| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2023/0039/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Х.Гүнжидмаа,
шүүгдэгч Х.Б,
иргэний нэхэмжлэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б-д холбогдох 2216001520081 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, казах үндэстэн, 1*** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Баян-Өлгий аймгийн ******* сумд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувцас дизайнерын мэргэжилтэй, Улаанбаатар хотын ***** ХХК-д ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ***** сумын ***** багт хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот Б******* дүүрэг ****-р хороо, ******* тоотод түр оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, БЭ******** регистрийн дугаартай, Ш овогт Х-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Б нь Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дэвсгэрт Улаанбаатараас аймаг явах чиглэлийн авто замын 136 дахь километрийн заалттай шонгийн орчимд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн үед “Toyota Alрhard” загварын **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан. Жолоочид дараах зүйлийг хориглоно: “.... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож хохирогч Т.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, 13 настай С.Э-н амь нас хохирсон үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 06 цагийн үед “toyota alрhard” загварын ***** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг дэвсгэрт засмал замын 136 дахь километрийн заалттай шонгийн орчимд замын хөдөлгөөнд оролцохдоо үүрэглэсний улмаас автомашинаа онхолдуулж хохирогч Т.А-н биед умдаг ясны хугарал, үүдэн шүдний хугарал, доод уруулд шарх буюу хүндэвтэр гэмтэл учруулсан, 13 настай С.Э-н амь насыг хохироосон болох нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө гэрт байж байхад манай ах дүүс ирээд миний дүү биеэ барь, хүү чинь осолд орчихсон байна гэхээр нь миний хүү амьд байна уу гэтэл надад юм яриагүй санагдаж байна тэрнээс хойш би ухаан санаагаа алдсан. Ингээд би ах дүүстэйгээ шууд осол болсон газарт нь очих гээд Улаанбаатар хотоос гараад 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр очсон. Хүү маань осолд орж нас барсан байсан. Тэгээд хүүгийнхээ шарилыг аваад буцаад Улаанбаатар хотод ирж хөдөөлүүлсэн... Миний хүү одоо эргээд босоод ирэхгүйгээс хойш надад санал гомдол алга. Надад энэ хүмүүсээс нэхэмжлэх зүйл огт алга...” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 71 дүгээр тал/
2. Хохирогч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Т.А миний бие төрсөн эгч А-н хамтаар зуны хичээлээ тараад 2022 оны 06 дугаар сарын 30-ны орой Баян-Өлгий аймаг руу гэр лүүгээ харих гээд цахим орчинд унаа хайхад Улаанбаатар хотоос нэг Alрhard маркын авто машин Баян-Өлгий аймаг руу явна гэхээр нь 2022 оны 07 дугаар сарын 01-ны өглөө 09 цагийн үед суусан. Ингэхдээ би эгчтэйгээ цуг жолоочийн ар талын суудалд хойшоогоо хараад суусан ... Хотоос гарахад машины жолооч болох эрэгтэй Ж унаж явсан ба 2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө үүрээр 5 цагийн үед байх унтаад явж байтал машин замын хажуу руу онхолдсон. Ингээд миний хөл, бүсэлхий хэсгээр өвдөөд босож чадахгүй байсан юм. Ингээд цуг явсан хүмүүс замын унаанд суугаад Ховд аймгийн Дарив сумын эмнэлэгт хүргэгдсэн юм ... Би жолоочийн ард талын суудалд хойшоо хараад унтаад явж байсан юм. Хэн авто машин жолоодож яваад осол гаргасныг тухайн үед мэдээгүй, осол болсны дараа нэг хүүхэд нас бараад хүмүүс жолоочийн эхнэр Б машин унаж яваад унагаасныг мэдсэн юм. Би тухайн үед авто машин хэдэн км цагийн хурдтай явж байсныг ч мэдээгүй, би авто машин осолдсоны дараа машин дотор хэвтэж байсан юм ... умдаг ясны хугарал, үүдэн нэг шүд хугарч, уруул сэтэрсэн гэмтэл учирсан юм. Ингээд би Баян-өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм... Миний биед одоо ямар нэгэн өвчин зовуурь байхгүй, бие маань бүрэн эдгэсэн... Миний эмнэлэгт хэвтэх үеийн эмчилгээний зардал мөнгийг төлсөн байгаа, хэдэн төгрөг гаргасныг би одоо сайн мэдэхгүй байна ... Надад энэ хэрэгтэй холбоотой нэхэмжилж байгаа мөнгө төгрөг байхгүй ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 34 дүгээр тал/
3. Гэрч М.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед Улаанбаатар хотоос төрсөн дүү Ж-н Alрhard загварын машинтай том хүү Э 13 настай, 6 настай хүү Т, 2 настай охин Б нартайгаа суусан. Мөн 4-н хүн хөлсөөр суулгаж авч явсан ба ар талын суудалд 3-н хүүхэдтэйгээ цуг суугаад явцгаасан. Ингээд Баянхонгор аймаг руу дөхөөд манай дүү Ж гар амраах гээд эхнэр Б-Д машинаа өгсөн. Ингээд өглөө үүрээр би жоохон дуг хийгээд унтаж байтал гэв гэнэт өнхрөөд унах шиг болсон. Нэг ухаан ортол том хүү Э-н нүд нь анивчаад би хүүгээ тэвэрч байснаа санаж байна. Тэгээд би хүүгээ аваад шууд замын унаанд дайгдаад Ховд аймгийн Дарив сумын эмнэлэгт авчирсан юм. Тэгэхэд миний хүү нас барчихсан хөл гар нь хүйтэн болчихсон байсан. Авто машин юунаас болж онхолдсоныг үнэндээ мэдээгүй ... Толгой бага зэрэг хавагнасан, баруун талын мөр орчим хөхөрсөн, бага охин дух хэсэг нь халцарсан, дунд хүү Т-н зүүн хөлийн шагай мултарсан. Талийгаач хүүгийн минь толгой цус болчихсон байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/
4. Гэрч Т.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу явна гэсэн зарын дагуу цагаан өнгийн Alрhard загварын авто машинд сууж явсан. Би жолоочийн арын суудалд суусан ба нийт 7-н том хүн 2 хүүхэд сууж явсан. Ингээд замд Өвөрхангай өнгөрөөд нэг эмэгтэй машин барьж явсан. Ингээд өглөө үүрээр унтаад явж байтал машин онхолдсон. Юунаас болж машин онхолдсоныг огт мэдээгүй. Эмэгтэй жолооч архи дарс огт хэрэглээгүй явж байсан. Авто машин хэдэн км цагийн хурдтай явсныг огт хараагүй ... Миний ар нуруу хэсгээр хатгаж өвдөж байна. Мөн хүзүү хэсгээр өвдөж байна. Баруун талын хацарны хэсэгт зулгаралт үүссэн, өөр ил харагдах гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг. / 1-р хавтаст хэргийн 42 дугаар тал/
5. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл. /1-р хавтаст хэргийн 12 дугаар тал/
6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 13-19 дүгээр тал/
7. Иргэний нэхэмжлэгч М.Ж-н шүүх хуралдаанд өгсөн “... Манай хамаатан садан амралтаар явахаар тохирч хөлсөөр 3 хүн аваад явж байгаад замд нойр хүрээд эхнэртээ жолоогоо шилжүүлсэн. Тэгээд нойрмоглоод ийм осол болсон. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Бүх хүмүүсийн шүүх шинжилгээний дүгнэлт гарч хохирсон хүмүүсийн хохирол төлсөн...” гэх мэдүүлэг./ шүүх хуралдааны тэмдэглэлээс/
8. Гэрч А.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Л, Ж, Б, Э, нөгөө цуг явж байсан хүмүүсийг сайн танихгүй байна. Бид нар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг орох гэж гарсан ... Манай аавын дүү Ж-н эхнэр Б тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан... Манай аавын дүү Ж жолоодож Говь-Алтай аймаг хүртэл явсан... Би сайн мэдэхгүй байна. Говь-алтай аймаг өнгөрөөд сольсон байх...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 51 дүгээр тал/
9. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Ерболын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 581 дугаартай “... 1. Т.А-н биед умдаг ясны хугарал, үүдэн шүдний хугарал, доод уруулын сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн авто ослын үед үүсэх боломжтой гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт ба эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 70-71 дүгээр тал/
10. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албан ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... 1. Талийгаачийн биед элэгний баруун дэлбэнгийн урд гадаргуу, зүүн дэлбэнгийн ар гадаргуу, баруун зүүн дэлбэнгийн хооронд эдийн урагдал, язрал, дотор эрхтний цус багадалт, хэвлийн хөндийн дотуур цус алдалт /1.2 л/, дух, баруун дээд доод зовхи, хамрын нуруу, хэвлийн дээд хэсэгт хөндлөн байрлалтай, ар нуруу хэсэг, зүүн шилбэ, зүүн тавхайд зулгарал, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
5. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас элэг язарч, урагдан, хэвлийн дотуур цус алдаж нас барсан байна...” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 149-152 дугаар тал/
11. Шүүгдэгч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Хотоос гарахад манай нөхөр Ж машиныг жолоодож явсан бөгөөд Баянхонгор аймгаас гараад жаахан явж байгаад нөхрийн нойр хүрээд байхаар нь би үргэлжлүүлэн машиныг жолоодож яваад үүрэглэж замаас гарч онхолдсоны улмаас... 13 настай Э нас барж, А хүндэвтэр гэмтсэн. Нөхөртэй жолоо солихоос өмнө би замдаа унтаж явж байгаад гайгүй нойр авчихлаа гэж бодоод нөхрийгөө амраагаад өөрөө жаахан газар дөхье гээд явж байгаад ийм осол гарсан ... Тухайн үед би 70-80 орчим километр цагийн хурдтай явж байгаад үүргэлээд замаас гарчихсан байсан ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг/2-р хавтаст хэргийн 79 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдахаар, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол онц хүндрүүлэх шинж хангагдахаар хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон зохицуулалтыг зөрчин удаан хугацаагаар автомашин жолоодон ядарч нойрмоглосны улмаас автомашинаа онхолдуулж хүний амь нас хохироосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийн хангасан тохиолдолд аль хүнд ялтай хэсгээр нь зүйлчлэн гэм буруутайд тооцдог нь хууль хэрэглээнд жишиг болсон ойлголт юм. Шүүгдэгч Х.Б-н хувьд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 3 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон зэрэг шинжүүд хангагдсан тул түүнийг дээрх хэсгүүдийн хамгийн хүнд ялтай хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Х.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт шууд эмнэлгийн туслалцаа үзүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна...” гэж заасан байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хоригдох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь Улаанбаатар хот Б********* дүүрэг ****-р хороо, ********* тоотод оршин суудаг тул түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Б******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолох журамтай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Б-н жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Х-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.Б-д 1(нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3(гурав) жилийн хугацаагаар хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 (нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Б-н жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА