| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/02558/и |
| Дугаар | 510 |
| Огноо | 2019-02-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 510
| 2019 оны 02 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2019/00510 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Ө холбогдох,
3,290,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бадамдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ц.Х миний бие “******* ******* *******” ХХК-д суудал захиалгын ажилтнаар ажиллаж байгаа ба 2018 оны 02 сарын 20-ны өдөр боловсролын байгууллагад ажилладаг гэх дөрвөн хүний Чикаго явах чиглэлийн хоёр талын билетийн захиалга орж ирсэн. 2018 оны 02 сарын 26-ны өдөр эдгээр дөрвөн хүний хоёр нь буюу Б.М , Н.Б нар төлбөрөө бэлнээр төлөн билетээ баталгаажуулан авсан. Үлдсэн хоёр багш буюу Р.Ө холбогдон утасны дугаараа надад үлдээж билетээ авахыг надад сануулаарай гэсэн. Р.Ө тэй холбогдон билетээ баталгаажуулах өдөр болохыг сануулахад өөрийн нэрний хамт Ш.Ө г нэмж бичүүлэн захиалгаа дахин сэргээхийг хүссэний дагуу 2018 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан ба тухайн өдөртөө багтаж билетээ авахыг сануулсан. Гэвч 03 сарын 02-ны өдөр буюу маргааш өдрийнх нь 16 цагт виз гарна гэсэн шалтгаанаар дахин нэг өдөр сунгахыг хүссэн. Тэр өдөр суудал нь цуцлагдсан, эргээд анх захиалсан хямд үнээр нь сэргээж чадаагүй. Гэвч Р.Ө нь 03 сарын 01-ний орой 23 цаг 05 минутанд захиалсан 2 билетээ авахыг хүссэн мессэж явуулсан байсан. 03 сарын 02-ны өдрийн өглөө Р.Ө тэй холбогдон, суудлыг нилээн хайлт хийж байж олж өгсөн. Мөн тухайн өдөр билетээ авахыг утсаар ярихдаа хэлсэн, надаас дансны дугаараа мессэжээр явуулахыг хүссэн. Гэвч төлбөр орж ирээгүй удсан тул захиалга цуцлагдах хугацаа дөхсөн байсан тул дахин сануулж төлбөрийг дараа хийхээр санал болгон, овог нэрийг нь тулган харахыг хүсч мессэжээр овог нэрнийхээ зөв бичилтийг явуулахыг хүссэн. Энэ мессэжэндээ овог нэрээ явуулснаар билет баталгаажихыг ч мөн сануулсан. Ингээд Р.Ө зөвшөөрч өөрийн болон хамт явах хүний овог нэрийг явуулсны дагуу билет баталгаажсан. Дээрх бүх хугацаанд Р.Ө нь утасаа авдаггүй, холбоо барихад маш хүндрэлтэй байсан тул тухай бүрт нь би мессэж бичиж байсан. Ингээд маргааш өглөө нь болоход утсаар холбоо барин, билетийг нь бичсэнийг хэлэхэд “эгчдээ нэхэмжлэхээ явуулна уу, манай байгууллагаас зардал гаргана’ гэж хэлсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан тул нэхэмжлэх гаргах боломжгүй байсан тул нэг дэх өдөр нэхэмжлэхээ явуулахаар ярьж тохирсон. Нэг дэх өдөр болоход мөн л утасаа авалгүй бүтэн өдөр болсон. Маргааш өдөр нь мөн адил утасаа авахгүй байсаар орой 19 цаг 45 минутын үед надтай утсаар холбогдон виз гараагүй, төлбөр ажлын газраас гаргахаа больсон гэх шалтгаанаар бүтэн 4 хоногийн дараа билетээ цуцлахыг хүссэн. Уг билет нь цуцлагдах боломжгүйг хэлтэл, чи надад билет бичих хугацаагаа тулгасан, мэдээгүй байхад билетийг бичлээ гэх зэргээр хамаг бурууг надад чихэн уурласан. Энэ бүх хугацаанд тухай бүрт нь мессэжээр мэдэгдэн, утсаар залгах тоолонд завгүй, захирал утсаар яриулдаггүй гэх шалтгаанаар утсаа авдаггүй байсан. Үйлчлүүлэгчийн хамгийн сүүлийн хүсэлт “Би билетээ авъя” гэсэн хүсэлтийг үндэслэн тус билетийг баталгаажуулсан. 2018 оны 03 сарын 07-ны өдөр ажилладаг газар нь буюу Нийслэлийн боловсролын газарт очиж уулзахад өөрөө эзэнгүй байсан ба холбогдох хэлтсийн дарга болон газрын даргатай уулзахад Р.Ө нь гадагшаа явахаар томилолт аваагүй, Ш.Ө гэх хамт явахаар бүртгүүлсэн хүн нь уг газарт ажилладаггүй хүн болох нь тогтоогдсон. Энэ өдөр би хүлээж байгаад уулзаж, хоёр талдаа хохиролгүйгээр үлдэхийг санал болгон виз гараагүй гэсэн албан бичгийг манайд гаргаж өгөх, хүсэлт гарган асуудлыг болох талаас нь шийдэхийг санал болгосон. Хэд хэдэн удаа энэхүү албан бичгийг шаардсан боловч өгнө гэж удаа дараа худлаа ярьсаар одоог хүртэл төлж барагдуулалгүй явсаар байна. Манай байгууллагын хувьд долоо хоног бүрийн даваа гарагт өмнөх долоо хоногийн билетийн төлөлтүүдийг хийж дуусгах ёстой байдаг тул Р.Ө гийн өмнөөс 3,205,000 төгрөгийг IATA-олон улсын иргэний агаарын тээврийн холбоонд өөрийн мөнгөн хөрөнгөнөөс тушаагаад байна. Үүн дээр байгууллагын ашиг 84,100 төгрөг ороогүй болно. Дээрх төлбөрийг Ц.Х миний хариуцсан захиалга учраас цаашдын IATA-ийн эрхийг хаалгахгүйн тулд өөрийн үндсэн цалин болон урамшуулал цалингаар байгууллагад учирсан хохиролыг төлж барагдуулаад байгаа билээ. Олон хүний ажилтай хамааралтай, агентын эрхийн асуудалтай холбоотой асуудал учир өөрийн зүгээс төлж барагдуулахаас өөр сонголт байгаагүй. Билет захиалах харилцаа бол маш өвөрмөц харилцаа. Эхлээд үйлчлүүлэгч өөрөө хүсэл зоригоо илэрхийлж ирдэг, энэ тохиолдолд системээс хайж үзээд боломжтой бол үнийн саналыг явуулдаг. Үйлчлүүлэгчийн хүсэл зоригт нийцээд билетийг авъя гэх юм бол гэрээ байгуулагдсанд тооцдог. Суудал захиалгын ажилтан бол үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн билет бичих нь өөрийнх нь үндсэн үйл ажиллагаа юм. Ямар нэгэн байдлаар ашиг олох үүднээс бичсэн зүйл байхгүй. Үйлчлүүлэгч, суудал захиалгын ажилтан хоорондын итгэлцлийн үндсэн дээр явагддаг. Миний виз гарсан, 2018 оны 03 сарын 02-ны өдөр очоод визээ авна, хоёр билетээ авъя гээд мессеж бичсэн байсан. Энэ тохиолдолд суудал захиалгын ажилтан виз нь гарсан юм байна гэж ойлгон тийзийг баталгаажуулсан. Тийзийг заавал орчуулах шаардлагагүй, мэдээлэл бүгд ойлгомжтой байдаг. Хэргийн материалаас авч үзвэл 2018 оны 03 сард бичигдсэн тийзийн баримтыг харах юм бол тэр 7 хоногт 311,000,000 төгрөгийн билет борлуулсан, тэр дотор Р.Ө гийн билет байгаа. Билет бол үндсэн үнэ, такс гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Юнайтед ******* бол дотроо өөрийн гэсэн дүрэмтэй, бид Олон улсын агаарын тээврийн дүрмийг мөрдддөг. Тийм учраас бид хатуу нөхцөлтэй гэдгийг үйлчлүүлэгч нартаа тайлбарладаг. Гэрч н.М ын мэдүүлэгт хатуу нөхцөлтэй гэдгийг тайлбарласан гэдгийг хэлсэн байгаа. Хариуцагчтай харилцаж байсан утасны мессежийг харах юм бол төлбөрөө төлөхгүй бол суудал цуцлагдах гээд байна гэж хэлсэн нь харагдаж байгаа. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсны дагуу гүйцэтгэсэн гэж үзэж байна. Виз гарсан гэж билет захиалсны дараа төлбөр төлөхгүй гэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байгаа явдал гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 3,290,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2018 оны 02 дугаар сард АНУ-ын Колумбус мужийн Оха хотод зохион байгуулагдах Олон улсын нийгмийн ажилтнуудын хуралд оролцох урилга ирсэн. Энэ урилгыг сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.М захиж ирүүлсэн болно. Урилгыг үндэслэн АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлсэн боловч хугацаа оройтсон гэх шалтгаанаар виз гараагүй. Тэр өдрөө Хонгороод хэлж, АНУ-ын элчин сайдын яамнаас өгсөн цагаан хуудасыг хүнээр өгч явуулсан. АНУ-руу явах билетний захиалгыг Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.М анх өгсөн гэсэн. Би хувьдаа ойлгохдоо гадаад паспортыг үзээд виз дарагдсан эсэхийг шалгасны дараа онгоцны билетийг баталгаажуулдаг гэж ойлгож байсан. Онгоцны билетийн суудал бичигч шууд захиалаад баталгаажуулна гэж бодоогүй. “******* экспрэсс ******* ХХК-ийн суудал захиалгын ажилтан Ц.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэх эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байгаа. Ц.Х болон Р.Ө нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Тийзний мөнгийг ******* экспрэсс ******* ХХК-иас гаргуулсан байдаг. Хэрвээ тийзийг авсан, төлөх ёстой гэж үзэж байгаа бол Ц.Х биш “******* ******* *******” ХХК нэхэмжлэх ёстой. Ц.Х ын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зэрэгт зааснаар суудал захиалахдаа захиалга аваад суудалгүй болсон байх юм бол захиалагчид хурдан мөнгөө төлөхийг шаардах эрхтэй юм байна. Мөнгөө төлөхгүй байгаа тохиолдолд захиалгыг цуцлах ёстой. Ц.Х д Р.Ө миний виз гараагүй байна гэдгээ хэлж байгаа баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Судалж үзэхээр виз гарсан эсэх нь захиалгад гол хүчин зүйл болдоггүй юм байна. Гэхдээ билетийг бичиж байгаа хүн визтэй улсуудыг захиалагчид мэдэгдэж байх ёстой. Нөгөө талаасаа олон захиалагч авах юм бол ажилчдад цалингийн урамшуулал олгодог учраас Ц.Х тэр зүйлд татагдсан байх. Ашиг сонирхолын зөрчилгүй ажиллана гэдэг утгаараа буруутай болох үндэслэлтэй. 3,290,000 төгрөг хоёр хүний билетийн мөнгө байгаа юм. Гэтэл Ш.Ө г яагаад хариуцагчаар татахгүй байгаа юм. Хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан баримтаар хатуу нөхцөлөөр хийгддэг учраас буцаан олгох боломжгүй байдаг гэж тайлбарласан боловч 1,024,200 төгрөгийг буцаан олгох боломжтой юм гээд заасан. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нотлох баримтууд шаардлага хангаагүй. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар жинхэнэ батаалгаажуулалтыг хийсний дараа төлбөрөө төлөхгүй байх юм бол захиалгыг цуцлах журамтай. Захиалагч өөрөө төлбөрийг төлөх ёстой гээд ажлын байрны тодорхойлолтод тавьсан байна. Байгууллагын данснаас төлнө гэсэн зүйл огтхон ч байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагч Р.Ө д холбогдуулан онгоцны билетийн үнэ 3,205,900 төгрөг, байгууллагын ашиг 84,100 төгрөг, нийт 3,290,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч захиалсан онгоцны билетийн төлбөрийг төлөөгүйгээс байгууллагад өөрийн үндсэн болон урамшуулалт цалингаас онгоцны билетийн төлбөрийг төлсөн тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагч нь онгоцны билетний төлбөрийг “******* экспрэсс *******” ХХК шаардах эрхтэй, тус компанийн суудал захиалгын ажилтан Ц.Х ын ажил үүргийн гүйцэтгэлээс бий болсон хариуцлагыг хүлээх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж байна.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- “******* экспрэсс *******” ХХК-ийн суудал захиалгын ажилтан Ц.Х 2018 оны 02 сарын 20-ны өдөр АНУ-ын Чикаго чиглэлд дөрвөн хүний хоёр талын билетийн захиалгыг Б.М аас авсан.
- 2018 оны 02 сарын 26-ны өдөр Б.М , Н.Б нар төлбөрөө төлж онгоцны билетээ авсан.
- 2018 оны 03 сарын 01-ний өдөр үлдсэн хоёр хүний билет захиалга цуцлагдсан.
- “******* экспрэсс *******” ХХК-ийн суудал захиалгын ажилтан Ц.Х 2018 оны 03 сарын 02-ны өдөр Р.Ө гийн хүсэлтийн дагуу суудал захиалга бичиж, “Р.Ө , Ш.Ө ” гэсэн нэрээр онгоцны билетийг баталгаажуулсан.
- хариуцагч Р.Ө нь АНУ-ын Элчин сайдын яамнаас виз гараагүй шалтгаанаар захиалсан онгоцны билетийг аваагүй.
- “******* экспрэсс *******” ХХК нь захиалгын дагуу баталгаажсан онгоцны билетийн төлбөрийг хийсэн.
- Р.Ө , Ш.Ө нарын нэр дээр захиалагдсан 0165108782168, 0165108782169 дугаартай билетээр 2018 оны 03 сарын 12-ны өдөр Улаанбаатар-Бээжин-Чикаго, 2018 оны 03 сарын 22-ны өдөр Чикаго-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр тэд зорчоогүй, онгоцны билет ашиглагдаагүй байна.
Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд “******* экспрэсс *******” ХХК болон Р.Ө нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Р.Ө нь “******* экспрэсс *******” ХХК-д АНУ-ын Чикаго чиглэлийн онгоцны билет худалдан авах хүсэл зорилгоо илэрхийлж, тус компаниас онгоцны билет захиалгын ажлыг суудал захиалгын ажилтан Ц.Х хариуцан ажилласан байна.
“******* экспрэсс *******” ХХК нь АНУ-ын Юнайтед *******лэнс агаарын тээврийн компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын онгоцны билет захиалгын үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Юнайтед *******лэнс агаарын тээврийн компанийн Суудал захиалгын системд оруулсан билетийн дүрэм журмыг мөрдөж ажилладаг байна. Юнайтед *******лэнс агаарын тээврийн компанийн Суудал захиалгын системд оруулсан 0165108782168 дугаартай билетийн GLE03BC6 тарифын дүрэмд “...тасалбар захиалгыг хийгдсэнээс хойш 3 хоногт багтаан төлсөн байх шаардлагатай...”, “...ямар ч тохиолдолд билетийн буцаан олголт хийгдэхгүй бөгөөд хэрэв жинхэнэ баталгаажуулалт хийгдэж төлбөр хийгдэхгүй тохиолдолд билетийн захиалгыг цуцлах ёстой”, “ашиглаагүй тасалбарыг купоноор солих боломжтой. Ашиглаагүй тасалбарын үнээр шинэ тасалбар худалдан авах боломжтой...” гэж заасан байх бөгөөд “******* экспрэсс *******” ХХК нь дүрмийн эдгээр заалтыг хэрэгжүүлэн ажиллах ёстой байна.
Хариуцагч Р.Ө гийн хувьд захиалсан онгоцны билетийн төлбөрийг төлж билетээ аваагүй үйл баримт тогтоогдож байх боловч билет захиалгыг хариуцсан байгууллага болох “******* экспрэсс *******” ХХК-ийн суудал захиалгын ажилтан Ц.Х нь хариуцагч Р.Ө гийн онгоцны билет захиалгын ажлыг хийж гүйцэтгэхдээ дээр дурдсан дүрмийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь, мөн “******* экспрэсс *******” ХХК нь түүнд хариуцлага тооцож, 2018 оны 03 сарын 02-ны өдөр бичигдсэн онгоцны билетийн төлбөр 3,290,000 төгрөгийг Ц.Х нь өөрийн үндсэн болон урамшуулалт цалингаас төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Х нь хариуцагчийн хүсэлтийн дагуу онгоцны билетийг бичиж баталгаажуулсан тул тухайн билетийг ашигласан эсэхээс үл хамаарч төлбөрийг нь төлөх ёстой гэж онгоцны билетийн үнэ 3,205,900 төгрөг, байгууллагын ашиг 84,100 төгрөг, нийт 3,290,000 төгрөгийг хариуцагч Р.Ө гээс гаргуулахаар шаардсан.
Онгоцны билет захиалгатай холбоотой худалдах-худалдан авах гэрээний харилцаа “******* экспрэсс *******” ХХК болон Р.Ө нарын хооронд үүссэн тул нэхэмжлэгч Ц.Х нь уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Ц.Х ын хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхдээ мөрдвөл зохих дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсны улмаас хариуцлага хүлээсэн төлбөрийг хариуцагч Р.Ө гээс гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.Ө гээс онгоцны билетийн үнэ 3,205,900 төгрөг, байгууллагын ашиг 84,100 төгрөг, нийт 3,290,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Ө гээс 3,290,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ц.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР