| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2023/0180/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/385 |
| Огноо | 2023-03-20 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/385
2023 03 20 2023/ШЦТ/385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л , түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа,
шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хун зэлэм овогт Цогийн Э ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00666 0615 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э ыг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн өргөн чөлөө, Оргил худалдааны төвийн хойд замд тоёота приус маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-т “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, 3.4-т жолооч дараахь үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ. 3.7-т жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсхүл согтууруулах ундаа .... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгслийг жолоодох, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Г ийг дайрч, түүний амь нас хохирсон,
Дээрхи зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн өргөн чөлөө, Оргил худалдааны төвийн хойд замд тоёота приус маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч С.Г ийг дайрч, түүний амь насыг хохироосон,
зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
ТЦА, Мөрдөн шалгах газар, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 3/,
Хэргийн газрын үзлэг хийсэн:
“Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн замд “Оргил” худалдааны төвийн хойд зам дээр хүн дайруулсан байна гэх хэргийн газарт үзлэгийг явуулахаар тогтов. Хэрэг болсон газар нь Ботаникийн зүгт байрлах ба автобусны буудлын чанх харалдаа хойд талд замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд эрэгтэй хүний хар өнгийн өрөөсөн гутал, бор өнгийн саравчтай малгай зэрэг нь зам дээр хаягдсан байдалтай байв. Цааш өөрийн биеэр алхаж 354м орчим ертөнцийн зүгээр зүүн тийш алхаад эрэгтэй хүний цогцос доош харсан байдалтай байв. Хэргийн газрын үзлэгийн хамрах хүрээнд эрэгтэй хүний хар өнгийн гутал хаягдсан хэсгээс цогцос зам дээр орхигдсон хэсгийн цаад хэсгээр хамгаалалтын тууз татаж хэргийн газрын үзлэгийг явган зорчигч анх мөргүүлсэн байж болзошгүй цэгийг А үсгээр тэмдэглэв. 1 тоогоор хэвтэж байсан гэх явган зорчигчийг тоёота приус 20 маркийн ...... улсын дугаартай автомашин дайрсан гэх цэг, 2 номерын тоог амь хохирогчийн зүүн хөлийн гутал унасан цэг, Б үсгээр амь хохирогчийг газарт унагасан цэг, В үсгээр үл хөдлөх цэг, /барилгын материалын урд байрлах гэрлэн дохиотой шон/ В1 үл хөдлөх цэг /их буурал төвийн урд/ байрлах ТЯ-99-24 дугаартай цахилгааны шонг тэмдэглэв. А цэгээс 2 номерын тоо амь хохирогчийн зүүн хөлийн гутал хүртэл 10.10м, 2 номероос баруун талын хашлага 6м, А цэгээс явган хүний гарц ертөнцийн зүгээр баруун тийш 38.10м, А цэгээс В цэг хүртэл хойд хашлага 7м, цааш 8.70м, шон хүртэл 34.80м, зорчих хэсгийн тусгаарлах зурвасаас хойд хашлага 7м, явган замын өргөн 3.60м, зорчих .хэсгийн тусгаарлах зурвасаас автобусны буудлын хашлага 7.0м, өргөн 3.0м, А цэгээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 365.60м зайтай байв. Хоёр номероос 1 дугаар 351.0м зайтай байв. Б цэгээс үл хөдлөх цэг ТЗ-Я-24 үл хөдлөх цэг хүртэл 11.20м% хүрэн өнгийн цус мэт зүйлээр зорчих хэсэгт чирэгдсэн мөр, 1 номероор зорчих хэсэг дээр ........ дугаартай автомашин дайрч эхэлсэн цэг, мөргүүлээд зорчих хэсэг дээр шидэгдсэн газраас замын урд хэсэг дээр шидэгдсэн газраас замын урд хэсэгт байх замын хашлага хүртэл 3.80м, шидэгдсэн хэсгээс Б цэг хүртэл 4.60м зайтай байв. Асфальт, шулуун тэгш, хуурай, явган хүний гарцтай, суурьшилт доторх үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 3-5, 8-13/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч
... холбогдогч жолоочийн биеийн байцаалт: Цог Э ШЯ90030893 /эр/ биеийн байдал ДР:1,25 % ... гэх тэмдэглэл /1 хх-ийн 7/,
Цогцост үзлэг хийсэн:
“164 см урттай, толгойдоо 10 мм хар хүрэн үстэй, 55 кг жинтэй, биеийн ерөнхий галбир алдагдсан, дээд, доод мөчдийн хуруунууд бүрэн, арьс цайвар бордуу, хууз сахалтай 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байв. Цогцос хөшилт эрүүнд тод үүсч, дээд доод мөчдүүдийн булчинд сулавтар үүсч, хүүрэн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр жигд биш хүрэн өнгөөр үүссэн. Дарахад цайранэ, гавлын яс тэмтэрхэд үйрч хугарсан хэлтэрхий үүсгэсэн хугаралууд тэмтрэгдэнэ. Хоёр нүдний зовхи салст цайвар эвэрсэн, тунгалаг, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, хамрын яс мөгөөрс тэмтэрхэд бүтэн хамраас цусархаг шингэн гарсан, хоёр чихний дэлбэн бүтэн, зүүн чихний сувгаас цусархаг шингэн гарсан, уруул цайвар хөхөлбөр өнгөтэй, дээд үзэгдэх шүднүүд бүтэн, доод зүүн 4-р шүд үгүй, буйлны салстад улаан ягаан цус харвалттай, дух, зовхи, хацар, ам, уруулын эргэн тойронд, баруун чихний дэлбэнгийн дээд хэсэгт хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай, цээжний тэгш хэм алдагдсан, зүүн талд хонхойсон хэвийн баруун зүүн хавирганы шугаман тэгш хэмтэй, цээжний баруун дээд хэсэгт 11х6см, голоор шаргал, захаар хар өнгийн зүүн эгэмний орчим 14х7см хүрэн өнгийн зулгаралт хэвлийн баруун урд, зүүн хэсгийг хамарсан, 45 см голдоо хар хүрэн өнгийн тортог бүхий тойроод улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай, баруун, зүүн сарвууны ар хэсгээр олон тооны зулгаралттай, зүүн бугалганы гадна дунд хэсэгт 3х1.5см өөхөн эд ил гарсан бомбойсон сагсайсан шархны харалдаа атгаал ясны хугарал тэмтрэгдэнэ. Баруун бугалганы дунд хэсэгт 1х1 см улаан өнгийн зулгаралтын түвшинд баруун хаталтын хурц эрмэг бүхий хугарал гэмтэл байна. Баруун гуяны баруун дээд хэсэгт 15х13см хүрэн шаргал өнгийн зулгаралттай, баруун гуяны доод хэсгээр хугарал тэмтрэгдэнэ. Баруун шагай хэсгээр нь зөөлөн эд ил гарсан шархтай, тухайн хэсгээр мултарч хугарсан. Зүүн гуяны дээд, дунд хэсгийг хамарсан 17х8 см шаргал хүрэн өнгийн арьсны давхраас унжсан зулгаралтуудтай, зүүн өвдгөнд захаар хар хүрэн, голоороо цайвар ягаан зулгаралттай, мөн ясны жижиг зулгаралттай, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 9х3см ягаан хүрэн өнгийн зүүн шилбэний яс дунд хэсгээр хугарлын эрмэг ердийн тэмтрэгдэнэ. Зүүн шилбэний дунд доод хэсэгт 1х2.5см, 0.6х0.2 см, 0.5х0.2см, 0.2х0х3см, 0.3х0.2см шархуудтай, зүүн шагайн тавхайн дээд хэсэг хуруунуудаар хүрэн улаан өнгийн зулгарлуудтай. Толгойн ар хэсэгт том хэмжээний ангайсан, тархины эд урсаж гойжсон шархтай, шархны түвшинд гавлын яс олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугаралтай..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн:
“... бичлэгийг уншуулахад 24 минут 12 секундын бичлэг байв. Хяналтын камерт бичигдсэн бичлэг дээр 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 цаг 10 минутын орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн хойд талд хэн болох нь тодорхойгүй 50 орчим настай эрэгтэй явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироож хэргийн газрыг орхиж явсан гэх хэрэгт хэргийн газар руу харсан байрлах хяналтын камерын бичлэгийг харуулав. Бичлэгийн 00:55:24 секундэд баруунаас зүүн чиглэлтэй замыг харуулав. Бичлэгийн 00:58:52 секундэд баруунаас зүүн чиглэлтэй замд хар өнгийн суудлын автомашины доод эд ангид зүүгдсэн хар бараан өнгийн хувцастай хүнийг харуулав. Бичлэгийн 00:58:53 секундэд баруунаас зүүн чиглэлтэй замд хар өнгийн суудлын автомашины доод эд ангид зүүгдсэн хар бараан өнгийн хувцастай хүн 2 эгнээ замын 1-р эгнээнд толгой хэсгээ хойд зүгт харуулан хэвтсэн байдалтай үлдэж, автомашин зогсолт хийлгүй шууд явж байгааг харуулав.
... Бичлэгийн 01:09:12 секундэд баруунаас зүүн чиглэлтэй замд хар өнгийн суудлын автомашины доод эд ангид зүүгдсэн хар бараан өнгийн хувцастай хүн 2 эгнээ замын нэгдүгээр эгнээнд толгой хэсгээ хойд зүгт хэвтсэн байдалтай, хар бараан өнгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хүн зүүн зүгээс алхаад мөргүүлсэн гэх хүний хажууд очиход цагаан өнгийн автомашин зогсолт хийж автомашины жолооч бууж ирж байгааг харуулав. Бичлэгийн 01:10:49 секундэд баруунаас зүүн чиглэлтэй замд хар өнгийн суудлын автомашины доод эд ангид зүүгдсэн хар бараан өнгийн хувцастай хүн 2 эгнээ замын нэгдүгээр эгнээнд толгой хэсгээ хойд зүгт хэвтсэн байдалтай, хар бараан өнгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хүн мөргүүлсэн гэх хүний хажууд зогсож, цагаан өнгийн автомашин зам чөлөөлөн зогсож байгааг харуулав.
Бичлэгийн 01:11:42 секундэд мөргүүлсэн гэх хүний хажууд зогсож, цагаан өнгийн автомашин зам чөлөөлөн зогссон, мөргүүлсэн гэх хүний дээгүүр цагаан өнгийн суудлын автомашин гарч байгааг харуулав. Бичлэгийн 01:11:43 секундэд мөргүүлсэн гэх хүний хажууд зогсож, цагаан өнгийн автомашин зам чөлөөлөн зогссон, мөргүүлсэн гэх хүний дээгүүр цагаан өнгийн суудлын автомашин гараад зогсолт хийлгүй шууд явж байгааг харуулав. Бичлэгийн 01:11:54 секундэд мөргүүлсэн гэх хүний толгой урд зүгт бүсэлхий хойд зүгт харсан байдалтай байгааг харуулав. Бичлэгийн 01:13:02 секундэд мөргүүлсэн гэх хүний цаана замын хажууд зогсолт хийсэн машины жолооч болон хар бараан өнгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хүмүүс усны сав тавьж зам хаасан байгааг харуулав ...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 34-39/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Н.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“ ... Өмнөговь аймагт цахилгааны ажил хийдэг байсан. Сүүлийн нэг жил барилгын материалын 100 айл төвийн тэнд цахилгааны ажил хийдэг болсон. Гэр бүлийн хувьд эхнэр, 2 хүүтэй. Том хүүхэд 9 настай, бага хүү 5 настай. С.Г ийн гэр бүл сүүлийн нэг жилийн өмнөөс ...... тоотод надтай хамт амьдардаг. Эхнэр нь ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хардаг. Том хүү 4 дүгээр ангид сурдаг. Бага хүү нь ээжтэйгээ гэртээ байдаг. Осол болдог өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед Офицерын автобусны буудал дээр уулзсан. Тэрнээс хойш өдөр утсаар яриагүй, холбогдоогүй, өмнөх өдөр нь хүү маань “маргааш та хүүхдүүдийг сургуульд нь хүргээд өгөөрэй” гэж утсаар ярьсан. Тэгээд маргааш нь ярьсан цагтаа уулзах газраа иртэл ганцаараа ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өглөө хүү С.Г ийг зам тээврийн осолд орж амь насаа алдсан талаар мэдсэн. Цагдаагийн газар ирэхэд 2 тээврийн хэрэгсэл мөргөж дээгүүр нь гарсан талаар мэдсэн. Маш харамсалтай байна. Миний ганц хүү байгаа юм. Бидэнд нөхөж баршгүй гарз тохиогоод байна. Машинаар мөргөсөн хүн нь залуу хүүхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж сонссон. Нас барсан хүүг маань эхнэр нь шүүх эмнэлэг дээр очиж таньсан. Бид нас барсан үйл явдалд гарч байгаа баримтыг баримтаар нь цуглуулж байгаа. Мөн баримтгүй лам болон бусад гарсан зардлыг цаасан дээр тэмдэглээд яваад байгаа юм. Гарсан зардлыг нэгтгээд баримтаар нь авч ирнэ. Мөн цаашид гарах зардал нэхэмжлэх зүйлийг тухайн үед ярьж хэлэх болно...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42-43/,
Амь хохирогч С.Г ийн 2 хүүхдийн төрсний гэрчилгээ, эхнэрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Ерөнхий боловсролын 137 дугаар сургуульд сурдаг гэх тодорхойлолт, С.Г ийн нас барсны гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны тодорхойлолт, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /1 хх-ийн 45-53/,
“Би Зэт И” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн BZE-R-2202 тоот С.Г э нь “Би Зэт И” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслүүдэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /1 хх-ийн 55/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Тоёота приус маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Уг машин 2008 онд үйлдвэрлэгдсэн. 2017 онд Монгол Улсад орж ирээд худалдаж авсан. Худалдаж аваад О гэж найздаа өрөндөө өгсөн. Бид хоёрын дунд өр авлага байсан учир машинаа өрөндөө өгсөн. Одоо ямар нэг өр авлага байхгүй. Үндсэндээ худалдаж аваад өгчихсөн. Нэрээ албан ёсоор шилжүүлээгүй байсан. Осол гаргасан Ц.Э нь Ц.О ийн төрсөн дүү. Дүү нь машиныг унадаг байсан. Миний хувьд машины эвдэрсэн хэмхэрсэн зүйлийг хариуцах шаардлага байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нэр бүртгэлтэй боловч Ц.О ийн машин байгаа юм. Ц.Э т машин унах зөвшөөрлийг Ц.О өгсөн байх....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59, 62/,
Гэрч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:
“Би Ц.Э тай анх 2022 оны 01 дүгээр сарын эхнээр фейсбүүк, чатаар танилцаж байсан. Хоёр сарын хугацаанд харилцан чат бичсэн. Анх 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Наадам центрийн тэндээс 10 дугаар хороолол хүргээд өгөөч гэж дуудаж уулзаж байсан. Ц.Э надтай уулзахдаа ........ улсын дугаартай, хар өнгийн тоёота приус маркийн автомашин унадаг байсан... Ц.Э бид нар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн офицеруудын автобусны буудал дээр уулзахаар тохирсон байсан. Тэгээд хар өнгийн тоёота приус маркийн ........ улсын дугаартай машинтай ирээд намайг аваад явсан. Бид хоёр Ганбаяр гэж найзындаа очоод түүнийг аваад явсан. Ботаникийн эцэс дээр хоолонд орсон. Тэгээд тэндээсээ М тай уулзаад Шархадны эцсийн тэнд очоод тэр айлын гадна машинаа тавиад М болон түүний үл таних найзтай нь 2 шил 0.75 граммын архи хувааж уусан. Энэ үед 23 цаг өнгөрч байсан. Цуг архи уусан үл таних найз нь гэр рүүгээ орсон. М цагдаагийн академи хүргүүлээд буусан. Цаашаа Э бид 2 үлдээд Амгалан руу явахаар болоод Э машинаа бариад явсан. Э цааш машинаа бариад цагдаагийн академиас хөдөлсөн. Төв зам руу ороод зүүн гар тийш эргээд чигээрээ баруунаас зүүн чиглэлд явж байгаад Ботаникийн эцсийн автобусны буудлын харалдаа хоёрдугаар эгнээний зорчих хэсэг дээр хажуу тийшээ хараад хөлөө жийгээд суучихсан эрэгтэй хүн гэнэт гараад ирсэн. Тухайн үед олон автомашин явж байсан болохоор гэрэл гялбаад сайн харагдахгүй байсан. Тэгээд Э тоормос гишгэж амжаагүй шууд хаазаа гишгээд дээгүүр нь дайраад гарсан чинь машины урд хэсгээр түг гэж чанга чимээ гараад чимээгүй болчихсон. Эргээд хартал нүдэнд ил харагдах зүйл байхгүй байхаар нь “хоёулаа хүн дайрчихсан уу, юу байсан бэ” гэж асуухад Э “нохой байсан байх аа” гэж хэлээд зогсохгүйгээр хаазаа нэмээд цаашаа явсан. Тэгээд замын хажуу талын дугуй засварын зогсоол руу эргээд зогссон. Би Э ыг “машинаа зогсоо, буцаад очъё, яалтчгүй хүн байсан” гэж хэлсэн чинь Э “хүн биш” гээд байсан. Хэсэг байж байснаа Э “хоёулаа жолоогоо солиод суучихъя, чи архи уугаагүй байсан юм чинь машинаа бариад буцаж очоод цагдаа дуудъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би яахаараа машин барьдаг юм” гэж хэлсэн чинь цаашаа Э өөрөө бариад буцаад Ботаникийн эцэс рүү очоод хүн байгаа эсэхийг харах гээд явтал замын эсрэг талд хүн байхгүй, харагдахгүй байх шиг байсан. Ботаникийн эцсийн тэнд нөгөө хүн мөргөсөн газарт хүний өрөөсөн гутал хэвтэж байгаа харагдсан. Өөр зүйл олж чадаагүй. Тэгээд тэндээсээ Амгалан руу Э ын гэр рүү нь явсан. Гэрт нь очоод хашааны хаалгаа онгойлгоод машинаа оруулж тавиад гэр рүү нь ороод ярилцсан. Гэрт нь хүн байхгүй байсан. Би Э т хандан “одоо хоёулаа цагдаа дээр өөрсдөө очъё” гэж хэлсэн чинь Э “эрүүл байснаараа чамайг машин барьсан гээд хэлчихье, би архи уусан, дээрээс нь машин барих эрхгүй болохоор чамайг тэгж хэлнэ гэвэл цагдаа руу явъя гэж хэлж байсан. Тэгэхээр нь “үгүй, наадах чинь тоглоом биш, хүн дайрч алаад хүний амь нас хохироосон бол яах юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн Э “энэ хавьд ямар ч камер байхгүй”, тэгээд ч өмнө нь өөр хүн дайрсан юм билүү” гээд байсан. Тэгэхээр нь би “эргэн тойронд зөндөө машин байсан, чи бид хоёрыг зөндөө хүмүүс харсан байх, баригдахгүй байхын үндэс байхгүй” гэж хэлсэн чинь “миний машины арын номер бараг арилсан, хүн анзаарахгүй” гээд байсан. Тэгээд уусан архиа яаж гаргах вэ гээд сууж байтал удалгүй Э ын утас руу цагдаагаас залгаад түүний гэрийн хаягийг заалгуулаад цагдаа нар ирээд бид хоёрыг бариад аваад явсан. Ботаникийн эцсийн баруун урд талын автобусны замд хоёрдугаар эгнээн дээр сууж байсан эрэгтэй хүн нь нилээн ахимаг насны эрэгтэй хүн харагдсан. Урагшаа автобусны буудал руу харсан чигтээ хөлөө жийгээд зам дээр сууж байсан. Машинаар мөргөөд дээгүүр нь гарах үед жолоочийн тал хэсгээр нилээн чанга хүчтэй мөргөх чимээ гараад чимээгүй болсон. Бид хоёр эргээд харсан чинь хүн харагдахгүй байсан. Тэгэхээр нь чигээрээ явсан. Тэгээд явж байгаад Амгалангийн дугуй засвар дээр зогсоод хэсэг зогсож байгаад Э ын гэр рүү явахаар болоод шууд хөдлөөд явсан. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн академийн хойд талаас бариад Амгалан буюу Э ын гэрийн хашаа хүртэл барьж явсан. Э ын найз М гэх залуу байсан. Харин үл таних эрэгтэй нь М гийн найз байсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 70-71/,
Гэрч О.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би ботаникийн эцсийн уулзвар буюу гэрлэн дохион дээр ирэхэд улаан гэрэл ассан байхаар нь зогсоод ногоон асах үед хөдлөхөд нэг ширхэг өрөөсөн гутал замын гол хэсэгт байсан. Би хажуугаар нь тойрч хоёрдугаар эгнээгээр гартал зам дээр улаан хүрэн өнгийн зураасан мөр гарчихсан байхаар нь дотроо машин нэг амьтан мөргөсөн юм шиг байна даа гэж бодоод явж байтал 12-ын буудлын баруун талд нэгдүгээр эгнээн дээр хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би хоёрдугаар эгнээ рүү дарж зүүн талд нь гарч зогсоод цагдаад дуудлага өгөөд эхнэрийгээ “түргэн дуудаарай” гэж хэлсэн. Бид хоёрыг тэнд байж байхад машинууд хажуугаар тойрч гараад байхаар нь замын хажуу талд өөрийнхөө унаж явсан машиныг гаргаж зогсооход түргэний эмч залгаж эхнэрээс нөгөө хүний биеийн байдлыг асуухад нь бид хоёр зам дээр хэвтэж байсан хүний хажууд очиход пробокс маркийн машин унасан залуу ирээд цагдаа дуудсан юм уу гэж асуухад нь бид хоёр эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн хүлээгээд байж байна гэж хэлсэн. Тэгээд дээгүүр нь машин гараад ирэх вийдээ гээд миний машинд гурвалжин байж магадгүй гээд замын хажуу тал руу гарч зогсоод машинаас нь ослын гурвалжин авахаар зогсож байтал цагаан өнгийн тоёота приус 20 маркийн машин нөгөө хүний дээгүүр гараад явчихсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 81-82/,
Шинжээч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Шинжээчийн дүгнэлтээд учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд дайрагдах чирэгдэх үед үүсэх боломжтой. Талийгаач С.Г ий биед үүссэн гэмтэл нь хэвтээ байрлалаас үүссэн гэмтэл. Талийгаачийн биед гавлын суурь яс, дагз ясны олон үйрсэн ил хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун талын 1-12 дугаар хавирга, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушигны няцрал, зүүн уушигны дээд дэлбэнгийн шарх, зүүн бөөрний өөхлөгний цус хуралт, элэгний задрал, бяцрал, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт зэрэг гэмтлүүд тогтоогдож энэ гэмтлээсээ болж үхэлд хүрсэн байна. Энэ гэмтлүүд нь эхний машины мөргөлтөөс үүссэн гэмтлүүд...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2727 дугаар:
“Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, гавлын суурь яс, дагз ясны олон үйрсэн ил хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, зүүн бөөрний өөхлөгийн цус хуралт, элэгний задрал, бяцрал, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, сээрний 3 дугаар нугалмын босоо сэртэнгийн хугарал, баруун нүдний гадна булан, баруун хөмсөг, баруун чихний дэлбэн, зүүн дээд, доод зовхи, зүүн чихний ар хэсэг, зүүн шанаа, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун, зүүн дал, зүүн мөр, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, баруун гуя, өвдөг, тахим, шилбэ, зүүн өвдөг, шилбэ, шагайн үе, зүүн хөлийн 1, 2, 3, 4-р хурууны зулгаралтууд, баруун хонгонд цус хуралт, баруун талын сүүж ясны ил хугарал, баруун дунд чөмөгний ясны далд хугарал, баруун шагайн үений гадна талын шарх, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, мултрал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун, зүүн эгэм, хэвлийн урд хана, хэвлийн баруун хажуу хана, хэвлийн зүүн доод хажуу хэсэг, баруун ташаа, баруун мөрөнд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу авто ослын үед автомашинд дайрагдах, чирэгдэх үед үүсгэгдэх боломжтой. Гавлын суурь яс, дагз ясны олон үйрсэн ил хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, зүүн бөөрний өөхлөгний цус хуралт, элэгний задрал, бяцрал, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, сээрний гуравдугаар нугалмын босоо сэртэнгийн хугарал, баруун шагайн үений гадна талын шарх, зулгаралт, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, мултрал, баруун ташаа ясны хугарал, баруун нүдний гадна булан, баруун хөмсөг, баруун чихний дэлбэн, зүүн дээд, доод зовхи, зүүн чихний ар хэсэг, зүүн шанаа, зүүн хацар, дээд уруул, эрүү, баруун, зүүн дал, зүүн мөр, бүсэлхий, баруун бугалга, шуу, сарвуу, баруун эгэм, баруун ташаа, хэвлийн урд хана, хэвлийн баруун хажуу хана, хэвлийн зүүн доод хажуу хэсэг, баруун мөр, баруун гуя, өвдөг тахим, шилбэ, зүүн өвдөг, шилбэ, шагайн үе, зүүн хөлийн 1, 2, 3, 4-р хурууны зулгаралтууд, баруун хонгонд цус хуралт гэмтлүүд нь амьддаа буюу амь хохирогчийг нас барахаас өмнө үүсгэгдсэн байна. Баруун атгаал ясны далд хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун дунд чөмөг ясны далд хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн эгэм, зүүн ташааны зулгаралт гэмтлүүд нь амь хохирогчийг нас барсны дараа үүсгэгдсэн байна. Амь хохирогч нь гавлын суурь яс, дагз ясны олон үйрсэн ил хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дагзны хуйхны эдийн дутагдал бүхий шарх, цус хуралт, баруун талын 1-12 дугаар хавирга, зүүн талын 1-12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, өвчүү ясны хугарал, баруун, зүүн уушгины няцрал, цус хуралт, зүүн уушгины дээд дэлбэнгийн шарх, зүүн бөөрний өөхлөгийн цус хуралт, элэгний задрал, бяцрал, дэлүүний үүдэвч хэсгийн урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт зэрэг амьдрах боломжгүй хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Химийн шинжилгээгээр амь хохирогчийн цусанд 4.5 промилл, ходоодны шингэнд 5.4 промилл, шээсэнд 5.4 промилл спиртийн зүйл илэрсэн бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Амь хохирогч нь О 1-р бүлгийн цустай байна. Амь хохирогчийн ходоодонд 5 мл орчим бор шаргал өнгийн шингэн агууламжтай байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 116-123/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч Г.Хулангийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2951 дүгээр:
“Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн куртиканд 180х120мм, 40мм, 600х700мм хэмжээтэй цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцанд 61мм, 370мм хэмжээтэй саарал өнгийн оймсонд 150 мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр үүссэн шинэ урагдалтууд, цэнхэр өнгийн богино ханцуйтай цамцанд 25 мм хэмжээтэй хар өнгийн тэлээнд 88мм, 90мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед шинэ зулгаралтууд, цэнхэр өнгийн жинсэн өмдөнд 235х180мм, 160х120мм, 190х70мм, 90мм, 378мм хэмжээтэй, хар өнгийн дотоожинд 16мм, 130х50мм, 15мм хэмжээтэй хатуу мохоо зүйлд гологдон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогдолтууд, цэнхэр өнгийн өмдөнд 380мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, хар өнгийн гутланд 175х53мм, 73х70мм, 235мм хэмжээтэй хатуу гадаргуутай харилцан үйлчлэх үед шинэ халцралууд үүссэн байна. Шаргал өнгийн малгай гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүд нь тээврийн хэрэгслээр мөргөгдөх, дайрагдах үед үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 156-165/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч С.Бат-Эрдэнэ, Б.Ганцоож, Г.Бямбасүрэн нарын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 999516 дугаар:
“Тоёота приус маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Урд оврын гэрэл баруун, зүүн тал асахгүй, копуд эмблемийн зүүн талд бага зэрэг хонхойсон, урд буфер хормой гол хэсэгтээ цуурсан, зүүн булан будаг нь халцарч зурагдсан, баруун урд крыло хонхойсон, баруун хойд хаалга шилний доод хэсэгт хонхойсон, зүүн хойд хаалга доод хэсэг нь халцарч зурагдсан, хойд буфер баруун талын түгжээ салсан, хойд улсын дугаар будаг нь арилсан, зүүн ойрын гэрлийн хүч 8700 cd байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Дээрх эвдрэл, гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Зүүн ойрын гэрлийн тусгалын хүч 8700 cd байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой. Уг тээврийн хэрэгсэл нь энгийн шингэн дамжуулагатай цахилгаа ABS тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа хэвийн стандарын шаардлага хангаж байна. Тоормосны систем нь хийн хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд замын гадаргуугаас хамаарч мөр үүснэ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 219-222/,
Цагаан шонхорын жигүүр НҮТББ, Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 22/220 дугаартай:
1.Тоёота приүс маркийн ........ улсын дугаартай автомашины жолооч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)” мөн дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгг аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Ц.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар заалтыг зөрчсөнөөр ослоос үүдэн гарах хохирлын хэмжээг /хүний амь нас хохироох/ ихэсгэсэн гэж үзэж байна.
2.Тоёота приүс маркийн 61-51 ДГС улсын дугаартай автомашины жолооч Э.Энхтөгөлдөр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Явган зорчигч С.Г э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4. Уг зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.
5. Явган зорчигч С.Г э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.6 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 242-245/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л гийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /2 хх-ийн 27-73/,
Шүүгдэгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би хяналтын прокурор Д.Эрдэнэчимэгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж мэдүүлэг өгөх гэж байгаагаа ойлгож мэдлээ. Би хохирогч С.Г ий хууль ёсны төлөөлөгч Лина гэх хүнд нийт 7.700.000 төгрөгийг өгсөн байгаа. Цаашид гарсан зардал мөнгийг бүрэн төлж барагдуулна..” гэх мэдүүлэг /2 хх-ийн 84-85/,
Гэрч Ж.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...утсаа аваад ярьсан чинь Э “би ботаникийн эцсийн хойшоо эргэдэг буудал дээр хүн мөргөчих шиг боллоо гэж ярьсан. Тэгээд нөхөр маань “юу яриад байгаа юм чи машинаа барьсан юм уу” гэхэд “тиймээ” гэж байсан. Тэгээд бид хувцсаа өмсөөд ботаникийн эцсийн буудал дээр яваад очтол Э болон найз охин нь байгаагүй. Түүний машин ч байгаагүй. Тэгэхээр нь нөхөр Мягмарсүрэнг “за гэртээ оръё наадах чинь архи уух гээд худлаа яриад байна” гээд явах гэтэл Э найз охин Тунгалагийг дагуулаад цайны газрын завсраар гараад ирсэн. Манай нөхөр “юу яриад байгаа юм” гэсэн чинь Э “яг энэ орчим хүн дайрах шиг болсон” гэж хэлсэн. Тэгээд очоод үзсэн чинь ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд би Э ыг загнаад “чи одоо юу гэж худлаа яриад хүнийг шөнө гаргаж ирээд байгаа юм, хүүхдээ ганцааранг нь үлдээсэн байгаа” гээд нөхөр Мягмарсүрэнг дагуулаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 89/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 18/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2 хх-ийн 19/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /2 хх-ийн 20/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх-ийн 21/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /2 хх-ийн 22/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 хх-ийн 23/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2 хх-ийн 24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 99/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Яллагдагч, гэрч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Ц.Э аас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг тайлбарыг авахдаа түүнийг цагдаагийн алба хаагч дарамталсан, эрхийг нь зөрчсөн, тэрээр шоконд орсон байсны улмаас худлаа мэдүүлэг өгсөн, хүний өмнөөс эрхээ хасуулж хариуцлага хүлээсэн зэрэг түүний тайлбаруудыг нотлох сэжүүр бүхий баримт хэрэгт огт байхгүй байна.
Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Цагдаагийн өргөн чөлөө, Оргил худалдааны төвийн хойд замд тоёота приус маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.4, 3.5, 3.7, 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч С.Г ийг дайрч, түүний амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Тодруулбал: шүүгдэгч нь авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
3.1-т “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх,
3.4-т жолооч дараахь үүрэг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгсэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,
3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ.
3.7-т жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсхүл согтууруулах ундаа .... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгслийг жолоодох,
12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэг хүний амь насыг хохироосон нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ц.Э нь 2008 онд жолоодох эрхтэй болсон байх ба 2022 оны 01 сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж шийдвэрлэгдсэн нь 2-р хх-н 19-р талд авагджээ.
Мөн шүүгдэгчийн жолоодож явсан тоёота приус маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн урд оврын гэрэл баруун, зүүн тал асахгүй..., зүүн ойрын гэрлийн хүч 8700 cd байгаа зэргээр техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н шинжээч нарын дүгнэлт гарч 1-р хх-ийн 219-222 талд хавсаргагдсан байна.
Тухайн осол хэрэг болсон газарт 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 01 цаг 32 минутад үзлэг хийж эхэлжээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж холбогдох жолоочийг олж тогтоон биеийн байдалыг нь тогтоосон байх бөгөөд Ц.Э ыг драгер багжаар шалгахад 1.25 хувийн согтолттой байсаныг тэмдэглэлд тусган баримтжуулсан нь 1-р хх-н 7 талд авагдсан байна. Шүүгдэгч Ц.Э ыг согтууруулах ундаа хэрэглэсэн талаар гэрч Б.Т , Г.М , Н.Л нар мэдүүлсэн нь дээрх баримттай нэг утгыг илэрхийлж байна.
Шүүгдэгч нь зам тээврийн осол гаргасан, осолд холбогдсон жолоочид үүрэг болгож журамласан Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг биелүүлээгүйгээр зам тээврийн осол болсон газрыг санаатайгаар орхиж зугтаасан талаар гэрч Б.Т , Г.М болон шүүгдэгч Ц.Э нарын мэдүүлэгт тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгтэй уялдан тохирч байна.
Мөн амь хохирогчийг замын зорчих хэсэг дээр сууж байсан талаар гэрч Б.Т мэдүүлжээ.
Гэмт хэргийн талаарх мэдээллийг гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлэхийг хүсэж байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байдаг.
Иймд гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр түүнээс дээш хохирол учирсан, хүний амь нас хохирсон нь шинжээчийн дүгнэлт, хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагддаг.
Харин хүндрүүлэх шинж нь учирсан хохирол болон шүүгдэгчийн осол хэрэг үйлдэх үеийн биеийн байдлаас шалтгаалах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол”, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэх нөхцөл байдлуудыг хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл жолоочийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруу үйлдэл болон хүний амь нас хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тохиолдол юм.
Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар хандсан байдаг бөгөөд уг үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд хохирол учрах, амь нас хохирох үйлдэлд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргахгүй гэж өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр найдаж, бусдад хохирол учруулахгүй байна гэж итгэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Харин зам тээврийн осол гаргаж авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулж байдаг. Учир нь зам тээврийн осол гаргасан жолооч өөрийн осол гаргаснаа сайтар мэдэж байх боловч бусдад харагдаагүй байх боломжтой, түргэн хугацаанд ослын газраас явсан тохиолдолд баригдахгүй өнгөрөх боломжтой хэмээн андуу бодож тооцоолон зугтах санаагаа хэрэгжүүлэх нь буруу гэдгийг мэдэж байдаг ч өөрөө хүсэж зугтах үйлдэл гаргадагт оршино.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт болон 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон,
авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж загтаасан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Тухайн зам тээврийн осол гарахад Ц.Э ын замын хөдөлгөөнд оролцоход шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэлтэй явсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шууд нөлөөлсөн байх ба амь хохирогчийн замын зорчих хэсэг дээр сууж байсан хууль бус үйлдэл бас нөлөөлжээ.
Амь хохирогчид учирсан үхэлд хүргэсэн хавсарсан гэмтлүүд нь учирсан дариудаа үхэлд хүргэдэг, учирсанаас хойш амьд байх боломжгүй гэмтэл болохыг шинжээч эмч дүгнэсэн, шүүх хуралдааны явцад өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тайлбарласан.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс дүгнэхэд амь хохирогч нь эхний тээврийн хэрэгслийн доороос салж замын зорчих хэсэг дээр үлдэх бөгөөд тодорхой хугацааны дараагаар 2 дахь тээврийн хэрэгсэл зам дээр хэвтэх хүний дээгүүр гарч байгаа нь тогтоогдож байна.
Тухайн үед зам дээр үүссэн байгаа нөхцөл байдлыг хоёр дахь тээврийн хэрэгслийн жолооч мэдэх боломжтой байсан бөгөөд жолооч нь анхааралтай явах ёстой байсан. Түүний зам дээр хэвтэх амь хохирогчийн дээгүүр тээврийн хэрэгслээрээ гарч явж байгаа нь буруу үйлдэл юм. Харин ийм үйлдэлийг эрүүгийн хариуцлагад хамаатуулах эрх зүйн орчин манай улсад байхгүй бөгөөд бусад хэм хэмжээгээр зохицуулагдаж болно.
Хэдий тийм боловч эхний тээврийн хэрэгслийн үйлдлээс амь хохирогч нь тухайн байдалд хүрсэн бөгөөд ийм байдал үүсээгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцож яваа хоёр дахь тээврийн хэрэгсэл холбогдохгүй.
Ийм учир хоёр дахь машины жолоочийг тухайн замын тээврийн осол гаргаж нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулах хууль зүйн үндэслэл, эрх зүйн боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Учирсан дариудаа үхэлд хүргэсэн амь хохирогчид учирсан хавсарсан гэмтлүүд нь нэг дэх авто машинаас үүссэн үү? хоёр дахь авто машинаас үүссэн үү? гэдгийг тодоруулахаар дахин дүгнэлт гаргах шаардлагагүй бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дахин дүгнэлт гаргах үндэслэлд хамаарахгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон”,
27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж загтаасан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан хүний амь нас хохирсон хор уршиг арилаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Э ын зүгээс 10.400.000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үүнийг хүлээн зөвшөөрч байна. Мөн шүүх хуралдааны явцад 3.000.000 төгрөгийг төлсөн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас нийт 35.243.000 төгрөг нэхэмжлэн холбогдох баримтыг гаргажээ. Уг дүн бүхий хохиролоос 4.600.000 төгрөгөөр амь хохирогчийн нэг хүүхэд болон хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэнэ гэсэн нэхэмжлэлтэй байх учир хэлэлцэхээс татгалзав.
Учир нь шүүх гэмт хэргийн улмаас бодитойгоор учирч үүсэн гарсан зардлыг хохиролд тооцох ёстой бөгөөд ирээдүйд хийгдэх төлбөр тооцоог урьдчилан хохиролд тооцон буруутай этгээдээс гаргуулах хууль зүйн боломжгүй юм.
Харин бусад хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан, амь хохирогчийн нас барсантай холбоотойгоор гарсан зайлшгүй зардал байх учир 30.643.000 төгрөгийн хохиролыг буруутай этгээдээс бүрэн гаргуулж шийдвэрлэлээ.
Дээрх хохиролоос шүүгдэгчээс төлж барагдуулсан 13.400.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 17.243.000 төгрөгийг Ц.Э аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан, учирч гарах бусад зардлын нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангаж бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрх нээлттэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч Ц.Э ын “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” болон “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүх шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохиролыг төлж барагдуулаагүй байдал, түүний хувийн байдал, тухайн үйлдэлдээ өгч байгаа дүгнэлт, хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хамгийн дээд хэмжээгээр, хорих ялыг багавтар хэмжээгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг дээд хэмжээгээр нь тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Ингэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялд шилжүүлэн солихоор журамласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг баримталлаа.
Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн хугацааг тооцохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Ц.Э нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хэргийн талаарх бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргуулан хадгалах нь зүйтэй учир шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлтэд Ц.Э гэж бичгдсэнийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэж улсын яллагч нь залруулга хийж зөвтөгсөн болно. Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой, нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Шинжээч томилж шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах” тухай хүсэлт нь дээрх хуулийн шаардлагад хамаарахгүй учир үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ...” асуудлыг шийдвэрлэх журмыг хуульчилсан бөгөөд ийнхүү хорих ялыг хөнгөрүүлэхэд харгалзаж үзэх шалгуур шаардлагыг хуульчилжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзаж хөнгөрүүлж болох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулах боломжтой.
Дээрх харгалзаж үзэх нөхцөл байдлууд хангагдаагүй байх учир шүүгдэгчийн өмгөөлөгч нарын цагаатгах тухай болон оногдуулах ялыг хөнгөрүүлэх тухай саналуудыг хангаж шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хун зэлэм овогт Цогийн Э ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж загтаан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Ц.Э ыг тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт ялыг дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролын нэхэмжлэлээс 4.600.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ц.Э аас 17.243.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
9. Хэргийн учир шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэн эдлэх ялыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ