| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0906/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/224 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/224
2023 03 27 2023/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун,
улсын яллагч Л.Содбаяр,
шүүгдэгч Х.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
гэрч Н.Нандинзаяа, Д.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байчууд овогт ХГт холбогдох эрүүгийн 2211 01616 1892 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Байчууд овогт ХГ, регистрийн дугаар .................................................
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цолмонгийн 10-32а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:
Шүүгдэгч Х.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 13 дугаар гудамжны зам дээр иргэн М.Этой машин замаар явлаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар 2-3 удаа гараараа цохиж М.Эын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “өмнөх мэдүүлгээ дэмжиж оролцоно гэсэн бөгөөд тэрээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “тухайн үед 09 дүгээр сарын 21-ний өдөр 21 цагийн үед эхнэртэйгээ хамт приүс-20 маркийн авто машинтай. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар гудамжны хажууд машинтайгаа явж байхад хоёр согтуу залуу хажуугаар нь явган замтай, засмал замтай замаар миний урд зам хөндөлсөөд яваад байсан. Би тухайн үед эхнэртэйгээ энэ хоёр хүн уучихсан юм байна. Машин зам болон явган хүний зам нь удахгүй сална гээд эхнэртэйгээ яриад явж байсан. Явган хүний зам болон машин зам салдаг цэг дээр очоод явах гэж байхад энэ хоёр нөхөр яг урьд машин зам дээр зогсож байхаар нь би машиныхаа цонхыг онгойлгоод хоёроо холдооч ээ гэж хэлсэн. Тэгэж хэлэхэд энэ хоёр би дошин дээрээ байна. Тойроод яваарай, нутаг дээрээ байна. Ална шүү гэж хэлсэн. Тэр үед би хэсэг зогсож байснаа эхнэртэйгээ ярилцаад манай эхнэр наад хоёр чинь согтуу байна холдохыг нь хүлээе гэж надад хэлсэн. Би тойроод рулэ дараад гарах гэтэл машины урдуур яг тэгнээд зогсоод байсан учраас надад машинаасаа буухаас өөр сонголт үлдээгүй. Би машинаасаа буухаасаа өмнө эхнэртээ юу ч болж байсан гэсэн би энэ хоёрыг зодоон, цохион хийхгүйгээр ийшээ холдуулаадахъя гэж хэлчихээд та хоёр яагаад машин зам дээр яваад байгаа юм бэ? явган хүний зам чинь энд байна гэж хэлэхэд жижигхэн биетэй Нандинзаяа гэх залуу нь машины хамрын урд ирээд бид хоёр маргалдаж байхад үгийн зөрүүгүй намайг нүүр, нүдгүй цохиж эхэлсэн. Манай энэ нөхөр буюу Х.Г нь 2-3 алхмын цаана бид хоёрыг хараад халаасандаа гараа хийгээд зогсож байсан. Би нөгөө нөхөрт зодуулахгүй байх гэж хичээж байсан. Нэг мэдэхэд бид зодуулаад газарт хэвтэж байсан. Энэ хоёр өшиглөөд цохиод байсан. Манай эхнэр машинаа холдуулахгүйгээр бууж ирээд өндөр нөхрийг чи хүн аллаа шүү дээ гэж хэлж байсан. Намайг газарт хэвтэж байхад намайг Х.Г нь цохиод байсан. Намайг газарт байхад Х.Г нь манай эхнэр рүү гар далайгаад байсан. Энэ нөхрийг би дахиад зууралдаж байсан. Манай эхнэр тэр хооронд цагдаа дуудсан. Цагдаа ирэх хүртэл 20 минут орчим миний нүүр амгүй цохисон. Миний нүд, амнаас цус гарсан. Тухайн үед түргэн дуудаад цус тогтоох арга хэмжээ авсан.Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа.Сард олдог орлогын банкны дансны хуулга өгсөн байгаа...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Эын “...нэг намхан биетэй залуу нь ирээд миний шанаа хэсэг рүү 2 гараараа цохиж авсан ба тэгэхээр нь би тухайн залуутай зууралдаад автал цаанаас нь өнөөх өндөр залуу нь ирээд миний толгойн араас болон өмнөөс ээлж дараалан гараараа цохисон. Тэгэхлээр нь би жижиг биетэй залуутай зууралдаж байж байгаад хамт газар унасан тэгсэн өнөөх том биетэй залуу нь миний толгой тус газар болон бусад биеийн хэсэг рүү гараараа маш олон удаа цохисон. Тэгсэн манай эхнэр машинаасаа буугаад тухайн том биетэй залууг болиулах гээд гар хөлнөөс нь татсан. Тэгэхээр нь би эхнэрийг цохиод авч магадгүй гэж бодоод өнөөх жижиг биетэй залуугаас нь салаад том биетэй залуутай дахин зууралдсан. Тэгсэн өнөөх жижиг биетэй залуу нь миний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөсөн тэгээд би доошоо тонгойсон ба тэр хоёр намайг ээлж дараалан цохисон, тэгээд би дээшээ болох гэхэд миний нүүрнээс цус гарсан бөгөөд хэнийх нь гар миний нүүр хэсэг рүү цохиод цус гаргасанг нь мэдэхгүй байна, тэгсэн цагдаагийн алба хаагч нар ирсэн юм. Тухайн үед арай том биетэйг нь Ганбаатар, жижиг биетэйг нь Нандинзаяа гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
Гэрч Н.Нандинзаяагийн “...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЧД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамжинд өөрийн найз Ганбаатарын хамт явж байтал нэг тээврийн хэрэгсэл араас тулж ирээд сигналдаад байсан тэгсэн тухайн тээврийн хэрэгслийн жолооч залуу нь холдооч энэ тэр гээд хэл амаар доромжилоод байхаар нь би түүнтэй маргалдсан ба тэр залуу машиныхаа хаалгыг онгойлгох үедээ хаалгаараа миний хөл хэсэг рүү цохихоор нь би түүнийг заамдаж аваад машинаас нь буулгатал хажуунаас Ганбаатар нь түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Би тухайн хүний цээж хэсэг рүү нэг удаа гараараа хальт цохисон тэгсэн цагдаагийн алба хаагч нар хүрээд ирсэн юм. Нандинзаяа нь миний найз бөгөөд Энхболд гэгчийг бол өмнө харж байгаагүй ээ. Энхболд нь тухайн хэрэг болох үед Ганбаатарын бид хоёрыг гудамжаар алхаад явж байхад араас ирээд машинаараа тулаад сигналдаад байсан юм тэр гудамж угаасаа нарийн гудамж байсан болохоор би тэр залуутай маргалдсан тэгсэн тэр машиныхаа хаалгыг онгойлгох үедээ хаалгаараа хөлийг маань цохихоор нь миний уур хүрээд тэр залууг машинаас нь заамдаад буулгасан ... Энхболд бид хоёрыг заамдалцаад байж байхад цаанаас Ганбаатар нь ирээд түүний нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /xавтаст хэргийн 29 дүгээр тал/,
Гэрч Д.Отгонжаргалын “...нэг өндөр залуу ирээд манай нөхрийг нийлээд зодсон ба би цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл тэр хоёр зугтаах гээд байсан манай нөхөр цагдаагийн алба хаагч нар иртэл тэр хоёрыг барьж байгаад цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Тухайн хоёр залуу нийлээд манай нөхрийг зодоод байсан ба тэгээд нэг хартал манай нөхрийн нүүрнээс нь цус гарчихсан байсан хэн нь цохиод тийм гэмтэл учируулсан гэдгийг нь би хараагүй ээ, тухайн үед харанхуй шөнө байсан тул би хэн яг хааш нь манай нөхрийг цохисонг нь би харж чадаагүй ээ, тэр хоёр хоёулаа нийлээд манай нөхрийг зодсон...” гэх мэдүүлэг /xавтаст хэргийн 31 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13049 дугаартай дүгнэлтэнд: “...М.Эын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,
Шинжээч эмч Ц.Бадралын “...М.Эын биед учирсан зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хацарт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн нүүрний зүүн талд цохигдох үед үүсгэгдэнэ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119-120 дугаар тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 127-130 дугаар тал/,
Шүүгдэгч Х.Гын “...миний бие хохирогч М.Эын зүүн талын хөмсгөн тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон, тэгэхэд тухайн гэмтэл нь үүссэн байхаа гэж бодож байна. Ямар ч байсан миний мэдэхийн Нандинзаяа нь хохирогч М.Эыг цохиж, зодож харагдаагүй ээ. Хохирогчид нэмж хохирлын мөнгө төгрөг өгөөгүй би өмнөх гаргаж эмнэлгийн баримтан дээрх үнийн дүнг бүрэн төлж барагдуулсан. Тэгтэл одоо хохирогч М.Э надаас ямар ч эмнэлгийн баримтгүй 3.000.000 төгрөг нэхэмжлээд байгаа юм. Би хохирогч М.Эоос гаргаж өгсөн эмнэлгийн баримтан дээрх мөнгийг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109 дүгээр тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дугаар тал/,
Хохирлын баримт /хавтаст хэргийн 50 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас: “... Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Х.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 13 дугаар гудамжны зам дээр иргэн М.Этой машин замаар явлаа гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж М.Эын биед зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Эын мэдүүлэг, гэрч н.Отгонжаргалын мэдүүлэг, шүүгдэгч Х.Гын мэдүүлэг, гэрч Н.Нандинзаяагийн мэдүүлэг, гэрч н.Энхбуяны мэдүүлэг, гэрч н.Отгонжаргал, Н.Нандинзаяа нарын нүүрэлдүүлсэн мэдүүлэг, шинжээч эмч н.Бадралын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 13046 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг мөн түүнчлэн хохирогчийн гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд, эрүүл мэндийн даатгалын сангаас авагдсан хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой ... баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Хууль зүйн үндэслэлийн хувьд хуульд Х.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Үндэслэл нь хохирогчийн зүгээс Х.Г, Н.Нандинзаяа нар хамт бүлэглэн зодсон гэх асуудлыг ярьдаг. Үүнд бүлэглэн танхайрсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар шинж байна гэж ярьдаг. Энэ шинж нь хэд хэдэн нөхцөл байдлаар үгүйсгэгддэг. Анх хэрэг хойшлогдохоос өмнө хэрэгт хохирогч М.Э, н.Отгонжаргал шүүгдэгч Х.Г, гэрч Н.Нандинзаяа гэсэн ашиг сонирхол нь харилцан хамаарал бүхий 1 шүүгдэгч, 2 гэрчийн мэдүүлэгтэй үйл баримт тогтоогдохоор ирсэн. Шүүх хуралдаанаар шүүх хянан хэлэлцээд хэрэгт шалгавал зохих асуудлууд байгаа. Үүнд бүлэглэн үйлдсэн байж болзошгүй мөн бүлэглэн танхайрсан байж болзошгүй талаар шалгахаар хойшлогдсон. Үүний дагуу холбогдох ажиллагааг хийсэн. Үүнд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн. Гэрч н.Энх-Оюунаас мэдүүлэг авсан. Шинжээч эмч н.Бадралаас мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг хийсэн байдаг. Үүнээс дүгнэхэд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн хэрэг гарсан газар нь хохирогч н.Отгонжаргалын мэдүүлгээр ч давтагддаг. Явган хүний зам, машин зам 2 нь үндсэндээ 1 шахуу зам байсан. Зүүн гар талдаа жалгатай, нөгөө талдаа хашаатай. Цаг агаарын нөхцөл байдлын тухайд цас орсон байсан. Шүүгдэгч Х.Г, гэрч Н.Нандинзаяа нар 1 шил архи болон 1 шил пиво уусан буюу согтолтын зэргийн хувьд Н.Нандинзаяа 2,4 гарсан. Цагдаа нар очиход 2,4 буюу хүнд зэргийн согтолттой байсан байна. Тухайн халтиргаа, гулгаатай байгаа нөхцөл байдалд энэ 2 зам тавьж өгөөгүй нь энэ 2-ын тодорхой хэмжээний буруу байна. Зам тавих боломжтой газар гарсны дараагаар эдгээр хүмүүсийн хооронд тодорхой маргаан үүссэн. Энэ нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрах шинж харагдаагүй. Учир нь тодорхой хугацаанд машин дагасан. Мэдээж хэрэг 2 согтуу хүн урд нь явж байгаа учир машин дайрч гарах боломжгүй учраас араас нь удаан дагаж явсан. Үүний дараагаар тодорхой хэмжээнд зам холдсон. Та нар холдсонгүй гэх асуудлаас болж хоорондын маргаан үүссэн. Мөн түүнчлэн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг байна. Хохирогч болон гэрч н.Отгонжаргалын мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч өөрөө гүйж ирсэн. Түүнээс биш Х.Г, гэрч Н.Нандинзаяа нар түүнийг буулгаж ирээд зодсон гэх нөхцөл байдал болоогүй байна. Хоорондын таарамжгүй харилцаа буюу зам тавьж өгөөгүй гэх маргаанаас болоод хоорондын харилцааны асуудал үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор гэрч Н.Нандинзаяа эхэлж барьцалдаж авсан үйл баримт тогтоогдсон. Үүнтэй прокурорын зүгээс маргадаггүй. Хохирогчоос Н.Нандинзаяа удаа дараагийн мэдүүлэг тухайлах юм бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлгээр эхлээд Н.Нандинзаяа 1 удаа шанаа хэсэг рүү цохисон гэх асуудал ярьдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон өнөөдрийн шүүх хуралдаанд ярьдаг. Бид нар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол үндэслэл нь Х.Г, Н.Нандинзаяа нарын үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгээр заасныг зөрчил шалган шийдвэрлэх хэсгийн байцаагчаас явуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор мэдүүлэг авахад холбогдогчоор өгсөн Н.Нандинзаяагийн мэдүүлгээр хүний биед халдах болон танхайрах үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Гэсэн хэдий ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусах болсон учир нь хохирогч М.Эын биед хөнгөн зэргийн хохирол учирсан. Энэ хөнгөн зэргийн хохирол нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зүүн хацарт зулгаралт гэсэн. Үндсэндээ ийм гэмтэл учирсан. Хохирогчийн хувьд энэ гэмтлийн зэргийг тогтооход ямар нэгэн цаг хугацаа алдсан юм болоогүй гэж үзэж байгаа. Учир нь хохирогч өөрөө ч гэсэн мэдүүлдэг. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 22-ы өдөр эмчид үзүүлсэн байна. Мөн би хохирогчоос асуусан та өөртөө холбоотой гэмтсэн бүх газраа үзүүлсэн үү? гэхэд тиймээ би үзүүлсэн гэдгийг хохирогч хэлсэн. Бид нар нэгэнт шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийн зэргийн асуудал дээр гэмт хэргийн асуудал яригдана. Шинжээч эмчээс хурал хойшилсонтой холбоотойгоор дахин асуусан байдаг. Шинжээч эмчээс хохирогчийн биед учирсан зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдэнд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт энэ гэмтэл нь өөрөө гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөрөөр хэлбэл зүүн нүд хөмсөгтэй холбоотой асуудал нь хөнгөн зэрэгт хамаарна. Энэ бол 1 удаагийн үйлчлэлээр үйлчлэгдэх боломжтой гэмтэл гэдгийг шинжээч өөрийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Харин зүүн хацрын зулгаралт илэрч байгаа. Энэ зүүн хацрын зулгаралт нь гэмтлийн зэргийг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тэгэхээр энэ зүүн хацрын зулгаралтын асуудал бол хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр халдсан гэх үйлдэлтэй. Өнөөдөр энд гэрчээр дуудагдсан Н.Нандинзаяа Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авагдсан шийтгэлийн хуудас нь хэрэгт авагдсан байна. Хохирогчийн зүгээс яг хэнд цохиулсан гэдгээ хэлж чадаагүй. Гэрчийн зүгээс хараагүй. 2-лаа нийлж зодсон гэх асуудал ярьдаг. Гэсэн хэдий ч Х.Г зүүн нүдний хэсэгт цохисон гэж өөрөө мэдүүлдэг. Энэ гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн түүнчлэн хэрэгт ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэж хэлж болохуйц гэрч н.Энхбуяны гэрчийн мэдүүлэг байдаг. Энэ нөхцөл байдлыг анх цагдаагийн байгууллагаас очиход хохирогч эрүүл хүн 2 согтуу хүний дээрээс нь дарсан. Дээрээсээ дарагдсан 2 хүн нь шавар шавхай болсон байдалтай байсан гэдгийг ямар ч шүүх хуралдаанд орж буй хүмүүстэй хамааралгүй хүн болсон бодит байдлыг ярьсан. Энэ хүний мэдүүлгийг үзэх юм бол бодит байдал дээр Х.Г нь энэ гэмтлийг учруулсан. Харин Н.Нандинзаяа цохисон боловч гэмтэл учруулаагүй. Мөн түүнчлэн хохирогч мэдүүлдэг 15-20 минут намайг зодсон гэдэг. Гэвч хохирогчийн мэдүүлж байгаа шиг гэмтлийн зэрэг гараагүй бол энийг үндэслэх боломжгүй. Өмгөөлөгчөөс бас хэлж байна. 2 нүд нь 2-лаа хавдсан байна гэж байна. Гэхдээ гэмтлийн зэргийн баруун нүдэн дээр ямар нэгэн асуудал яригдаагүй учраас бид нар зөвхөн гэмтлийн зэрэг тогтоосон журмыг ярих ёстой. Тэгэхээр 15-20 минут зодсон тохиолдолд магадгүй 2 хүнд зодуулж байгаа тохиолдолд ганцхан ийм гэмтэл байх уу? гэдэг асуудал байна. Мөн түүнчлэн Н.Нандинзаяа мэдүүлдэг бид 2 ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийгээгүй. Магадгүй эсэргүүцсэн бол энэнээс олон удаагийн хохирол учирч болзошгүй байсан гэх шүүгдэгч шүүх хуралдаан дээр мэдүүлж байгаа. Хэдийгээр үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй боловч бас энэ хэргийн бодит байдалтай дүйхүйц мэдүүлэг өгч байгаа юм бол уу гэдэг бодит байдал байна. Тэгэхээр шүүгдэгч Х.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн зүгээс 5 хохирлын тухай холбогдох баримт гаргаж өгсөн. Үүний нийлбэр 208.500 төгрөг байна. Шүүгдэгчийн зүгээс 265.000 төгрөгийг 100.000 төгрөг болон 165.000 төгрөгөөр 2 удаа хохирогчийн дансанд шилжүүлсэн тухай холбогдох баримт авагдсан байна. Үүнтэй маргаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд 265.000 төгрөг төлөгдсөн байна. Хохирогчоос 3.000.000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг сая хэрэгт хавсаргаж байна. Тухайн баримттай танилцахад Хаан банкны дансны хуулга байна. Энэ нь хохирогч М.Эын дансны хуулга нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ий өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ы хоорондын өдрийн орлого зарлагын гүйлгээ байна. Тус зарлагаар орлого 9.978.900 төгрөг, зарлага 10.334.198 төгрөг гэсэн орлого, зарлагын баримт гүйлгээ авагдсан байна. Энэ баримтыг үндэслэж шууд 10.000.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзэх, мөн хохирогчийн ярьж байгаа шиг 3.000.000 төгрөгийн хохирол гарсан байна, шүүгдэгч хохирогч нар шүүх хуралдаан дээр 1 500 000 төгрөг өгөхөөр тохиролцсон байх тул уг хохиролыг гаргуулах боломжтой байна. Мэдээж хохирогч цаашид гарах нэхэмжлэл, хохирол төлбөрөө холбогдох нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг оруулж байна.Мөн иргэний нэхэмжлэлийн тухайд Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч М.Эод учруулсан хохиролтой холбоотойгоор 308.500 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэл өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байна. Шүүгдэгч Х.Гаас 308.500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн холбогдох дансанд төлүүлэх дүгнэлт гаргаж байна ...“ гэх дүгнэлтийг;.
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “ ... Зүйлчлэлийг хүндрүүлэхийн тулд буцаана гэх үндэслэлийг шүүх дүгнэхдээ зүйлчлэлийг өөрчлөх шинж байна уу. Гэхдээ шалгаад ороод ирэхэд хэлбэрээр биш хууль зүйн зохицуулалтын агуулга нь танхай гэж үзээд буцаасан байна. Улсын яллагчийн хуульд заасан чиг үүрэг, эрх хэмжээний талаар өмгөөлөгч бид нар хөндөхгүй. Мэтгэлцээнд оролцож байх үед миний үйлчлүүлэгчийн хохирсон хууль бусаар эрх ашгийг нь хөндсөн, эрх үүрэг нь хохирсон энэ нөхцөл байдал өнөөдөр шүүгдэгч Х.Г, гэрч Н.Нандинзаяа гэх этгээдүүд эрүүгийн хэргийн бодит үнэний хажуугаар гараад явчихлаа. Өөрөөр хэлбэл ял завшлаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг яагаад дурдахгүй байгаа юм бэ? Таны нэгэнт гаргасан шийдвэрт би таныг буруутгахгүй. Өмгөөлөгчийн байр сууринаас харах юм бол Эрүүгийн хуулийн байр сууринаас харах юм бол Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлд гэмт хэрэгт санаатай хамтран оролцох ойлголтыг тодорхойлсон. Санаатай гэмт хэрэгт 2 болон түүнээс олон хүн санаатай нэгдсэнийг өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцоно гэж гэмт хэрэгт санаатай оролцсон объектив болон субьектив 2 шинж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхээр урьдчилан тохиролцоогүй боловч өөрийнхөө үйлдлээр санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн бүлэг хүмүүс гэнэ гэж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтын хувьд гэнэт үүссэн субьектив шинжээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Хоорондын үл ойлголцол, маргаан, согтуугаар биеэ авч явсан энэ нөхцөл байдлаас гэмт хэргийн шалтгаант нөхцөл байдал бий болсон. Харин үйлдлийн шинж, бүтцийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу энэ хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал үүссэн бол энэ зүйлчлэлээр зүйлчлэх байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг бүлэглэн үүссэн. Яагаад гэвэл нотлох баримтын хүчин чадлын хувьд шүүгдэгч болон хохирогч мэдүүлэг өгөөд байгаа. Энийг нотлох баримт хүчин чадалтайг дэнслэхэд хохирогчийн мэдүүлгийг хааш нь хийх вэ? гэдэг зүйл яригдаж байна. Н.Нандинзаяа гэрч нь гэмт хэрэг хамтран үйлдээд явж байгаа. Улсын яллагч акцент өгөхдөө хуулийг хэрэглэхдээ зөвхөн нүдийг нь цохисон буюу хөнгөн хохирол учруулсан үйлдэл гэж хууль зүйн дүгнэлт өгөөд байгаа нь хуулийн хэрэглээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хууль ёсны шинж хэрэг хянан шийдвэрлэх шат буюу прокурорын дүгнэлтийн шатыг буруу хэрэглэж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж. Гэмт хэргийн талаар үндсэн 1 ойлголт байна. Хэрэг үйлдэгдсэн газар заагдсан. Олон нийтийн гудамж талбай гэтэл хүчирхийлсэн гэх ганцхан үйлдэл нь орж ирсэн. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн Н.Нандинзаяа гэх хүн гэрчийн мэдүүлэг өгч байна. Гэтэл энэ хүн харааж, өөрийн явцуу эрх ашгийг хууль болон захиргааны актад тогтоогдсон нийтийн хэв журмын дээгүүр гаргаж бусдад хүч хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нийтийн хэв журмын замын хөдөлгөөний дүрмийг хэн сахиж оролцох ёстой вэ? гэвэл явган зорчигч сахиж оролцоно. Энэ зүйлээ үл ойлгосноор хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Нүдийг нь таглаад хаячихсан. Гэхдээ хохирлын хувьд гаргаж өгч байгаа баримт тухайн үед баримтуудаар гаргаад өгчихсөн. Гаргаж өгч буй дансны гүйлгээ болон бусад баримтуудаар хүн ямар ч ажил төрөл хийж болно. Нүд нь гэмтчихсэн яваад байх нь зохисгүй. Хохирогч олдог орлогоо яг үнэнээр нь гаргаад би 10.000.000 төгрөг сард олдог гэхдээ яах вэ 3.000.000 төгрөгийн хохирол төлбөр өгчих гэж хохирлоо нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Зохих ёсны зүйл байна гэдгийг хэлмээр байна. Шүүгдэгч Х.Г ганцаараа зогсож байгаа учраас би хэрэг дахин хянан шийдвэрлэх ажиллагаа ч юм уу хэргийг тэгж, ингэж өгөөч гэх хууль зүйн үндэслэл алга болчихлоо. Тийм болохоор гэм буруугийн тал дээр тооцох нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Гэм буруугийн тал дээр ийм саналтай байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнээд нэхэмжилж буй нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэх байр суурьтай байна ...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Х.Гт холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт хэлэлцэн шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Г нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх гэм буруугийн талаар няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, дээр дурдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчээс “хохирол төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл завсарлуулав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “... Шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Х.Гын хувийн байдал шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Х.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй. Шүүгдэгч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна ....” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Төлбөрийн хувьд улсын яллагчийн үүргийг орлон гүйцэтгээд яах вэ. Өмгөөлөгчийн хувьд байр суурь байна. Энэ дээр хувийн байдал, хандлага энэ бүх зүйл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн шинж хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болж харагдаж байна. Энэ дээр мөн энэ байдал хохирогчийн хуульд заасан эрх ашиг сонирхлыг хөндсөн ийм үйлдэлд нь зарим зарчим дутагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ дээр би шүүхэд хандаж хэлээгүй. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй. Хуулийн буруу гэж өөрөөр хэлбэл зохих этгээдэд ял завшуулсан гэх байр суурьтай байгаа. Ялын төрөл хэмжээн дээр ямар нэгэн санал байхгүй. Шүүхийн эрх хэмжээний асуудал учраас ...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Х.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирол нөхөн төлөөгүй/, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол /хх 51/-ын баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгч төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэг /хх 59, 78/-ээр нотлогдож байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь хохирогчтой 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон ба шүүгдэгчийн зүгээс хохирол төлөх талаар гаргасан саналыг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулсан хэдий ч шүүгдэгч нь уг хохирлыг нөхөн төлөөгүй байна.
Иймд шүүгдэгч Х.Гаас хохирол төлбөртэй холбоотой 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Эод олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч М.Э нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 48.000 төгрөгийн, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 260.000 төгрөгийн тус тус ойрын дуудлага, амбулаторийн үзлэг, гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ тус тус авсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 308.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг шүүгдэгч Х.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Байчууд овогт ХГыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Гаас хохирлын 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Эод олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гаас 308.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд оруулсугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ