Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

 

2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр                    Дугаар 2023/ШЦТ/51                                         Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа

Улсын яллагч: Б.Мөнхдөл

Шүүгдэгч: Т.Х

Хохирогч: Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ын Х-д холбогдох 2328000000055 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.Х нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” худалдааны төвийн доор үйл ажиллагаа явуулдаг “Zet” нэртэй бааранд иргэн Б.Зтай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Хыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Х шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Хохирогч Б.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би ажил дээрээ байхад Хонгорзул над дээр ирээд миний нэрийг З юу гэж асуусан. Би мөн байна гэж хэлэхэд над руу муухай хараад байсан. Ажил тараад хаах үеэр намайг мөрлөөд гарсан. Яагаад мөрлөж байгаа юм гэхэд намайг Оюутолгойн янхан биз дээ гэж хэлсэн. Чи яагаад тэгж хэлж байгаа юм, би Оюутолгойд ажилладаггүй гэж хэлсэн. Тэгээд

 би найз С-ийг дуудаад намайг ажилладаггүй гээд тайлбарлаад хэлээд өгөөч гээд хэлүүлсэн. Маргалдсан. Бид хоёрыг хэдэн хүмүүс дундуур орж ирээд салгасан. Би цаашаа явчихлаа гэж бодсон. Гэтэл эргэж хараад миний хамар руу цохьсон. Цагдаа дээр очоод эмчилгээний зардал өгнө гэж тохиролцоод гарсан. Маргааш нь эмчид үзүүлэхэд мөгөөрс нь гэмтсэн байна гэж хэлсэн. Эмчилгээгээ би өөрөөсөө мөнгө гаргаад эмчлүүлсэн. Би Хонгорзулаас тохирсон гэсэн яасан бэ? Эмчилгээний төлбөр авъя гэхэд намайг блоклоод хэл сураггүй алга болсон. Тиймээс би цагдаад өргөдөл өгсөн. Хэрэг прокурорт шилжсэний дараа Хонгорзул над руу 270.000 төгрөг эмчилгээний зардал гэж шилжүүлсэн. Би тухайн үед 2 газарт буюу  Дулааны цахилгаан станц, Гандирс худалдааны төвийн доор бааранд ажилладаг байсан. Энэ хэргээс болж би Дулааны цахилгаан станцид 7 хоног ажилдаа явж чадаагүй. Бааранд 14 хоног ажиллаагүй. Тухайн үед авах байсан цалингаа нэхэмжилж авмаар байна. Хэрэг гарснаас хойш над руу нэг ч удаа залгаж холбоо аваагүй. Би Дулааны цахилгаан станцад угаагчаар өдрийн 35.000 төгрөгөөр, бааранд 25.000 төгрөгөөр ажилладаг. Тухайн үед авах байсан цалингаа нэхэмжилж байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би  “Z” бааранд барменаар ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байсан ба орой баар 21 цагт нээгээд 23 цагт хаах үед уг үйл явдал болсон. Намайг хохироосон гэх эмэгтэй хажуугаар гарахдаа уурлаад намайг мөрлөөд хэл амаар доромжилсон. Би тухайн эмэгтэйтэй маргалдаж байгаад тэр эмэгтэйг эргээд яваад өглөө гэж бодоод зогсож байсан. Тэгсэн эргэж хараад тухайн эмэгтэйн өөрийн гараараа миний хамар хэсэгт цохиж гэмтээсэн. Тухайн үед цохиулснаас болоод миний хамар хавдсан байсан. Хавдар нь нүд рүү ороод нүдний хавдар 14 хоногийн дараа арилсан. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Хамрын зураг авхуулсан, одоо зураг нь байгаа. 2022 оны 12 дугаар сарын 05-ны үйл явдлыг хажууд байсан найз Т.С /80990904/, үйлчлэгч, хамгаалагч нар харсан байсан. Манайх хяналтын камертай. Энэ үйл явдал бичигдсэн бичлэг нь надад байгаа. Бичлэгийг нь хуулбарлаж өгье. Тэр эмэгтэй миний бие эрх чөлөөнд халдсан. Энэ эмэгтэйг би өмнө нь харж байгаагүй, энэ эмэгтэй бичлэг дээр цагаан цамц, хар өмдтэй байсан. Энэ хүн архи уусан байсан, мөн тэр эмэгтэй хоёр залуутай хамт явж байсан. Би тэр эмэгтэйг миний биед учирсан хохирлыг арилгаж өгнө гэж амаар тохиролцсон. Тэгээд цагдаад мэдэгдэхгүйгээр хоорондоо тохиролцоод явсан. Тэрнээс хойш хохирол нөхөн төлж өгөхгүй болохоор хуулийн байгууллагад хандаж байна. Огт танихгүй хүн байсан. Сүүлд нь Хонгорзул гэж өөрийгөө танилцуулсан. Миний биеийн хамар хэсэг цөмөрснөөс болж мөгөөрс нь гэмтсэн, үүнээс болж тухайн үед амьсгалахад хэцүү байсан. Өөр надад гэмтэл учраагүй. Уг Хонгорзул болон түүнтэй хамт явж байсан 2 эрэгтэйг танихгүй. Би эмнэлэгт хандаж өөрийн хамарт эмчилгээ хийлгэсэн. Хамрын мөгөөрс гэмтсэн байна гээд миний хамарт юм чихэж байгаад эмчилгээ хийсэн. Одоо хамрын хэсэгт хатуу байгаа. Би Хонгорзул гэх эмэгтэйг огт танихгүй. Урьд нь уулзаж байгаагүй, ямар ч өс хонзон, өр авлага гэх зүйлс байхгүй. Уг Хонгорзул гэх эмэгтэйд цохиулсны дараагаар яагаад намайг цохьсон талаар асуухад надаас Оюутолгойд ажилладаг уу? Манай нөхөртэй явалдаад байгаа эмэгтэй мөн үү гэх мэт зүйлс асуусан. Би бодохдоо согтуудаа хүн андуураад намайг цохьсон гэж бодсон. Өөр шалтгаан байхгүй. Би гомдолтой байна. Би хамар янзлуулах эмчилгээнд 150’000 ₮ өөрөөсөө гаргасан. Баримтыг нь өгнө. Мөн би 14 хоног хамар гэмтсэнээс болж ажилдаа яваагүй, миний нэг өдрийн цалин 25’000₮ төгрөг, нийт 14 хоногийн цалин 350’000₮ төгрөг болж байна. Хохирол төлөгдвөл гомдолгүй. Би дулааны цахилгаан станцад өдрөөр угаагч хийгээд оройн цагаар Z бааранд бармен хийдэг ба 2 газар ажиллаж байгаад 14 хоног ажилдаа яваагүй цалин нийлээд 845’880₮ төгрөг болж байгаа. Үүн дээр хамарт зарцуулсан эмчилгээний мөнгө 150’000₮ төгрөг гаруй юм. Иймд бодит хохирол 1’000’000₮ болж байна. /хх-ийн 18-19 дэх тал/

 

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Баар хаах гэж байхад хэдэн хүмүүс Зулаатай тооцоо хийгээд гарахдаа маргалдаад байх шиг байсан. Чанга хөгжимтэй байсан болохоор ярьсан зүйлсийг нь сонсоогүй.  Миний харснаар Зтай нэгэн өндөр туранхай эмэгтэй маргалдаж байгаад нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Би тухайн үед нь ажлаа хийж байсан болохоор тэр хоёрын үйлдэл бүрийг нарийн сайн хараагүй. Намайг харахад тэр эмэгтэй эхлээд Зг түлхэх шиг болсноо дараагаар нь цохиод авсан. Тэгээд З хамраа даран доошоо сууж байгаад боссон. Миний харснаар Згийн хамар нь мурийж, нүд нь хөхөрсөн байсан. Зг цохьсон эмэгтэйг огт танихгүй. Туранхай өндөр эмэгтэй байсан. З бол тухайн эмэгтэйд халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Намайг харахад бол уг эмэгтэй Зулааг гараараа цохиж байгаа харагдсан. Харин гарт нь ямар нэгэн юм байсан эсэхийг мэдэхгүй байна. /хх-ийн 21-22 дахь тал/

 

Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: З нь Өмнөговь аймгийн Даланзадгад Сумын төвд байрлах “Z” нэртэй үйлчилгээний газарт зохион байгуулагч ажилтай. 2022 оны 12 дугаар сарын 05-ны оройн 20:00 цагийн орчимд Згийн ажлын газарт очсон юм. Тэгээд найзтайгаа юм яриад зогсож байхад хажууд байсан хүмүүс муудалцаад байсан. З шаардлага тавихад хүмүүсийн тал нь гараад явсан. Тухайн хэрэлдэж маргалдаж байсан хүмүүсийн нэг нь үлдчихсэн Зг шаардлага тавихаар эсэргүүцэж түлхэж байх шиг харагдсан. Тэгээд З намайг энэ эмэгтэй цохьсон гэж хэлэхээр нь очсон. Згийн биеийг үзэхэд нүүр нь хавдчихсан хамар нь муруй болчихсон байсан. Шөнө З залгаад хамар өвдөөд битүүрээд амьсгалж чадахгүй байна найздаа маргааш эмнэлэгт үзүүлэх цаг аваад өгөөч гэж хэлсэн. Маргааш нь З бид хоёр цуг БОЭТ-д очиж үзүүлээд явж байхад Зг цохьсон эмэгтэй ирж уулзсан. Тухайн үедээ тохиролцоод хохиролгүй болгоод эмчилгээний зардлыг чинь өгнө гэж хэлсэн. Намайг анх 2022 оны 12 дугаар сарын 05-ны оройн 20:00 цагийн үед Зтай ажлын газар нь очиж уулзахад Згийн хамар болон нүүр хэсэг нь зүгээр байсан. Харин нэг эмэгтэй хүн эсэргүүцэж түлхэж байх шиг харагдсан. Тэгээд З намайг цохьсон гэж хэлэхээр нь очсон. Тэгэхэд Згийн нүүр хавдсан хамар мурийчихсан байсан. Уг асуудлын дараа З намайг миний оронд хэд хоног ажиллаад өгөөч гэж хэлсэн. Миний хувьд “Z” нэртэй баар үйлчилгээний газарт 98 хоног ажилласан. Би уг цохьсон гэх эмэгтэйг танихгүй. Өмнө нь уулзаж байгаагүй, туранхай эмэгтэй байсан. Маргааш өдөр нь З бид хоёр эмнэлэгт үзүүлээд явж байхад ирж уулзсан эмэгтэй Зг түлхэж  цохьсон эмэгтэй мөн байсан. З нөгөө хүндээ халдаж гэмтэл учруулсан зүйлийг хараагүй. Нөгөө эмэгтэйг харахад гэмтэл учирсан зүйл байхгүй байсан. Уг үйл явдлыг би нүдээрээ хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Түлхэлцэж байхыг нь л харсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 24 дэх тал/

 

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Т.З бид хоёр “Z” бааранд хамт ажилладаг юм. З нь зөөгч, бармен хийдэг. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өглөө З нь над руу гар утсаар залгаад намайг нэг эмэгтэй андуураад хамар цохьчихлоо, чөлөө авах гэсэн юм гээд залгасан. Тэгээд хоёр хоногийн дараа ажил дээр уулзахад маск зүүсэн байдалтай ажил хийсэн. Маскны дээгүүр ил гарсан хэсгээрээ нүд нь хөхрөөд ногоорсон байсан. Тэр өдрөөс хойш З маск зүүсэн байдалтай ажлаа хийж байсан. Би тухайн цохьсон гэх хүнийг огт танихгүй. З нөгөө хүнийхээ биед халдаж гэмтэл учруулсан талаар надад тийм зүйл хэлээгүй. Баарны камерын бичлэг нь 14 хоногоор бичлэгээ хадгалдаг. Одоо байх боломжгүй. З нь камерын бичлэг устахаас өмнө гар утсаараа бичиж авч байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 27 дахь тал/

 

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Згийн биед тархины доргилт, хамар ясны хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 35-36 дахь тал/

 

Шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Зтай маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас би Зг түлхэх үедээ хамрыг нь цохиж гэмтэл учруулсан юм. Би Зд хохирол төлбөр төлж барагдуулаагүй байгаа. Учир нь З баримт гаргаж өгөөгүй. З өөрөө 1.500.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би өгөх гэсэн боловч Згийн ээж нь гэх хүн наад мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй гээд 3 сая төгрөг өг гэсэн. Мөн эгч гэх эмэгтэй нь 5 сая төгрөг өг гэсэн. З болон түүний ар гэрийн хүмүүс бүгд зөрүүтэй мөнгө нэхээд байгаа учраас Згийн гаргаж өгсөн баримтын дагуу хохирол төлбөрийг барагдуулна. Одоогоор надад ямар нэг баримт гаргаж өгөөгүй байгаа учраас би хохирол төлбөр төлөөгүй байна. /хх-ийн 43 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/

Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 86-93 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.З, шүүгдэгч Т.Х нар нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” худалдааны төвийн доор үйл ажиллагаа явуулдаг “Zet” нэртэй бааранд маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Т.Х нь хохирогч Б.Згийн бие эрх чөлөөнд нь халдаж зодсон үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Згийн: Намайг хохироосон гэх эмэгтэй хажуугаар гарахдаа уурлаад намайг мөрлөөд хэл амаар доромжилсон. Би тухайн эмэгтэйтэй маргалдаж байгаад тэр эмэгтэйг эргээд яваад өглөө гэж бодоод зогсож байсан. Тэгсэн эргэж хараад тухайн эмэгтэйн өөрийн гараараа миний хамар хэсэгт цохиж гэмтээсэн. Тухайн үед цохиулснаас болоод миний хамар хавдсан байсан. Хавдар нь нүд рүү ороод нүдний хавдар 14 хоногийн дараа арилсан. /хх-ийн 18-19 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Ан: Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Баар хаах гэж байхад хэдэн хүмүүс Зулаатай тооцоо хийгээд гарахдаа маргалдаад байх шиг байсан. Чанга хөгжимтэй байсан болохоор ярьсан зүйлсийг нь сонсоогүй.  Миний харснаар Зтай нэгэн өндөр туранхай эмэгтэй маргалдаж байгаад нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. /хх-ийн 21-22 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Сувд-Эрдэнийн: З шаардлага тавихад хүмүүсийн тал нь гараад явсан. Тухайн хэрэлдэж маргалдаж байсан хүмүүсийн нэг нь үлдчихсэн Зг шаардлага тавихаар эсэргүүцэж түлхэж байх шиг харагдсан. Тэгээд З намайг энэ эмэгтэй цохьсон гэж хэлэхээр нь очсон. Згийн биеийг үзэхэд нүүр нь хавдчихсан хамар нь муруй болчихсон байсан. Шөнө З залгаад хамар өвдөөд битүүрээд амьсгалж чадахгүй байна найздаа маргааш эмнэлэгт үзүүлэх цаг аваад өгөөч гэж хэлсэн. /хх-ийн 24 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Агийн: Т.З бид хоёр “Z” бааранд хамт ажилладаг юм. З нь зөөгч, бармен хийдэг. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өглөө З нь над руу гар утсаар залгаад намайг нэг эмэгтэй андуураад хамар цохьчихлоо, чөлөө авах гэсэн юм гээд залгасан. Тэгээд хоёр хоногийн дараа ажил дээр уулзахад маск зүүсэн байдалтай ажил хийсэн. Маскны дээгүүр ил гарсан хэсгээрээ нүд нь хөхрөөд ногоорсон байсан. /хх-ийн 27 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Згийн биед тархины доргилт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Х нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” худалдааны төвийн доор үйл ажиллагаа явуулдаг “Zet” нэртэй бааранд иргэн Б.Зтай маргалдан бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч Б.Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би дулааны цахилгаан станцад угаагчаар өдрийн 35.000 төгрөгөөр, бааранд 25.000 төгрөгөөр ажилладаг. Тухайн үед авах байсан цалингаа нэхэмжилж байна” гэх тайлбарыг гаргав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Т.Хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Зд хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 545.000 төгрөгийг шүүгдэгч Т.Хаас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Зд олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба “Гандирстрэвел” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтод “Б.З нь Гандирс худалдааны төвийн Зет бааранд бармен 650.000 төгрөгийн цалинтай ажилладаг нь үнэн болно /хх-ийн 87 дахь хуудас/ гэжээ.

 

Дээрх тодорхойлолтод хавсаргасан цалингийн хүснэгтэд бармен Б.З нь лхагва гариг бүрт амардаг гэх ба 12 дугаар сарын 08-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд 12 хоног өвчтэй гэж тэмдэглэгджээ.

Хохирогч Б.Згийн 2022 оны 12 дугаар сард авах ёстой байсан цалинг нийт ажлын өдөрт хувааж тооцоход нэг өдрийн 25.000 төгрөг байх тул түүний өвчтэй байсан 12 хоногийн цалин 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Түүнчлэн хохирогч Б.З нь “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-д угаагчаар ажилладаг ба хөнгөн гэмтлийн улмаас 7 хоног ажилдаа явж чадаагүй тул энэ хугацааны цалинг нэхэмжилсэн ба “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК-аас ирүүлсэн цалингийн хүснэгтээр хохирогч Б.З нь 12 дугаар сард ажиллавал зохих 21 хоногоос 7 хоног ажиллаагүй болох нь тогтоогдож байна.

 

Цалингийн хүснэгтэд бичигдсэн нийт цалинг ажиллах ёстой хоногт хуваахад хохирогч Б.З нь нэг өдрийн 35.000 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь тогтоогдож байх тул хохирогч Б.Згийн 7 хоногийн цалин нийт 245.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Т.Хаас нийт 545.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Зд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Т.Х хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдаанд 5 хоногийн завсарлага авч, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Згийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Т.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

 

Шүүгдэгч Т.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Зд 270.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Хыг хохирогч Б.Зд 815.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Хын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Хын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Т.Хын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 50 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтод: Т.Х нь Даланзадгад сумын Дундсайхан 4 дүгээр багийн Дундсайханы 5-15 тоотод ам бүл 4 оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /хх-ийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Т.Х нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Т.Х өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэв.

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Х нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн flash диск 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хохирогч Б.Зд 815.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Т-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Х нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хаас 545.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Зд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг шүүгдэгч Т.Х биелүүлсэн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэрэгт ирүүлсэн flash диск 1 ширхэгийг хэрэгт хадгалж, шүүгдэгч нь хохирогч Б.Зд 815.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА