Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар  2023/ШЦТ/367

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         03            16                                    2023/ШЦТ/367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Н.Ганчимэг,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

хохирогч Б.Т ,

шүүгдэгч Э.Н , түүний өмгөөлөгч А.Сэлэнгэ, Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Н ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1953 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н ийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны оройн 17 цагийн орчим .......  байрны гадна хохирогч Б.Т тай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас биед нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь зүүн алимны салстын үрэвсэл, дух, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 1953 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын хуудас, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

Image Beauty гоо сайхны газрын нэхэмжлэх /хх-ийн 6/,

“Мед траума” эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 7-8/,

Сондра нүдний эмнэлгийн баримт /хх-ийн 9/,

“Мед траума” эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-ийн 10/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:

“1 гэсэн дугаартай бичлэгийг тоглуулахад 19 секундын бичлэг байх ба хохирогч Б.Т  нь цагаан футболка, хар бараан өнгийн өмд, цагаан өнгийн пүүз өмссөн, зодсон гэх Э.Н  нь шар өнгийн футболка, хар өнгийн өмд өмссөн байх ба хохирогч Б.Т  нь тоёота приус 20 маркийн саарал өнгийн автомашины баруун хойд талын хаалгаар буугаад хойгуур нь нар зөв тойроод тус автомашиныхаа зүүн урд талд очиж Э.Н тэй барьцалдаж, зодолдож байгаа нь 0-9 секундэд бичигдсэн байх ба Б.Т гийн нөхөр болон тоёота приус 20 маркийн саарал өнгийн автомашины жолоочийн суудал дээрээс буусан эрэгтэй хүн хоёр зодолдож байгаа хоёрыг салгаж байгаа нь 10-19 секундэд бичигдсэн байна. 2 гэсэн дугаартай бичлэгийг тоглуулахад 35 секундын бичлэг байх ба орцны үүд хэсэг рүү Б.Т  нь иргэн Э.Н тэй орцны хаалганы дотор болон гадна хэсэгт зогсож байх ба Э.Н  нь бага насны хүүхэд тэвэрсэн байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд бичлэгийн 9-10 дахь секундэд Э.Н  нь Б.Т г баруун хөлөөрөө зүүн хөл хэсэгт нь нэг удаа өшиглөх үйлдэл хийж байгаа нь бичигдсэн байх ба Б.Т  болон Э.Н  нар нь нэг нэгийгээ гараараа түлхэх үйлдэл хийж дэргэд нь Б.Т гийн нөхөр салгах үйлдэл хийж байгаа нь бичлэгийн 11-24 дэх секундэд бичигдсэн байна. Цааш үргэлжлүүлэхэд 25-35 дахь секундэд Э.Н  нь Б.Т гаас холдож шатны дээд хэсэгт гарч зогсоод нөхөртэй нь гараараа зангаж юм ярьж байгаа нь бичигдсэн байна. 3 гэсэн дугаартай бичлэгийг тоглуулахад гар утасны камераар бичсэн 1 минут 19 секундын бичлэг байх ба тус бичлэгт Б.Т г нөхөр нь болон өөр нэг залуу цаашаа салгаад холдуулж байгаа, Э.Н  нь гар утсаараа бичлэг хийж байгаа үйл явц харагдаж байна. Тус бичлэгт Б.Т  нь “наадах чинь намайг эхэлж самардсан байхгүй юу” гэж орилох, Э.Н  нь “өөрөө самардах нь гол нь намайг наадах чинь машинд сууж байхад гичий минь, янхан минь гээ биз дээ” гэсэн яриа 0-13 дахь секундэд бичигдсэн байна. Бичлэгийн 14 дэх секундээс Э.Н  нь “өөрөө наа чинь над руу харчихаад яриад байсан за юу” гэж хэлж байгаа нь бичигдсэн байх ба Б.Т гийн нөхөр нь цаанаас ирээд Э.Н д хандаж “чи юу юм бэ, чи хүнд гар хүрдэг хэн юм, зайл” гэж хэлээд маргалдаж байгаа нь 30 дахь секунд хүртэл бичигдсэн байна. Тус бичлэгийн 31-1 минут 19 секунд хүртэл хоорондоо холоос маргалдаж байгаа нь бичигдсэн байна. 4 гэсэн дугаартай бичлэгийг тоглуулахад 1 минут 24 секундын орцны үүд хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэг байх ба тус бичлэгээр Э.Н  нь шар футболка өмссөн баруун гартаа бага насны хүүхэд тэвэрсэн байдалтай орцны явган шатаар бууж үүдэнд очоод Б.Т  болон түүний нөхөртэй маргалдаж хажуугаас нь цайвар цэнхэр өнгийн өмд, цамц өмсөж баруун гартаа бага насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй болон юүдэнтэй саарал өнгийн цамц, хар бараа өнгийн шоорт, цагаан өнгийн пүүз өмссөн эрэгтэй хүн хоёр тэднийг салгаж Э.Н ийг дотогшоо оруулж орцны хаалгыг явган шатаар өгсөн байгаа нь 0-40 секундэд бичигдсэн байна. Бичлэгийн үлдсэн хугацаанд Б.Т гийн нөхөр орцны үүдэнд ганцаараа зогсож байгаа нь бичигдсэн байна. 5 гэсэн дугаартай бичлэгийг тоглуулахад 1 гэсэн дугаартай бичлэгийн үйл явц бичигдсэн байх ба бичлэгийн 20 дахь секундээс Э.Н  нь Б.Т  нарыг хүмүүс хооронд нь салгаж хоёр тийш холдуулж байгаа нь бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 13-15/,

 

Хохирогч Б.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би нөхөр, хүүхэд болон өөрийн хоёр найзын хамт хүүхдүүдийг нь аваад салхинд гарах гээд .......  байрны гадаа авто зогсоол дээр байсан өөрийн саарал өнгийн тоёота приус 30 маркийн .......  улсын дугаартай автомашин дээрээ иртэл манай автомашины урд талд цагаан өнгийн тоёота приус 30 маркийн автомашиныг байрлуулаад манай автомашиныг хаагаад тавьчихсан байсан тул манай нөхөр машинаа зөв байрлуулчих гэсэн чинь тухайн автомашинд сууж байсан үл таних эмэгтэй тоосон шинжгүй “одоо гараад ирнэ” гэж хэлээд байрны орц руу явахаар нь нөгөө эмэгтэйгийн араас нь “одоо гарах хэрэгтэй байна, машинаа холдуулчих” гэж орилсон. Гэтэл тухайн эмэгтэйгийн ард нь явж байсан бага насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь тус эмэгтэйд “өөртэй чинь яриагүй, цаашаа яв” гэж хэлтэл манай найзын автомашины цонхоор гараа оруулж ирээд хүүхдээ тэврээд сууж байтал миний нүүрнээс базаж хумслаад, нүдний шил хугарсан. Тэгэхээр нь би хойноос нь хүүхдээ үлдээчихээд ганцаараа явж очоод “та намайг яагаад ингэж байгаа юм бэ” гэтэл үгийн зөрүүгүй үснээс зулгаагаад гарыг нь тавиултал миний хүзүү рүү дайрч хумслаад миний хэвлий хэсэг рүү болон хөл рүү удаа дараа өшиглөсөн. Тэгээд цаашаа зугтаагаад авто гражийн хаалга руу код хийгээд орох гэхээр нь би хүүхэдтэй хүний биед халдаж чадахгүй учраас гарыг нь барьтал гараа хүчээр тавиулаад байрны орц руу орох гэсэн. Гэтэл хажуунаас нь бас нэг үл таних 30 гаруй насны бор царайтай, намхан нуруутай, нүдний шилтэй, махлаг эмэгтэй манай нөхрийг баруун гуя болон бусад газар руу нь өшиглөсөөр байгаад нөгөө эмэгтэйг орц руу оруулчихсан. Тэгэхээр нь хойноос нь ороод 3 давхарт гарсан боловч тэр эмэгтэй олдоогүй тул цагдаа дуудаад ирсэн хойно нь олж авсан. Тэгээд цагдаагийн газрын гадаа ирээд үүдэнд нь зогсож байтал намайг үсдэж зодсон эмэгтэйгийн нөхөр нь “манай нөхрийг ална” гэж заналхийлээд эхнэр нь намайг үсдэж манай нөхрийг хумсаараа маажсан... Миний баруун болон зүүн хөмсөгний дээд хэсэгт хумсны урагдсан шархтай, зүүн нүд рүү хуруу нь улайлт үүссэн, нулимс гоожоод байгаа, хүзүү орчимд хумсаа шигтгэж урсан хумсны шархтай, бусад газар хаана нь ямар  гэмтэл учирсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би өөрийн эхнэр, хүүхэд болон найзуудын хамт 61 дүгээр байрны үүдэнд найзынхаа саарал өнгийн тоёота приус 30 маркийн .......  улсын дугаартай автомашиныг авч явах гээд очтол цагаан өнгийн приус 30 маркийн автомашин таглаад тавьчихсан хажууд нь жолооч нь бололтой эмэгтэй хүн зогсож байсан тул “машинаа зайчлаад тавиарай, машин оруулж гаргахад төвөгтэй байна” гэж хэлтэл ууртай эргэж харчихаад “байж бай, эргээд гарч ирнэ” гээд цаашаа явсан. Тэгэхээр нь би буугаад “машинаа гаргамаар байна шүү дээ” гэж хэлчихээд өөрийнхөө машин дээр очоод арын суудал дээрээс нөүтбүүк аваад эргээд хартал манай эхнэр бага насны хүүхэд тэвэрсэн үл таних эмэгтэйтэй үсдэлцээд зогсож байсан. Тэгээд би очиж салгаад харсан чинь манай эхнэрийн нүүр болон хүзүү хэсэгт хумсаараа урчихсан байсан. Бас манай эхнэрийн хүзүүнд зүүлттэй байсан монетон гинжийг таслаад нүдний шилийг нь хугалчихсан байсан. Тэр явдлын дараа би 17 цаг 44 минутад цагдаагийн 102 тусгай дугаарт дуудлага өгсөн. Түүнээс хойш манай эхнэрийг зодсон эмэгтэй манай эхнэрийг хэл амаар доромжилж байснаа бага насны хүүхдээ тэвэрсэн чигээрээ граж руу орох гэхээр нь манай эхнэр бид 2 оруулахгүй гэтэл бид хоёртой маргалдаж байгаад 61 дүгээр байрны 2 дугаар орц руу орох гэсэн тул бас очиж болиулсан. Дараа нь орцны кодоо хийгээд орох гэж оролдоод бид хоёртой маргалдаад байж байтал тэр эмэгтэйтэй хамт байсан намхан нуруутай, бор царайтай, махлагдуу, нүдний шилтэй эмэгтэй бага насны хүүхэд тэвэрч хүрч ирээд миний хойноос зулгааж татаад орцны үүдэнд маргалдаад байж байтал 2 давхарын 45 тоотод амьдардаг эмэгтэй бас манай эхнэр бид 2 руу дайрсан. Хамгийн анх намайг зодсон бага насны эмэгтэй бас манай эхнэрийг дахиад зодох гэж биед нь халдсан тул би түлхээд эхнэрээсээ салгатал намхан нуруутай, нүдний шилтэй, тарган эмэгтэй намайг өшиглөөд нөгөө эмэгтэйг орц руу оруулсан. Дараа нь би орцны кодоо хийж ороод манай эхнэрийг зодсон эмэгтэй 3 давхарт амьдардаг талаар мэдсэн. Тэгээд цагдаа ирсний дараа нөгөө намхан нуруутай, нүдний шилтэй, махлагдуу эмэгтэй манай эхнэрийг зодсон эмэгтэйгийн хаягийг зааж өгөхгүй байж байгаад араас цагдаатай хамт дагуулаад ирсэн. Цагдаагийн хэлтсийн гадаа ирсний дараа CU дэлгүүрийн үүдэнд хамгийн эхэнд манай эхнэрийг зодсон эмэгтэйгийн нөхөр нь над руу “чи пизда минь яахаараа хүүхэдтэй хүн рүү уураа гаргадаг юм, надтай харьцаж болоогүй юм уу” гээд “чамайг би цагдаагийн хэлтсээс гарч ирээд ална, чи хаа холддог юм, заавал ална” гэж заналхийлээд хажуугаас эхнэр нь дайраад манай эхнэрийг үсдсэн...”,

“Тухайн зодоон болохын өмнө манай эхнэр Т гийн биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Харин зодоон болсны дараа манай эхнэрийн хүзүүнд олон тооны маажуулсан шархтай, нүдний шил хугарсан, гинж тасарсан, нүүр нь маажуулсан байдалтай болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 114/,

 

Гэрч А.Т  гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би бага хүүхдээ салхилуулаад байрны гадаа сууж байтал Н  хүүхдээ салхилуулахаар гарч ирээд бид 2 тоглоомын талбай дээр таарсан. Тэр үед манай 2 айлын 1 ой гарантай 2 хүүхэд хөөцөлдөөд авто граж руу гүйчихсэн. Араас нь авах гээд хамт очтол саарал өнгийн приус 20 маркийн автомашинтай 4 залуу гражын үүдэнд ирж зогсчихоод Н  бид хоёрыг автомашины урдууд хүүхдээ гүйлгэлээ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэр үедээ автомашины хойд талын суудал дээр сууж байсан нэг эмэгтэй нь бага насны хүүхэд тэврээд сууж байсан. Тэгээд бид хоёрыг доромжлоод цонхоороо бүгд орилоод байхаар нь би “согтуу хүмүүстэй юу ярихав” гээд хүүхдээ тэврээд эргээд явсан. Н  тэр үед хүүхдээ тэврээд миний араас явж байгаад эргээд нөгөө автомашинттай залуучууд дээр очоод маргалдаад зогсож байсан. Маргалдаж байгаад цагаан футболка өмсөж үсээ задгай тавьсан эмэгтэй автомашиныхаа арын суудал дээрээс буугаад автомашинаа бүтэн тойроод Н ий араас гүйж очоод үсдсэн. Тэр үед тэвэрч байсан хүүхэд нь хойш саваад автомашины хаалганд толгойгоо цохисон. Түүнээс хойш Н  нөгөө эмэгтэйтэй үсдэлцээд ноцолдоод байсан тул би нэг залуутай хамт салгасан. Тэгээд Н ий хүүхэд нь уйлаад дотогшоо орох гэтэл нөгөө эмэгтэй нөхөртэйгөө нийлээд зодох гээд байсан. Намайг орц руу орох гэтэл оруулахгүй байсан. Н ийг орцонд орсны дараа зодох гэж дайраад байх үед нь 2 давхарт амьдардаг эхнэр, нөхөр хоёр тэр хоёрыг салгаад дээш аваад гарсан. Би орцны хаалгаар хүчээр орж ирэх үед Н ий хоолойг нэг залуу боочихсон байж байхаар нь салгасан. Би орцонд орж ирээд нөхрийг нь түлхэж орцны хаалгаар гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6642 дугаар:

“Б.Т гийн биед зүүн нүдний алимны салстын үрэвсэл, дух, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Ганзоригийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6633 дугаар:

“Э.Н ийн биед хүзүү, цээж, зүүн эгэм, мөр, баруун бугалганд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

Гэрч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз Т , А , Т , хүү Т  нарын хамт Т гийн гэр рүү яваад гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна ирээд машинаа тавих гэж байхад өөр нэг жолооч машинаа буруу байршуулаад цаашаа явахаар нь хойноос нь “хүүе ээ” гээд орилсон боловч жолооч нь сонсохгүй яваад өгсөн ба өөр нэг эмэгтэй дундаас нь “яасан бэ” гэхээр нь “өөртэй чинь яриагүй байна, цаад хүнтэй чинь ярьсан юмаа” гэж хэлэхэд тэр эмэгтэй хүрч ирээд Т тай хэрэлдэхэд Т г тэр эмэгтэй “авгай минь” гэхэд Т  “чи намайг авгай гэдэг хэн бэ” гэхэд тэр эмэгтэй шууд Т гийн сууж байсан талын хаалган дээр ирээд машины цонхоор гараа оруулаад Т гийн нүдний шилийг доош дараад нүүр хэсгээс нь базаад хүзүүнд нь байсан гинжийг тасалсан чинь Т  “яаж байгаа юм” гээд машинаас буусан ба тухайн үед муудалцсан гээд байсан эмэгтэй хүүхдээ тэвэрсэн байсан гэж санаж байна. Ямар ч байсан Т  “хүүхдээ тавьчих” гэхэд хүүхдээ тавихгүй тэвэрсэн чигээрээ Т г маажиж самардаад үснээс нь зулгаагаад байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очоод тэр хоёрыг салгах гээд очиход нөгөө эмэгтэй нь Т гийн үснээс зулгаагаад салахгүй байхаар нь би “жоохон хүүхэд байна шүү дээ болиоч ээ” гэхэд тэр эмэгтэй салахгүй бүр их Т  руу дайрч байгаад салсан. Т тай муудалцсан гээд байгаа эмэгтэй нь хүүхдээ тэвэрсэн чигтээ маргалдаад орилоод “зайл” гээд байсан ба манай хүүхэд уйлахаар нь би машин руугаа яваад тэр хоёроос холдсон. Тэрнээс хойш юу болсныг хараагүй. Тухайн үед Т  нь “намайг маажчихлаа үснээс зулгаачихлаа” гээд орилоод байсан. Зодоон болохын өмнө Т гийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин зодоон болсны дараа Т гийн үс арзайсан, хүзүүндээ маажуулж улайсан. Гар нь маажууж улайсан, дух хавьд нь хавдсан байсан гэж санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 110/,

 

Гэрч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э гийн машиныг гаргах гэсэн чинь урд нь өөр тээврийн хэрэгслээр хааж тавиад яваад өгөхөөр нь машинаа холдуулчих гэхэд жолооч нь юм хэлэхгүй цаашаа яваад өгөхөөр нь “машинаа холдуулчихаач ээ” гээд хэлсэн чинь наана нь зогсож байсан өөр эмэгтэй “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд манай найз Т  хойд суудал дээр сууж байгаад цонхоороо тэр эмэгтэйтэй “өөртэй чинь яриагүй байна, цаад хүнтэй чинь ярьж байна” гээд маргалдсан чинь тэр эмэгтэй машин дээр хүрч ирээд Т гийн сууж байсан хаалганы цонхоор гараа оруулаад Т г алгадаад маажсан ба Т гийн хүзүүг маажаад гинжийг таслахаар нь Т  машинаас буугаад “яаж байгаа юм бэ” гээд хоорондоо барьцалдаад авахаар нь би шууд машинаас буугаад салгах гэхэд тэр хоёр бие биенээ үсдэлцсэн байсан ба салгах гэж байхад нөгөө эмэгтэй нь Т гийн хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөсөн ба тэр хоёрыг арай гэж салгасан чинь үл таних эмэгтэй ирээд намайг 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд цагдаа дуудахаар болоод цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Зодоон болохын өмнө Т гийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Харин зодоон болсны дараа Т гийн хүзүүндээ маажуулж улайсан байсан ба хүзүү нь хорсоод байна гэж хэлж байсан. Өөр гэмтэл шархыг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 112/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн БЗ1-22-1255 дугаар “тус үнэлэгдэж буй гинж, нүдний шил нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 216.400 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх дүнэлт /хх-ийн 115-116/,

 

Шинжээч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Сондра нүдний эмнэлгийн эмчийн үзлэгийн онош дээр үндэслэж уг дүгнэлтийг гаргасан. Уг оношид харшлын гаралтай, гэмтлийн гаралтай гэж бичигдээгүй байсан. Б.Т гийн биед учирсан дух, цээжинд үүссэн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Б.Ариунзул, Т.Сэлэнгэ, Б.Долгормаа нарын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 74 дүгээр:

“Б.Т д гэмтлийн шалтгаант зүүн нүдний алимны салстын үрэвсэл тогтоогдож байна. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 6642 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 163-164/,

 

2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүрслэл оношилгооны хариу /Б.Т /,

 

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэсгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Даваажавын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0410545 дугаар шийтгэлийн хуудас /хх-ийн 169/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Н  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Хохирогч эхлээд намайг хэл амаар доромжилсон. Би хүүхдээ тавьчихъя гэхэд чи чамайг хүүхдээ тавиад гэхэд энэ хүүхэн өөрөө хүүхдээ тавиагүй. Би хүүхдээ шүүх шинжилгээний эмнэлэгт харуулна гээд тэр өдөр харанхуй болсон байна.  Муухай газар луу хүүхдээ авч явахгүй гээд авч яваагүй. Би бас гомдолтой байна. Нөхөр нь хүртэл намайг орц руу орж байхад боосон. Тэр бичлэг нь харин байгаа үгүйг мэдэхгүй байна. Би хүүхдээ тэвэрсэн байхад хойноос зууралдаад байсан. Би төрийн алба хаагч би ял шийтгэл эдэлж байсан гэж бичүүлэхэд хэцүү байна. Би шүүх шинжилгээний хариутай санал нийлэхгүй байна. Сүүлд нь үндэслэлтэй гэж гарсан байсан. Сондра нүдний эмнэлэг дээр тамга тэмдэг юу ч байхгүй юм байна лээ. Канондсон хувилбарыг харсан. Надад шүүгчийн туслах харуулсан. Өлзийбаяр мөрдөгч хэлж байсан. Сондра нүдний эмнэлгийн үзлэгийг хараад Туяа эмч дүгнэлт гаргасан байна лээ.  Прокурор Ганчимэгт хэлсэн. Шүүх шинжилгээний хариу гарсан ирж танилцаарай гэхэд нь “өө наадах чинь Өлзийбаяр мөрдөгч нүдний ханиад гэж байсан” гэхэд Ганчимэг прокурор биш, үндэслэлтэй гарсан байна ирж дүгнэлттэй танилцаарай гэж над руу хэлсэн. Тухайн үед манай ой 8 сартай хүүхэд граш руу гүйгээд орсон. Тэгэхээр нь араас нь машин гараад ирчихээр нь хүүхдээ авсан чинь Т  “гичий минь наад хүүхдээ хараач, шээсээ аваад зайлаач гэсэн” чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гэхэд машиныхаа хойгуур гарч ирээд намайг үстээд унагаасан. Би хүүхдийн толгой цохигдоод байна гэхэд чамайг хүүхдээ тавь гэж хэлсэн. Манай байрныхан тэр чигээрээ харж байсан. Орой нь над руу “ямар аймар юм болсон юм бэ Н э. 65 тоотынхон чинь түрээслэгч айл юм байна лээ. Шүүх цагдаагаар явах юм бол гэрчээр ч гэсэн оролцож болно гээд гэрч Туяа гээд байгаа хүний хүүхэдтэй манай хүүхэд хөөцөлдөөд гарааш руу орсон. А.Т   нь согтуу улсуудтай юу ярьхав дээ гээд үлдсэн байна дээ гээд үлдсэн юм байна лээ. Намайг Т  үснээс зулгаагаад авахаар нь хэрэлдээд зууралдаад яах вэ дээ гээд арай гээд салах гээд салахгүй, би орц руугаа орох гэхэд намайг орц руу оруулаагүй. Тэгэхээр нь би тойроод гарааш руу ороолд гараашны код хийх гэсэн оруулаагүй. Арай гэж орц руу ороод дотроос нь хүүхэн, залуу хийж код хийж оруулсан. Т гийн нөхөр Э , тэгээд нэг залуу байсан. Э  нь намайг боогоод байхаар нь “хөөе чи намайг боогоод байна ш дээ” гэхэд намайг тавьсан.  Би арай гэж гэр лүүгээ ороход хөдөлгөөнтэй цагдаа “иргэн Н  мөн үү чи гээд Т гийн гомдол байна” гээд ирсэн...” гэв.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Э.Н ийн2022 оны 05 дугаар сарын 03-ны оройн 17 цагийн орчим .......  байрны гадна хохирогч Б.Т тай тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас биед нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь зүүн алимны салстын үрэвсэл, дух, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд тогтоогдохгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж нь “хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан” байх юм. Хүний эрүүл мэндэд ямар хохирол учирсан байгааг шинжээч тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргаж тогтоодог.

 

Дээрх хэрэгт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6642 дугаар “Б.Т гийн биед зүүн нүдний алимны салстын үрэвсэл, дух, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэг нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоолоор Э.Н ийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

 

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Н.Туяагаас мэдүүлэг авчээ. Уг мэдүүлэгт “Сондра эмнэлгийн эмчийн үзлэгийн онош дээр үндэслэж уг дүгнэлтийг гаргасан..” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заажээ. Мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн хуулийн  16.6 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж тус тус хуульчилжээ.

 

Мөн Шүүхийн Шинжилгээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээний объект болох эмнэлгийн баримт бичиг нь баталгаажсан эх хувь байна” гэж хуульчилжээ.

 

Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан “Сондра” нүдний эмнэлгийн баримт нь ямар нэгэн эмчийн гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй буюу хуульд заасан нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаагүй байна. Ингэж нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж болох хохирлын мөн чанар хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны байх чадамжгүй учир түүнийг нотлох баримтад үнэлэж шүүгдэгчийг буруутгах эрх зүйн боломж үүсэхгүй байна.

 

Хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн маргаан нь үл ялих зүйлээр шалтагласан, хүнийг хүндэтгэх соёлгүй, бусдыг ямарваа нэгэн байдлаар дийлэх, би буулт хийх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн зан суртахууны доголдолтой үйлдэл юм.

 

Харин уг харилцааны зохисгүй үйлдэлд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх учир Э.Н ийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Э.Н ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болохоос зөв үйлдэл биш юм. Иймд түүний хохирогчид халдсан үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамааруулж шалгах ёстой. Хохирогч нь өөрт учирсан хохирлыг Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтыг үндэслэн нэхэмжлэх, шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Э.Н  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

 

             2. Шүүгдэгч Э.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

 

3. Хохирогч Б.Т гийн нэхэмжилж буй 2.480.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Э.Н  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ