Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 124

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                      

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ж.Батхуяг,

иргэдийн төлөөлөгч Ё.Сэрээнэн,

гэрч Д.Чинзориг,

хохирогч Б.Тэгшжаргал,

шүүгдэгч Б.Чойням, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламганжав овогт Батмөнхийн Чойнямд холбогдох эрүүгийн 201626030587 тоот дугаартай, хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, дугуй засварын газарт ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Ж14-354  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ламганжав овогт Батмөнхийн Чойням /РД:ЙЕ97012639/,

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  2016 оны 04 дугаар сарын 10-аас 11-ны өдөрт шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод иргэн Б.Тэгшжаргалын “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц, шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чойням мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой Тэгшжаргал, Шинээ ах, Алтантуяа бид 4 хамт архи уусан. Тэгээд ууж байхад Алтантуяа намайг “чи миний хажуугаар унтаарай, Тэгшжаргал намайг оролдоод байна, би согтоод байна” гэж хэлсэн. Тэгээд Алтантуяа унтаад өгсөн. Би Алтантуяагийн хажуугаар ороод унтах гээд хэвтэж байтал Тэгшжаргал гаднаас орж ирээд намайг “бос, пизда минь” гээд өшиглөөд байсан. Тэгэхээр нь би босч ирээд “яах гээд байгаа юм бэ” гэтэл “би наана чинь унтах байсан юм” гэсэн. Тэгээд би Тэгшээтэй маргалдаад байж байтал миний зүүн талын бөөр хэсэг рүү хутгалсан. Би намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлтэл Шинээ ах босч ирээд салгасан. Тухайн үед Тэгшжаргал дахиад намайг хутгалах гээд дайраад байхаар нь би сандарсандаа болоод хажуудаа байсан хутгыг аваад хутгалчихсан. Тухайн үед би өөрийгөө хутга авсан гэдгээ ч мэдээгүй.  Тэгээд Шинээ ах бид хоёрыг салгасан...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тэгшжаргал мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр гэр лүүгээ ороход энэ гурав гэрт байсан. Тэгээд би цонхоороо хөөсөн чинь Шинээ ах “чи гэрээсээ хөөлөө” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би Шинээ ахаас айгаад Шинээ ахыг босч ирэх байх гэж бодоод тавиур дээр байсан жижиг хутга аваад орон дээрээ сууж байтал Шинээ ах босч ирээгүй Чойням босоод ирсэн. Тэгэхээр нь Чойнямыг түлхэх гэж байгаад хутгалчихсан байсан. Тэгээд Шинээ ах босч ирээд намайг “чи хүн хутгалчихлаа ш дээ” гэж хэлсэн. Надад одоо гомдол санал байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Чинзориг мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр Яармагийн эцэст Чойням Тэгшжаргал, Алтантуяа нартай тааралдсан. Гэтэл Миний машинд Тэгшжаргал, Чойням Алтантуяа нар 0.75 литрийн 1 шил архи уусан. Дахин 1 шил 0.75 литрийн архи аваад бид дөрөв хувааж уусан. Тэгшжаргалын гэрт Чойням, Алтантуяа, Тэгшжаргал бид дөрөв очсон. Тэгшжаргал гэрийнхээ түлхүүрийг хаясан байна гэхээр нь бид нар бүгд цонхоор нь орсон. Гэнэт байж байгаад Тэгшжаргал найз Бадрахтайгаа уулзана гээд цонхоороо гараад дахиж цонхоороо орж ирсэн. Тэгшжаргалыг орж ирэхэд Алтантуяа, Чойням хоёр нэг орон дээр унтаж байхыг хараад Тэгшжаргал миний найз охинтай хамт унтдаг хэн бэ гээд Чойням руу дайраад маргалдсан. Би Тэгшжаргалыг хутга авсан гэдгийг хараагүй. Гэтэл Тэгшжаргал Чойнямыг цохих шиг болсон. Гэтэл Тэгшжаргал Чойнямыг хутгалсан байсан. Би тухайн үед хутгалсан гэдгийг мэдээгүй маргааныг салгах зорилготой очтол хутгалсан байсан. Би Тэгшжаргал руу хараад 2 гараас нь бариад Чойням руу нуруугаа харуулсан байдалтай зогсож байсан учраас Чойням Тэгшжаргалыг хутгалахыг сайн хараагүй. Би Тэгшжаргалыг барихгүй бол дахиад Чойнямыг хутгалчих гээд байсан юм. Би Тэгшжаргалын хутгатай гараас нь бариад зогсож байх үед Чойням чи намайг хутгалчихсан байна ш дээ гээд байсан. Би Чойням руу эргээд хальт харах үед Тэгшжаргал хутгатай гараа савлаад Чойням руу дайраад байсан. Тэгшжаргал Чойням нарын хооронд их ойрхон зайтай байсан. Тэр хоёрын хооронд би л зогсож байсан. Чойням, Тэгшжаргал хоёр Алтантуяагаас болж маргалдсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэг бэхжүүлэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Тэгшжаргалын:“...Тэгээд би байшингийнхаа цонхон дэр очоод “хөөе би харьмаар байна. Та нар гар л даа гэсэн чинь тэр 3 хэвтчихсэн байж байсан. Тэгэхээр нь би байшингийнхаа цонхоор гэр лүүгээ ороод “пизданууд зайлцгаа” гэсэн чинь Шинээ уурлаад байхаар нь би гэрийнхээ гал тогооны тавиур дээр байсан 3 ногоон өнгийн иштэй ком хутганы жижиг хутгыг нь баруун гартаа бариад зогсож байсан чинь Чойням гэнэт босч ирэхээр нь өөдөөс нь тэвэрч аваад мөлхөө тавилга руу түлхэхдээ би баруун гартаа байсан нөгөө хутгаар Чойнямын нурууг хутгалчихсан юм. Тэгсэн чинь “Шинээ яаж байгаа юм бэ” гээд миний гарыг бариад байж байсан чинь Чойням намайг дахиад хутгалах гээд байна гэж бодоод миний барьж байсан ком хутганы том хутгыг нь бариад миний цээжний зүүн талын хөхний доод хэсэгт 1 удаа хутгалсан. Би тухайн үед хувцасаа тайлаад Чойнямд харуулсан чинь Чойням дуугарахгүй зогсоод байсан. Тэгээд миний толгой өвдөөд тэгээд нэг мэдсэн чинь өглөө болчихсон байхаар нь би найз Бадрахын гэрт очоод шууд эмнэлэг рүү хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, 

 

Гэрч Ч.Анхболдын: “...2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би Яармагт ирээд эцсийн Бадмаараг нэртэй караокед сууж байсан чинь Тэгшжаргал, Чойням нар орж ирсэн. Тэгээд энэ өдрөө Бадмаараг караокед дуулж пиво ууж байгаад Тэгшжаргалын гэрт очиж хонохоор явцгаасан. Тэгээд маргааш өглөө нь Тэгшжаргал, Чойням, бид хэд Бадмаараг караоке руу явцгааж байгаад Шинээтэй тааралдаад би тэгээд энэ хэдээс салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Чинзоригийн: “...Тэгшжаргал, Чойням болохоор өмнөх өдөр нь Тэгшжаргалынд очиж хоносон тэгээд Тэгшжаргалын гэрт очъё гэсэн. Тэгээд 1 том пиво аваад би Тэгшжаргал, Алтантуяа, Чойням гурвыг Тэгшжаргалын гэрийн гадна буулгачихаад би Б гэдэг залууг яармагийн автобусны буудал руу хүргэж өгчихөөд ирье гээд машинаа дүүгээрээ бариулаад явсан. Тэгээд би Б-г хуучин эцэс дээр буулгачихаад нөгөө 3-ын араас Тэгшжаргалын гэрт очсон чинь Тэгшжаргал гарч иээд намайг гэртээ ороод ир гэж хэлсэн. Тэгсэн чинь Тэгшжаргал, Чойням, Алтантуяа бид нар цонхоор нь гэрт нь ороод нөгөө авсан пиво ууж байгаад Чойням, Алтантуяа хоёр газар хэвтэж байсан, би тэр хоёрын наана газар хэвтэж байсан. Бид нарыг Тэгшжаргалын гэр ороход бараг шөнийн 01 цаг болж байсан. Тэгсэн чинь юу болсон юм Чойням, Алтантуяа хоёрыг хардаад Чойнямыг босоод ир гээд байсан. Миний сонссоноор Тэгшжаргал Алтантуяа өмнө нь сайн, миний анхны хайртай охин гээд яриад байсан. Чойням, Алтантуяа хоёр болохоор хамаатан садан хүмүүс. Тэр хоёр намайг нэг харахад толгойгоо нийлүүлээд зогсчихсон юм ярьж байсан. Тэгсэн чинь гэнэт Чойням “яаж байнаа пизда минь гэхээр нь би очоод Тэгшжаргалыг бариад авсан чинь Тэгшжаргалын гарт нь хутга байж байсан. Чойнямыг зүүн талын бөөр хэсэгт нь хутгалчихсан цус их гарч байсан. Тэгээд би Тэгшжаргал дахиад Чойнямыг хутгалах гээд байхаар нь очоод болиулаад байж байсан чинь Чойням шүүгээнээс нь хутга гаргаж ирээд Тэгшжаргалын цээж хэсэг рүү нь хутгалчихсан...” гэсэн  мэдүүлэг / хх 43-45 дугаар хуудас/,

Мөн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр дахин мэдүүлэхдээ. “...Миний машинд Тэгшжаргал, Чойням бүтэн нэрийг нь мэдэхгүй Б нар 0.75 литрийн 1 шил архи, дараа нь дахин 1 шил 0.75 литрийн архи аваад бид дөрөв тал хүртэл нь уугаад Б бид нараас салсан. Тал шил архиа аваад дээрээс нь 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад Тэгшжаргалын гэрт Чойням, Алтантуяа, Тэгшжаргал бид дөрөв хувааж уусан. Миний согтолт гайгүй бараг эрүүл шахуу байсан. Тэд нар харин надтай уулзахаас өмнө уучихсан байсан. ...Тэгшжаргал гэрийнхээ түлхүүрийг хаясан байна гэхээр нь бид нар бүгд цонхоор нь орсон. Гэнэт байж байгаад Тэгшжаргал найзтайгаа уулзана гээд цонхоороо гараад дахиж цонхоороо орж ирсэн, хаалга нь гаднаасаа цоожтой байсан болохоор тэрүүгээр орж гарах ямар ч боломжгүй байсан. Бид нарын орж байсан цонх нэлээн том хэмжээтэй байсан. Ямар ч үед орж гарахад чөлөөтэй юм байна лээ. Цонхоор дөнгөж орох үед буйдан байсан. Буйдан дээр гишгээд орж гарч байсан. Миний бодлоор шууд гүйгээд гарчих боломжгүй байсан. ...Тэгшжаргал Чойнямыг хутгалахыг би яг харсан. Би Тэгшжаргал руу хараад 2 гараас нь бариад Чойням руу нуруугаа харуулсан байдалтай зогсож байсан учраас Чойням нь Тэгшжаргалыг хутгалахыг би тодорхой сайн хараагүй. Би Тэгшжаргалыг барихгүй бол дахиад Чойнямыг хутгалчих гээд байсан юм. Би Тэгшжаргалын хутгатай гараас нь бариад зогсож байх үед Чойням шархаа оролдоод чи намайг хутгалчихсан байна ш дээ” гээд л байсан. Би Чойням руу эргээд хальт харах үед Тэгшжаргал хутгатай гараа савлаад Чойням руу дайраад байсан. Чойнямд гарах боломж байгаагүй учир нь хаалтанд орчихсон. Дээрээс нь хаалга гаднаасаа цоожтой цонхоор гарах гэхэд доор нь буйдан тавьсан, заавал буйдан дээр гишгэж байж гарах ёстой. ...Тэгшжаргал Чойням нарын хооронд их ойрхон зайтай байсан. Тэр хоёрын хооронд би л зогсож байсан. ...Би Тэгшжаргалын хутгаласныг хараагүй. Хэрэв харсан бол Чойнямтай маргалдаж байх үед нь очоод болиулчих байсан юм. Хоорондоо толгойгоо нийлүүлчихээд “чи Алтантуяаг миний хайр гэдгийг мэдсээр байж яагаад хажуугаар нь ороод хэвтэж байгаа юм бэ” гээд л Тэгшжаргал хэлээд байсан. Тэгсэнээ Чойнямыг хутгалчихаар нь би гүйж очоод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 189-190 дугаар хуудас/,

Гэрч Д.Алтантуяагийн:  “...Архиа дуусгаад Тэгшжаргалынд цонхоор нь давж орсон. Тэгээд би дөнгөж сэрээд байж байсан чинь Чойням Тэгшжаргал намайг хутгалчихлаа гэсэн. Тэгсэн чинь Чойням Тэгшжаргалыг хаанаас ч юм 1 хутга аваад хутгалсан энэ асуудал нүд ирмэхийн зуур болсон болохоор очиж амжаагүй. Шинээ гээд ах салгасан. Би түргэн дуудъя гэж хэлсэн чинь “яах юм зүгээр, наадах чинь баашилж байгаа юм. Түргэн дуудвал цагдаа гээд бөөн юм болно. Одоо ингээд ганц хоёр цагийн дараа өглөө боллоо. Өглөө болохоор эмнэлэг хүргээд өгчихнө” гэхээр нь би тайвшираад унтаад өгсөн. Тэгээд би Тэгшжаргалаас “эмч дуудах уу” гэсэн чинь “зүгээрээ” гэж хэлсэн. Түргэн дуудъя гэсэн боловч бүгдийнх нь утас унтарсан байсан. Тэгээд бүгд унтацгаасан. 5 цагийн үед Тэгшжаргал 00 ороод ирье гээд таг чиг болсон. Бид 3 босоод Тэгшжаргалын гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Д.Энхмартын: “...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би 21 дүгээр хороололд байдаг өөрийнхөө гэр  рүү нөхөртэйгөө хамт явсан юм. Тэгээд манай нөхөр 21-т байж байгаад эгч дээрээ очно гэж хэлээд гараад явсан. Тэгээд очоод буцаад Яармаг руу ирээд л энэ хэрэг болсон юм шиг байна лээ. Манай нөхөр над руу Яармагт ирээд 21 цагийн үед утсаар ярьж би энд караокед байна. Бадрахаар хүргүүлээд очно гэсэн. Тэгээд ингэж ярьчихаад ерөөсөө дахиж холбогдоогүй. Тэгээд над руу бүүр орой нь “Чойням, эд нар гэрээс гарахгүй байна. Би эд нарыг гаргачихаад очлоо” гэж ярьсан. Тэгээд өглөө 7 цагийн орчимд дахин утсаар яриад “Бадрахын гэрт хүрээд ир” гэсэн. Би Бадрахын гэрт ирсэн чинь үүднийх нь буйдан дээр суучихсан унтаж байгаа юм шиг байдалтай байсан. Тэгээд би сэрээсэн чинь хувцас нь нил цус болчихсон байсан. Тэгээд би хутгалагдсан гэх шархыг нь харсан чинь нил цус болчихсон байсан. Тэгээд Бадрахаар эмнэлэг рүү хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч П.Бадрахын:  “...2016 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө 01 цаг өнгөрч байх үед Тэгшжаргал над руу залгаад манай үүдэнд хүрээд ир уулзъя гэж хэлсэн.Тэгээд би гэрийнх нь гадаа очоод “Сигналдсан чинь Тэгшжаргал гэрээсээ гарч ирсэн. Би “юу хийж байгаа юм бэ” гэж асуусан чинь Тэгшжаргал “хэд хоног архи уулаа, яах гээд байгаа юм болоо, андаа чи манай гэр рүү ороод эд нарыг явуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь “лай” гэж хэлсэн чинь “манай найз охиныг бас хэлээд өгөөч” гээд байхаар нь би “хөгшөөн наад асуудлаа өөрөө шийд” гэж хэлсэн. Тэгээд утсаар Энхмарт гэдэг эхнэр рүүгээ яриад машинаас буусан. Би тэгээд гэр лүүгээ харьсан. Тэгээд би гэртээ унтаж байсан чинь өглөө 7 цагийн үед манай гэрийн үүдийг хүн нүдсэн. Би хаалгаа онгойлгосон чинь Тэгшжаргал бөгтийчихсөн орж ирсэн. Тэгээд би “яачихсан юм бэ” гэсэн чинь харин Чойнямтай маргалдаад нэг нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Тэгшжаргалыг эхнэртэй нь яриулчихаад ажилтай байсан болохоор гэрт үлдээгээгээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

         

Шинжээчийн дүгнэлт болон бусад баримтууд:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №5120 дугаартай шинжээчийн дүгнэлтээр

  1. Б.Тэгшжаргалын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт гэмтэл тотоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үед амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ний өдрийн №5119 дугаартай шинжээчийн дүгнэлтээр

  1. Б.Чойнямын биед бүсэлхийд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хурц, ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтлийг өөрөө үүсгэх боломж муутай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №3355,56 дугаартай шинжээчийн дүгнэлтээр

  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь B/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн том хутга дээр цус илэрсэн. Энэ нь B/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.
  3. Шинжилгээнд ирүүлсэн хивсний хэсэг дээр цус илэрсэн. Энэ нь B/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.
  4. Шинжилгээнд ирүүлсэн дунд болон жижиг хэмжээтэй хутганууд дээр цус илрээгүй.
  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд, хутганууд, хивсний хэсэг дээр биологийн бусад ул мөр илрээгүй. /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ний өдрийн №2661 дугаартай мөр судлалын шинжилгээний дүгнэлтээр

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өмдний манжлагны залгаас оёдолд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзарсан уранхай байна. 2 ширхэг өмдөнд эдэлгээ, хэрэглээний явцад гарсан хуучин цоорсон болон сэмэрсэн уранхайнууд байна. Мөн 2 ширхэг цамцны зүүн хажуу хэсэгт хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай байна.  Харин малгайтай цамцны ханцуйн хэсэгт хуучин зүссэн уранхай, гурвалжин захтай цамцны захны эмжээр хэсэг болон зүүн мөрний хэсэгт татаж чангаах  хүчний үйлчлэлээр шинээр гарсан ханзарсан уранхай байна.
  2. Эдэлгээ, хэрэглээний явцад гарсан уранхай болон татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан уранхайг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй./хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №05/347 дугаартай актад

1.2016.04.10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн 20-702 тоот Б.Чойням нь Б.Тэгшжаргалыг цээжин тус газар нь хутгалсан гэх хэргийн газраас бэхжүүлж ирсэн №1 “Сархад 0.75 архины шил дээрээс”-гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд тэнцэх гарын мөр нь нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газруудаас бэхүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 73 дугаар хуудас/,

 

            -2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

            -2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16 дугаар хуудас/,

            -2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

-2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

            -2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 31 дугаар хуудас/,

-2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн нээсэн Б.Тэгшжаргалын “Өвчний түүх”№002911  /хх-ийн 123-132 дугаар хуудас/,

-2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 122 дугаартай  “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-ийн 202 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

 -Шүүгдэгч Б.Чойнямын оршин суугаа хорооны тодорхойлолт,

-Иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 104 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар хуудас/,

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Шүүгдэгч Б.Чойням нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  2016 оны 04 дугаар сарын 10-аас 11-ны өдөрт шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод иргэн Б.Тэгшжаргалын “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц, шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Тэгшжаргалыг хутгалж биед хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь          

           хохирогч Б.Тэгшжаргалын: “...Тэгэхээр нь би байшингийнхаа цонхоор гэр лүүгээ ороод “пизданууд зайлцгаа” гэсэн чинь Шинээ уурлаад байхаар нь би гэрийнхээ гал тогооны тавиур дээр байсан 3 ногоон өнгийн иштэй ком хутганы жижиг хутгыг нь баруун гартаа бариад зогсож байсан чинь Чойням гэнэт босч ирэхээр нь өөдөөс нь тэвэрч аваад мөлхөө тавилга руу түлхэхдээ би баруун гартаа байсан нөгөө хутгаар Чойнямын нурууг хутгалчихсан юм. Тэгсэн чинь “Шинээ яаж байгаа юм бэ” гээд миний гарыг бариад байж байсан чинь Чойням намайг дахиад хутгалах гээд байна гэж бодоод миний барьж байсан ком хутганы том хутгыг нь бариад миний цээжний зүүн талын хөхний доод хэсэгт 1 удаа хутгалсан.” /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/, “...Чойням Алтантуяа хоёр нэг хөнжилд орчихсон хэвтэж байхаар нь уур хүрсэн юм. Уг нь би Алтантуяагийн хажуугаар орж хэвтэх ёстой байсан... Чинзориг ах /Шинээ/ миний хоёр гараас бариад тавихгүй байсан, гэхдээ би хутгалъя гэж анхнаасаа бодоогүй байсан, мөн дайрах үедээ хутгатай гараараа биш нөгөө сул байсан гараараа Чойнямыг цохихоор нэг удаа далайсан. Тэгэхэд Чойням шархаа бариад чи намайг хутгалчихсан байна ш дээ гэж хэлээд зогсож байсан” /хавтаст хэргийн 186 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Чойнямын “...Би нэлээн муудчихсан болохоор унтлаа гээд газраар хэвтээд байж байсан чинь Тэгшжаргал орж ирээд “зайл пиздаануудаа гарцгаа” гээд гартаа жижиг хутга барьчихаад орилоод байсан. Тэгэхээр нь босож очоод чиний хүн ална гэж юу байдаг юм” гээд хальт зууралдсан чинь Шинээ ах салгасан. Тэгээд би нуруу руу халуу дүүгээд байхаар нь нуруугаа бариад үзсэн чинь цус гарчихсан байхаар нь би “чи намайг хутгалчихсан байна ш дээ” гэсэн чи Тэгшжаргал дахиад над руу хутгаа бариад гүйгээд ирэхээр нь би шүүгээн дээрээс хутга аваад Тэгшжаргалыг хутгалчихсан юм. гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 88 дугаар хуудас/, “... намайг дахиж хутгалж магадгүй гэж бодоод би биеэ хамгаалж Тэгшжаргалыг хутгалсан юм” /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,  “... Эхлээд нэг хутгалсан, дахин хутга бариад далайгаад байхаар нь хутгалах гэж байна гэж айсандаа л хутгалчихсан.” /хавтаст хэргийн 187 дугаар хуудас/

гэрч Д.Чинзоригын /Шинээ/ “...Тэгсэн чинь гэнэт Чойням “яаж байнаа пизда минь гэхээр нь би очоод Тэгшжаргалыг бариад авсан чинь Тэгшжаргалын гарт нь хутга байж байсан. Чойнямыг зүүн талын бөөр хэсэгт нь хутгалчихсан цус их гарч байсан. Тэгээд би Тэгшжаргал дахиад Чойнямыг хутгалах гээд байхаар нь очоод болиулаад байж байсан чинь Чойням шүүгээнээс нь хутга гаргаж ирээд Тэгшжаргалын цээж хэсэг рүү нь хутгалчихсан...” гэсэн  мэдүүлэг / хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,

 “...Би Тэгшжаргалыг барихгүй бол дахиад Чойнямыг хутгалчих гээд байсан юм. Би Тэгшжаргалын хутгатай гараас нь бариад зогсож байх үед Чойням шархаа оролдоод чи намайг хутгалчихсан байна ш дээ” гээд л байсан. Би Чойням руу эргээд хальт харах үед Тэгшжаргал хутгатай гараа савлаад Чойням руу дайраад байсан. Чойнямд гарах боломж байгаагүй учир нь хаалтанд орчихсон. Дээрээс нь хаалга гаднаасаа цоожтой цонхоор гарах гэхэд доор нь буйдан тавьсан, заавал буйдан дээр гишгэж байж гарах ёстой. ...Тэгшжаргал Чойням нарын хооронд их ойрхон зайтай байсан. Тэр хоёрын хооронд би л зогсож байсан. ...Би Тэгшжаргалын хутгаласныг хараагүй. Хэрэв харсан бол Чойнямтай маргалдаж байх үед нь очоод болиулчих байсан юм. Хоорондоо толгойгоо нийлүүлчихээд “чи Алтантуяаг миний хайр гэдгийг мэдсээр байж яагаад хажуугаар нь ороод хэвтэж байгаа юм бэ” гээд л Тэгшжаргал хэлээд байсан. Тэгсэнээ Чойнямыг хутгалчихаар нь би гүйж очоод салгасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 189-190 дугаар хуудас/,

           гэрч Д.Алтантуяагийн “Чойням манай хамаатан болохоор миний хажуугаар ороод хэвтчих гэж хэлсэн юм. Чойням бол манай аавын төрсөн дүүгийн хүүхэд нь байгаа юм. Тэгшжаргалтай хайр сэтгэлийн холбоо байхгүй” /хавтаст хэргийн 194 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг,  2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №5120 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

          Мөн хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар Б.Тэгшжаргал нь анх гэрээсээ хөөж, хэрүүл үүсгэн, хутга гарган Б.Чойнямыг хутгалсан, хутгалсныхаа дараа ч довтолгооноо үргэлжлүүлсэн  цаг мөчөөс түүний амь нас,эрүүл мэндэд аюулд учирч болзошгүй нөхцөл байдал бодитой үүсэж, довтолгооноос хамгаалж түүнийг хутгалсны дараа гэрч Д.Чинзориг нь Б.Тэгшжаргалын хутгыг авч салгасан байна.

 

           Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Чойнямын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгийг нотлох баримттай уялдуулж хууль зүйн дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “ Хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээдээс эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэнэ” гэж заасан бөгөөд хохирогч Б.Тэгшжаргал нь Б.Чойнямыг хамаатан болох Д.Алтантуяагийн хажуугаар хэвтлээ гэдгээр шалтгалан гэрээсээ хөөж, түүнийг хутгалан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтлийн учруулан дахин бодитой довтолгоон хийж хутгатай дайрч халдлага үйлдлээ үргэлжлүүлсэнийг зогсоохын тулд Б.Чойням нь зөрүүлж хутгалан халдагч этгээдэд хүнд гэмтэл учруулсаныг гэмт хэрэгт тооцох боломжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шүүх дүгнэв. Учир нь:

Аргагүй хамгаалалт хийх эрхийг иргэдэд хуулиар олгосон явдал нь Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх...” эрхээ гэмт халдлагаас хамгаалах, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалах хүний субьектив эрх,  хуулийн чухал баталгаа юм.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Хуулийн уг заалтад хамаарах аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай, хууль бус довтолгоон, халдлага бодиттойгоор хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжихээр байгаа бөгөөд тухайн халдлагын шинж чанар, эсхүл учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь уг эрхийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх талаар ямар нэгэн нэмэлт шаардлага тусгагдаагүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “... Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс хамаарахгүйгээр аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй.” гэж заажээ.

 

Уг зохицуулалтаар, аргагүй хамгаалалт хийх эрхийг хүн бүр ямар нэгэн ялгаваргүйгээр эдлэх зарчим,мөн хамгаалалтын идэвхтэй байдлаар хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогч тодорхойлсон байх бөгөөд халдлагад өртсөн тохиолдолд зугтах, эсхүл өөр байдлаар аюулыг зайлуулах, эсхүл бусдаас тусламж хүсэх, эсхүл халдаж буй этгээдэд идэвхтэй хариу үйлдэл хийхээс бусад аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд л хамгаалалт хийх ёстой гэж шаардах нь үндэслэлгүйг хоёрдмол утгагүйгээр тусгасан байна.

Энэ утгаараа аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Чухам ийм идэвхтэй хамгаалалт нүүрлэж буй аюулаас хамгаалах баталгаа болдог тул эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд аргагүй хамгаалалтыг нийгэмд ашигтай, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.

 

2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн  Монгол Улсын Дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйл “Аргагүй хамгаалалт”-ыг зөв хэрэглэх тухай зөвлөмжид                                                                                                                                          - Аргагүй хамгаалалтыг хүч хэрэглэсэн довтолгоон үйлдэж буй этгээдийн эсрэг халдагч этгээдийн эрх чөлөө, эрүүл мэнд, амь биед хохирол учруулах замаар хийдэг бөгөөд гэм хор нь хэлбэрийн хувьд эд хөрөнгийг нь устгасан буюу гэмтээсэн, бие махбодид нь гэмтэл учруулсан, эрх чөлөөг нь хязгаарласан, амь насыг нь хохироосон байж болно.

-Нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай. Түүнээс довтолгоон төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж болохгүй.

-Нийгэмд аюултай халдлага гэдэг нь гэмт этгээдээс төр нийгмийн ашиг сонирхол, хүний амьд явах болон халдашгүй, чөлөөтэй байх түүнчлэн бусад эрх, эрх чөлөөнд хохирол учруулахын тулд хийж байгаа, Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, санаатай үйлдэл байна.

-Халдлага бодитой хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой болсон тохиолдолд төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг түүнээс хамгаалж хийсэн үйлдлийн улмаас халдагч этгээдэд учирсан хохирлын хэмжээг үл харгалзан хамгаалагч этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байвал зохино.

-Аргагүй хамгаалалт зохих ёсоор хийгдсэн эсэхэд халдлага бий болсон орон цаг, нөхцөл байдал, довтолгооны шинж, халдлагын объект, учирсан буюу учрах байсан хор уршгийн хэр хэмжээ, хэрэглэсэн арга, зэвсэг, хэрэгсэл, хүчний харьцаа зэрэг нь ямар нэгэн ач холбогдолгүй.

-Нас хүйс, ажил мэргэжил, албан тушаал, албаны болон бусад тусгай бэлтгэлээс үл хамааран хүн бүр нийгэмд аюултай халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийх эрхтэй.

-Нийгэмд аюултай халдлагаас хамгаалалт хийхээс өөр байдлаар зайлсхийх болон бусдаас тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй гэж тус тус тайлбарласан байна.

Хэрэг маргааныг эхлүүлэн, хутга барьж бусдын амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлж довтолсон хохирогч Б.Тэгшжаргалын халдлагын талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, тухайн үйлдлээс өөрийгөө хамгаалсан  шүүгдэгч Б.Чойнямын үйлдлийн талаарх нотлох баримтанд ямар нэг дүгнэлт хийлгүй орхигдуулан түүнийг гагцхүү Б.Тэгшжаргалын биед хүнд гэмтэл учруулсан санаатай

үйлдэл нотлогдсон гэж прокуророос яллах үндэслэл болгон дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Чойнямын санаатай, идэвхтэй үйлдэл нь  Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Чойнямд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч Б.Тэгшжаргал нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч  Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу Б.Чойням нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй болохыг дурдаж байна.

            Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 247 прокурорын тогтоолоор яллагдагч Б.Тэгшжаргалд холбогдох Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  2016 оны 04 дугаар сарын 10-аас 11-ны өдөрт шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Чойнямтай маргалдан, улмаар түүнийг хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” гэх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй байна./хавтаст хэргийн 216 дугаар хуудас/

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хивсний өөдөс 1 ширхэг, ногоон болон цагаан алагласан өнгөтэй хутга 1 ширхэгийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Чойням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.