Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                Хэргийн индекс: 166/2022/0108/Э/219/2022/0014

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам

Шүүгдэгч Ц.Ц.М-э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-эд холбогдох эрүүгийн 2218000000097 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт оршин суух хаягтай, урьд:

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

-Дундговь аймгийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон,

-Нийслэлийн Баянгол дүүргийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн Ц.М-э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц.М-э нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн цахим орчинд “Э- Э-” гэх фейсбүүк хаяг ашиглан зээл олгоно гэх зар байршуулж хохирогч Б.Б.С-т 3 сая төгрөгийн зээл гаргаж өгнө гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Э.С-ийн ХААН банкны 53************ дугаарын данс руу 4 удаагийн үйлдлээр 330.000 төгрөгийг,

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цахим орчинд “М- М-” гэх фейсбүүк хаяг ашиглан зээл олгоно гэх зар байршуулж хохирогч Ж.Ж.Б-д 4.000.000 сая төгрөгийг зээл олгоно гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Э.С-ийн ХААН банкны 530********* дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр 170000 төгрөгийг,

Мөн 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим цахим орчинд “М- М-” гэх фейсбүүк хаяганд “зээл олгоно” гэж иргэн О.О.Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 140000 төгрөгийг өөрийн Хаан банкны 51**********дугаарын данс руу шилжүүлэн авч нийт 640000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц.М-э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218000000186 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ц.Ц.М-ийн яллагдагчаар өгсөн: “...хуурамч хаяг нээж уг хаягнаасаа зээл олгох талаар зар оруулсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Э- Э-” гэх хаяг руу Б.Б.С- чатаар холбогдсон. Би уг хүнээс 4 удаагийн гүйлгээгээр 330000 төгрөг, мөн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ж.Ж.Б- чатаар холбогдсон. Би уг хүнээс 3 удаагийн гүйлгээгээр 170000 төгрөг залилж авсан.” гэх мэдүүлэг /хх 171/,

“...миний цахим хаяг руу 1000000 төгрөгийн зээл авъя гэх утгатай зурвас ирэхээр нь би тэр хүн рүү танд 1000000 төгрөгийн зээл гарах боломжтой юм байна. Зээл авахад шимтгэлд нь эхлээд 70000 төгрөг урьдчилан шилжүүл гэсэн зурвас бичсэн. Ингээд өөрийнхөө 51**********дугаарын дансаар 70000 төгрөгийг шилжүүлж авсан. Ахиад тухайн хүн рүү танд нэмж 1000000 төгрөгийн зээл нийт 2000000 төгрөг зээл гарах юм байна. Нэмж 70000 төгрөгийн шимтгэл шилжүүл гэж бичээд өөрийн Хаан банкны дээрх данс руу ахин 70000 төгрөг шилжүүлж авсан.” /2-р хх 120/,

 

Хохирогч Б.Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01-р сарын 24-ний өдөр 12 цагийн үед фейсбүүк цахим орчинд “Э- Э-” гэх цахим хаягаас мөнгө зээлнэ гэсэн зарын дагуу уг цахим хаяг руу мэдээлэл авъя гэж мессеж бичсэн. Тэгээд тухайн “Э- Э-” гэх цахим хаягаас зээл олгодог мэдээллээ явуулсан. Би 3000000 төгрөгийн зээл авъя гэхэд “болно та урьдчилгаа 180000 төгрөг төлөх ёстой” гэхээр нь бүтнээр нь өгөхгүй 90.000 төгрөгийг нь өгөөд зээл гарахаар 3000000 төгрөгөөс 90.000 төгрөгийг нь авч болох уу? гэхэд “болно” гэхээр нь би 100000 төгрөг 53************ дугаарын Э.С-э гэх хүний данс руу хийсэн. Тэгээд би тухайн үед “энэ данс чиний данс биш байна” гэхэд манай эдийн засагчийн данс байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Э- Э- фейсбүүк цахим хаягаасаа манай эдийн засагч таныг урьдчилгааг бүтнээр нь хийхгүй бол зээл гарахгүй гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 90.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 17 цагийн үед таны зээл 4.000.000 төгрөг гарах боломжтой юм байна. Та 90.000 төгрөг дахин хийж байж таны зээл гарах юм байна гээд дугаараа өг гэж над руу бичихээр нь би дугаараа өгөхөд 99376457 дугаарын утаснаас над руу залгаж ярьсан. Тэгээд бүр шөнө над руу 99376457 дугаарын утаснаасаа над руу залгаж 4.000.000 төгрөгийн зээл гаргаад дуусчихлаа. Та 4.000.000 төгрөгийн зээл авах байсан билүү одоо 5 000 000 төгрөгийн зээл гарч байна та 5.000.000 төгрөгийн зээл авах уу гэхээр нь чи надаар тоглоод байна уу би зээл авахгүй чамд өгсөн мөнгөө буцаагаад авъя гэсэн чинь “би юу гэж таныг хуурах юм бэ адилхан амьдрах гэж байгаа хүмүүс байна баяр ёслол болж байхад таныг хуурахгүй” гэхээр нь за бас хуурахгүй байлгүй дээ гээд 5.000.000 төгрөгийн зээл яах ёстой вэ гэхэд 60.000 төгрөг нэмж хийхэд болно гэж 23 цагийн үед хэлхээр нь би одоо боломжгүй гэхэд та маргааш эртхэн шилжүүлчхээрэй гэхээр нь би маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 53************ дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш огт холбоогүй болсон. 99376457 дугаар руу залгахад миний дугаарыг блок хийсэн холбогдож чадахгүй болсон.” гэх мэдүүлэг /1-р хх 16-18/,

Хохирогч Ж.Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр М- М- нэртэй фейсбүүк хаягтай хүнээс 4.000.000 сая төгрөг зээл авахаар болсон. Тухайн хүн намайг зээлийн урьдчилгаа мөнгө болох 170.000 төгрөгийг ХААН банкны 5********** тоот данс руу шилжүүлчих гэсний дагуу би өөрийн эхнэр Б- 5********** дугаарын данснаас 170.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 143-145/,

 

Хохирогч О.О.Л-гийн өгсөн: “...М- М-” гэсэн хаягаас зээл найдвартай гаргаж өгнө гэсэн мэдээлэл байхаар нь түүн рүү 2022.04.17-ны өдөр зурвас бичсэн. Намайг 1000000 төгрөгийн зээл авч болно зээл авахаас өмнө 70000 төгрөг шилжүүл гэхээр нь би дансыг нь аваад Ц.М-э гэх данс руу 70000 шилжүүлсэн. ...Чамд нэг сая гарахгүй, 2000000 төгрөг гарах юм байна. Чи ахиад 70000 төгрөг нэмээд хийчих гэсэн. Тэгээд итгээд ахиад 70000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх 80/,

 

Гэрч Ж.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...99********* дугаар миний нэр дээр бүртгэлтэй байдаг дугаар. Би уг дугаарыг ашиглаад 12-13 жил болж байна. 99********** дугаараа одоо ашиглаж байна. Уг дугаар миний “Samsung А22” маркийн гар утсанд байгаа. Би утсан дээрээ хэн нэгний нэг ч дугаарыг блоклоогүй ээ. Надаас өөр хүн ашиглаад байдаггүй хаяа нэг манай хүү Ц.Ц.М-э надаас авч хүнтэй утсаар ярьдаг. Юу ярьж байгаа талаар нь би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх 22/,

 

Гэрч Э.Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 1х bet спортын бооцоо тавьдаг site агентын ажил хийдэг юм. Энэ 170.000 төгрөгийн орлогыг Ц.Ц.М-э гэдэг фейсбүүк хаягтай хүн миний фейсбүүк хаяг руу 297******** ID дугаартай хаягаа цэнэглүүлье гэж 170.000 төгрөгийг шилжүүлж би цэнэглэж өгсөн. Ц.Ц.М-э гэж хүн мөн өмнө нь өөрийн дансны хуулга өөрийн фейсбүүк хаягаараа надтай харилцаж цэнэглэлт хийлгэж байсан болохоор би мэдэж байна. Надад 99************* гэсэн утасны дугаар 5068362717 гэсэн дансны дугаараа өгч бүртгүүлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 151-152/,

 

Э.Э.С-ийн ХААН банкны  53************ дугаартай дансны хуулга /1-р хх 37-119, 159/,

 

Шүүгдэгч Ц.Ц.М-ийн ХААН банкны 51**********дугаартай дансны хуулга /1-р хх 230-233, 2-р хх 124-126/,

 

Шүүгдэгч Ц.Ц.М-ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх 179-224/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 226/, жолоодох эрхийн лавлагаа /1-р хх 227/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх 228/, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа /2-р хх 161/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /2-р хх 162/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх 163/ зэрэг бичгийн баримтуудыг судаллаа.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ц.Ц.М-э нь үргэлжилсэн үйлдлээр нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны дүгээр сарын 31-ний өдрийн цахим орчинд “Э- Э-” гэх фейсбүүк хаяг ашиглан зээл олгоно гэх зар байршуулж хохирогч Б.Б.С-т 3 сая төгрөгийн зээл гаргаж өгнө гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Э.С-ийн ХААН банкны 53************ дугаарын данс руу 4 удаагийн үйлдлээр 330.000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр цахим орчинд “М- М-” гэх фейсбүүк хаяг ашиглан зээл олгоно гэх зар байршуулж хохирогч Ж.Ж.Б-д 4.000.000 сая төгрөгийг зээл олгоно гэж төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Э.С-ийн ХААН банкны 5********** дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр 170000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн орчим цахим орчинд “М- М-” гэх фейсбүүк хаяганд “зээл олгоно” гэж О.О.Л-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 140000 төгрөгийг өөрийн Хаан банкны 51**********дугаарын данс руу шилжүүлэн авч нийт 640000 төгрөгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц.М-ийн үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долдугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б.С-т 330000 төгрөг, хохирогч Ж.Ж.Б-д 170000 төгрөг, хохирогч О.О.Л-д 140000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Б.С-ийн “...330000 төгрөгөө бүрэн авсан тул одоо ямар нэгэн гомдол саналгүй.” гэх тайлбар /2-р хх 1/, хохирогч Ж.Ж.Б-ы “...180000 төгрөг бүрэн авсан. Ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй.” гэх тайлбар /2-р хх 2/, хохирогч О.О.Л-гийн “...надад эхлээд 100000 төгрөг, дараа ахин 40000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ хэрэгт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно.” гэх мэдүүлэг /2-р хх 108/ зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчийн “...3 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал”, шүүгдэгч Ц.Ц.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн болгож хэлсэн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна.“ гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Ц.М-э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,  битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.М-ийг үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг  шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц.М-ийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.М-эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Ц.Ц.М-э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ц.М-эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ