Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
Хэргийн индекс | 135/2017/01114/и |
Дугаар | 21 |
Огноо | 2018-03-19 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 21
Д.О-, Г.Ө- нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс:135/2017/01114/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1284 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.О-, Г.Ө- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Дархан сум 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байрны 63 тоот, 3 өрөө орон сууцны хууль бус гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Д.О-, Г.Ө- нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2014 оны 12 дугаар сард Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.О-ийн нөхөр болох Ч.Г-ээс гэрлэлт цуцлах, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байрны 63 тоот 3 өрөөр орон сууцыг Д.О- хүү Г.Ө- нарын өмчлөлд үлдээх шаардлага гаргасан юм. Гэтэл “Май капитал” ББСБ нь нөхөр Ч.Г-эд холбогдуулан Д.О- намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 2015.01.05-ны 30 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргуулж шийдвэрлүүлсэн байсан юм. Гэтэл Ч.Г-э нь энэхүү байрыг хамтран өмчлөгч Д.О- надад мэдэгдэлгүй дур мэдэн Улаанбаатар хотын “Май капитал” гэх нэртэй хадгаламж зээлийн хоршоонд барьцаанд тавьж их хэмжээний мөнгө зээлж авсан байсан.
Улмаар зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр “Май капитал” хадгаламж зээлийн хоршоо нь Сум дундын 27 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэж нэхэмжлэлийн шаардлагыг Ч.Г-э зөвшөөрсөн болж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг миний бие мэдсэн юм. Танай байгууллага дээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр очиж мэдсэн юм.
Дээрх Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд гомдол гаргасан юм. Гэтэл шүүх маргааныг хянан хэлэлцээд “Май капитал” хадгаламж зээлийн хоршоо нь Ч.Г-эд холбогдуулан зөвхөн зээлийн төлбөр 70.254.900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгийн талаар огт дурдаагүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн захирамж шийдвэрт заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах байтал захирамжинд дурдаагүй түүнчлэн миний барьцаа хөрөнгөнд халдаж хууль бус ажиллагааг явуулж байгаа юм. Иймд хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Ч.Г-этэй уулзан төлбөрөө төлөхийг шаардан сайн дураар биелүүлэх мэдэгдлийг гардуулан өгч түүний өмчлөлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Ү-2003008360 улсын бүртгэлийн дугаартай Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4-63 тоотод байрлах 39,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч төлбөр авагч нараас үнийн санал авахад хамтран өмчлөгч Д.О- үнийн санал өгөхөөс татгалзсан учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31.1, мөн хуулийн 37.2-д тус тус заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлгээчингээр “Капитал зууч” ХХК-ийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр томилж зэх зээлийн үнэлгээ тогтоолгоход 100.000.000 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайлангаа манай албанд ирүүлснийг талуудад 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 03/214 дугаар албан бичгээр шуудангаар болон биечлэн уулзан танилцуулан мэдэгдлийг хүргүүлсэн байна. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 70.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад оролцогч болон үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон эсхүл үнэлгээчний тогтоосон зэх зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж зааснаар үнэлгээчний тогтоосны 50 хувиар буюу 50.000.000 төгрөгөөр Дархан-Уулл аймгийн ШШГГ-аас зохион байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт болох үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул ШШГТХ-ийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр авагчид санал болгох хурлаар төлбөр авагч “Май капитал” ББСБ нь төлбөртөө тооцон авах хүсэлтээ манай албанд ирүүлсэн байх тул түүний нэр дээр шилжүүлэн бүртгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2017.05.22-ны 01/1872 албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтэст хандан хүргүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсаар байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын байдлаар манай албаны ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж шүүхээс ирээгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1284 дүгээр шийдвэрээр:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хороолол 4-63 тоот 3 өрөө орон сууцыг “Май капитал” ХЗХоршооны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдсан гомдолдоо:
2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 70.000.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад оролцогч болон үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177.4–т “хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн хувиар тооцон тогтооно” гэж зааснаар үнэлгээчний тогтоосны 50 хувиар буюу 50.000.000 төгрөгөөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болох үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр авагчид санал болгох хурлаар төлбөр авагч “Май капитал” ХЗХ нь төлбөртөө тооцон авах хүсэлтээ манай газарт бичгээр ирүүлсэн байх тул нэр дээр шилжүүлэн бүртгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хандан хүргүүлсэн.
Төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд маргаантай байсан тул шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа манай газар 2017 оны 05 дугаар сард шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр албан бичгээр эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээн гэрчилгээг “Май капитал” ХЗХ-ны нэр дээр шилжүүлэн бүртгэсэн.
Нэхэмжлэлд дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсаар байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2017 оны 05 дугаар сарын байдлаар манай албаны ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж шүүхээс ирээгүй байна.
Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.О-, Г.Ө- нар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Май капитал” ХЗХ-ны төлбөр төлөгч Ч.Г-ийн төлбөр гаргуулах гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэж гомдол гаргасныг,
Хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэж маргасан.
Анхан шатны шүүх хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэж, 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4-63 тоот 3 өрөө орон сууцыг “Май капитал” ХЗХ-ны өмчлөлд шижүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар давж заалдах гомдол гаргажээ.
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сум дундын 27 дугаар шүүхийн \ Хөвсгөл аймаг\ шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаар захирамжаар “Май капитал” ХЗХ-ны нэхэмжилсэн 70.254.900 төгрөгийг хариуцагч Ч.Г-э хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн \хх- 48 дугаар тал\, тус шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны \ хх-47 дугаар тал\ дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн \хх-46 дугаар тал\, Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4-63 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилж \хх-50 дугаар тал\ , эд хөрөнгийг хураасан \хх-80 дугаар тал \, албадан дуудлага худалдаа явуулсан, төлбөрт тооцон авахыг төлбөр авагчид санал болгосноор төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд харшлаагүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасныг тус тус үндэслэл болгосон байна.
Хэдийгээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсанд тусгайлан Ч.Г-э, Д.О- нарын өмчлөлд байгаа 4-63 тоот 3 өрөө орон сууцнаас гаргуулахаар заагаагүй боловч “Май капитал” ХЗХ-оос Ч.Г-э зээл авахдаа тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээний талаар хэн ч гомдол гаргаагүй.
2002 оны Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул “Май капитал” ХЗХ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой юм.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна” , 53.2-т “Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно.” гэж зааснаар төлбөр төлөгч Ч.Г-э нь “өөрийн төлбөртөө “Май капитал” ХЗХ-нд барьцаалсан Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг, 4 дүгээр байрны 63 тоот хаягт байрлах орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрч байна” гэх хүсэлт нь хууль зөрчөөгүй.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг \2002 он\ зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгохыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1284 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар Д.О-, Э.Ө- нарын Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байрны 63 тоот 3 өрөө орон сууцны хууль бус гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай .
2.Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
С.ЭНХЖАРГАЛ