| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2019/0464/З |
| Дугаар | 221/МА2025/0195 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2025/0195
Р.П-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Ганзориг
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Г.Н
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ө” ХХК-д олгогдсон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ү-2203000**** тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын захирамжийн Р.П-д 0.001 га /100 м.кв/ газар олгосон шийдвэрийн дагуу гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, нийслэлийн Газрын албаны “Ө” ХХК-тай байгуулсан 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1059 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Р.П, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2019/0464/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.П-ээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан “нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ө” ХХК-д олгогдсон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ү-2203000**** тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын захирамжийн Р.П-д 0.001 га /100 м.кв/ газар олгосон шийдвэрийн дагуу гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, нийслэлийн Газрын албаны “Ө” ХХК-тай байгуулсан 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1059 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн /1994 он/ 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 он/ 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.П-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсэг болон “Ө” ХХК-д 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон Ү-2203000**** тоот өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн дагуу Р.П-д 0.01 /100 м.кв/ газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.П-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн 30 дугаарт “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд шүүх манай талд мэдэгдэхгүй шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэн. (Мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг манай талд огт мэдэгдэлгүй хийж шийдвэрлэсэн)
1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжийг үндэслэн шийдвэрлэсэн байна. 1997 онд захирамжийн дагуу манай компани нийслэлийн Газрын албатай гэрээ байгуулж, хууль ёсны газар эзэмших эрхээ баталгаажуулсан. 1999 онд нийслэлийн Газрын албанд хүсэлт гарган нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газраа томруулж гэрээ байгуулан барилга барьсан. Харин Р.П нь тухайн захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах гэрээг хийж газраа баталгаажуулж аваагүй бөгөөд сүүлд 24 м.кв газар эзэмших гэрээг нийслэлийн Газрын албатай байгуулсан.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар захирамжаар 300 м.кв газартай гэж гэрчилгээ гаргуулсан байна. Энэ тухай тухайн үед шийдэгдсэн анхан шатны хэргийн материалд 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 тоот захирамжид олгогдсон иргэд хуулийн этгээдийн жагсаалтад иргэн Р.П-ийн нэр огт байхгүй тухай Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Газрын албанаас шүүхэд илгээсэн албан бичиг бүхий нотлох баримт, иргэний хэргийн хавтаст хэрэгт байгаа болно. Ийнхүү Р.П нь хуурамч гэрчилгээ гарган тухайн иргэний шүүхэд хандан маргасан, үүнийг захиргааны хэргийн анхан шатны шүүх харалгүй 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 тоот захирамжийг үндэслэн Р.П-д 100 м.кв газар олгохоор даалгасан байна. Шүүх газрын албаны үүрэгт ажилд шууд оролцож, хуулийн дагуу газар эзэмшиж байгаа манай компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, газар эзэмших гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.
Газрын тухай хуульд газар эзэмших захирамж гарснаас хойш 2 жилийн дотор гэрээ байгуулж гэрчилгээ гаргуулж баталгаажуулаагүй бол хүчингүйд тооцож дараагийн хуулийн этгээдэд уг газрыг олгодог журамтай байна.
Р.П нь нийслэлийн Газрын албатай 24 м.кв газар эзэмших тухай гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт байсаар байтал шүүх нэхэмжлэгч талын өөрийнх нь ярьснаар 100 м.кв газрыг Р.П-д олгохоор шийдвэрлэсэн. Р.П нь тухайн үед 24 м.кв газрын хэмжээг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байж таарна.
Газар зохион байгуулалт зурагт газрын шинжээч Д.Э, Т.Т, Ц.С нарын 2023/44 тоот дүгнэлтэд маргаан бүхий газарт үзлэг хийхэд Р.П-ийн байшин 33 м.кв, мөн нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар олгосон 0.01 га газар нь газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй учир зураглал хийх боломжгүй, Р.П-ийн барилга нь 33 м.кв, “Ө” ХХК-ийн барилга нь 141 м.кв талбайтай гэж тус тус дүгнэжээ. Үүнээс харахад Р.П нь хууль ёсны газар эзэмшиж буй газар огт байхгүй байна.
Дээрх шалтгааны улмаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1059 тоот шийдвэрийг хүчингүй болгох, Р.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... Шийдвэрт “2.8. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн ... 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж зааснаар тухайн маргааны улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээд Р.П-г шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулалгүйгээр, нөхцөлд байдлыг бүрэн тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэжээ.
Шинжээчийн 2023/44 дугаар дүгнэлтэд “... маргаан бүхий газарт үзлэг хийхэд Р.П-ийн байшин 33 м.кв, нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар олгосон 0.01 га газар нь газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй учир ... зураглал үйлдэх боломжгүй” гэснийг шүүх анхаарч авч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл Р.П-ийн газартай бусдын газар давхцаагүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учраас Р.П-г шийдвэр гаргах ажиллагааны оролцогч хэмээн дүгнэх боломжгүй.
Түүнчлэн газар чөлөөлүүлэхээр гаргасан Р.П-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал, дээд шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2648 тоот тогтоолоос үзэхэд газар давхцаагүй болох нь илэрхий байна.
Иймд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Р.П-г татан оролцуулах шаардлагагүй тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шийдвэрт “2.9. Түүнчлэн ямар хууль зүйн үндэслэлээр иргэн Р.П-ийн шаардаж буй газрыг гуравдагч этгээдийн эзэмшилд бүхлээр нь олгож буй үндэслэлээ захиргаа нотлоогүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ талын нотлох баримтыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд “... нийслэлийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн, “Ө” ХХК нь хүсэлтээ ирүүлсэн байсан, Р.П хүсэлтээ ирүүлээгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй байна” гэжээ.
“Ө” ХХК нь хүсэлтээ гаргасан тул эзэмшил газрын хэмжээг нь хуульд үндэслэн үндэслэн нэмэгдүүлж байгаа захиргааг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй ба хүсэлт гаргасан тэрхүү газар нь бусдын эзэмшилд байгаагүйгээс гадна бусдын хүсэлт гаргасан талбайтай огт давхцаагүй.
Тэгэхээр “Ө” ХХК-ийн газрын хэмжээг нэмж эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэлгүй гэж байгаа нь буруу дүгнэлт болно.
Шийдвэрт “3. ... Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэн нь хэдэн м.кв талбай бүхий газар эзэмших эрхтэй болохыг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эцэслэн тогтоогоогүй байхад Ү-2203000**** дугаарт заасан 144 м.кв талбайгаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Ө” ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэлгүй тул уг бүртгэл болон тухайн бүртгэлд үндэслэн олгосон 000626*** дугаар гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй” гэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2648 тоот тогтоолоор талуудын хоорондын газрын маргааны асуудал дуусгавар болсон.
Харин Р.П-ийн тухайд захиргаатай ямар л бол ямар асуудлаар маргах эрх нь нээлттэй ба тэдгээрийн хувилбарыг дууссаны дараа улсын бүртгэлийн гэрчилгээг олгох ёстой байсан гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Иймд хуулийг буруу тайлбарлаж, гэрчилгээг хүчингүй болгож байна.
Шийдвэрт “5.2. ... Харин нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар иргэн Р.П-д 0.01 га газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар гэрээгээр түр ашиглуулахаар шийдвэрлэсэн ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, тухайн газрын байршил болон хэмжээнд өөрчлөлт ороогүй нь тогтоогдов” гэжээ.
Тэгэхээр өөрийн эзэмшил газар дээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа Р.П нь хөрш этгээдийнхээ газар эзэмших эрх болон үл хөдлөхийн гэрчилгээг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн ямар эрх, хэрхэн сэргэх талаар шийдвэрт заагаагүй тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх зөрчигдсөн эрхийг сэргээдэг болохоос захиргааны хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслах зогсоох чиг үүрэггүй болно.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Р.П-ээс “нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжийн “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Ө” ХХК-д олгогдсон 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ү-2203000**** тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын захирамжийн Р.П-д 0.001 га /100 м.кв/ газар олгосон шийдвэрийн дагуу гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, нийслэлийн Газрын албаны “Ө” ХХК-тай байгуулсан 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.
2.2. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 147 дугаар захирамжаар нэхэмжлэгч Р.П-д тус дүүргийн ** дүгээр хороо, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв архивын ард 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар ашиглуулахаар, нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Р.П-д 0.01 га газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар тус тус шийдвэрлэж, 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв архивын ард орших хашаа байшингийн хууль ёсны өмчлөгчөөр Р.П-г бүртгэж, 15930 дугаар гэрчилгээ олгосон байх бөгөөд 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төв архивын ар талд байрлах 24 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар дахин Р.П-ийн нэр дээр өмчлөх эрхийн Ү-220300**** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
2.3. Харин гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн хувьд анх нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 0.005 га газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дараа нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 130 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 423 дугаар захирамжаар 128 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан болох нь тогтоогдож байна.
2.4. Нэхэмжлэгч Р.П-ийн хувьд хамгийн анх ““Ө” нөхөрлөл зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ илүү газар ашиглан миний эзэмшил газарт түрж барилга барьсан тул тус газрыг чөлөөлж өгнө үү” гэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн магадлалаар газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн нь хүчин төгөлдөр болжээ.
2.5. Үүний дараа нэхэмжлэгч Р.П-ээс “нийслэлийн Засаг даргад Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төв архивын ард 300 м.кв талбай бүхий газрыг Р.П-д эзэмшүүлэхийг даалгах, нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжаар “Ө” ЗБН-д олгосон 96 м.кв газар нь Р.П-д олгогдсон газартай давхацсан болохыг тогтоолгож, нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн “Ө” Зохион байгуулалттай нэгдэлд /цаашид ЗБН гэнэ/ холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар дахин шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 146 дугаар шийдвэрээр “... нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газрууд нь ямар хэмжээгээр давхцаж байгаа эсэх, бодит байдал дээр нэхэмжлэгчийн эзэмшлийн 300 м.кв газар байгаа эсэх нэхэмжлэгч С.Пүрэвээгийн газрын хэмжээ ямар үндэслэлээр багассан, гуравдагч этгээд “Ө” ЗБН-ийн газар ашиглах эрх ямар журмаар үүссэн, захиргааны байгууллага, албан тушаалтанд газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг гаргаж байсан эсэх, түүний эзэмшил болон ашиглаж буй газар нь ямар үндэслэлээр нэмэгдсэн /ихэссэн/, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газрын хэмжээ, хил зааг, байршил зэрэг газар эзэмших эрхтэй холбоотой нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах нь хуульд нийцнэ...” гэж дүгнэж нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/226 дугаар захирамжийн “Ө” ЗБН-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
2.6. Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг даргаас дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагааг хийж, дахин шинэ акт гаргаагүй атлаа гуравдагч этгээд “Ө” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, маргаан бүхий 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороонд байрлах газрын хэмжээг нэмэгдүүлэн 156 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.7. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлээ нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэх, түүнд тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ мөн хэрэгжүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
2.8. Мөн нэгэнт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, 100 айл гудамж, “Ш” ХХК-ийн ард байршилтай 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийн Ү-2203009004 дугаарт бүртгэж, 000626*** дүгээр гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан зарчимд нийцэхгүй байна.
2.9. Харин нэхэмжлэгчийн илт хууль хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй нийслэлийн Газрын албаны “Ө” ХХК-тай байгуулсан 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн, 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ”-нүүдийн хувьд анхан шатны шүүх эрх зүйн үйлчлэлгүй болсон талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан алдааг гаргажээ.
2.10. Өөрөөр хэлбэл, шүүхээс нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнүүдийг илт хууль бус эсэх талаар дүгнэлт хийж, тухайн актуудыг илт хууль бус болохыг тогтоох боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул уг шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.11. Нөгөөтээгүүр, гуравдагч этгээдийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа бөгөөд шүүх манай талд мэдэгдэхгүй шүүх хуралдааныг явуулж шийдвэрлэсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаас үзэхэд анхан шатны шүүх гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н-ийн 99142969 дугаарын утсанд хурлын товыг мэдэгдсэн байхаас гадна 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дахин түүнд шүүх хуралдааны товыг сануулахаар холбогдоход “... би хичээлтэй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн болох нь утсаар холбогдсон тухай баримтаар тогтоогдсон төдийгүй гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй энэ тохиолдолд гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.
2.12. Мөн анхан шатны шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нарын нэрсийг бичээгүй техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч нэгэнт шүүх бүрэлдэхүүнийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байх тул уг алдааг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохуйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Цаашид энэ төрлийн алдаа зөрчил гаргахгүй ажиллавал зохино.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатын шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1059 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.П-ээс нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, тус албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх Газар ашиглах, эзэмших эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Газрын албаны “Ө” ХХК-тай байгуулсан 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2001 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээ, 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Г.Н нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН