Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 116/ШШ2022/0001

 

           Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: ... аймгийн .... сумын ...-р багт оршин суух, Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

       Нэхэмжлэлийн шаардлага: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч В.Д,  хариуцагч Хөлөнбуйр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гэрч Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2021.07.08-ны өдрийн “Тариалангийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/89 дүгээр захирамжийг  2021.07.20-ны өдөр гардан авч танилцсан.

       Намайг газраа хуулийн дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгосон.  Уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ 2019.04.15-нд гарсан. Уг газар нь атаршсан талбай бөгөөд, 1980-аад оноос хойш хагалаагүй бөгөөд хагалж боловсруулах гэх мэт нарийн техник ажиллагаа шаардлагатай юм байна.

          Иймд бид дээрхи ажлуудыг хийж, газраа авснаас хойш 2020 оны хавар хаврын хагалгаа  /бут, борной/-той хамтатган  60 гаруй га талбайд хийсэн.

       Хойшид хэрэглэх шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжүүдээ захиалаад байгаа. Энэ хугацаанд буюу 2020 онд гарсан зардал 91 705 000 төгрөг болж байсан. Мөн тариалангийн үйл ажиллагаандаа зориулж чиргүүлтэй 5630 кг-ийн даацтай Hino Ranger автомашиныг 54 000 000 төгрөгөөр 2020 оны 09 сард, бүхээгтэй 6900 кг-ийн даацтай Hino Ranger автомашиныг 65 000 000 төгрөгөөр 2020 оны 10 сард, богиносгосон бүхээгтэй Hyundai Veloster автомашиныг 2021 оны 03 сард 18 000 000 төгрөгөөр худалдаж авч, хөрөнгө оруулалт хийсэн байгаа. 

       2021 онд 2020 онд хагалж боловсруулсан талбайг хавах, 100 га газрыг хагалж эдлэншүүлэх, газраа бүхэлд нь хашаажуулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байсан. Атаршсан газарт шууд тариалалт хийх боломжгүй бөгөөд үе шаттайгаар хөрсийг бэлдэж, үүний дагуу тариалалт хийдэг. Манайх мэргэжлийн агрономич ажиллаж, хөрсний судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр тариалалтын бэлтгэл ажил болон төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Иймд Газрын тухай хууль, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

         Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль нэг үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах зохицуулалттай. Гэтэл хуулийн энэхүү үндэслэлийн аль хэсэгт заасныг хэрхэн зөрчсөнийг дурдалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг ийнхүү хэсэгчлэн хүчингүй болгож байгааг хууль бус гэж үзэж байна. Мөн дээрхи хугацаанд коронавируст халдвар, түүний улмаас тогтоосон хөл хорио, хил гаалийн хязгаарлалттай холбоотойгоор тариалангийн ажлын болон бэлтгэл ажлын цаг хугацаа алдсан нөхцөл байдлууд бий болсон. Газар эзэмших эрх цуцалсан захирамжийг миний бие 2021.07.20-ны өдөр гардаж авахдаа мэдэж, тэр даруй шүүх болон дээд шатны захиргааны байгууллагад хандсан билээ. Дээд шатны захиргаанаас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаад гаргасан хариуг үндэслэлгүй юм.

     Иймд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2021.07.08-ны өдрийн “Тарилангийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай” А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Тариалангийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай захирамжийг хууль бус гэж үзэж байна. Ц.Цийг 274.76 га газар тариалалт хийгээгүй, мэдээ тайланг гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр эзэмших эрхийг цуцалсан байна. 334.76 га газарт газар эзэмших эрх олгогдсон, бүхэлдээ нэг гэрчилгээтэй байдаг. Үүнээс аль хэсгийн эзэмших эрхийг цуцалж байгаа нь тодорхой бус байна. Тариалангийн тухай хуулийг үндэслэл болгосон гэж хариуцагч тайлбарладаг. Яг хэдэн га газрыг зориулалтын дагуу ашигласан болох нь тодорхой бус байна. Энэ бол Захиргааны ерөнхий хуульд заасан заавал авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Баримжаагаар, өөрийнх нь тайлбарыг үндэслэн газрын хэмжээг тогтоож болохгүй. Төр, иргэний хооронд хийгдэж байгаа, нийтийн ашиг сонирхол зөрчигддөг асуудал. Хэрэв бүрэн буюу хэсэгчлэн авч байгаа нь дараагийн эзэмшигч нарт хадгалах хэлбэрт шилждэг. 60 га газарт хүрэхгүй бол асуудал үүсэх учраас хэмжээг зайлшгүй тогтоох ёстой байсан. Нэхэмжлэлд дурдсанаар 2019.04.10-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч, кадастрын зураглал гарч ирсэн. Энэ үеэс үндсэн эзэмших эрх үүссэн. 60 га газраас үлдэх талбайд цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, бордоо тарих ажиллагаа хийгдсэн гэдгийг хэлдэг. Олон жилийн хугацаанд тариалан эрхлэгдээгүй газарт бордоо цацах ёстой талаар мэргэжлийн хүний зааврын дагуу ажиллагаа хийсэн байна. Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуулийг хэрэглэх асуудал дээр эргэлзээ төрж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон захирамжийн хувьд тариалангийн тухай хуулийг баримталсан.

            Монгол Улсад байхгүй хуулийн зохицуулалт /Зөрчлийн ерөнхий хууль/-д заасны дагуу арга хэмжээ авна гэж танилцуулсан. Гэрээг дүгнэх ажиллагааны талаар ярилцаж байна. Хөдөө аж ахуйн ажилтны хувьд ямар ч мэдээлэл өгч байгаагүй талаар өөрөө хэлж байна. Зөвхөн өөрт хэрэгцээтэй үед холбогддог. Захиргааны акт гарсан тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим хэрэгжих ёстой. Үүнд хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн шийдвэр нь үндэслэл бүхий байхыг шаарддаг. Захиргааны актын хэлбэр, акт гаргасан байдал нь зорилгодоо огт нийцээгүй гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт сонгох боломжийн талаар дурдсан байдаг. Газрын тухай хуулийг хэрэглэж мэдэгдэх ажиллагаа явуулсан атлаа эрхийн актад дурдаагүй.

         Мөн Гэнэтийн буюу давагдашгүй хүчний нөхцөл буюу онцгой нөхцөл байдал үүссэн. Монгол Улсын болон Дэлхий нийтийн хэмжээнд цар тахал үүссэн байсан. Энэ нөхцөл байдлыг давхар бодолцох ёстой. Тариалангийн үйл ажиллагааг хэдийгээр нээлттэй үлдээсэн хэдий ч бусад туслах үйл ажиллагаа нь хорио цээрийн дэглэмийн учраас хийгдэх боломжгүй байдалд хүргэж, зорчих хөдөлгөөн үүсч, хил хаалттай байсан. Тариалангийн тухай хуулиар өнжөөсөн, ашиглахгүй байгаа газар нэг бүрийг хүчингүй болгодог эсэхийг лавлахад “Хэсэгчлэн хүчингүй болгосон газар байхгүй” гэдэг тодорхойлолтыг ирүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу  6 сарын хугацаагаар захиргааны акт биелүүлэх эрх цуцалсан шийдвэрийг түдгэлзүүлэх боломжтой гэж бодож байна. Ингэснээр яг хэдэн га газарт тариалангийн талбай эрхэлсэн болохыг тогтоох боломж бүрдэнэ. Энэ үйлчлэлийн хамаарлаас нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Хэмжээ заагийг тогтоосны дараа шийдвэр гаргах боломжтой гэв.

            Хариуцагч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Засаг даргын 2021.07.08-ны өдрийн Тариалангийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай А/89 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хэлбэрийг хангаж, захиргааны актын сөрөг үйлчлэлд хамрагдах этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сонсох ажиллагааг хуульд заасан хэлбэрээр явуулсан. Газрын тухай хуульд нийцүүлэн Тариалангийн тухай хуулийг зөрчсөн гэж захиргааны акт гаргасан. Нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хувьд Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар үйлчлэх эрх зүйн орчин, хэм хэмжээний хүрээнд батлагдсан Тариалангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д хамаарч байна. Тариалангийн газар нь Газрын тухай хуулийн газрын нэгдмэл санд “хөдөө аж ахуйн газрын” зориулалтаар хуульчлагдсан ба тариалангийн харилцаа нь тусгайлан зохицуулсан бие даасан хуультай хэм хэмжээ учир захиргааны байгууллага заавал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэл дурдах шаардлагагүй. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.4-т заасан үүргүүдийг биелүүлсэн, биелүүлж байгаа талаар огт мэдээлж байгаагүй нь тус сумын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний үйл ажиллагааны мэдээ, тайлангаар бүрэн нотлогдоно. ...Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан үүргээ газар эзэмшүүлэхээр гаргасан захиргааны шийдвэр, газар эзэмших гэрчилгээ авсан 2019.04.15-наас хойш тариалангийн газар хэсэгчлэн цуцлах захиргааны шийдвэр гарах хүртэл 2 жил 3 сарын хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй. Нэхэмжлэлд дурдсан 3 тээврийн хэрэгсэл нь тээвэрлэлтийн зориулалттай бөгөөд тариалангийн үйл ажиллагааг шууд эрхлэхэд чиглэгдсэн техник, хэрэгсэл биш бөгөөд дээрх тээврийн хэрэгслүүдийг ашиг олох, үр шимийг нь хүртэх өөр олон боломжтой тул эдгээр маргаан бүхий газрын тариалалтад зориулан авсан гэдэг нь нотлогдохгүй байна. Энэ хугацаанд 91 705 000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэ талаар мэдээг хуульд заасан хугацаанд ирүүлж байгаагүй. Нэхэмжлэгч цар тахлын идэвхижилт гараагүй байхад дээрх газрыг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн бөгөөд тариалалтын аж ахуй эрхлэхээр төвлөсөн шаардлагатай техник хэрэгсэл, бусад нөөцөө бүрдүүлэх нь газар эзэмшигчийн өөрийн үүрэг хариуцлага юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасныг баримталж ажилласан. Ямар нэг процессийн алдаа гаргаагүй. Сонсох ажиллагааг бүрэн хийсэн. Тариалангийн, газрын тухай хуулийг дагаж мөрдсөн. Нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газар нь “Үр тарианы” зориулалттай газар юм. Тариалангийн тухай хуулинд заасан эрх үүргийг нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь дагаж мөрдөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагч талд ямар ч мэдээ тайлан хүргүүлдэггүй байсан. Сумын Засаг даргын газар эзэмших эрхийг цуцлахдаа нэгжийн тухай хуулийг мөн баримталсан байдаг. Энэ нь ерөнхий чиг үүргийн эрх зүйн зохицуулалт байгаа. Энэ хуулиудын хүрээнд захирамжийн хууль зүйн үндэслэлийг тогтоосон. Нэхэмжлэгчийн хувьд Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн. Газар эзэмших эрхээ авснаас хойш захиргааны акт гарах хүртэл буюу 2 жил 3 сарын хугацаанд хариуцагч талд ямар ч мэдэгдэл хүргүүлээгүй, үүргээ биелүүлээгүй байна. Мэдээ, хүсэлтийг цаг тухай бүрт гаргаж өгөх ёстой байдаг. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт заасныг мөн зөрчсөн. Наанадаж бүртгүүлж, иргэдийг ажлын байраар хангасан, талбайн түүхийг хөтлөх ёстой байдаг. Эдгээр хуульд заасан үндсэн үүргүүдийг биелүүлээгүй нь бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна. Газар олгохдоо Газрын тухай хуулийг баримтлан олгож болно. Газрын тухай хуулийн хүрээнд Тариалангийн тухай хууль хамаарч байна. Тиймээс уг хуулийг баримтлан ажиллах үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч нь техник хэрэгсэл худалдаж авсан гэж хэлдэг боловч эдгээр тээврийн хэрэгслийг юунд зарцуулах нь хувийн эрх юм. Монгол Улсын иргэн өмчтэй байх бүрэн эрхтэй. Хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх нь техниктэй байхаас хамаарахгүй. Энэ хугацаанд 91 000 000 төгрөгийн зардал гаргасан гэж хэлж байгаа боловч сумын захиргаанд ямар нэг тайлан мэдээ хүргүүлж байгаагүй. Тиймээс нотлогдоогүй зардал гэж үзэж болохоор байна. Хэрэв зардал гарсан бол хуулийн дагуу тайлангаа хүргүүлэх ёстой. 2020 онд тариалан алдсан гэсэн баримтыг хавсаргасан байсан. Гэхдээ ургац алдах зүйл 2020 онд байгаагүй. Маш өндөр өгөөжтэй жил байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Зөвхөн тухайн хэсэгт ургац алдах боломжгүй. Энэ нотлох баримтыг гаргаж өгсөн ажилтанг шалгуулах талаараа мэдэгдэж байна. Сумаас ажлын хэсэг гарч Ц.Цийн эзэмшлийн газарт очиж шалгасан. Гэхдээ газрыг хэмжиж үзээгүй, яг 60 га байсан эсэхийг шалгасан баримт байхгүй. Магадгүй түүнээс их, бага байх боломжтой. 240 га газарт бордоо цацсан гэж хэлж байна. Гэтэл энэ талаар ямар ч баримт байхгүй байна. ...Үнэхээр Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн бус үргэлжилж байна. Үнэнийг хэлэхэд нүүр улайж байна.

          Мэдээ тайлангаа хүргүүлж байх ёстой, үнэхээр бордоо цацсан бол нотлогдох ёстой. Энэ бол мэргэжлийн байгууллагын хийгддэг ажил, юуг юутай хольсон нь мэдэгдэхгүй цацаж хэрэглэдэг зүйл биш. 2018 онд тухайн газрыг дуудлага худалдаагаар авсан. Засаг даргын захирамж гарсан өдрөөс нэхэмжлэгч нь энэ газрыг ашиглах бүрэн эрхтэй болсон. Тэрнээс биш гэрчилгээ гарсан өдрөөс газраа ашиглах эрх үүснэ гэж байхгүй. Гэрчилгээ нь захирамжийн дагуу батламж л болж байгаа хэлбэр юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2021.07.08-ны өдрийн “Тариалангийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай”  А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлага гаргасан[1].

                Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын  Засаг дарга нь  2021.07.08-ны өдрийн А/89 дүгээр захирамжаар[2], Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 20.4-д заасныг  үндэслэн ...талбайн ашиглалтын талаархи мэдээг сумын Засаг даргад тухай бүр гаргаж өгөөгүй, хоёроос дээш жил  274.76  га  хэмжээний  тариалангийн газарт тариалалт хийгээгүй үндэслэлээр иргэн Ц.Ц-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй  болгосон байна.    

            Хөлөнбуйр сумын Засаг даргын 2018.04.05-ны өдрийн А/32 захирамжаар[3],  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Сумын иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  2017 оны  04 дүгээр тогтоолыг үндэслэн, сумын “Баян-Өлзийт” багийн “Уушиг” гэдэг газарт 334.76 га газрыг иргэн Ц.Цид ...үр тарианы зориулалтаар эзэмшүүлэн, ...захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллахыг Газрын даамал /Т.Т/ үүрэг болгож, улмаар 2019.04.15-ны өдөр...334.76 га газрыг “Үр тарианы усалгаагүй тариалан” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-0608000014-рт бүртгэж гэрчилгээ[4] олгосон  байдаг.   

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ...334.76 га газрыг дуудлага худалдаагаар авсан,  2019 онд газар эзэмших гэрчилгээгээ авч, кадастр хийн газраа тогтоолгосон, 2020, 2021 онд газар хагалж хавах, 100 га газрыг хагалж эдлэншүүлэх..., тариалангийн газрын бэлтгэл ажилд санхүүгийн зардал нилээд гарсан /техник хэрэгсэл/ худалдан авсан, тариалалт явуулж байсан гэх, түүний өмгөөлөгч В.Д нь  ...газар эзмших эрх нь бүхэлдээ нэг гэрчилгээтэй,  үүнээс аль хэсгийг цуцалж байгаа нь тодорхой бус,  ...баримжаагаар  газрын хэмжээг тогтоож болохгүй,  Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна гэж иргэнийг будлиулсан, ХАА мэргэжилтэн ямар ч мэдээлэл өгч байгаагүй... гэх,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь, ...гэхдээ газрыг хэмжиж үзээгүй,  яг  60 га  шалгасан баримт байхгүй,  240 га газарт бордоо цацсан гэж хэлж байна /энэ нь мэргэжлийн байгууллагын хийгдэх ажил/ ... алдаатай зүйлүүд байна  зэргээр мэтгэлзэж[5] байгаа  болно. 

            Тэрээр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”[6] нь 2018.04.05-ны өдөр байгуулсанаар бичиглэл хийгдсэн хэдий ч гэрээний талуудын албан ёсны хаяг, утасны дугаар, гэрээний нэг тал болох  газар эзэмшигчээр гарын үсэг зуруулж  баталгаажуулаагүй зэргээс үзэхэд, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавьж  байсан эсэх нь учир дутагдалтай. Тухайлбал: иргэн газар эзэмшигч,  эзэмшүүлэгчийн үүргийн талаар ойлголт авсан эсэх нь тодорхой  бус,  нөгөөтэйгүүр  “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн гэрээний 4.3. Газрыг гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- 40.1.6-д заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгох зохицуулалт”-ыг тусгасан  байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн. 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж,  газар эзэмших   гэрээний нөхцөл,болзлыг удаа дараа зөрчсөн; 40.1.2. газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; 40.1.3. шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; 40.1.4. ...урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон; 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй; ...гэрээг хүчингүй болгох зохицуулалтыг тусгаж оруулсан байгаа боловч гэрээг дүгнээгүй.

            Хариуцагч Хөлөнбуйр сумын Засаг дарга нь 2021.06.07-ны өдрийн 1/291 албан бичгээр[7] “Мэдэгдэл” хүргүүлсэн хэмээн тайлбарладаг боловч тухайн мэдэгдэл нь Зөрчлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 27 дугаар зүйлийн  27.2,  27.4.2,  27.4.5-д  заасан сонсох ажиллагааны  хэлбэрүүдийг сонгон  тайлбараа  ирүүлэх... зэргээр бичигдсэн байгаа нь алдаатай захиргааны акт гэж үзнэ. Тодруулбал:  ...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд иргэний оролцоог хангаж,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2. Захиргааны  шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох, ... нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх,  нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг хүлээнэ,  мөн  хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. ... нотлох баримт цуглуулах, 25.1.2. оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 25.1.3. шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах, 25.1.5. баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах зэрэг ажиллагааг явуулан нөхцөл байдлыг судалсаны үндсэнд ...зохих  шийдвэрийг гаргуулах нь хуульд нийцэх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс  Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын  зэрэгт шилжсэн Засгийн газрын тогтоол гарсан цаг үе, ... нэхэмжлэгч  өөрөө  өвчтэй  байсан, ... ажиллах хүч  иргэдийн  эрүүл  мэндийг хамгаалах ...нөхцөл байдал  зэрэг нь ч хүндэтгэн үзэх шалтгаанд хамааралтай.  

             Түүнчлэн  ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь,   ...татвараа төлж,  цаг үеийн нөхцөл байдалдаа уялдуулж  эрх бүхий сумын Засаг даргатай уулзах, албан тушаалтанд /утсаар мэдэгдэх/, тариалалтад  зориулж үнэ  бүхий  техник,  машин механизм ашиглах,  тухайн  газарт  тариалалт явуулах ... зэргээр гэрээний үүргээ биелүүлж байсан гэж үзэхээр байна. Харин сумын эрх бүхий албан тушаалтны зүгээс гэрээг дүгнээгүй, ...газар дээр нь үзлэг хийх, тариалалтын бэлтгэл, ... тариалалт явуулж  байгаа  газрын  хэмжээ заагийг нарийн  тогтоох  ажиллагаа явуулаагүй иргэний  эрх ашгийг нь хөндсөн шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан /хуулийн дагуу/  мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг зарчим  алдагдсан гэж үзэхээр байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч В.Д нь ...    захиргааны акт нь хууль бус  байгаа бөгөөд,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу захиргаанаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх боломжтой,  нэхэмжлэгч  хэдэн га-д  тариалалт эрхэлсэн,  хэмжээ заагийг нарийн  тогтоосны  дараа шийдвэр гаргах боломжтой гэх, хариуцагч сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна, 60 га нь газар гэдэг нь бага хэмжээтэй санагдаж байна.  ...дахин хэмжилт хийх,  /гэрч Ш.Э нь ...тухайн үед газар дээр нь ажлын хэсэг очиж ажилласан, хэмжилт хийгээгүй гэх/ зэргээр харилцан мэтгэлзээний явцад  иргэний эрх ашгийн  төлөө  нэг  ойлголттой  байна хэмээн шүүх  үзэж нэхэмжлэгч талаас дээрхи саналыг асуухад хүлээн зөвшөөрч байгаа болно.

            Гэвч Хөлөнбуйр сумын Засаг даргын албан тушаалыг хашиж байсан  У.Г нь  ... тухайн захирамжийг гаргахаас өмнө  тусгай комисс ажиллуулсан боловч  нөхцөл байдлыг тогтоож, хэмжилт хийгээгүй ...баримжаагаар эзэмшил газрыг нь хэсэгчлэн хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байгаа бөгөөд ...шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн  байх тул сумын Засаг дарга  мэргэжлийн комисс /шинжээчээр/ дахин хэмжилт хийлгэн нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй юм.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзвэл захиргаанаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ”. Энэ нь захиргааны актыг хүчингүй болгохын оронд  нөхцөл байдлыг тодруулах, алдаандаа дүгнэлт хийх боломжийг олгосон түр зохицуулалт гэж ойлгоно.

            Дорнод  аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Гнь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Дорнод аймгийн Засаг даргын 2021.12.15-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Хөлөнбуйр сумын Засаг даргаар Д:Т нь томилогдсон байна.

                Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөн хүчингүй болгох зохицуулалтыг хэрэглэх боломжтой.

             Дээрхи захиргааны акт нь хууль бус гэдэг нь үндсэндээ тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн санал дүгнэлт,  ...хэргийн бодит нөхцөл байдал зэргийг судалж,  дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны байгууллага  өөрсдийн гаргасан  шийдвэртэй  дүгнэлт хийж,  иргэний эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэх боломж олгож  байгааг шүүх хүлээн авах нь зүйтэй.

             Хариуцагч сумын Засаг дарга нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан ...дээрхи хугацаанд нөхцөл байдлыг тодруулж зохих шийдвэрийг гаргахдаа, нэхэмжлэгчийг хаврын бэлтгэл, тариалалтын үйл ажиллагаа явуулах боломжит хугацааг харгалзан богино хугацаанд шийдвэр гаргах  талаар  танилцуулсан болно.

              Иймд нэхэмжлэгчийн Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,  сумын  Засаг даргын  2021.07.08-ны өдрийн  А/89 дүгээр захирамжийг, дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3,  Захиргааны  ерөнхий хуулийн  24 дүгээр зүйлийн  24.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасныг баримтлан,  нэхэмжлэгч  Ц.Ц-ийн, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2021.07.08-ны өдрийн “Тариалангийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай”  А/89 дүгээр захирамжийг, дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан /6/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д  зааснаар  тогтоосон  хугацаанд  Хөлөнбуйр  сумын  Засаг дарга   шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий 2021.07.08-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болгохыг дурдсугай.

            3. Энэхүү шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймгийн  Хөлөнбуйр сумын  Засаг дарга Д.Т-д  үүрэг болгосугай.

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун төгрөгийг/ төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Ц.Ц-д олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  хэргийн  оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14  хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ОЮУН

 

[1] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 37-р хуудас

[3] Хавтаст хэргийн 45-р хуудас

[4] Хавтаст хэргийн 48-р хуудас

[5] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[6] Хавтаст хэргийн 47-р хуудас

[7] Хавтаст хэргийн 43-р хуудас