Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Оюун |
Хэргийн индекс | 116/2021/0019/З |
Дугаар | 116/ШШ2021/0023 |
Огноо | 2021-12-20 |
Маргааны төрөл | Газар, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 116/ШШ2021/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... багт байрлах, “.....” ХХК-ийн захирал, *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ...сумын Засаг дарга , түүний өмгөөлөгч *******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.....” ХХК-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2013 оноос эхэлж судалсан нөхцөл байдалдаа түшиглэн ******* сумын нутагт газрын тос олборлож эхэлснээс хойш цөлжилт, доройтолд өртөх болсон тамсаг орчмын хадлан бэлчээрийн газарт биологийн нөхөн сэргээлж хийж, Газрын тухай хуулийн 52.5, 53.5-д заасны дагуу эзэмшиж, орон нутгийн малчдын бүлэг нөхөрлөлтэй хамтран “Хадлан тэжээл үйлдвэрлэл-эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх”-ээр цөлжилтийн эсрэг “*******-******* төсөл боловсруулан 2014 оны 4 сард сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж санал хүсэлтээ гаргасан, ...хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5-р хуралдаанаар хэлэлцээд төлөөлөгчдөд 100 хувийн саналаар дэмжиж, 2014 оны 04 дүгээр сарын 14-нд 06 тоот тогтоол гарсан юм.
Дээрх тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга агсан 2014 оны 12 дугаар сарын 22-нд А/113 тоот захирамж гаргаж, газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн боловч аймгийн ГХБХБГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан ******* нь сумын Засаг даргын захирамжид орсон үг үсгийн алдааг буюу ...газар тариалан эрхлэх зориулалттай газар эзэмшүүлэх заалтыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт нийцүүлэн засаж залруулах талаар зөвлөмж хүргүүлэхийн оронд 2014 оны 12 дугаар сарын 30-нд 519 тоот албан бичиг хүргүүлж, Газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн зөрчиж, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар хугацаатай үүрэг өгсөний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 09-нд А/07 тоот захирамж гаргаж, “.....” ХХК-нд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн захирамжаа хүчингүй болгосноор “******* *******” төслийн ажиллагаа зогсож, тус компани аймгийн Засаг даргад хандан асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс ГХБХБГазраас манай хүсэлтийг хууль эрх зүй талаас нь судалж үзэн, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/03 тоот албан бичгээр “.....” ХХК-ийн хүсэлтийг дэмжиж, сумын Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн юм. Гэтэл ******* сумын тухайн үеийн удирдлага компанийн хүсэлтийг атар газар хагалж улаан буудай тариалах хэмжээнд авч үзэн ...Танай компаний нэр дээр атар газар эзэмшүүлэх тухай засгийн газрын тогтоол тусгайлан гараагүй тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна... гэсэн хариу өгснөөр манай ажил дахин хойшлогдоход хүрсэн. Иймд арга буюу Захиргааны хэргийн шүүхэд хандаж, ******* сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/113 дугаар захирамжийг сэргээж өгөхийг сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан. ...Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр...Тариалангийн зориулалтаар Засгийн газрын тогтоол гараагүй байх тул “.....” ХХК-ний нэхэмжлэл хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа Геодизи, зураг зүйн газраас тус аймгийн ГХБХБГазарт ирүүлсэн 2014 оны 1/1782 тоот албан бичигт дурдсанаар ...Сангийн далайгаас баруун хойшоо 10 км зайд орших атар газар нь жинхэнэ хүрэн хөрс /хөнгөн шаварлаг/-тэй тэжээлийн ургамал тариалах боломжтой ба Дорнод аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд эрчимжүүлсэн газар тариалангийн бүсэд хамруулан баталсан болох нь тодорхой байна.
******* сумын Буян-Өндөр багийн сангийн далай орчим дахь худаг усгүйгээс он удаан жил бэлчээрт ашиглагдахгүй орхигдсоны улмаас цөлжилт доройтолд өртсөн атар газрыг тус “.....” ХХКомпани сонгон авч олон наст тэжээлийн ургамал хэсэгчлэн тариалж, ургацыг нь тогтвортой нэмэгдүүлэн мод, бут зурваслан тарьж, шар шороо, элсний нүүдлээс хамгаалан цөлжилтийн эсрэг “******* *******” төсөл хэрэгжүүлж “Хадлан тэжээл үйлдвэрлэл эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх” дэвшилтэд менежментийг тус багийн малчидтай хамтран хэрэгжүүлэх ажиллагаа нь Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нийт иргэддээ хандан мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон гэж...хэлсэн уриалга Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 10.1.2 цөлжилтөд хүчтэй өртсөн эмзэг бүс нутгийн доройтсон орчныг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх замаар цөлжилтийн эрчийг сааруулах бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэсэн зорилт болон Газрын тухай хуулийн 53.5-д заасан заалт, Засгийн газрын 2016 оны 212-р тогтоолын үндэсний хэмжээнд зохион байгуулагдах “Мах сүүний анхдугаар аян”-ыг шинээр эхлүүлж, “Атрын-3 аян”-ыг үргэлжлүүлэх үйл ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар өрнүүлсүгэй, Засгийн газрын 2019 оны 476-р тогтоолын “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зарлан хэрэгжүүлсүгэй гэсэн заалтуудад бүрэн нийцэж байгаа билээ.
Иймд тус “......” ХХКомпани нь ******* суманд 15000 га газар эзэмшиж нөхөн сэргээлт хийн, ургацыг нь тогтвортой нэмэгдүүлж “Хадлан тэжээл үйлдвэрлэл-эрчимжсэн мал аж ахуй хослосон групп фермерийн аж ахуй эрхлэх”-ээр боловсруулсан төслөө Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлж, Засгийн газрын тогтоол гарган өгч дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн билээ.
******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Засаг дарга д даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014.04.04-ний өдрийн 06 тоот тогтоол байдаг. Үүнийг Засаг дарга г хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Энэ тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Үе үеийн Засаг дарга нар хувийн эрх ашгийн төлөө ажиллаж байсан талаар хэлж байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр захирамж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүртэл гарч байсан. Энэ хэрэгт түр орлон гүйцэтгэгч А зайлшгүй оролцсон. Энэ хүний хувьд сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралдаанд санал гаргаад асуудал шийдвэрлүүлэх хэмжээний албан тушаалтан биш юм. Гэтэл ийм үйлдэл гаргаж явсан. Хууль бус үйлдэл гаргаж ирсэн нь тодорхой байна. *******гийн хувьд маш олон жил олон албан бичгийг олон газарт хүргүүлж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014.04.14-ний өдрийн 05 дугаар хуралдаанаар “Х Ө” ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. Гэхдээ уг компанид холбогдох тогтоол 3 янзын байдлаар баримтжуулагдсан байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн ******* сумын Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/113 дугаартай захирамж гарган “Буян-Өндөр” багийн нутаг дэвсгэрт Сангийн далайгаас баруун тийш 10 км зайд орших атар газрыг тариалангийн зориулалтаар 15000 га газрыг “Х Ө” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр хурлын тогтоолыг хэрэгжүүлсэн байдаг. Сумын Засаг даргын А/113 дугаартай захирамж нь Газрын тухай болон Тариалангийн тухай хуулийг зөрчсөн эрх хэмжээгээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан байна гээд дээд газрын шийдвэрээр Засаг дарга нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/07 дугаар захирамжаар уг захирамжийг хүчингүй болгож газар эзэмших гэрээгээ цуцалсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан *******тэй холбогдуулан ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийг шүүхээс хянан хэлэлцээд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэр одоо хүчин төгөлдөр байна. Гэтэл 2020 онд “.....” ХХК-ийн захирал ******* нь иргэн ******* нэрээр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохиролд 12000000 төгрөг гаргуулахаар ******* сумын Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан бөгөөд ...эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингээд миний бие шүүхэд хандан ИХШХШТХ-ийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж маргаснаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 00008 тоот тогтоолоор ...00398 дугаартай шүүхийн тогтоолыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн тогтоол хэрэгсэхгүй болгосонтой холбоотой одоо иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг хэрэг маргаан дахин хянагдаж одоогийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй байна.
Нэхэмжлэгч ...*******гийн нэхэмжлэлийн шаардлага болж буй тогтоол нь өөр өөр хувилбараар үйлдэгдэн улмаар тогтоолыг гаргах үед Хурлын даргаар ажиллаж байсан Э.Т дарга нь иргэний шүүхэд эвлэрсэн байсан. Энэ маргааныг шийдвэрлэхдээ анхны гаргасан газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх тухай шийдвэрээс өөр эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх зориулалт болгосон яг ижил огноо, дугаартай баримт бий болсон иргэний хэргийн материалд хавсаргагдан улмаар эвлэрэх үндэслэл дээрээ үүнийг дурдсан байдаг. Уг шийдвэр өөрөө эргэлзээтэй, шийдвэрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргаад эрх бүхий этгээдийн шийдвэрээр хүчингүй болсон, хүчингүй болсон захирамжийг үндэслэн шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, шийдвэр нь газар тариалангийн зориулалттай гэж байснаа хуульд нийцэхгүй болохоор хурлын шийдвэрээс өөрөөр хүсэлт гарган яваад байдагт хэрэгжүүлэх боломж байдаггүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.....” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй бүрэн танилцсан. Тухайн компани юу хүсээд байгааг тодорхой болгох хэрэгтэй харагдаж байна.
2014.04.14-ний өдрийн 06 тоот тогтоолыг хэрэгжүүлэх талаар зааж өгсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Засгийн газрын тогтоолуудыг зааж өгсөн байна. ******* сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралдааны тогтоол гарсан. Тухайн үед ажиллаж байсан Засаг дарга хэрэгжүүлж ажиллаж байсан. *******ын хувьд тухайн шийдвэр нь хуульд нийцээгүй байна гэдгийг л илэрхийлсэн. Тухайн үед дээд шатны байгууллагаас зөвшөөрөл авахаар заасан байсан. Дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой талаар заасан байсан.
Энэ бол тухайн үед *******ын эрхэлж байсан ажлын эрх хэмжээний ажил, албан тушаалын эрх хэмжээг хэтрүүлээгүй. ******* гуайн хувьд буруу ойлгоод яваад байна. Үүнээсээ болж бусдыг хардаж, буруу ойлгож, гоморхож байгаа нь харагдаж байна. Урьд нь 2014.04.14-ний өдрийн 06 тоот тогтоолын хэрэгжилтийг даалгах талаар Засаг дарга Б.Ц-д ямар ч хүсэлт гаргаж өгөөгүй байна.
Эхний ээлжинд Цэвээнсүрэнд хүсэлт гаргах ёстой. Энэ хүсэлтээс татгалзсан талаар баримт хэрэгт байхгүй байна. Үйлдэл, эс үйлдэхүй гэсэн асуудал энэ хэрэгт алга. Хуулийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой.
Засгийн газраас ******* сумын 15 000 га газартай холбоотой тогтоол гараагүй байна. 06 тоот хоёр өөр төрлийн тогтоол байгааг сая хариуцагч тайлбарлаж хэллээ. Энэ тогтоол хоёр өөр төрөлтэй байгаа талаар баримт хэрэгт хавсаргагдсан байгаа. Тухайн газар таны төсөлд байсан хэдий ч яг эзэн нь тодорхой бус байсан. Ядаж тухайн газарт нөхөн сэргээлт хийсэн бол үнэ төлбөргүй авч болох байсан. Энэ үйлдэлд улс төрийн ашиг сонирхол гэх зүйл байхгүй. Хуульд нийцүүлэн ажиллах хүсэл л байгаа. ...анхнаасаа газар тариалангийн зориулалтаар гэдэг үг ашиглагдаж явсан. Аажмаар яваандаа эрчимжсэн фермерийн үйл ажиллагаа гэдэг үг нэмэгдсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар л энэ газрын асуудлыг шийдвэрлэнэ шүү дээ. Тухайн газраас гаргасан шийдвэрийг ******* сумын Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй. ******* сумаас газар тариалангийн чиглэлээр газар олгохоор эрх хэмжээ олгогдсон. Тухайн үеийн Засаг дарга та хоёрын эвлэрэл өнөөдрийг хүртэл маш их хохирол учруулж байна. Тухайн архивын материал дотор асуудалтай зүйлс олон байна. Бланк дээрх тоо нь хүртэл асуудалтай байна. 06 тоот тогтоол дээр “....” ХХК гэсэн нэршил огт алга байна. Тогтоолыг сайн дураар өөрчилж байгаа нь харагдсан. 05, 06 дугаар тогтоолын дагуу таны асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байна. Та өөрөө тогтоолын асуудлыг сайн ойлгох хэрэгтэй байна. Гэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дарга өөрөө эрх хэмжээгээ хэтрүүлсэн байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцээгүй асуудлыг шийдвэрлэсэн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө дурдсан байна. Энэ бол хууль зөрчсөн асуудал шүү. Тогтоолтой холбоотой асуудал нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны асуудал.
Нэхэмжлэгч эцсийн шийдвэр гараагүй байхад кадастрын зураг гаргасан байна. Тэгээд үүнийгээ өөрөө “миний газар” гэж хэлээд байх юм. Танд энэ газрын олгосон албан ёсны шийдвэр байхгүй шүү дээ. Засгийн газраас холбогдох тогтоолууд гарсан. Гэхдээ ******* сумын 15 000 га газартай холбогдуулж нэр зааж гаргаагүй шүү дээ. Энийг зөвхөн өөр дээрээ тусгаж, давуу эрх эдэлж болохгүй. Танай компанийн хувьд тухайн газарт ямар ажиллагаа эрхэлсэн бэ? Ямар зардал гарсан бэ? Ямар нөхөн сэргээлт хийсэн бэ? Миний хувьд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “даалгах” гэсэн шаардлагыг ...нийцэхгүй байна гэж үзэж байна. Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүйг тодорхойлоогүй. 2014.04.14-ний өдрийн 06 тоот тогтоол нь эргэлзээ төрүүлэхүйц байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг сумын Засаг дарга д даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].
Дорнод аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоолд[2];
1. Газрын тос олборлох үйл ажиллагааны улмаас хөрсний эвдрэлд өртөж доройтсон талбайд нөхөн сэргээлт хийж тарималжуулах, газар тариалан эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх “....” хувьцаат компанийн санаачлагыг дэмжиж, 2.Нөхөн сэргээлт хадлан, бэлчээр, газар тариалан эрчимжсэн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “....” ХХК-д 15000 га газрыг тариалангийн газар болгон ашиглуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлуулан шийдвэрлүүлэхийг, сумын Засаг даргын орлогч /Ц.Э/ даалгасан байдаг.
Дээрхи сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “....” хувьцаат компанийн санаачлагыг нь дэмжсэн, ...15000 га газрыг тариалангийн газар болгон ашиглуулах саналыг уламжлан шийдвэрлүүлэх... агуулга бүхий 06 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр байгаа болно.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тогтоол ... энэ асуудлыг хөөцөлдөж эхэлсэн хугацаанд 5 өөр Засаг дарга солигдсон гэх тайлбар, хариуцагч ******* сумын Засаг дарга . нь ...тухайн 06 дугаар тогтоолыг үндэслээд шийдвэр гаргах гэхээр 06 тоот тогтоол хоёр байгаа учир алиныг нь баримталж шийдвэр гаргах нь тодорхой бус эргэлзээтэй байгаа гэх, түүний өмгөөлөгч ******* нь ... сумын ИТХ-ын дарга эрх хэмжээгээ хэтрүүлж ...хуралдаанаар хэлэлцээгүй асуудлыг шийдвэрлэсэн талаараа гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Сумын ИТХ-ын шийдвэрийг сумын Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй хэмээн хэргийн оролцогчид мэтгэлзэж[3] байна.
2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоол нь ...газар тариалан эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх “Халх- Өрнөл” ХХК-ийн санаачлагыг дэмжсэн, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоол нь сумын “Буян-Өндөр” багийн нутаг дэвсгэрт Сангийн далайгаас баруун хойш 10 км-т байрлах 15 000 газар тариалангийн газар болгох саналыг дэмжсэн” агуулга бүхий тогтоолууд байгаа болно. Хавтас хэрэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 тоот тогтоол хоёр байгаа бөгөөд, энэ талаар тухайн үед Хурлын даргаар ажиллаж байсан Э.Т[4] ...нэг өдрийн нэг дугаартай тогтоолын талаар, “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас, ... атар газрыг ашиглах саналыг тогтоолоор уламжлах шаардлагатай байна, 2014 оны ... энэ тогтоолоо аж ахуйн нэгжийн нэргүйгээр засаад ирүүлнэ үү, утсаар мэдэгдсэн, учрыг лавлахад, аймаг нэгдсэн журмаар сумдаас атар газрыг газар тариалангийн зориулалтаар ашиглах саналыг Засгийн газарт уламжилна” гэж хэлсэний дагуу зассан. 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “.....” ХХК-д холбогдуулан гаргасан 06 дугаар тогтоол нь хууль ёсных хэмээн гэрчилж байна. Тодруулбал: ...засварласан 06 тогтоолоор ... атар газрыг тариалангийн газар болгох саналыг дэмжсэн агуулга бүхий болгон, ... компанийн нэрийг хасаж, хуралдаанаар хэлэлцээгүй, шууд тухайн өдрийн огноо дугаараар явуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн ...олонхийн саналаар батална, хуулийн 25 дугаар зүйлийн 25.4. “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох” талаар хуульчилсан байхад, ...******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын дарга ... хууль зөрчин дур мэдэн өөрчилсөн тогтоолыг хэвээр байлгаснаас үүдэн сөрөг үр дагавар үүсэж байгааг, одоогийн сумын ИТХ анхаарах нь зүйтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжгүй.
Тэрээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоол, ...нөхөн сэргээлт хийж тарималжуулах, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх “Х Ө” ХХК-ийн санаачлагыг дэмжсэн тогтоолыг ...аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлүүлэхийг, сумын Засаг даргын орлогч /Ц.Э/ даалгасан, ... дээрхи тогтоолыг тухайн үед албан тушаал эрхэлж байсан үе үеийн Засаг дарга нар аймгийн Засаг даргад хэрхэн уламжилсан болон хариу ирсэн эсэх талаар “.....” ХХК-ийн захирал *******д хуулийн дагуу мэдэгдээгүйн улмаас ...эрх бүхий төрийн албан тушаалтнуудад үргэлжлүүлэн хандаад явсан байна. Зүй нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргад уламжлах, улмаар холбогдох эрх бүхий газраас нь асууж тодруулах, хяналт тавих ... зэрэг дээрхи тогтоолыг хэрэгжүүлэх талд идэвхигүй байр сууринаас хандсан эс үйлдэхүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн ... даалгах нэхэмжлэл нь үүрэг хүлээлгэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах бөгөөд “...сумын Засаг даргад даалгасугай” гэх дээрхи зохицуулалт нь бүхэлдээ даалгах нэхэмжлэлийн агуулгыг илэрхийлж байгаа болно. Тодруулбал: нэхэмжлэгчийн 2014 оноос энэхүү асуудлыг жил дараалан хөөцөлдсөн дээрхи хугацаанд ...хүчин төгөлдөр 06 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргад уламжлаагүй, ... захирамжийг холбогдох хуульд нийцүүлэн гаргаагүй, ... хууль бус эвлэрэл үүсгэх зэргээр цаг хугацаа алдагдсан байгааг анхаарч, ...арга замыг нь тодорхойлж өгөх нь захиргааны байгууллагын үүрэг юм.
Аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3. ”б” нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөр боловсруулж, Хуралд өргөн мэдүүүлэх, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хуулийн.29 дүгээр зүлийн 29.1.3. “ж” газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх зорилгоор хашсан бэлчээрийг иргэн аж ахуйн нэгж, байгууллагад улирал харгалзахгүйгээр тодорхой болзол гэрээний дагуу ашиглуулж болох” талаар хуульчилсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа, ... Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 тогтоол, 2019.12.25-ны өдрийн 476 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг даалгуулах гэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016.12.28-ны өдрийн 212 дугаар тогтоол нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн гаргасан, 2019.12.25-ны 476 дугаар тогтоол нь “Атар -4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг 2020 оны 1-р сард багтаан Засгийн газарт танилцуулах... агуулга бүхий байгаа нь ... мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх ... асуудал хамааралтай эсэх нь тодорхой бус тусгай журмаар зохицуулагдах боломжтой. Тэрээр нэхэмжлэлээр дурдаж буй эрх зүйн нөхцөл байдал нь хангалттай бус тохиолдолд тухайн эрх зүйн актыг үндэслэн хэрэгжүүлж ажиллахыг даалгах боломжгүй юм. Харин сумын ИТХ-ын 2014.04.14-ний өдрийн “......”ХХК-д холбогдуулан гаргасан 06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх боломжтой.
Иймд Дорнод аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5-р хуралдааны ... газар тариалан эрчимжсэн мал аж ахуй хосолсон групп фермерийн аж ахуй эрхлэх” санаачлага, ...15000 га газрыг тариалангийн газар болгон ашиглуулах саналыг дэмжсэн агуулга бүхий 06 дугаар тогтоолыг, Дорнод аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг, ******* сумын Засаг дарга д даалгах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3 “ж” заасныг баримтлан, Дорнод аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолын дагуу, Дорнод аймгийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг, Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын Засаг даргын ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч /“.....”ХХК/ *******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОЮУН