.

            Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын 2016.01.08-ны өдрийн 6/113 албан бичгээр ирүүлсэн дүгнэлтэд;  “Х С” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайд нь ...ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, ...талбайн  давхцалгүй, улсын хөрөнгөөр хийгдсэн эрдэсийн хуримтлал тогтоогдоогүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой”  дүгнэлт[3] гарсан байдаг.

            Дорнод аймгийн Засаг даргын 2016.04.08-ны өдрийн А/152 дугаар захирамжаар[4],  Монгол улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6. “а”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 11.2.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 22, Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, Матад сумын 6-р баг, “Чулуут” нэртэй газарт байрших ...181.6 га  талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Х С” ХХК-д олгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ДО-ОО7 тусгай зөвшөөрлийн 9011575136 гэрчилгээ 2019.04.11-нийг дуустал хугацаагаар олгогдсон[5] байна.

            Тэрээр Дорнод аймгийн Засаг даргын 2019.04.04-ний өдрийн А/151 захирамжаар[6] “Х С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг  2021.04.11-ний өдрийг хүртэл сунгасан байна.

             Тухайн үед Матад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017.12.22-ны өдрийн 35 дугаар  албан бичгээр[7] ...орон нутгийн тусгай хамгаалалттай, эрт дээр үеэс өвөг дээдсийн булш, бунхан, тахилгат уултай, багийн иргэдийн нийтийн өвөлжөө, хаваржааны  эзэмшил ... цуцлуулах  шаардлагыг  иргэдээс  гарч байгаа  талаар ирүүлсэн  албан бичгийн хариуг, Дорнод аймгийн Засаг даргын орлогчийн 2018.02.23-ны өдрийн 1/317 дугаар албан бичгээр[8] сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэр, нотлох баримтаа  дутуу ирүүлсэн  материал ирүүлэх талаар Хурлын ажлын алба, Тамгын газарт удаа дараа мэдэгдсэн ч бүрэн ирүүлээгүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлд хамаарахгүй” хариуг хүргүүлж байсан байна.

           Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, Газрын тосны газар, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2019.05.29-ний өдрийн ХХ-09-05 дүгнэлтэд[9]:   Дорнод аймгийн  Матад сум, “Матадын чулуу” барилгын чулууны ордод 2018 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, Матадын чулуу барилгын чулууны орд нь Улаанбаатар хотоос зүүн тийш 800 км, Матад сумын төвөөс зүүн урагш 25 км оршдог, ...дээрхи талбайд өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил гүйцэтгэж,барилгын чулууны ордны геологийн нөөцийн бодитой болон боломжтой (B+C) зэрэглэлээр тогтоож..., 2018 онд дайрганы нөөц тогтоох зорилгоор  9.0-20.0 м  гүнтэй  12 цооног буюу нийт 174 тууш метр өрөмдлөгийн ажил, 8 суваг буюу 26.9 м3 уулын малталт, 1:2000 масштабтай байр зүйн зураглалын ажил, археологи, налеонтогийн судалгааны ажлыг тус тус гүйцэтгэж байсан зэргийг дурдах нь зүйтэй.

            Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1  “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь...”,  хуулийн 35.1.1. “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”,   35.1.2 “тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн”, 35.1.3 “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах” талаар хуульчилсан. Дорнод аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын 2018.02.14-ний өдрийн 1/80 албан бичигт[10]  ... хүсэлтэд дээрхи нөхцөл байдал дурдагдаагүй бөгөөд цуцлуулах үндэслэлээ ...малчдын өвөлжөө, хаваржааны эзэмшил газрууд болон булш бунхан, тахилгат уултай, орон нутгийн тусгай хамгаалалттай газар гэж заасан байгаа боловч тэдгээрийн тогтоол шийдвэрүүд байхгүй гэх, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018.02.14-ний өдрийн 97 тоот албан бичигт[11]: мөн газар усны нэр, өвөлжөө хаваржааны координат байхгүй, талбайн хэмжээ нь зөрүүтэйг дахин тодруулах шаардлагатай” хариу албан бичгээр мэдэгдэж байсан байна.

            Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019.12.23-ны өдрийн 596 дугаар тодорхойлолтод[12]:  хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Х С” ХХК нь ...хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулан 2018 оны 04 дүгээр сард Мэргэжлийн хяналтын газар, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн нараар хянуулан батлуулсан, ...2018 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Матад сумын байгаль орчны газрын улсын байцаагчаар хянуулж, сумын Засаг даргаар батлуулан, барьцаа хөрөнгийг сумын байгаль хамгаалах санд байршуулсан, 2018 онд хийсэн хайгуулын ажлын үр дүнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны “Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөл”-өөр хэлэлцүүлэн  2019 онд ХХ-09-05 шийдвэрээр барилгын чулууны ордын нөөцийг тогтоолгосон, Н/90 дугаар тушаалаар “Чулуут” ордны барилгын чулууны нөөцийг бүртгүүлсэн, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд археологийн судалгааг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Антропологи, археологийн тэнхимээр хийлгэж, дүгнэлтийг ирүүлж байгаа болно.

             Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2. энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй.  “Х С”  ХХК-ийн зүгээс хайгуулийн ажлаа гүйцэтгэж дууссан бөгөөд тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг ирүүлсэн болох нь  аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020.12.07-ны өдрийн 6/2325 тоот албан бичиг[13]. 2020.12.11-ний өдрийн 6/2353 албан бичгээр[14]: ...ашиглалтын тусгай зөвшөөрлийг үзэж танилцсан ... ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахдаа иргэдийн саналыг дахин авах шаардлагатай ...гэх, Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад  нэхэмжлэгчийн 2019 оны хавар хайгуулын ажил дууссан, 2019 оны 10 сард ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч  71 тоот албан бичгээр анкетыг маягт, дүгнэлт, Ашигт малтмалын даргын тушаал, үйлчилгээний хөлс төлсөн баримт зэргийг хавсаргаж материалыг   мэргэжилтэн Н.Гт хүлээлгэн өгсөн гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Г нь ... Н.С,  Г.Мнар нь надтай удаа дараа ирж уулзаж байсан, ... иргэдийн эсэргүүцэл байна, ...асуудлаа шийдвэрлэх юм бол ашиглалтын тусгай зөвшөөрөл гарах боломжтой” ...гэж  хүртэл  хэлж байсан гэх тайлбар[15], аймгийн Засаг даргын хариу тайлбарт[16]: ...ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй нөхцөл байдал бий болсон гэх дээрхи албан бичгийн тайлал зэргээс үзэхэд, нэхэмжлэгч тал, аймгийн Засаг дарга, эрх бүхий албан тушаалтанд  ...ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт, нотлох баримтыг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

             Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц, мөн хуулийн 19.1.1, 19.1.2, 19.2.1, 19.2.3-д заасны дагуу ...шүүлт хийж, ...ажиллагаа гүйцэтгэсний үндсэн дээр  өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэх заасныг ...” эрх бүхий төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх байжээ.

            Түүнчлэн Дорнод аймгийн  Засаг даргын 2020.12.07-ны өдрийн 6/2325 дугаар албан бичгээр, “Х С” ХХК-ийн ...ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар  хайгуулийн талбай оршиж буй  багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын санал ирүүлэх албан бичгээр хандаад байгаа зэргээс үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал хүлээлтийн байдалтай  байсан  бөгөөд, ...дээрхи ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас... хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацаанд нөлөөлсөн.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь Засаг даргын 2021 оны 1/1417 дугаар мэдэгдэл нь, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д  заасан захиргааны актын шинжийг агуулахгүй гэсний тухайд[17]; “Мэдэгдэл” гэдэг нь ...тодорхой үйл ажиллагаа, асуудал, сэдвийн талаар үзэл бодол, байр сууриа нийтэд илэрхийлэх зорилгоор гаргасан баримт бичиг юм. Гэтэл аймгийн Засаг даргын дээрхи мэдэгдлийн агуулга нь тодорхой нэг тохиолдол болох ...хайгуулийн тусгай  зөвшөөрлийн хугацаатай холбоотой  “...агуулга бичвэрээс үзэхэд “тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг мэдэгдье” “...тусгай зөвшөөрөл эзэмших талбайг бүхэлд нь буцаан өгснөөс хойш хоёр жилийн хугацаанд дахин өргөдөл гаргах эрхгүй” ...  зэргээс үзэхэд тодорхой  нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгож  нэхэмжлэгч компанийн эрх ашгийг хөндсөн, захирамжилсан хэлбэрийг агуулсан захиргааны акт гэж үзэхээр байна.          

            Дорнод аймгийн Засаг дарга,  эрх бүхий албан тушаалтан нь хүн, хуулийн этгээдийн өргөдөл,  хүсэлтэд үндэслэл бүхий хариу өгөх үүрэгтэй, “Х С” ХХК-ийн  ... ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулах /өргөдөл/  хүсэлтийг хуулийн  хугацаанд хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, орхигдуулсан захиргааны байгууллагын идэвхигүй  үйл ажиллагааг  эс үйлдэхүй гэж үзнэ. 

            Иймд “Х С” ХХК-ийн, Дорнод аймгийн Засагт даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2021.07.07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1417 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх  асуудлыг ... холбогдох  нотлох баримт,  /цаг үеийн нөхцөл байдал/  ... хянан  шалгаж, хуулийн дагуу  шийдвэр гаргахыг  аймгийн Засаг даргад  даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3н”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Х С” ХХК-ийн, Дорнод аймгийн Засаг даргын 2021.07.07-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/1417 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд хуулийн дагуу шийдвэр гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгасугай. 

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х С” ХХК-д олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ОЮУН

 

[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 26-р хуудас

[3] Хавтаст хэргийн 119-120-р хуудас

[4] Хавтаст хэргийн 10-р хуудас

[5] Хавтаст хэргийн 13-р хуудас

[6] Хавтаст хэргийн 45-р хуудас

[7] Хавтаст хэргийн 51-р хуудас

[8] Хавтаст хэргийн 12-р хуудас

[9] Хавтаст хэргийн 16-20-р хуудас

[10] Хавтаст хэргийн 23-р хуудас

[11] Хавтаст хэргийн 24-р хуудас

[12] Хавтаст хэргийн 21-22-р хуудас

[13] Хавтаст хэргийн 58-р хуудас

[14] Хавтаст хэргийн 59-р хуудас

[15] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[16] Хавтаст хэргийн 37-38-р хуудас

[17] Шүүх хуралдааны тэмдэглэлээс