Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01317

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02549 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаар магадлалтай,

*******-ийн нэхэмжлэлтэй,

Хурд групп ХХК-д холбогдох,

Батлан даалтын гэрээ-ний үүрэгт 1,668,526,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Минжмаа, Д.Батцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэгбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* болон Сауд гоби коэл транс ХХК-иуд нь 2019.05.13-ны өдөр МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Сауд гоби коэл транс ХХК нь *******-иас  гэрээний  2.4-д заасны дагуу *******-ийн харьяа Улаанбаатар хотод байрлах агуулахаас зээлийн гэрээний хавсралтанд тусгагдсан баазаас нийт 860,370 литр түлшийг 1,721,207,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан билээ. Гэрээний 2.10-т заасны дагуу Сауд гоби коэл транс ХХК нь ачсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлбөрийг хуваарийн дагуу буюу 2019.06.21-ний өдөр 260,000,000 төгрөг, 2019.06.24-ний өдөр 40,000,000 төгрөг, 2019.07.09-ний өдөр 150,000,000 төгрөг, 2019.08.09-ний өдөр 50,000,000 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Сауд гоби коэл транс ХХК нь гэрээний 2.10-т заасны дагуу шатахууны үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой боловч одоо болтол барагдуулаагүй сунжирч, санхүүжилт болон үйл ажиллагаа доголдсон, тусгай зөвшөөрлөө цуцлуулсан хэмээн албан хариултыг удаа дараа өгч энэ хугацаанд манай компани нь асуудалд хүлээцтэй хандан боломжийг олгосоор ирсэн юм. Сауд гоби коэл транс ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ******* нь өндөр хүүтэй зээлийн хүү төлөх валютын ханшны алдагдал хүлээж байгаа нь компанид хохирол учруулж байна. 2019.08.20-ны СГКТ/01-210 тоот Сауд гоби коэл транс ХХК-иас ирүүлсэн албан тоотыг үндэслэл болгон энэхүү гэрээний 1.9-д заасны дагуу 2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу Хурд групп  ХХК-иас гэрээний үүргээ биелүүлнэ үү хэмээн удаа дараа хүргүүлсэн боловч захирал байхгүй байна, гадаадаас ирээгүй гэсэн шалтгаанаар хариу өгөөгүй өдийг хүрлээ. Иймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу, мөн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.9, 2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болох*******-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,221,207,500 төгрөг, алданги 447,318,713 төгрөг, нийт 1,668,526,213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь*******-тай 2019.05.13-ны өдөр байгуулсан гэх Батлан даалтын гэрээний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь ******* болон*******-ийн хооронд байгуулсан 2019.05.13-ны өдрийн МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Батлан даагч өөрийн хууль ёсны өмчөөр баталгаа гаргаж, үүрэг гүйцэтгэж өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэхгүй бол Батлан даагч өөрөө хариуцах, талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино гэж заажээ.  Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу дээрх гэрээний 1.1 дэх хэсэгт заасан гэрээний зорилгыг тайлбарлавал******* нь өөрийн *******-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар******* нь өөрийн хөрөнгөөр баталгаа гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл******* нь *******-тай ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй ба ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан аваагүй. *******-ийн зүгээс ч манай компанид газрын тосны бүтээгдэхүүн огт хүлээлгэн өгөөгүй бөгөөд тус компанийн өмнө төлбөрийн үүрэг хүлээгээгүй болно. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт ...2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу гэсэн байх ба уг гэрээний 1.2-т******* болон *******-ийн хооронд байгуулсан МС/СГКТ/018 тоот гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буугдсан, эсхүл үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг, анз, учирсан хохирол, гэрээ дуусгавар болгохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал, торгууль бусад үүргийг батлан даагч хариуцна гэж мөн л******* болон ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр хариуцна гэж заасан.  Дээр дурдсанчлан******* нь *******-иас ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр аваагүй бөгөөд түүнд ямар нэгэн өр төлбөргүй. Гэтэл*******-иас 1,668,526,213 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаас Иргэний хуулийн 459.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу батлан даалтын гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээнд Батлан даагч нь хэний гүйцэтгэх ёстой үүргийг батлан дааж, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх болохоо тодорхой тусгасан байх ёстой. Гэтэл дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан гэх 2019.05.13-ны өдрийн Батлан даалтын гэрээгээр******* нь Сауд гоби коэл транс ХХК-ийн төлбөрийн үүргийг батлан даах үүрэг хүлээгээгүй байна. ******* болон Сауд гоби коэл транс ХХК нар нь 2019.05.13-ны өдрийн МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээний 2.10-т заасны дагуу зээлээр  худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргийг Сауд гоби коэл транс ХХК нь хүлээсэн байна. Тиймээс ******* нь Сауд гоби коэл транс ХХК-тай 2019.05.13-ны өдөр байгуулсан МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлээр худалдсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөр болон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид нийт 1,668,526,213 төгрөгийг хариуцвал зохих этгээдээс шаардах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Сауд гоби коэл транс ХХК байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Сауд гоби коэл транс ХХК-тай үүссэн тооцоонд алданги бодсон тооцоолол, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцооны баримтын жагсаалт зэрэг баримтуудыг хавсаргасан байна.Эдгээр төлбөр тооцоотой холбоотой асуудлыг нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авсан Сауд гоби коэл транс ХХК-ийг оролцуулахгүйгээр энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлээр*******-д холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02549 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******-нд холбогдох 1,668,526,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,500,581.07 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/02549 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******-иас 1,668,526,213 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, 8,500,581.07 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,500,581.07 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 338 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу ...шүүх хуулийг буруу тайпбарлан хэрэглэсэн... гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ...Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар ******* нь*******-иас батлан даалтын гэрээний үүрэгт 1,668,526,213 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасны дагуу*******-аас шаардах эрхтэй байхын тулд нэгдүгээрт, талуудын хооронд хуулийн хүчин төгөлдөр Батлан даалтын гэрээ байгуулагдсан байх, хоёрдугаарт, батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч буюу Сауд гоби коэл транс ХХК-ийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээсэн байхыг шаардана.******* нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасны дагуу Сауд гоби коэл транс ХХК-ийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээгээгүй, нэхэмжлэгч нь үндсэн гэрээний үүрэгтэй холбогдуулан Сауд гоби коэл транс ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй,******* нь нөхөх хариуцлага хүлээх үндэслэл бий болоогүй гэх үндэслэлээр маргасан бөгөөд хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар энэхүү үйл баримт нь хангалттай нотлогдсон болно. Нэгэнтээ******* нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасны дагуу *******-ийн Сауд гоби коэл транс ХХК-тай байгуулсан 2019.05.13-ны өдөр №МС/СГКТ-018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс уг хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг*******-аас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ...******* нь ******* болон Сауд гоби коэл транс ХХК-ийн хооронд байгуулсан дээрх худалдах, худалдан авах гэрээний хамтран хариуцагч биш болох нь хэргийн 5-13 дугаар талд авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдсон байхад шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй..., ...Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т заасныг баримталсан атлаа 460.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ гэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлал өөрөө алдаатай болсон нь тодорхой харагдаж байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар******* нь хамтран хариуцагч биш болох нь нотлогдсоноор харин ч нөхөх хариуцлага хүлээхийнхээ хувьд Сауд гоби коэл транс ХХК-д холбогдох үндсэн үүрэгтэй холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй буюу нөхөх хариуцлага хүлээгээгүй байхад батлан даалтын гэрээний дагуу шаардах эрхтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь өөрөө хууль зүйн алдаатай болсон гэх үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ИХШХШ тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******-д холбогдуулан Батлан даалтын гэрээ-ний үүрэгт 1,668,526,213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

1.   Зохигч 2019.05.13-ны өдөр №001 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* болон Сауд гоби коэл транс ХХК-ийн хооронд 2019.05.13-ны өдөр байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар батлан даагч******* өөрийн хууль ёсны өмчөөр баталгаа гаргаж, үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэхгүй бол Батлан даагч өөрөө хариуцахаар үүрэг хүлээжээ.

Батлан даалтын гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, тус гэрээнд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний нэг талыг******* гэж бичсэн байх боловч энэ нь Сауд гоби коэл транс ХХК-ийн нэр ташаа бичигдсэн болохыг тайлбарласан хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2., 458 дугаар зүйлийн 458.1., 459 дүгээр зүйлийн 459.1. дэх заалтад нийцжээ.

2.   Сауд гоби коэл транс ХХК нь *******-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 860,370 литр дизель түлшийг худалдаж авсан бөгөөд бүтээгдэхүүний үнэ 1,721,207,500 төгрөгөөс 500,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул худалдан авагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр худалдагч нь Батлан даагчаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Хурд групп ХХК нь *******-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, мөн ямар нэг газрын тосны бүтээгдэхүүн худалдан аваагүй тул төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгчийн жинхэнэ хариуцагч нь Сауд гоби коэл транс ХХК тул тухайн компанийг оролцуулахгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж маргажээ.

3.   Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй ... бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж зохицуулжээ.

Зохигчийн хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний 1.2.-т ...Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн, ...тохиолдолд зээлээр худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэг, анз, учирсан гэм хор, ...бусад үүргийг батлан даагч хариуцна гэжээ.

Гэрээний дээрх заалтаас батлан даагч*******, Сауд гоби коэл транс ХХК нь ямар нэг нөхөх хариуцлага хүлээх бус харин үүрэг гүйцэтгэгч төлбөрийг хугацаандаа төлөх гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хариуцахаар тохиролцсон гэж дүгнэхээр байна.

4.   Иймд*******, Сауд гоби коэл транс ХХК-иудыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд хуулийн 242.3.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй тул батлан даагчаас гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн талаар маргаагүй, гагцхүү хариуцагч биш гэж маргаж байсан, нэхэмжлэлийн шаардлага хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сауд гоби коэл транс ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийг*******-иар хариуцуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээр дурдснаар магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 338 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...460.1.... гэснийг ...460.2.... гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******-иас 2020.03.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,500,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Х.ЭРДЭНЭСУВД