Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1860

 

2019 оны 09 сарын 09 өдөр

         Дугаар 183/ШШ2019/01860

                  Улаанбаатар хот

  

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Олимпын гудамж, 00 тоотод оршин байрлах, АБИ ХХК ХХК /рд:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Ө овогт Д М /рд:00000000/-д холбогдох,

 

2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны ашиглалтын зардал болон үйлчилгээний төлбөрт 4 183 276,29 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******тоот орон сууцны өмчлөгч Д.М нь АБИ ХХК ХХК-тай цэвэр ус дулаанаар хангуулах бохир ус татан зайлуулах ашиглалтын гэрээ байгуулаагүй бөгөөд 2016 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ус, дулаан, ашиглалт болон ажил үйлчилгээний зардлаа төлөөгүй байгаа болно. Түүний төлбөр төлөх иргэний үүргээ биелүүлээгүй байдал нь хангах болон дамжуулан түгээх эрх бүхий байгууллагуудыг хохироосоор байна. Бидний зүгээс сар бүрийн төлбөрийн мэдээллийг орон сууц өмчлөгчийн утас руу 2-оос доошгүй удаа мессеж явуулдаг ч утасны дугаарууд нь холбогддоггүй, мөн гэрт нь удаа дараалан очсон боловч хаалгаа тайлдаггүй, 2018 оны 12 дугаар сард нэг удаа уулзсан боловч төлбөрийн чадваргүй, төлөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 25-ныг хүртэл ус дулаан, ашиглалт, үйлчилгээний төлбөрийг төлөлгүй байгууллагыг хохироосон. Манай байгууллага холбогдох байгууллагаас цэвэр усыг худалдан авдаг. Гэтэл хариуцагч бүх үйлчилгээг үнэ төлбөргүй авч төлбөр төлсөн хүмүүсийн мөнгөөр цэвэр сайхан орчинд амьдарч байгаа. Засвар үйлчилгээ байнга хийгдэж байдаг ч эдгээр төлбөрийг төлдөггүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр анх 3 605 997,94 төгрөгийг Шинэ өргөө хорооллын 614Б байрны 8 тоотод оршин суугч Д.М-гаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 4 183 276,29 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.”

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаагүй. Нэхэмжлэгч тал хариуцагчтай аливаа хэлбэрээр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээ яаж тооцож энэ мөнгөн дүн гарч байгааг тайлбарлахыг хүссэн ч өнөөг хүртэл гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн хэдэн төгрөг нь халаалт, хэдэн төгрөг нь ус дулааны гэх байдлаар ялгаж өгөөгүй. Хариуцагчийн зүгээс халаалт, цэвэр бохир усны төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн, харин СӨХ-ны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичигт СӨХ-ны төлбөрийг давхар авсан байх тул үүнийгээ оршин суугчдад нь буцаан өгч хохиролгүй болгох тухай дурдсан. ШӨХТГ-аас албан шаардлага хүргүүлсэн, зөрчлийн хэрэг үүсгэж 3 000 000 төгрөгөөр торгуулсан. Нэхэмжлэгч АБИ ХХК ХХК-ийн гаргасан зөрчил нь конторын төлбөрийг СӨХ-ны мөнгөтэй хамт давхар аваад байна гэсэн байдаг. СӨХ-ны төлбөрийг  хамт авах эрхгүй хэрнэ авч оршин суугчдад хохирол учруулсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Халаалт болон цэвэр бохир усны төлбөрт 1 800 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, харин нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АБИ ХХК ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны ашиглалтын зардал болон үйлчилгээний төлбөрт 4 183 276,29 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийн нэхэмжлэхийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн бөгөөд дээрх баримтад засвар үйлчилгээ 15 790 төгрөг, хог 5000 төгрөг, баримтын үнэ 200 төгрөг, цэвэрлэгээ 7000 төгрөг, бохир усны насос 6600 төгрөг, дулааны суурь хураамж 5500 төгрөг, усны суурь хураамж 2500 төгрөг зэрэг төлбөрүүд тогтмол, халаалтын төлбөр хэрэглэсэн байдлаас шалтгаалж харилцан адилгүй бичигджээ.  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, “...дулааны суурь хураамж 5000 төгрөг, усны суурь хураамж 2500 төгрөг, мөн хэрэглэсэн халаалт, усны төлбөр зэрэг хуульд заасан төлбөрүүдийг төлөхөд татгалзах зүйлгүй, 1 800 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө. Харин нэхэмжлэгч компани хэрэгт авагдсан баримтаар СӨХ биш гэдэг нь нотлогдож байгаа учраас хогны мөнгө болон засвар үйлчилгээний 15 790 төгрөгийг төлөхгүй. Хогны мөнгийг анхнаасаа 2500 төгрөгөөр тооцохоор гэрээ байгуулсан албан бичиг байхад 5000 төгрөгөөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн эрх бүхий байгууллагаас авахгүй гэсэн албан бичиг ирсэн байгаа тул бохир усны насосын төлбөрийг төлөхгүй. СӨХ-ийн зардлыг шинээр байгуулагдсан СӨХ-д төлнө. Нэхэмжлэгч нь дээрх үйлчилгээг үзүүлж байсан гэдгийг зөвшөөрөх боловч бид энэхүү үйлчилгээг авах хүсэлт гаргаагүй, сайн дурын үндсэн дээр гүйцэтгэж байсан” гэж маргасан.

 

Дээрх тайлбараар хариуцагч дулааны суурь хураамж, усны суурь хураамж болон  халаалт усны төлбөр зэрэг төлбөрүүдийг төлөхөөр зөвшөөрсөн тул шүүх АБИ ХХК ХХК-ийг тусгай зөвшөөрөлтэй эсэх, уг төлбөрүүдийг шаардах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.   

 

Нэхэмжлэгч СӨХ-ийн өмнөөс үйл ажиллагаа явуулж, төлбөр шаардаж байгаа үндэслэлээ “...тус байранд СӨХ байгуулагдаагүй, оршин суугчдын эрх ашиг зөрчигдөх гээд байсан тул дээрх ажил үйлчилгээг явуулж, төлбөрөө авч байсан. Энэ байр ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл дээрх ажил үйлчилгээг үзүүлээгүй бол энэ олон оршин суугчдын эрх ашиг зөрчигдөх байсан” гэж тайлбарласан.   

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч АБИ ХХК ХХК нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоо биш байх боловч оршин суугчдын эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж СӨХ-ийн өмнөөс дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагаа явуулсан нь хариуцагч Д.М-гийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр, түүний ашиг сонирхлын төлөө зайлшгүй шаардлагын үүднээс, бусдын эд хөрөнгө болон эрх ашигт бодитоор учирч болзошгүй гэм хорыг урьдчилан зайлуулах зорилгоор үйл ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй байхаас гадна нэхэмжлэгчийн уг үйлдэл нь хариуцагчид илтэд ашигтай, мөн тухайн сонирхогч этгээд өөрөө хийх байсан хэмжээ, хэлбэрээр хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан ажил үйлчилгээг үзүүлж байсан үйл баримтад хариуцагч маргаагүй байна.  

 

       Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд мөн хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д “Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч АБИ ХХК ХХК нь СӨХ-ийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин *******азрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/00 тоот албан бичгээр нэг өрхийн 1 сарын хогны хураамж 2500 төгрөг болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь сар бүр хогны хураамжид 5000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь бохир усны өргөх насос станцад гарч буй зардлаа нөхөх зорилгоор бохир усны насосны үнэ 6600 төгрөг шаардсаныг буруутгах боломжгүй байх боловч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор бохирын насос станцын төлбөрийг хэрэглэгчдээс тусдаа авахыг зогсоосон, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх тул дээрх хугацаанаас хойш насосны төлбөр шаардсан нь мөн үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс ус болон дулааны ашиглалтын зардлыг холбогдох байгууллагад төлсөн, СӨХ-ийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ үзүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 492 дугаар зүйлийн 492.1-д тус тус зааснаар хариуцагчаас 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын дуусталх хугацааны ашиглалтын болон үйлчилгээний зардалд 3 990 876 төгрөг гаргуулж, хогны хураамжид илүү нэхэмжилсэн 2500 төгрөгийг 40 сараар тооцож 100 000 төгрөг, бохирын насосны төлбөрийг тусдаа авахыг зогсоосон хугацаанаас хойш илүү нэхэмжилсэн 14 сарын төлбөрийг 6600 төгрөгөөр тооцож 92 400 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлагаас 192 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 804 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч баримтлан хариуцагч Д.М-гаас 3 990 876  төгрөг гаргуулан нэхэмжлэгч АБИ ХХК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 90 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мгаас 78 804 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ