| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2023/0188/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/222 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Ц.Майбаяр,
хохирогч Д.Нэргүй,
шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцгээгийн Зд холбогдох эрүүгийн 2311000000055 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Цэцгээгийн З /рд: ./,
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, “Зултай булган” эмийн санд эм зүйч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 215 дугаар байрны 34 тоотод оршин суух хаягтай,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн ба 2,001,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй байгаа,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.З нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дуулга” нэртэй караокед бусадтай хэрэлдэж, хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар иргэн Д.Нэргүй рүү ширээн дээр байсан архи, ус, ундаа зэргийг шидэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 72 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.З нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дуулга” нэртэй караокед бусадтай хэрэлдэж, хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар иргэн Д.Нэргүй рүү ширээн дээр байсан архи, ус, ундаа зэргийг шидэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Д.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний түрээсээр ажиллаж байгаа “Хөхийн Дуулга” ХХК-ны Шинэ жилийн арга хэмжээ болоод баяраа тэмдэглээд ярьж хөөрөөд сууж байгаад Баяртогтох гэх эмэгтэйтэй муудалцаж маргалдсан юм. Тэгтэл хажуу талд нь сууж байсан, хамт ажилладаг З гэх эмэгтэй “чи манай эгчийг юу гээд байгаа юм бэ” гээд над руу дайраад ширээн дээр байсан болон гартаа таарсан болгоныг над руу авч шидэж дээрх гэмтлийг миний биед учруулсан юм. ...Би гомдолтой байна, баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлаа тухайн хүнээс гаргуулж авах хүсэлтэй байна. Баримтаар 310,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. 7 хоногийн ажил алдсан, өдрийн 15,000 түрээс төлдөг, толгойгоо 3 өдөр өдрийн 20,000 төгрөгөөр бариулсан...’’гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Хохирогч Д.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шинэ жилийн арга хэмжээнд оролцоод сайхан ярилцаад сууж байсан. З бид 2-ын хувьд урьд нь муудалцаж байсан зүйл байхгүй, сайхан эгч дүүс л байсан. Тийм учраа Зд гомдсон гомдол байхгүй гэдгээ зөндөө хэлсэн. Хамгийн гол нь би өрх толгойлсон хүн, тэгээд өдрийнхөө орлогоор амьдралаа авч явдаг учраас ажлаа хийхгүй байгаа үед зөндөө хохирол учирч байдаг. Өнгөрсөн асуудал дээр бол аль аль нь ойлголцсон байх гэж бодож байгаа...” гэв.
Гэрч З.Баттогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яг нарийн асуудлыг бол сайн мэдэхгүй байна. тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас сайн санахгүй байгаа юм. Миний ойлгож байгаагаар болон Згийн ярьснаар бол З нь намайг өмөөрч Д.Нэргүйтэй муудалцаж маргалдах болсон гэсэн. Би яг цохиж байхыг нь бол хараагүй, ширээн дээр байсан таваг шидсэн гэж байсан...” гэх /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №519 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Д.Нэргүйн биед өвчүү ясны хугарал, хамрын нуруунд язарсан шарх, хамар ясны хугарал, зүүн мөр, цээж, зүүн гуяын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэх /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэг бүхий диск, түүнд үзлэг хийсэн “...Улбар шар өнгийн хувцастай эмэгтэйн хажуу талд сууж байсан яллагдагч Ц.З нь босож ирээд хохирогч Д.Нэргүй рүү ширээн дээрээс юу болох нь мэдэхгүй эд зүйл авч шидэж байгаа болон маргалдаж зогсож байгаад дахин ширээн дээрээс шар өнгийн зүйл аваад хохирогч Д.Нэргүй рүү шидэхэд Д.Нэргүйн хажууд сууж байсан эмэгтэй босож ирээд дундуур нь ороод салгаж байна. Ц.З нь ширээн дээрээс хар саарал өнгийн шилэн таваг мэт зүйлийг аваад хохирогч Д.Нэргүй рүү шидэж нүүрэн тус газар нь онож байгаа болон удалгүй Д.Нэргүй нь өөрийн хамраа гараараа дарж байгаа харагдана...” гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 36-41 дүгээр тал/,
Шүүгдэгч Ц.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д.Нэргүй гэх эмэгтэй манай ажлын нөгөө ээлжийн эгч болох Баттогтох гэх эгчтэй маргалдаад хоорондоо хэрэлдээд байсан юм. Би тухайн үед та хоёр одоо боль гэсэн шаардлагыг тавьсан. Тэгсэн сүүлдээ Д.Нэргүй нь бүүр хэлэх хэлэхгүй үгээр Баттогтох эгчийг хэлээд байхаар нь би уурлаад Баттогтох эгчийг өмөөрөөд тухайн өрөөнд ширээн дээр байсан шилэн таваг, лаазтай пиво, савтай ундаа зэргийг авч Д.Нэргүй гэх хүн рүү шидсэн. Тэгтэл Д.Нэргүйн хамраас цус гараад байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд бид нарыг аваад гарсан...” гэх /хавтаст хэргийн 77-78 дугаар тал/,
Шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/536 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 69-75 дугаар тал/,
Ялын биелэлтийн талаарх албан тоот /хавтаст хэргийн 65 дугаар тал/,
хохирогч Д.Нэргүйн мэдүүлэг, дээр дурдсан гэрчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Нэргүйн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 2,001,000 төгрөгийн торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжилсэн хохирол барагдуулсан, хохирогч Д.Нэргүй шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн томографын үзлэгийн төлбөр 120,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ц.Згаас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Нэргүй нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хавтаст хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэцгээгийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Згаас нийт 120,000 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 10 дугаар гудамж 547А тоотод оршин суух Дамдины Нэргүй /ЖК80102408/-д олгосугай.
7. Хохирогч Д.Нэргүй нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД