Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/228

 

2023        03         29                                  2022/ШЦТ/228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, 

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

хохирогч Ц.М,

  шүүгдэгч А.А /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэд овогт ААд холбогдох эрүүгийн 2211 01710 1994 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Түмэд овогт АА, регистрийн дугаар ...................................

Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар  хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа сүлжээний бизнес эрхэлдэг ажилтай гэх, ам бүл 1, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 69-90 тоотод байнга оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч А.А нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-31-4 тоот хашаанд хохирогч Ц.Мтай маргалдан түүний биед дух, зулайн хуйхны шинэ зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, шуу, ташаанд шинэ цус хуралт, хоёр сарвуунд шинэ зулгаралт, зүүн доод зовхи, хацрын хуучин зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун сарвуунд тавшсан хуучин зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “10 дугаар сарын 2-ны өдөр би урьд таньж мэддэг байсан Лхагвадорж гэдэг хүн Минжбадгар миний толгой руу суран бүсний ард талаар цохиод тэгээд миний толгой өвдөөд байна гэж над руу утсаар ярьсан. Тэгээд бид 2 Гандангийн тэнд тааралдаад машиндаа суулгаад тэгээд хамт ажилладаг байсан одоо гэрч Нарангэрэл гэх хүнтэй яриад очсон. Тэгээд очоод Нарангэрэлтэй уулзаад, дөнгөж хашаа руу нь ороод машин дотор толгойг нь бариулаад байж байсан чинь яаж мэдсэн юм бүү мэд энэ хүн айлын хаалгыг татаж орж ирээд Лхагвадоржийн сууж байсан талын хаалгыг нь онгойлгоод Лхагвадоржийг татаад байсан. Тэгээд би байж байлдаа наад хүний толгойг бариулж байна шүү дээ. Ямар аймаар юм бэ гэсэн чинь пизда минь дуугүй бай гээд татаж байсан тамхиа над руу шидсэн. Тэгээд би Нарангэрэлийг цагдаа дууд гээд цагдаа дуудсан, гэхдээ гэм буруугаа хүлээж байна” гэв.

Хохирогч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хүүхэн аймар зэрлэг. Бүх зүйл худлаа яриад байгаа юм. Тэр өдөр би Сүхээ гэдэг өвгөнтэй утсаар яриад очсон. Хамгийн гол нь би энэ хүнтэй уулзах биш Лхагвадорж гэдэг хүнтэй уулзах гээд байгаа юм. Миний машиныг авч явж байгаад хашлага мөргүүлсэн. Тэгээд би тэр хүнтэй уулзах гээд очих гэхээр л энэ авгай хамт байгаад, тэрийг архидуулаад явж байдаг. Энэ чинь явалддаг. Энэ 2 хүний насны зөрүү зөндөө. Эхний өдөр Лхагвадорж ийшээ нэг юм руу явчихаад ирье гээд нэг байр руу орсон. Тэгсэн чинь энэ хүний байр байсан юм байна лээ. Тэгээд очсон чинь энэ хүн охинтойгоо хамт гарч ирээд өө нөгөө муу янхан чинь ирлээ гээд нийлээд зодсон. Хамгийн гол нь би энэ хүнтэй уулзах биш Лхагвадорж гэдэг хүнтэй л уулзах гээд яваад байгаа юм. Би тамхи татаж байгаад энэ хүн рүү шидсэн нь үнэн. Тэрийгээ би хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд л тамхи шидсэний дараа энэ хүн цохиод балбаад эхэлсэн. Тэр хамт байсан эмэгтэй нь намайг ямар ч хөдөлгөөнгүй болгоод дээрээс дараад хэвтчихсэн. Энэ хүнээс би айж байгаа.Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.  

Шүүх хуралдаанд улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтанд тусгагдсан баримтуудыг шинжлэн судлах, харин шүүгдэгч, хохирогч нар хавтаст хэргээс шинжлэн судлах зүйлгүй, гаргах санал, хүсэлтгүй гэсэн болно.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг улсын яллагч шинжлэн судлав. 

Хохирогч Ц.Мын “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн уулздаг байсан залуу болох Лхагвадорж руу хэд хэдэн удаа залгатал гар утсаа авахгүй байсан. Тэгээд Лхагвадоржийн хуурай ахаас Лхагвадоржийг хаана байгаа талаар асуухад Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь би 3, 4 дүгээр хорооллоос Чингэлтэй дүүргийн 32-ын тойргийн судал төвийн 32 дугаар байрны гадаа жижигхэн улаан өнгийн тээврийн хэрэгсэлд Лхагвадорж согтуу унтаж байсан ба дэргэд нь хоёр эмэгтэй хамт байсан. Би Лхагвадоржийг яах гэж архи уусан юм босоод ир явъя гэж хэлтэл Лхагвадорж босохгүй суугаад байсан. Тэр үед хамт сууж байсан эмэгтэй намайг хэл амаар доромжилсон. Би татаж байсан тамхины үнсийг тээврийн хэрэгсэл дотор нь унагаатал зүс таних эмэгтэй Алтантуяа миний үснээс хоёр гараараа зулгааж миний үснээс татаж миний толгойг доош дарсан. Үргэлжлүүлэн миний толгой, дух хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон түүнээс болж миний үс маш ихээр унаж дух, хацарт хэсэгт зулгарсан юм. Алтантуяа гэх эмэгтэй миний уулздаг байсан Лхагвадоржтой хайр сэтгэлийн холбоотой байсныг би сүүлд мэдсэн ба хардаж надтай маргалдаж, муудалцаж байсан ба гар утсаар зурвас илгээж хэл амаар доромжилж байсан. Маргалдаж муудалцаж Алтантуяа гэх эмэгтэй миний биед гэмтэл учруулах үед Алтантуяагийн найз эмэгтэй байсан харин Лхагвадорж зугтаад явсан тул болсон зүйлийн талаар хараагүй юм. Би Алтантуяагийн биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагуй юм. Лхагвадоржийг би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр араас нь дагаад явж байтал Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгени сургуулийн орчмын 69 дүгээр байр луу орсон Би дагаад ортол Алтантуяагийн гэр байсан ба 5 давхарт гартал Алтантуяа намайг хараад хэл амаар доромжилж кола ундааг Лхагвадорж бид хоёр луу цацаад Алтантуяа дөхөж ирээд миний өмсөж байсан цамцны захаас хоёр гараараа бариад үснээс зулгаагаад хөлөөрөө өшиглөсөн. Түүнээс болж тухайн хуучин гэмтлүүд миний биед учирсан ба Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Э.Баянтөр шалгаж байсан ба би тухайн үедээ шуух эмнэлэгт үзүүлээгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,

Гэрч Л.Нарангэрэлийн “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би 12 цагийн үед ойрд яриагүй найз А.Аптантуяагийн 80118968 дугаар луу залгаж яриад намайг чи миний дүүгийн толгойг бариад өгөөч гэхээр нь тэгий би 32 дээр байна би нүүрс түлээ бэлдэж байна надад тусалбал сайн байна гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Нуурын 23-31-4 тоотод өмнө хамт ажиллаж байсан эмэгтэй А.А нь өөрийн машинтайгаа хашаанд оруулсан. Тэгээд би машинд нь суусан хажууд нь нэг эрэгтэй халамцуу байсан, би ар талын суудал дээр суусан. Найз Алтантуяа өмнө нь уулзаж байсан эмэгтэй нь бүсийн сугалаад бүснийхэн төмөрөөр нь толгой руу нь цохисон гэнэ толгой нь өвдөөд байна гэнэ миний найз толгойгийн жоохон бариад өгөөч гэхээр нь би тэр эрэгтэйгийн толгойгийн бариад судасны барьсан айхтар цохилхгүй байна би толгойгийн илж өгсөн тэгээд тэр согтуу эрэгтэй сайхан боллоо гэсэн тэгээд 10 минут болоод амараад байж байсан найз Алтантуяа дахиад бариад өгөөч гэсэн тэгээд дахиж барьсан. Тэгсэн нэг тамхи татсан найз Аптантуяа нөгөө эмэгтэй нь хүрээд ирлээ гэсэн тэр эрэгтэй сууж байгаа хаалгийн татаад тэр эрэгтэйг цохиод машины жолооч талын суудал дээр сууж байгаа эмэгтэй рүү тамхины ишээ шидсэн чинь найз Аптантуяа чи яахаар над руу асаасан тамхи шиддэг юм бэ гэж хэлсэн тэр эмэгтэй үстээд авсан Алтантуяаг тэгээд зөрүүлээд найз Алтантуяа үстээд хоёр биенээ үстээд авсан, тэгсэн тэр согтуу эрэгтэй машинаас буугаад зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13639 дугаартай дүгнэлтэнд “Ц.Мын биед дух, зулайн хуйхны шинэ зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, шуу, ташаанд шинэ цус хуралт, хоёр сарвуунд шинэ зулгаралт, зүүн доод зовхи, хацрын хуучин зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун сарвуунд тавшсан хуучин зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, хуучин гэмтэл нь 2022.10.03-с 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Тогтоогдсон шинэ, хуучин гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-31-4 тоотод Ц.М бусдад зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас /ЧМ77073106/ регистрийн дугаартай Цоож овогтой Минжбадгар нь 2022 оны 11 дүгээр сард Мангут эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээ авч, 57.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  04/5533 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Агаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Шүүгдэгч А.Агийн “...Лхагвадорж гэх залуутай би 2016 онд танилцаж найз нөхдийн холбоотой болж байсан ба сүүлийн 2-3 жил холбоогүй болсон юм. Сүүлийн үед Лхагвадорж залгаж байсан ба 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Модны хоёрын тэнд явж  байгаад би Лхагвадоржтой тааралдсан юм. Тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан ба намайг Лхагвадорж “...архи аваад өгөөч, ус аваад өгөөч ...” гэж хэлээд бид ярилцаад байж байтал манай найз Нарангэрэл над руу залгаж “...найз гадаа цас орж байнаа, чи гэрт ирээд нүүрс түлээ аваад тээврийн хэрэгслээрээ эгчийн гэр лүү хүргээд өгөөч ...” гэж хэлсэн. Би зөвшөөрсөн мөн Лхагвадоржийн толгой тархи нь өвдөөд байгаа юм байна, чи найз бариад өгөөч гэж хэлтэл Нарангэрэл “...өө тэгье тэгье ...” гэж хэлсэн. Удалгүй танил эрэгтэй болох Сүхээ над руу залгаж хаана байгаа талаар асуухаар нь би Чингэлтэй дүүргийн 32-ын тойрог руу явж байгаа талаараа хэлтэл удалгүй Минжбадгар гэх эмэгтэй миний тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож толгой хэсгээ оруулснаа Лхагвадоржийг “...пизда минь чи буугаад ир ...” гэж хэлээд хувцаснаас нь татаад чирээд байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэж хэлтэл татаж байсан тамхиныхаа ишийг над руу чиглүүлж шидэж намайг хэл амаар доромжилсон. Би тэр үедээ миний тээврийн хэрэгслийн дотор хэсэг рүү тамхи шидсэн учир уурлаж Минжбадгарыг цохих гэж гараа далайтал миний үснээс зулгааж миний толгой доош дарсан. Би тэр үедээ зөрүүлээд тухайн эмэгтэйн үснээс гараараа зулгаасан. Тэр үед Лхагвадорж тээврийн хэрэгслээс буугаад яваад өгсөн. Би найз Нарангэрэлийг цагдаа дууд гэж хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний үснээс зулгаасан тул үс ихээр унасан ба миний бие хэсгийн зарим хэсэгт хөндүүрлэж байсан. Минжбадгар бид хоёроос өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй ба хэрүүл маргаан болох үед Нарангэрэл дэргэд байсан болно. Нарангэрэл цагдаагийн байгууллагад нэг удаа тайлбар мэдүүлэг өгсөн учраас дахин тайлбар мэдүүлэг өгөх боломжгүй байна гэдгээ илэрхийлсэн болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-55 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  58 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч А.А нь хувийн таарамжгүй харилцааны улмаас 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-31-4 тоот хашаанд хохирогч Ц.Мтай маргалдан түүний биед дух, зулайн хуйхны шинэ зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, шуу, ташаанд шинэ цус хуралт, хоёр сарвуунд шинэ зулгаралт, зүүн доод зовхи, хацрын хуучин зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун сарвуунд тавшсан хуучин зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Мын мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/, гэрч Л.Нарангэрэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн  13639 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар болон шүүгдэгч хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу маргаагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А нь хохирогч Ц.Мтай  маргалдсаны улмаас хохирогчийн биед дух, зулайн хуйхны шинэ зөөлөн эдийн няцрал, баруун эгэм, шуу, ташаанд шинэ цус хуралт, хоёр сарвуунд шинэ зулгаралт, зүүн доод зовхи, хацрын хуучин зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, баруун сарвуунд тавшсан хуучин зулгарал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай, ... хохирогч Ц.М нь шүүгдэгч А.Агаас баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 57.000 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ...” Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулаагүй ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт  “...Хэлэх зүйл байхгүй ...” гэсэн болно.

Хохирогч нь 2022 оны 11 дүгээр сард Мангут эмнэлгийн амбулаторийн тусламж үйлчилгээ авсаны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 57.000 төгрөгийн зардал гарсан, уг зардлыг шүүгдэгч А.А нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түмэд овогт ААг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ