Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2025/0194

 

Ж.Ш-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ж.Ш

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх,

Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгох мөнгөн урамшуулал буюу 7 920 000 төгрөгийг Ж.Ш-т олгохгүй байгаа Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх мөнгөн урамшууллыг олгохыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Ш, өмгөөлөгч Б.А

Хариуцагч И.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 118/2024/0022/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Ш-аас Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгох мөнгөн урамшуулал буюу 7 920 000 төгрөгийг Ж.Ш-т олгохгүй байгаа Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх мөнгөн урамшууллыг олгохыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2, 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргуулахаар Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 дугаар тушаалуудыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 тушаалуудад заасан буюу Ж.Ш-ыг чөлөөлсөн гэх албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг зөв тодорхойлж, зохих ёсоор шинэчлэн боловсруулан хянуулж баталсан тухайн албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч Ж.Ш-ыг ажлаас чөлөөлөх үндэслэлийг тодорхой болгосон захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон 45 хоногийн хугацаанд хариуцагч гаргахгүй тохиолдолд Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Б/10, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай Б/16 дугаар тушаалууд хүчингүй болох бөгөөд нэхэмжлэгчийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгахыг дурдаж,

3 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ш-ын нэхэмжлэлээс “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-д заасан мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мөнгөн урамшууллын 7 920 000 /долоон сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг олгохыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

“... би Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 3 жил гаран улсын байцаагчийн эрхийг удаа дараа авч тогтвортой ажиллаж байхад (ТЗ-7) яг адилхан статустай буюу н.О бид хоёр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны тушаалаар Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан, мөн 2023 оны Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар мөн л адилхан хугацаанд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх авсан байхад, бид хоёр яг адилхан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн болон байгаль орчны мэргэжилтний тусгай шалгалтад ороогүй байхад, гуравдагч этгээд байгаль хамгаалагчаар (ТЗ-9) ажилласан байхад сонгон шалгаруулалтгүйгээр ТЗ-9-өөс ТЗ-7 руу дэвшүүлэн томилсон.

Гэтэл хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сард намайг орсноос хойш 3 жилийн хугацаанд миний ажлын байрны буюу Завхан аймгийн Их-Уул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн (мэргэжилтний) албан тушаалтын сонгон шалгаруулалтыг зарлуулахгүй байсаар, Төрийн албаны зөвлөлд зар өгсөн нэр зүүж, тэр зараа надад мэдэгдэхгүй, ямар ч шалтгаангүйгээр байгаль хамгаалагчаас өргөдөл бичүүлж, тухайн байгууллагын даргатай нь зөвшилцсөн болж Завхан аймгийн Их-Уул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн (мэргэжилтний) албан тушаалын сонгон шалгаруулалтын алинд ч оролцоогүй хүнийг сэлгэн ажиллуулахаар томилсон гэж маргасан.

Анхнаасаа ажиллуулах сонирхолгүй хариуцагч намайг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн, мэргэжил ур чадварын хувьд ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь мэргэжлийн түвшин тогтоох комиссын шийдвэрээр тогтоогдсон мэтээр ажлаас чөлөөлсөн.

Хэрэв мар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр, шалгаруулалтгүйгээр тухайн болон өөр байгууллагын албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах байсан бол би тухайн байгууллагад тухайн албан тушаалын бүх шаардлага хангасан хүн нь би байсан юм. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн эрхтэй, байгаль орчны мэргэжилтэй, улсын байцаагчаар гурваас дээш жил ажилласан гэх бүх шаардлагыг хангасан хүнийг тусгай шалгалтад ороогүй гэж чөлөөлсөнд гомдолтой байна.

Намайг тусгай шалгалтад ороогүй гэж анхан шатны шүүх дүгнээд байгаад гомдолтой байна. Намайг улсын байцаагчаар ажиллаж байх хугацаанд миний ажиллаж байсан албан тушаалын сул орон тоо хэзээ ч зарлагдаагүй, би хүлээж байсан. Сонгон шалгаруулалт зарлаад гуравдагч этгээд нэгээр гараад би унасан бол би өнөөдөр ингээд гомдоод байхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаад байхгүй байсан.

Хамгийн гол нь нэг ч шалгалт зарлаагүй байж, тухайн албан тушаал дээр ажиллаж байгаа хүнд мэдэгдэхгүйгээр ямар ч шалгалтгүйгээр өөр байгууллагын зэрэглэл таарахгүй албан хаагчийг томилоод байгаад маргаад байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн тул өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч Ж.Ш-аас “Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгох мөнгөн урамшуулал буюу 7 920 000 төгрөгийг Ж.Ш-т олгохгүй байгаа Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх мөнгөн урамшууллыг олгохыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Маргаан бүхий Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар “Засаг даргын Тамгын газрын БОХ-ын Улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Ш-ыг сэлгэн ажиллах зарын дагуу хангасан албан хаагч орон тоог нөхсөн” гэсэн үндэслэлүүдээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, харин маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/16 дугар тушаалын хувьд Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Б/10 дугаар тушаалын үндэслэл хэсэгт дурдсан “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалт” болгон өөрчилсөн байна.

2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 67.2-т “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар нь газар, хэлтэс, тасагтай, аймаг, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна”, 67.4-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заажээ.

2.4. Хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын хувьд дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Тамгын газрын сул орон тоог нөхөх зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зар байршуулж, уг албан тушаалд тавигдах болзол, шаардлагыг хангасан Их-Уул сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан С.О-ийг шилжүүлэн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар түүнийг Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын мэргэжилтнээр томилсон байна.

2.5. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;”, 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;”, 27.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

2.6. Анх Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ж.Ш-ыг Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн түр томилон ажиллуулсан байна. Харин гуравдагч этгээд С.О-ийн хувьд 2009 оны 01 дүгээр сарын 30-ны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасны дагуу шилжүүлэн авч байгаль орчны хяналтын улсын байцаагчийн сул орон тоог ийнхүү нөхсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т нийцсэн гэж үзэхээр байна.

2.7. Гэтэл анхан шатны шүүхээс “... төрийн захиргааны албан тушаалд томилогдохын тулд албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан байхаас гадна тусгай шалгалт өгч тэнцсэн байх шаардлагатай бөгөөд сул орон тоог нөхөхдөө дарааллын хувьд тусгай шалгалтаас өмнө эхний ээлжид тухайн байгууллагад ажиллаж байгаа, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа шаардлага хангасан төрийн албан хаагчдаас нөхөхөөр байна” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа маргаан бүхий албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг албан тушаалын тодорхойлолт болон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, гуравдагч этгээдийг томилсон тушаалуудад зөрүүтэй тусгасан тул шүүх маргаан бүхий тушаалын нэрийг шууд тодорхойлох боломжгүй, шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн...” гэж дүгнэн маргаан бүхий Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 дугаар тушаалуудыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.8. Учир нь хариуцагчаас гуравдагч этгээд С.О-ийг Тамгын газрын мэргэжилтэн бөгөөд байгаль орчны байцаагчаар томилсон гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд “маргаж буй албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг зөв тодорхойлсон албан тушаалын тодорхойлолтыг зохих ёсоор боловсруулан, хянуулж, баталгаажуулсны эцэст нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх асуудлаар захиргааны актыг шинээр гаргуулах”-аар маргаан бүхий тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлд хамаарахгүй төдийгүй маргааныг даамжруулах үр дагаварт хүргэх, процессын хэмнэлттэй байх зарчимд нийцэхгүй.

2.9. Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд биелэгдэх боломжтой, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхүйц байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Ж.Ш нь маргаж буй албан тушаалд түр хугацаагаар томилогдсон, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй болох нь нэгэнт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргээхээргүй, үр дүнд хүрэхээргүй байна.

2.10. Мөн нэхэмжлэгч нь гуравдагч этгээд С.О-ийг Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын мэргэжилтнээр томилсон Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг эс зөвшөөрч маргаагүй, уг тушаал хүчин төгөлдөр байгааг дурдах нь зүйтэй.

2.11. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлагын хувьд анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.1-д “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна” гэх шаардлагыг хангаагүй талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 51 дүгээр зүйлийн 51.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ш-аас Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.Ш-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” Б/10, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Тушаалын хуулийн заалтыг өөрчлөх тухай” Б/16 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын  Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр олгох мөнгөн урамшуулал буюу 7 920 000 төгрөгийг Ж.Ш-т олгохгүй байгаа Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх мөнгөн урамшууллыг олгохыг даалгуулахнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2, 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтын дугаарыг “2” болгож тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 

 

            ШҮҮГЧ                                                        З.ГАНЗОРИГ

 

 

            ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН